Дэлхийн олон оронд “COVID-19” вирусийн халдвар тархаад буй энэ үед дэлхийн боловсролын салбар цахим сургалтыг өргөнөөр ашиглаж байна. Манай оронд ч мөн ялгаагүй, ЕБС, дээд боловсролын салбарын бүх хичээл зайны сургалтад шилжсэн. Дунд сургуулийн сурагчдад Теле хичээлээр агуулгыг хүргэхийг зорьж байгаа бол их дээд сургуулиуд өөрсдийн сүлжээгээрээ болон бусад онлайн сургалтын платформууд edX, Moodle, Google classroom, Google drive, е-мейл, сошиал сүлжээ, Facebook, Youtube, Zoom, OBS (Open Broadcaster Software), SlideShare, PodCast-ийн үнэгүй аппликейшнүүд болох SoundCloud, Anchor App, Soundtrap гэх мэт хэрэгслүүдийг ашиглан цахим сургалтуудыг явуулж байна.
Онлайн сургалт нь танхимын сургалтыг бодвол илүү уян хатан сургалт бөгөөд тухайн суралцагч ямар нэгэн хязгаарлалтгүйгээр, бие даан суралцах боломжийг олгодгоороо давуу талтай. Нөгөө талаас сургалтын байгууллага нь цахим хичээлийг бий болгох, хөгжүүлэх, нээлттэй болгох сургалтын материал боловсруулах, цахим сургалтын материаллаг орчин үүсгэх ажлын зохион байгуулах ёстой.
Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хувьд 2018 оноос эхлэн их сургуулийн сурах бичиг, судалгааны ажлуудыг цахим болгох ажлыг хийж эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 3397 бүтээл цахим хэлбэрт шилжсэн байна.
2019 онд тус сургууль нь их сургуулийн 61 үндсэн сурах бичгийг PDF програм руу хөрвүүлэн ШУТИС-ийн электрон каталогид оруулжээ.
“COVID-19” халдварын үед цахим сургалтад шилжсэнтэй холбоотойгоор ШУТИС-ийн Номын сан 2020 оны 2 дугаар сараас 4 дүгээр сарын хооронд цахим нөөц материалын санд оюутнуудад шаардлагатай 110 ном, сурах бичиг, 1400 судалгааны ажил, оюутнуудын захиалгаар 50 гаруй сурах бичгийг нэмж оруулсан байна.
Цахим материалын санд хандах оюутнуудын тоо эрс нэмэгдэж байгаа бөгөөд оюутнууд 8400 гаруй материал татаж, сургалтандаа ашигласан байна.
ШУТИС-ын номын сан нь EBSCO, SpringerNature, Wiley, Reseach4life зэрэг олон улсын мэдээллийн сангуудаар үйлчилгээ үзүүлж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!