-ХОЁРДУГААР ХЭСЭГ-
Монгол-Япон сургалтын эмнэлэг буюу АШУҮИС-ийн эмнэлэг тун удахгүй хаагдах боллоо.
Япончуудын бэлэг болгон барьсан, Монголын ард түмний удаан хүлээсэн, Монгол Улсын цорын ганц University hospital ийнхүү хаагдахад хүрээд байгаа нь гагцхүү Монгол Улсын Засгийн газар өөрийн үүргээ биелүүлээгүй, төсөв мөнгөний гацаанд оруулснаас үүдэлтэй.
Том амалж, томилогдож ирсэн шинэхэн дарга нь эмч нартайгаа нэгээс их уулзсангүй, амалсан төсөв алга(өмнөх захирлыг халсан шалтгаан).
Японд төгсөгчдийн холбоогоор дамжуулж Японы Элчин сайдын яаманд хүртэл асуудлуудаа танилцуулан бичиг хүргүүлж ч үзэж байна. Харин Засгийн газар хийсэн ажлуудаа танилцуулан, телевизийн бүхий л сувгаар мэдээ гаргахдаа "Япон стандартын эмнэлэг барьсан, ард түмэндээ хүлээлгэн өгсөн" гэгчлэн цацаж байна. Үнэндээ тэд үнэгүй бэлэг хүлээж авснаас өөрөөр ажлаа хийгээгүй гэж л хэлэх байна.
Засгийн газар гүйцэд төсөв батлаагүй учраас үйл ажиллагаа нь зогсоход хүрч байгаа энэ эмнэлэг байгуулагдах гэж, нээгдэх гэж, мэргэжилтнүүдээ сургаж авах гэж олон жилийн хөдөлмөр, шаргуу ажиллагаа шаардсан. Гэсэн ч одоо буцаагаад эмч, мэргэжилтнүүдээ ялангуяа, сувилагч нараа алдахад хүрээд байна. Төсөв батлагдаад буцаад нээгдэхэд сувилагч, эмчээ олох гэж дахиад дор хаяж нэг жил болох болов уу. Энэ чинээгээр ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛГИЙН тогтолцоогоор дамжуулан Монгол Улсын эрүүл мэндийн салбарын үйлчилгээг сайжруулах Монгол-Японы хамтарсан АЛСЫН том зорилго биелэгдэхгүй байх аюулд ороод байна.
Энэ эмнэлгийн асуудал зөвхөн АШУҮИС-ийн эмнэлгийн тухай биш юм шүү. Их сургуулийн эмнэлгийн тогтолцоо нь сурган төгсгөж байгаа мэргэжилтнүүдээрээ дамжуулан Монгол Улсын бүх хүнд хамаарах эрүүл мэндийн үйлчилгээнд оролцож, хийж буй олон тооны судалгаагаараа дамжуулан шинэ инновац, шинэ эмчилгээнүүдийг гаргаж, өөрсдийн үзүүлж буй эрүүл мэндийн үйлчилгээгээрээ бусдадаа үлгэр дууриал үзүүлэх гэх мэтээр Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийн амин тулгуур болох учиртай юм шүү.
Бид одоо айж байна. Урьд ИХ сургуулийн эмнэлэг байгуулж байна гээд хандив төсвөөр байгуулчихаад булаагаад авсан жишээ байгаа учир бид айж байна. Айх ч, бас хардах ч эрхтэй.
Н.БАТЭРДЭНЭ АШУҮИС, АУС
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!