Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

В.Ойдов: Би өмнө нь "Нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тоо нь их байгаасай" гэж бичээд шүүмжлүүлсэн

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Хотын хүртээмжтэй байдлын тухай ярихаар бидэнд хамааралгүй, хэсэг бүлэг хүмүүст хамааралтай асуудал гэж нийгмээрээ ойлгодог. Гэтэл энэ асуудал таны балчир үр, аав ээж, өвөө эмээ, хөдөлмөрийн чадвараа хэсэг хугацаанд алдсан таны найз, “ирээдүйн” бидний аж төрөх орчны тухайд асуудал юм. Энэ удаад бид хүртээмж яагаад хүн бүрд хамааралтай асуудал болох, хотын хүртээмжийг хангахын тулд бид юу хийж чадах вэ зэрэг асуултад хариулт эрэхээр Рехтус ХХК-ийн захирал В.Ойдовтой ярилцлаа.

-Улаанбаатар хотод амьдрах хугацаандаа таны анзаарсан хөгжил, өөрчлөлтүүд нь юу байна. Таныхаар хот маань хэр хүртээмжтэй вэ?

-Улаанбаатарын хүртээмжийг тодорхойлох их хэцүү. Зарим улс орны асфальтан зам ч үгүй хоттой харьцуулахад манайх харьцангуй сайн. Ядаж төв замаараа авто машин, тээврийн хэрэгслүүд явахад их хялбар. Харин тусгай хэрэгцээт бүлэгт зориулагдсан хүртээмж гэвэл 100 хувь гэсэн үнэлгээнээс би 45 хувийг өгөх болов уу. 45 оноог юунд өгөөд байна вэ гэхээр нэгдүгээрт, Сүхбаатарын талбайгаас 2-3 километрийн радиуст ихэнх замын хөндлөн урсгалууд нь налуу замтай. Хоёрт, зөв буруу нь үл мэдэгдэх ч зарим бизнесийн байгууллага болон олон нийтийн газар налуу замыг шийдэж өгсөн. Хотын төвийн ихэнх томоохон объектууд лифттэй. Гэтэл үлдсэн 55 хувьд хүмүүсийн тооцоолоогүй маш олон зүйлийг огт орхичихсон. Жишээ нь явган хүний замыг халтиргаатай хавтангаар, заримыг бүр газраа эко хавтангаар хийчихсэн байдаг. Мөн налуу бродюрыг хэт огцом эсвэл хагаралтай хийсэн нь элбэг харагддаг. Үүн дээр тэргэнцэртэй эсвэл таягтай хүн явахад их хүндрэлтэй. Мөн авто машины зогсоол болон нийтийн тээврийн хүртээмж маш муу. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан зогсоолгүй учраас машинаа байрлуулчхаад буухад их хүндрэлтэй. Нийтийн тээврийн хувьд хүртээмжийн тухай яриад ч хэрэггүй. Яах вэ, төв зам дагуу намхан шаттай автобус явуулж эхэлсэн боловч жолооч нарыг үйлчилгээнд суралцаагүй. Байшин, барилгууд лифттэй ч тэргэнцэртэй хүн үйлчлүүлэхэд хэтэрхий жижигхэн. Үгүй бол лифттэй хэр нь ариун цэврийн өрөөгүй байх жишээтэй.

 

-Нийтийн хүртээмжийн талаар нийгмээрээ мэдлэггүй байх шиг?

-Нийтлэг хүртээмж талаас ярих юм бол жишээ нь та бид хоёрын хажууд тэрэгтэй нялх хүүхдээ ээж бас нэг настай хүн байна гэж бодъё. Ингээд дөрвөн өөр хүн нэг байгууллагаар үйлчлүүлэхдээ тухайн объектоор ямар ч саадгүй, ялгаварлуулахгүйгээр хүртээмжтэй үйлчлүүлэх ёстой.

Бүх нийт бол бүх нийт байх ёстой (All means all)  гэж үү?

-Яг тийм. Зөвхөн Ойдовт зориулсан ариун цэврийн өрөө,  өргөн зам гэхгүйгээр бүх нийтэд зориулж хийвэл та ч, би ч явна настай хүн, хүүхдээ түрсэн ээж ч явна. Тэгэхээр хүртээмжийн дараагийн ойлголт юу вэ гэхээрээ нийтэд зориулсан хүртээмж буюу universal design гэдэг концепц. Харамсалтай нь эхлээд бид accessibility буюу хүртээмжийг шийдчихээд дараа нь universal design-г ярих ёстой болдог. Universal design гэдэг нь зөвхөн налуу зам, хаалга, ариун цэврийн өрөөний асуудал биш. Тухайлбал, таны гарт буй аяганы бариулыг мойног хуруутай, хурууны артериттай, бүдүүн хуруутай гэхчлэн бүх хүн хэрэглэж болохуйц байх ёстой. Иймд ямар ч бүтээгдэхүүн, үйлчилгээ, ямар нэг объект, архитектурыг хүн бүрийн онцлогт зориулсан дизайнаар хийсэн тохиолдолд universal design болдог.

 

- Хүртээмж бол бид бүгдэд хамааралтай асуудал байтал дийлэнх хүн үүнийг ойлгохгүй, хэсэг бүлэг хүнд зориулсан зүйл гэх хандлагатай байх шиг?

-Ойлгохгүй байгаагийн хохирол нь нэгдүгээрт, зөвхөн надад зориулаад хийчихсэн объект дээр хүмүүс үйлчлүүлэх дургүй байх хандлагатай. Хоёругаарт,  зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулж хийвэл нийгмийн ялгаварлан гадуурхалтыг тодорхой хэмжээгээр бий болгож байгаа биз. Цаашлаад санхүүгийн болон санхүүгийн бус алдагдлыг дагуулдаг. Санхүү талаас ямар алдагдлуудыг бий болгож байна вэ гэхээр залуу гэр бүл хоёр давхар байшин барилаа гэж бодъё. Анхнаасаа тэр хаусыг universal design буюу бүх нийтэд хүртээмжтэй байдлаар тооцож бариагүй бол хосууд ямар нэгэн байдлаар гэмтэл авбал гэртээ амьдарч чадахгүй. Дараагийн хувилбар нь  өөрсдөө хөгшрөөд, хөдөлгөөний  чадвараа алдаад ирэхийн цагт гэртээ өөрийнхөөрөө байж чадахаа болино. Нас ахиад дээд давхар луугаа ч гарахгүй, нэгдүгээр давхартаа л байгаад байвал энэ бол хүртээмжгүй байгаагийн хамгийн энгийн жишээ. Тэгээд яадаг вэ гэхээрээ тэрийгээ өөрчлөхийн тулд эргээд засварын ажил хийх хэрэгтэй болно. Гэтэл тэр засварын өртөг нь барьсан үнийн дүнгийнхээ 20 хувьтай тэнцэж, хамаагүй өндөр зардал гарна.

-Тэгэхээр хот төлөвлөхдөө  ч тэр, байшин барихдаа ч тэр хүртээмжийг бид анхнаасаа бодолцож үзэх хэрэгтэй байх нь ээ?

-Яг зөв. Амьдралынхаа туршид хүн ямар зүйлстэй тулгарах вэ гэдгийгээ нэг хүний амьдрал дээр төсөөлж үзье. Чи хэзээ сагс тоглож байгаад хөлөө бэртээнэ, хүүхэдтэй болно, чи өөрөө хөгширнө. Чамайг хөгшрөхөөс өмнө ээж, аав хөгшрөөд чамтай амьдрахаар ирнэ.  Хөгжлийн бэрхшээлтэй найз чинь танайхаар зочлох хэрэгтэй болно. Энэ бүх хувилбарыг анхнаасаа зөв тооцоолж дизайнаа шийдвэл санхүүгийн хувьд хожим гарах өртгийг багасгах боломжтой. Харин бид "сүх далайтал үхэр амар" гэгчээр эдгээрийг огт урьдчилж тооцдоггүй. Үүнийг макро төвшинд аваад үзэхэд манай хот төлөвлөлт дээрээ мухардалд орчхоод байгаа шүү дээ. Мөн энэ хотыг анх төлөвлөхөд нийгмийн цөөнх буюу тусгай хэрэгцээт хүмүүс байна гэж тооцоогүй. Хүн ам зүйн судалгаануудаар манай улсын нийт хүн амын 3.5 хувь нь одоогоор 60-аас дээш настай хүмүүс бүрдүүлж байна. Ирээдүйд насжилт улам өндөрсөнө энэ хэрээр  харвалт гэх зэрэг өвчлөл нэмэгдэх боломжтой. Хоёрдугаарт хотжилт, барилгажилт нэмэгдэж буйтай холбогдуулан авто машин, барилга, ахуйн ослууд ихээр гарч, түр зуурын гэмтлүүд олширч байна. Энэ бүгд тусгай хэрэгцээт бүлгийн тоог нэмэгдүүлсээр.

Тэгэхээрээ хүн амын хөгжлөөс гадна хүрээлэн буй орчин, нийгэм өөрөө энэ дизайныг бодохоос өөр аргагүй болгож байна л даа.

Би дээр нэг удаа нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тоо нь их байгаасай гэж бичээд шүүмжлүүлсэн. Шалтгаан нь тусгай хэрэгцээт хүмүүсийн тоо их байвал нийгэм тэднийг анзаараад, тэдэнд зориулж эхнээсээ зөв шийдвэр гаргах ёстой байхгүй юу. Одоогоор бид гэр гэрээсээ гарахгүй байгаа учраас, хөгшчүүл өнөөх өндөр шатаар мацаад, ээж аавууд нь хүртээмж гэдгийг мэддэггүй учраас 200, 300 саяар байр авчхаад хүүхдээ тэрэгтэй нь өргөөд гарч, орох жишээтэй. Энэ бол манай нийгэмд critical mass буюу тусгай хэрэгцээт хүмүүс үүсээгүйтэй холбоотой.

 

-Хүртээмжтэй байдал гэдэг ойлголт, нэр томьёо ингэхэд хаанаас үүссэн юм бэ?

-Вьетнамын дайны маш олон цэргүүд шархдаж хөгжлийн бэрхшээлтэй болсон. Үүнээс л сritical mass үүсэж, тэд  өөрсдөө асуудлыг тавьж эхэлсэн байдаг. Тэд өмнө нь ордог байсан баарандаа орж чадахгүй, үйлчлүүлдэг дэлгүүртээ үйлчлүүлж чадахаа байсан учраас өөрчлөлтийг эхлүүлсэн. Пиво уусныхаа төлөө, дэлгүүрээс худалдан авалт хийсний төлөө мөнгө төлж байгаа, тиймээс та нар надад энийг хийж өгөх ёстой гэж шаардаж, өөрчлөлтийг бий болгож чадсан.

Энэ ярилцлагыг уншсан хүн эргэн тойрноо анзаараад дараагийн удаа тэрэгтэй хүүхдээ түрэхдээ эсвэл настай ээжтэйгээ гэр лүүгээ юм уу дэлгүүр орохдоо "энийг ингэж өөрчлөх ёстой" гэж ярьж, бичиж эхлэх юм бол бид хоёрын ярилцлагын зорилго биеллээ олох нь тэр.

-Тэгэхээр хүртээмжтэй байдал гэдгийг нийгэмд, бодлого тодорхойлогчдод хүргэхийн тулд юун түрүүнд хүмүүсийн дуу хоолой чухал байх нь ээ?

-Одоогийн бидний замнаж буй  систем бол идэвхгүй арга. Бид хэлж, бичиж байж арай гэж тэд энэ асуудлыг хэлэлцдэг. Идэвхтэй арга буюу засаглал өөрөө үүнийг мэдрэх  хэрэгтэй. Сая хувь хүний жишээн дээр ярьсан. Орон нутгийн болон нийслэлийн хүрээнд  дэд бүтцийн төлөвлөлт хийхдээ анхнаасаа энэ бүх асуудлыг урьдчилж харж, үүний хүрээнд хүртээмжтэй дизайныг хэрэгжүүлээд эхэлбэл ирээдүйд өндөр зардал гарахаас сэргийлэх боломжтой.

Угтаа эдгээрийг стандартад оруулахад хэцүү биш.  Стандарт гэхээр манайхан төгс хувилбар гэж ойлгодог. Стандарт бол үндсэндээ аливаа юмны доод үзүүлэлт байхгүй юу. 2009 онд манай багынхан Мерсикор олон улсын байгууллагатай хамтран явган хүний замын хүртээмж, иргэний барилга байгууламжийн хүртээмж гэсэн хоёр стандарт гаргаж байсан. Гэвч бид энэ стандартад хатуу хяналт тавьж чадаагүй.

Жишээ нь нэг барилга хүртээмжийн стандартаа мөрдөөгүй бол барилгын үйл ажиллагааг зогсоох, мөрдсөнийг урамшуулах механизмаа гаргаж чадаагүй. Хоёр стандарт нэг нормативыг зөвлөмж байдлаар байгаа учраас барилгын компаниуд хүсвэл хэрэгжүүлнэ, хүсэхгүй бол хэрэгжүүлэхгүй. Гэтэл гаднын жишигт хүртээмжийн стандартыг хэрэгжүүлээгүй л бол тухайн объектыг хүлээж авдаггүй.

-Хотоо гэгээлэг талаас нь хараад үзье. Улаанбаатарт таны очих дуртай газар  бий юу. Яагаад очих дуртай вэ?

-Тухайлбал, би Гэгээнтэнд очих дуртай. Орж гарахад их эвтэйхэн, хэн нэгний тусламжгүйгээр орж гарч болдог. Уулзалт хийхэд Шангрила их зүгээр бас л орж гарахад түүртэх зүйлгүй хүссэн үйлчилгээ авч чаддаг. Дэлгүүрүүдээс И март таалагддаг. Бас л хүртээмжтэй гэдэг үүднээс. Ингээд үзэхээр миний мөнгө энэ гурван газар руу урсаж байна. Яагаад би Номин-гоор үйлчлүүлж  чадахгүй байна вэ гэвэл намайг үйлчлүүлэгч гэж харахгүй байгаа учраас.

-Хот иргэн бүрдээ хүртээмжтэй байх нь хүний эрхийг хангахаас гадна эдийн засаг, бизнесийн хувьд ач холбогдолтой талаар та жиргэсэн байсан.  Энэ талаар дэлгэрүүлбэл?

-Жишээлбэл, та бид хоёр Christian Dior дэлгүүрээр үйлчлүүлэхээр орвол намайг тоохгүй, танд бол шууд үйлчилнэ.  Гэтэл үүний цаана бизнесийн ашиг орлогын концепц явж явагдаж байгаа. “Би гуйлга гуйхгүй шүү дээ. Намайг хэрэглэгч гэж харж, надаас бас мөнгө авна гэдгээ тооцчих!” гэх хэлэх гээд байгаа юм.

Хэрэв Номин хүртээмжтэй үйлчилгээтэй байсан бол би И мартын мөнгө гадагшаа урсаж байгааг мэдэх тул Номин-д орохоо бодно.

Намайг хүн, үйлчлүүлэгч гэж тоохгүй байгаа юм чинь би яаж тэдэнд очиж үйлчлүүлэх юм бэ. Тэгэхээр юу гэж хэлээд байна вэ гэхээр магадгүй энэ хүртээмжийг хөгжүүлэх дараагийн механизм нь юу вэ гэхээр  хүний эрх энэ тэр гээхээ больё. Зүгээр л та намайг үйлчлүүлэгч гэдэг талаасаа хар. Миний мөнгийг авахын төлөө эн орчноо бүрдүүл гэж би хэлэх гээд байгаа юм.

Үүнд үүрэн сүлжээний операторууд, том компаниуд нь бэлэн биш байна. АПУ, Талх чихэр ч гэсэн салбар, түгээлтийн цэгүүдэд ийм шаардлага тавих ёстой.

 Хүртээмжийн талаар ярихаар хүмүүс "нэг юм хийж өгөхөөс дөө" гэсэн байдалтай эвийлсэн, дээр нь нэмээд гуйлгачин харах хандлагатай.

Аргагүй л байх л даа ихэнх нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг тэтгэвэр тэтгэмжийнхээ мөнгөөр амьдардаг "гуйлгачин" эсвэл гэр бүлийн хүмүүсээрээ тэжээлгэдэг гэж хардаг. Бага орлоготой байж болно, гэхдээ өдөртөө танаас дутахааргүй хэмжээний талх, мах, будаа идэж байгаа.  Ингэж үзвэл хэрэгцээ, хэрэглээ байна шүү дээ.

Нэгдүгээрт энэ хүмүүсийг зах зээлийн сегмент  огт харахгүй байна. Хоёрдугаарт, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хэрэглэгч гэж бүү хар, үйлчилгээндээ хүртээмжийг л бий болгочихвол хөгшчүүл ч үйлчлүүлнэ. Дээр нь намайг баярлуулах гэж манай гэр бүлийнхэн орно. Та нар намайг харахдаа “сохор” хараад байна. Ойдовын цаана  гэр бүл, хүүхдүүд, найзууд нь байгаа. Таван дэлгүүрээс, хамгийн хүртээмжтэйд нь л үйлчлүүлнэ шүү дээ. Тиймээс хүртээмж гэдгийн цаана мөнгө эргэлдэж байгаа хэрэг. Хэрэв та үүнийг олж харахгүй бол 21-р зуун бизнес хийж байна гэх нь өөрөө учир дутагдалтай.

-Таныхаар мөрөөдлийн хот гэж ямар хотыг хэлэх вэ. Төрийн бодлого,  бизнес гэж ярихаа больё. Мөрөөдлийн хотоо цогцлоохын тулд өөрийн зүгээс ямар хувь нэмэр оруулж чадах вэ?

-Мөрөөдлийн хот гэхээр жаахан утопи юм л даа. Төстэй хот гэвэл Швейцарьт суралцаж амьдарч байсан Винтертур гэдэг хотыг нэрлэнэ. Таны ард байгаа тэр 110 кг жинтэй улаан тэргэнцэртэйгээ л би бүтэн хоёр жил Швейцарыг хөндлөн гулд нь туулсан. Гэхдээ би хэний ч туслалцаагүйгээр нийтийн тээврээр үйлчлүүлж хичээлдээ явж, гадуур хооллож, дадлага хийх газраа очиж дадлагаа хийчхээд гэртээ төвөггүйхэн ирдэг байлаа. Ямар ч газраар үйлчлүүлсэн надад ерөөсөө бэрхшээл тулгардаггүй байв.

Мөрөөдлийн хот байсан уу гэвэл мэдээж ганц хоёр дутагдал байсан л даа. Гэхдээ миний амьдарч үзсэн газруудаас эрх чөлөөг хамгийн ихээр мэдэрч чадсан хот гэх үү дээ. Гэхдээ хоёулаа энэ сэдэв дээр юу ярих гээд байгаа вэ гэхээр зөвхөн Ойдовт зориулж хот байгуулах талаар болчихно.

-Хүн болгон аз жаргалтай байлгах тэр мөрөөдлийн хотын тухай юм л даа?

-Би ямар сайндаа “хөгшөөн чи надад зориулж барьж байгаа гэж битгий бодоорой. Чи 50 жилийн дараах өртөө зориулж энэ хотыг төлөвлө, дизайныг нь гаргаж байна. Энэ байшин руу 50 жилийн дараа чи өөрөө орж чадах уу, энэ замаар явж чадах уу ? гэдэг асуултыг л өөрөө асууж төлөвлөх ёстой юм л даа. Албан байгууллагын гадна, дотор гөлгөр, плитанд хэдэн хүн өвөл халтирч унаж, эсвэл угаасных нь дараа халтирч унаж тохой, гараа булгалж байгаа бол? Энэ бүгдийг шинээр зохион бүтээх шаардлагагүй,  өөр газрын туршлагыг хэрэгжүүлэх асуудал байхгүй юу. Яг үнэндээ чиний асуусан мөрөөдлийн хот гэгчийг бий болгоход "хамар доорхоос хол харж чаддаггүй ухаан" л хамгийн том гай болж байна. Хотын удирдлага ч бай, ерөнхий архитектур ч бай, шийдвэр гаргагчид  орчин тойрноо жаахан холхон шиг, энэ асуудлыг олоод харчих юм бол өөрсдөө ойлгоно.

-Тэгвэл мөрөөдлийн тэр хотоо бий болгохын тулд хувийнхаа зүгээс та ер нь юу хийж чадах вэ?

-Бага багаар хийгээд л байна гэж боддог шүү дээ. Та нар маань юу гэж дүгнэхийн гэхээс биш. Жишээ нь гэхэд Монголд хэн ч тавцант лифтний шийдлийг олж хараагүй байсан. Тэргэнцэртэй хүнийг яаж дээш доош явуулах вэ гэдэг асуудлыг нээлттэй нийгэм форумтай хамтран бид санаачлан хэрэгжүүлсэн.  Шийдэл нь тун энгийн, тухайн барилгад гэмтэл учруулахгүйгээр, зам тавиад, замынхаа дагуу тавцант хийчихдэг лифт. Дараа нь орон нутгийн засаг захиргаан дээр тэргэнцэртэй хүн ирэхээр харуул нь тэргэнцрээс аваад, үүрээд дээшээ гардаг гэнээ. Үүрч байгаа, үүрүүлж байгаа хүндээ хоёуланд нь эрсдэлтэй. Тиймээс манайх тэргэнцэртэй нь өргөөд шатаар явдаг хэрэгсэл анхлан оруулж ирсэн. Одоо Өмнөговь, Дорноговь, үндэсний телевизийн байранд бий. Өөрөөр хэлбэл энэ шат гэгчийн хүртээмжийн саадыг арилгахын төлөө эдгээрийг хийсэн. Гуравдугаарт эмнэлгүүдэд хана дагуу бариулыг хийлгэсэн. байх ёстой юм шиг бодоод байсан. Яагаад ингэж бариул хийх ёстой вэ, хэнд зориулагдсан бэ гэдэг учир шалтгааныг нь тайлбарлаж өгч хийлгэсэн. Тухайлбал, Эх Нялхас гэхэд гуравдугаар давхраа бүхэлд нь ийм бариултай болгосон. Ээжүүд хагалгаа хийлгэсний дараа одоогийнх шиг түшээд зогсох газар байгаагүй.

Энэ бүхнийг хотынхоо төлөө гэж худлаа ярихаа больё, С.Амарсайхан эсвэл У.Хүрэлсүхэд зориулж хийж байгаа юм биш. Ойдов би энэ хотыг өөртөө хүртээмжтэй болгох гэж л санаачилж хийсэн хэрэг. Бусдаараа бол ах нь том зүйл ярих гээгүй.

-Таны амьдарч эсвэл зочилж байсан улсуудаас хамгийн хүртээмжтэй хотын жишээ гэвэл та  ямар газрыг нэрлэх вэ. Бид тэднээс ямар туршлагыг авч хэрэгжүүлмээр санагдсан бэ?

-Объектив байдлаас дүгнэвэл надад Швейцарь улс хамгийн хүртээмжтэй санагдсан. Тэд дэлхийн хамгийн дэвшингүй нийтийн тээврийн системтэй улс орон шүү дээ. 20,30 жилийн дараа хэрэглэх метро, автобусны загваруудаа гаргахдаа дизайн дээрээ нийгмийн цөөнхүүдийг оролцуулдаг. Жишээ нь, миний мэдэх хэд хэдэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагууд оролцсон байдаг юм.

Манайх ямар нэг бүтээн байгуулалтад ямагт нийгмийн цөөнхийг төлөвлөлтдөө оруулдаг байх хэрэгтэй. Энэ нь зүгээр нэг хүний эрх гэдэг хийсвэр зүйлийн талаар биш рационал тооцоо юм л даа. Манай хүн ам тэдэн жилийн дараа ингэж өснө, энэ хүн амын Х хувь нь ямар нэгэн байдлаар тусгай хэрэгцээт болно, тиймээс бид ингэж хийх ёстой гэж төлөвлөдөг. Гэтэл манай хотын, орон нутгийн удирдлагууд ийм тооцоолол ерөөсөө хийдэггүй, 4 жилээс цааш харж чаддаггүй. Сонгуулийн дөрвөн жилээ бодохоос биш 14 жилийн дараа энэ улс орон, энэ аймагт ямар хүүхэд торниж, яаж амьдрах вэ гэдгийг тооцсон засаг би лав хараагүй. Тийм хэмжээний хол ч тооцоо хийж, төлөвлөлт гаргаж чадах хүн их цөөхөн байна. Мэдлэг ч үндсэндээ бага байна.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай асуудал гэхэд хамгийн түрүүнд нийгмийн халамжийн тухай ярьдаг. Гэтэл маш чадварлаг ажиллах хүч, хүний капитал зөвхөн дэд бүтцийн хүртээмжгүй байдлаас болоод бүхий л оролцоо, чадвараа боомилуулж байна. Энэ талаар хэн юу хийх хэрэгтэй юм бол ?

-Нөгөө хүртээмжээ л бий болгоно шүү дээ. Манай улсын хувьд хүн ам зүй талаасаа энэ бол асуудал маш чухал асуудал. 3.2 сая хүнээс 150 мянган хөгжлийн бэрхшээлтэй. 150 мянгаас чинь ажил хийж байгаа нь үсрээд л 10-15 мянга. Тэгэхээрээ цаана нь 130 гаруй  мянган хүн үлдэж байгаа биз. 130 мянган хүнийг бүгдийг нь биш юм аа 60 мянгыг нь хүн асарч байгаа гэж тооцоолбол дахиад 120 мянга болчхож байгаа тийм үү. 120 мянга чинь 130-тайгаа нийлээд 250 мянга болчхож байгаа биз. 250 мянган хүн гэдэг чинь нийт хүн амын чинь харьцангуй өндөр хувийг эзэлж байгаа юм. Хөгжлийн бэрхшээл гэхээр сонсголын, оюуны, харааны бэрхшээл, хөдөлгөөний гээд үндсэндээ 6-12 төрөл хүртэл өргөн хүрээнд байна. Гэтэл энэ хүмүүсийн хүний капитал талаас харах юм бол хөгжлийн бэрхшээлтэй хүн бол яах аргагүй капитал шүү дээ.

Тэгвэл тэр капиталыг ашиглах ёстой биз дээ. Капиталыг ашиглахгүй хадгалаад л байх юм бол алдагдалтай. Гэтэл манайд энэ сегмент капитал гэхээсээ илүү бүр ачаа болчхоод байна. Үүний шалтгаан ерөөсөө л хүртээмж нь бий болоогүй байдал.

Хүртээмжийг бий болгочихсон байсан бол хүүхэд цэцэрлэг, сургуульдаа явах байсан. Сургуулиа төгсчихсөн хүн дээд сургуульд сурах ёстой байсан. Дээд сургууль төгсчихсөн хүүхэд яах юм, ямар нэгэн байдлаар ажил олж хийхийн төлөө зүтгэнэ биз дээ. Ажил хийнэ гэдэг нь эдийн засгийн харилцаанд оролцож, баялаг бүтээгч болно.  Гэтэл манайд энэ боломжийг  сууриар нь аваад хаячхаж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр хүний капитал өсөх биш хөгжлийн бэрхшээлтэй юм чинь мөнгө авна, тэжээлгэнэ  гэсэн сэтгэхүйтэй болдог.

Энийг яаж өөрчилж, сэргийлж болох байсан бэ гэвэл сургууль, цэцэрлэгийг анхнаас нь хүртээмжтэй хийчихсэн бол тэр хүүхэд өөрийгөө аваад явчих боломжтой байсан.  Тухайлбал, төрөөс сургууль, цэцэрлэгийн хүртээмжтэй болгохын төлөө 100 сая төгрөг харамласан учраас хэдэн зуу дахин их мөнгийг тэр хүмүүсийн насаараа авах тэтгэмжид зориулж байгаа.

-Хүртээмжийн талаар  дэлхийн улс орнуудтай харьцуулахад бид хаана явна вэ. Үүнийг үнэлж, хэмжиж чадах уу?

-Чи заавал тэрийг үнэлүүлж, хэмжиж яах гээв? Бид тийм сайн яваа биш, гэхдээ муу ч бас биш. Тэгж их хэмжүүр хүсээд байгаа бол би чамд тэргэнцэр өгье. Чи эндээс /баруун дөрвөн зам/ засгийн газрын ордон орчхоод ир. Тэгээд л чи хэмжилтээ хийчих. Энэ бол хамгийн энгийн хэмжүүр. Харин нийтэд зориулаад хэмжүүрийг тодорхойлно гэвэл маш энгийн хэмжүүр чи нэг бүтэн км яваад үзэхэд замд чинь хэдэн хөгжлийн бэрхшээлтэй хүн таарч байна гэдгээр хэмжиж болдог. Харагдахгүй байвал чиний хот чинь сөнөчихсөн байна гэсэн үг. Хэрвээ нохойтой, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай, хүүхдийн тэрэг ч гэсэн барьчихсан олон янзын хүн явж байгаа бол "ваав, манай хот гоё хот юм байна" гэж бодоорой. Бусдаар бол шугам бариад л хэмжээд байх ямар ч шаардлага байхгүй.

 

-Ярилцлагын төгсгөлд таны хүн рүү чиглэсэн асуулт асуумаар санагдлаа. Өнөөдрийг хүртэл тархины түгжээг мулталж байсан үйл явдал юу байв?

-Наадах чинь харин сэдвээсээ хазайсан асуулт байна шүү. Би арван хэдтэй байхдаа нэг улс оронд амьдарч байсан юм. Тэнд нэг удаа хэдэн тусгай хэрэгцээт залуус пиво уугаад л суух байхыг харж билээ.Тэр үед би тэргэнцрээс өөр туслах хэрэгсэл байдгийг ч мэддэггүй байлаа. Тэр залуус ресторанд үйлчлүүлчхээд, дэлгүүрээс хүнсээ аваад, автобусандаа суугаад харьчихаж билээ. Тухайн үед бид нар яагаад ингээд явж болохгүй зүйл гэсэн бодол төрж байв. Боломжгүй зүйл гэж байхгүй, гагцхүү бидэнд орчныг нь өөрчлөх ёстойг ийн ойлгосон юм. Амьдрах, таашаал авах орчныг бүгдийг чиний байгаа байдалд зохицуулж өгч сургадаг хөдөлмөр засалч гэх тусгай мэргэжлийн улсууд байдгийг тэгэхэд гэдгийг олж мэдсэн.

Тэр цагаас буюу 20 наснаасаа хойш би "хөдөлмөр засалч" гэх мэргэжлийг Монголд бий болгохын тулд ажиллаж байна Үүний үр дүнд 10 гаруй анхны мэргэжилтэн бэлтгэгдэж, хөдөлмөр заслын  ангиуд нь бий болчхоод байгаа юм.

21-р зууны шилдэг мэргэжлүүдийн нэг бол яах аргагүй хөдөлмөр засалчид. Энэ мэргэжил шиг эрэлттэй болох мэргэжил бол дэлхийд цөөхөн. Миний олж харсныг, харъя гэж бодож байгаа бол хөдөлмөр заслын чиглэлээр сурах хэрэгтэй гэж би залууст зөвлөдөг.

Учир нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс энэ газраар үйлчлүүлдэг  юм биш.

Шинжлэх ухааны бүхэл бүтэн салбар болоод хөгжиж байна. Тэгэхээр миний тархины түгжээ тайлсан үйл явц бол "Хэн нэгэн хийж өгөхийг хүлээх биш, энэ орчныг би өөрчилж чадах юм байна. Гэхдээ өөрчилмөөр байна гэж чарлах биш, өөрчлөх алхмыг өөрөө хийх ёстойг” ойлгосон.

Тухайн үед би нүүрээ угааж чаддаггүй хүүхэд байлаа. Ерөөсөө л гар минь нүүрэнд хүрэхгүй байгаа юм чинь гарыг нүүрэнд хүргэх хэрэгсэл байх хэрэгтэй гэсэн бодол төрсөн. Тухайн үед нэг айлаас тогоо угаадаг саваа олж хараад яг тийм зүлгүүр шинээр худалдаж аваад, арзгар үсийг нь хайчлаад, ээжийнхээ нөгөө нүүр цэвэрлэдэг порлоныг наагаад л би нүүрээ угаадаг болсон юм даа. Тэр цагаас хойш би одоо 20 гаруй жил порлоныг нь солиод түүгээрээ л нүүрээ угааж байна.

-Их бүтээлч санаа сэдэж дээ?

-Энэ чинь л амьдрал шүү дээ.. Ямар ч орчинд очсон тэр орчныг яаж өөртөө тохируулж өөрчилж болох вэ гэдгийг л бодох нь хөдөлмөр засалчийн бас нэгэн чадвар байхгүй юу. Өөрийг тухайн орчинд тааруулах гэж эвдлэх биш өөрөө энэ орчныг эзэмдэх гэж, оролдоно.

-Тийм шүү,  бид аливаа орчинд, нийгэмд нийцэхийн тулд өөрийгөө эвдлэх, өөрөөсөө өөр хүн байх гэж хичээдэг юм шиг ээ?

-Хүмүүс ер нь тэгж л махаа идээд байдаг биз дээ. Уг нь бол тэгэх ёсгүй байхгүй юу. Би энэ ярилцлагаар хэд хэдэн аргументуудыг хэлэхийг хүслээ. Нэгдүгээрт хүний капитал буюу, хүний нөөц, хоёрдугаарт бид үйлчлүүлэгч. Гуравдугаарт улс орны хөгжил хэрвээ хүний оюун ухаанаас хамаардаг л бол бид нэгж бүрийг ашиглах ёстой байхгүй юу. Магадгүй ирээдүйн Эйнштейн, Хатанбаатар, Жанцанноров, Бавуугийн Лхагвасүрэн цэцэрлэг, сургуульд хамрагдаж чадахгүй гэртээ байгаа ч юм бил үү.  Хотыг хүртээмжтэй болгохын тулд ийм гурван аргумент байхад одоо өөр юу хэрэгтэй юм бэ? Би улсын орноос гуйгаад гуйж эсвэл шаардаж, хүний эрх яриад байгаа юм биш. Одоо би тэгж ярихаас үнэндээ залхсан. Энэ бүхнийг тооцох ёстой цаг нь өөрөө болчхоод байна шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.