Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газрын тухай хуульд орох өөрчлөлтийг сонгуулийн дараагаас мөрдөх нь

Т.Саран, iKon.mn
2020 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгээг хийлээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулсан. Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны тавдугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаараа хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийх үеэр Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Эрдэнэбат, М.Энхболд нар үг хэлж саналаа илэрхийлсэн байна. Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат төслийг дагаж мөрдөх хугацаатай холбоотой зарчмын зөрүүтэй санал гаргасан боловч Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.19-т заасны дагуу ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэн тул уг саналаар санал хураалт явуулаагүй гэлээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Н.Оюундарь, Д.Эрдэнэбат, Л.Мөнхбаатар нар асуулт асууж, хариулт авсан. Улс орны хөгжлийн хоцрогдлыг арилгах чиглэлээр ямар асуудлыг тусгасан, эрх өгөхийн зэрэгцээ хариуцлага хүлээлгэх хэлбэрээр өөрчлөлт орсон эсэхийг Б.Баттөмөр гишүүн асуулаа.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх болсон нэг шалтгаан нь гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг нэмэгдүүлэх, өөрөөр хэлбэл ачаагаа үүрсэн ч үүнтэй тэнцэх эрх эдэлж, хариуцлага хүлээдэг байх өөрчлөлтийг хийх байсан талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлсэн.

Сүүлийн 28 жилийн хугацаанд ердөө хоёр Засгийн газар л бүрэн эрхийн хугацаандаа ажилласан, энэ хугацаанд Улсын Их Хурал долоон бүрэн эрхээ хэрэгжүүлсэн. Бусад 10 хэдэн Засгийн газар огцорсон бөгөөд нэг Засгийн газрын ажилласан хугацаа дунджаар 1.6 жил байсан нь төрийн болон бодлогын тогтворгүй байдлыг үүсгэн, хэт их улс төржилт явагдсан.

Улмаар Монгол Улсын нийгэм, эдийн засаг, ард иргэдийн амьдралд сөрөг нөлөө үзүүлдэг. Иймээс эрх мэдлийг тэнцвэржүүлэх зорилгоор Үндсэн хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулсан. Улсын Их Хурлын гишүүдийн эрх мэдлийг хязгаарлан, Засгийн газрыг аль болох тогтвортой ажиллуулах бололцоог бүрдүүлэх чиглэлээр төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан гэлээ.

Хариуцлагын тогтолцоог хэр бэхжүүлсэн талаар, орон нутгийн удирдлагууддаа эрх, боломж олгосон эсэхийг Н.Оюундарь гишүүн тодрууллаа.

Засгийн газрын зарим шийдвэрийг Захиргааны ерөнхий хуульд хянадаг байх зохицуулалтыг төсөлд тусгасан хэмээн С.Бямбацогт гишүүн хариулт өгсөн. Эрх мэдлийг орон нутагт тодорхой хэлбэрээр шилүүлэх асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд тусгасан тул холбогдох хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд зохицуулагдах бололцоо бий, эдгээрийг энэ ондоо багтаан хэлэлцэх боломжтой гэдгийг тэрбээр тайлбарласан. Ингээд Байнгын хорооны хэлэлцэн шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор нэг бүрчлэн санал хураалт явууллаа.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх үүднээс

  • Төслийн 2 дугаар зүйл буюу 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх бөгөөд тангараг өргөх журмыг Улсын Их Хурал тогтооно” гэсний дараа “Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чиг шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 70.8 нь дэмжсэн.
     
  • Төслийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу 21 дүгээр зүйлийн 8 дахь заалтыг “Бүрэлдэхүүнээрээ огцорсон Засгийн газрын гишүүнийг дахин томилж болно” гэж, төслийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг “Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон тэдгээрт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хугацаанд Ерөнхийлөгчтэй зөвшилцөж чадаагүй тохиолдолд Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ” гэж тус тус өөрчлөх зарчмын зөрүүтэй саналуудыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.
     
  • Түүнчлэн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг буюу 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Ерөнхий сайд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан тогтоолын төслийг өргөн мэдүүлэхдээ хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, төсөв тэдгээрийн зүйл, хэсэг, заалтын талаарх өөрийн байр суурь болон Улсын Их Хурлаас дэмжлэг хүсэж буй асуудлыг тодорхой илэрхийлсэн байна. Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол батлагдсанд тооцно” гэж, төслийн мөн зүйлийн 4 дэх хэсгийг “Улсын Их Хурал Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоол баталсан бол энэ хуулийн 26.2-т заасан асуудлыг дэмжсэнд тооцно” гэж тус тус өөрчлөн найруулахаар боллоо.
     
  • Төслийн 6 дугаар зүйлийг “Энэ хуулийг 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс дагаж мөрдөнө” хэмээн өөрчлөн найруулахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 48 гишүүний 35 нь буюу 72.9 хувийн саналаар дэмжлээ.

Ийнхүү зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэсний дараа Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

 

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс