Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Энхтуул: Өрхийн эмнэлгүүд 0-5 хүртэлх настай хүүхдийн А аминдэмийг эцэг, эхчүүдээр нь дамжуулан олгож байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Жил бүрийн тав, арваннэгдүгээр сард 0-5 хүртэлх настай хүүхдүүдэд өндөр тунт А аминдэмийг Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан олгодог.

Энэ жил дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас бага насны хүүхдүүдийг гадуур авч явахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж буй.

Ийм үед А аминдэм олгох ажлыг хэрхэн зохион байгуулж буй талаар Сонгинохайрхан дүүргийн “Ариун-Энэрэл” Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Б.Энхтуулаас тодрууллаа.

-Орон даяар А аминдэм олгодог сар эхлээд байна. Хүүхдүүдэд аминдэм олгох ажлыг өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед хэрхэн зохион байгуулж байна вэ?

-Хүүхдэд А аминдэмийг олгох ажил жил бүрийн тав болон арваннэгдүгээр сард явагддаг. Өрхийн эмнэлгүүд 0-5 хүртэлх насны хүүхдүүддээ А аминдэм өгөх ажлаа зохион байгуулаад эхэлчихсэн.

Өрхийн эрүүл мэндийн төвөөс харьяалагдах хороо, дүүргийнхээ 0-5 хүртэлх насны хүүхдийнхээ нэрсийг гарган тохирох доз, хэмжээгээр хүүхдүүдэдээ олгодог.

Өмнө нь А аминдэм олгох үеэр өрхийн эмнэлэгт нэлээд дараалал үүсдэг байсан.

Харин энэ жил хөл хориотой холбоотойгоор хүүхдийг аль болох эмнэлэг дээр ирүүлэхгүй байгаа.

Тийм учраас эцэг, эхчүүд хүүхдийнхээ жинг өөрсдөө үзээд дэвтрийг бөглүүлчихээд витаминыг нь авахын зэрэгцээ зөвлөгөө аваад явж буй учраас оочер дараалал байхгүй байна.

-Өрхийн эмнэлгээсээ А витаминаа аваад хүүхдэдээ уулгаж буй эцэг, эхчүүд юуг анхаарах хэрэгтэй вэ. Уг нь эмчийн хяналт дор уулгах ёстой байдаг шүү дээ?

-Эцэг, эхчүүдийг Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрээ авчраад болж өгвөл хүүхдээ гэртээ жинлээд ирэх хэрэгтэй.

Харин хүүхдэдээ өгөхдөө капсулыг хайчлан ам руу нь шахаж уулгах зөвлөмжийг хүүхдийнхээ аминдэмийг авахаар ирсэн эцэг, эхчүүдэд тухай бүрт нь зааж, зөвлөж байна.

-Одоогоор танай эмнэлгийн хувьд, хэчнээн хүүхэд А аминдэмээ уух ёстой гэсэн тооцоо байна вэ?

-Манай өрхийн эмнэлэгт 0-5 насны нийт 900 орчим хүүхэд А витаминжуулалтдаа хамрагдах ёстой.

Түүнээс яг өнөөдрийг байдлаар 95 хүүхэд нь уучихсан байна.

Энэ сардаа багтаан хүүхдэдээ А аминдэм олгох ажлаа зохион байгуулна.

-А аминдэм хүүхдийн биед ямар эерэг нөлөө үзүүлэх вэ?

- А аминдэм нь нь өөрөө хүүхдийн өсөлтөд эерэгээр нөлөөлөхөөс гадна салстыг нөхөн төлжүүлж, дархлааг дэмжин, арьс, нүдний хараа, сонсгол зэрэг эрхтнүүдийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг.

Тийм ч учраас эцэг, эхчүүд энэ витаминжуулалтын аянд хүүхдээ заавал хамруулах ёстой.

-А аминдэм өгөх үеэр яагаад бусад витаминуудыг хэрэглэхгүй байхыг зөвлөдөг юм бол?

-ДЭМБ-аас олгож буй энэ А аминдэм нь өөрөө маш өндөр тунтай бөгөөд хоёр төрөл байдаг.

Тодруулбал, зургаан сартайгаас нэг хүртэлх насны хүүхдэд 100,000 нэгж тунтай А аминдэмийг уулгадаг бол 1-5 хүртэлх хүүхэд 200,000 нэгжтэйг нь уулгадаг.

Өндөр нэгж тун агуулдаг учраас энэ нь хүүхдийн витамины хэрэгцээг зургаан сарын хугацаанд хангадаг гэж үздэг.

Тиймээс А аминдэм уусан үед нь бид бусад А аминдэм агуулсан витаминжуулалтыг зогсоодог юм.

-Витамины илүүдэлд орох тохиолдол байдаг уу? Ямар шинж тэмдэг илрэх бол?

-Витамины илүүдэлд орвол яг дутагдсантай адил шинж тэмдэг илэрдэг. 

Тиймээс А витаминжуулалтад хамрагдсан бол өөр төрлийн А аминдэм агуулсан витаминыг хүүхдэд өгөхгүй байхыг зөвлөдөг.

Тухайлбал, Бага насны хүүхдүүдийн тогтмол хэрэглэдэг Д витаминыг А витаминжуулалтад хамрагдсаны дараа тодорхой хугацаанд өгөхийг хориглодог.

Учир нь Д, А витаминыг хамт хэрэглэх нь тухайн витамины биед нөлөөлөх эерэг үйлчлэлийг бууруулдаг гэж үздэг юм.