Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Эх орондоо ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛЭГ нутагшуулах та бидний хичээл зүтгэл, хүсэл мөрөөдөл ЗАМХРАН холдож байна!

ikon.mn
2020 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

-НЭГДҮГЭЭР ХЭСЭГ-

Япон улс ард иргэдийнхээ татварын хөрөнгөөс 210,000,000,000₮ (7,985,000,000¥) гарган байж эх оронд минь ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛЭГ барьж өгсөн юм.

Тэгээд зогсохгүй, их сургуулийн эмнэлгийг нутагшуулах гэж Япон улс сор болсон ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨХ БАГ (Токүшима, Эхиме их сургууль) нь бүхэл бүтэн 50 удаа ирж зөвлөсөн байдаг.

Энэ том үйлийг гүйцэтгэхэд зүгээр нэг хөрөнгө гаргаад зөвлөөд явчихдаг зүйл биш. Монгол, Япон орны хамтарсан баг маш олон судалгаа шинжилгээ хийсний үр дүнд эх оронд минь их сургуулийн эмнэлэг нутагшуулах зайлшгүй шаардлагатай гэсэн ойлголцолд хүрч, энэ ажлыг эхлүүлсэн билээ. Энэ том ажлыг нугалах гэж удирдах түвшний маш олон хүн, төслийн баг, эрдэмтэн профессор, эмч багш нар, сайн санаат олны нөр их хөдөлмөр шингэсэн юм.

Та нар сайн мэдэх биз ээ, аль ч улсад их сургуулийн эмнэлэг нь улсдаа тэргүүлэгч ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ үзүүлэхээс гадна ард иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд зогсох эмч нарыг бэлтгэх СУРГАЛТ, үндэсний хэмжээнд хийгдэх томоохон СУДАЛГАА зэрэг чухал зүйл нэг дээвэр дор зангилагдаж, эх орны эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх ИХ ҮЙЛС биеллээ олж байдаг.

Харин энэ их үйлс Монголд биеллээ олж чадахгүй байгааг Япон улс олж харж, их сургуулийн эмнэлгийг нутагшуулахын тулд тэр их хөрөнгийг татвараасаа гаргаж, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон эмнэлгийг та бидэнд бэлэглэсэн юм. Орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглох ажил л гэхэд 37,258,000,000₮-ийн өртөгтэй.

Харамсалтай нь өнөөдөр Их сургуулийн энэ эмнэлэг нутагших битгий хэл хаалгаа барих дээрээ тулж байна.

 

Яагаад гэвэл зөв зүйлийг хөгжүүлж голдиролд нь оруулахгүй, бас цалин, урсгал зардал зэрэг эмнэлэг хэвийн үйл ажиллагаа явуулах зайлшгүй шаардлагатай төсвийг шийдэж өгөхгүй өдий хүрсэн хэрэг.

Их сургуулийн эмнэлэгт дээр дурдсан өчүүхэн бага төсөв битгий хэл сургалт, судалгааг хөгжүүлэх зорилгоор засаг төрөөс хэд дахин өндөр төсөв баталж өгдөг юм. Гаднын орны жишиг бол ийм. Энэ том үйлс ийнхүү гацаанд орлоо гээд тэр их хөрөнгө зарцуулсан Япон улс хохирохгүй ч хоёр орны харилцаанд сэв суугаад л өнгөрөх биз ээ. 

Харин Монгол Улсын Эрүүл мэндийн салбар, Анагаах ухаанд их сургуулийн эмнэлэг нутагшуулах их үйлс замхрах нь. 

Эцсийн эцэст өвчин зовлонгоосоо ангижрах гэсэн монгол хүн ХОХИРОХ юм.

Эх оронд минь их сургуулийн эмнэлэг энэ удаа биш юм аа гэхэд хэзээ нэгэн цагт нутагших л байх. Яагаад гэвэл бүхэл бүтэн улс байна даа, энэ чухал ажлыг эрдэм чадалтай аавын хүү, ээжийн охины аль нэг нь ирээдүйд хийх л байх.

Гэвч харамсаад байх юм, энэ олдсон цаг хугацааг алдаж байгаад. Энэ удаа бид их сургуулийн эмнэлгийг нутагшуулахгүй юм бол бид улам хоцорно. Яагаад гэвэл манай хөгжлийн удаашралыг бусад улс орон хүлээхгүй шүү дээ. Тэгээд л эрүүл мэндийн салбар болж бүтэхгүйгээр дуудуулан, хандив нэрээр иргэнийхээ эмчилгээний асуудлыг шийдэх зэргээр хэр удаан явах вэ дээ.

Залуус бид бас эх орноо хөгжүүлэх, зөв зүйлийг хийхийн тулд иргэний нийгмийн идэвхтэй нэг хэсэг болж, зөв зүйлийн төлөө дуугарах ч эрхтэй, тэмцэх ч эрхтэй.

 
 

 

Ц.Сумъяа АШУҮИС, АУС 

Тус эмнэлэгийн нөхцөл байдлын талаарх дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншаарай.