Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: ТЕНДЕРЭЭР мөнгө хийдэг байж болзошгүй Ц.Цогзолмаа сайдын БАРИМТУУД

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Пүрэв гарагт болсон чуулганы хуралдаан дээр “Монгол Улсын иргэн, төрийн бүтцүүд бүгдээрээ хуулийн дор амьдрах ёстой. Хуулиа хэрэгжүүлэх үүрэг бол бидний эн тэргүүний үүрэг байх ёстой” хэмээн хэлсэн юм.

Гэвч үнэн хэрэгтээ тэрбээр хуулиас давж, хэд хэдэн хууль зөрчсөн байж болзошгүй ноцтой мэдээллийг хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл нийтэлжээ. Эдгээр баримтыг нягталж, мөн энэ хэрэгтэй холбогдолтой шинэ баримтуудыг бид энэ удаад дэлгэж байна. 

Баримт 1. Монгол Улсын Төсвийн тухай хуульд заасан нэр томьёог эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, дур мэдэн өөрчилсөн нь ямар зорилготой вэ?!

2018 оны Төсвийн тухай хуульд “Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн ЭМНЭЛГИЙН барилга төслийн монголын талын хөрөнгө /Улаанбаатар/” хэмээн тусгасан нэршлийг БСШУС-ын сайдын 2018 оны тавдугаар сарын 05-ны өдрийн А/299 тоот “Жагсаалт батлах тухай” тушаалаар "...Анагаахын шинжлэх ухааны үндэсний их СУРГУУЛИЙН барилга" болгон нэрийг нь өөрчилжээ. 

 
 

 

Төсвийн тухай хуулийн

  • 22.5-д Төсвийн ангиллын зүйлд санаатайгаар буруу мэдээлэл оруулж төсвийн орлого, зарлагын хэмжээг өөрчлөхийг хориглоно хэмээн зааснаас гадна
  • 33.2.6.хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг хавсралтаар /нэр, байршил, хүчин чадал, хэрэгжүүлэх хугацаа, төсөвт өртөг, санхүүжүүлэх эх үүсвэр, тухайн төсвийн жилийн санхүүжилтийн дүн/ -г тусган батлахаар хуульчилсан байдаг.

Тиймээс Төсвийн тухай хуулиар ийнхүү баталсан нэрийг БСШУС-ын сайд тушаал гарган өөрчилжээ.  

2015-2020 онд хэрэгжүүлэх уг төслийн барилгын ажил 2016 оны дөрөвдүгээр сараас эхэлсэн бөгөөд хичээлийн байр, оюутны дотуур байр, багш, ажилчдын орон сууц, спорт цогцолбор, сургалтын эмнэлэг зэрэг зургаан барилга байгууламж бүхий бүтээн байгуулалт хийгдэхээс сургуулийн барилгууд хэдийнэ санхүүжилтээ аваад, энэ хичээлийн жилд оюутнуудаа хүлээн авахад бэлэн болсон талаар хэвлэл мэдээллээр хангалттай мэдээлсэн. Сургуулиуд нь ашиглалтад ороод, оюутнууд тэнд хичээл үзэж байгаа гэсэн үг.

БСШУС-ын сайд өөрийн тушаалаар ийнхүү нэрийг нь өөрчилсөн хэрнээ 40 хоногийн дараа тендер зарлахдаа төслийг хуулийнх нь нэршлээр буюу “Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн ЭМНЭЛГИЙН барилга төслийн монголын талын хөрөнгө /Улаанбаатар/” зарласныг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем баримтжуулан үлдээснийг ЭНД-ээс харж болно.  

Баримт 2. “Эрдэнэт Орчлон” компани тендерт ямар ч өрсөлдөгчгүйгээр сонгогдсон нь

Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжээд эхэлсэн, санхүүжилт нь төсөвт суучихсан барилгын ийм том төслийн тендерт Монгол Улсын барилгын компаниудаас “Эрдэнэт Орчлон” хэмээх ганцхан компани саналаа ирүүлж, ямар ч өрсөлдөгчгүйгээр сонгогджээ.

Ц.Цогзолмаа сайдын “гарын” хүн гэх БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Т.Ням-Очир дээрх  компанитай гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгийг 2018 оны долдугаар сарын 19-нд үйлдэхдээ хоёр ноцтой зөрчил гаргасан байж болзошгүйг дараах баримтууд харуулж байна. 

 

Эхний албан бичиг БСШУСЯ-ны албан бланкан дээр бичигдсэнээс гадна хамгийн сүүлийн хэсэгт “Шаардлага хангасан гүйцэтгэлийн баталгааг энэхүү мэдэгдэл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор ирүүлээгүй нь гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгох үндэслэл болно” гэжээ.

Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт Орчлон” компани гүйцэтгэх төслийн нийт өртгийн 5%-тай тэнцэх хэмжээний мөнгийг 2018 оны наймдугаар сарын 2-нд байршуулсан байх ёстой. Хэрэв байршуулаагүй бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендерийг хүчингүйд тооцож, дахин эхнээс нь зарлах ёстой. Гэтэл Гэрээ байгуулах эрх олгох тухай яг ижил огноотой бас нэгэн баримт гараад ирэв. 

 

Шинээр үйлдсэн албан бичгийн мөн хамгийн сүүл хэсэгт дээр дурдсан 14 хоногийг 21 болгон залруулжээ.

Хамгийн ноцтой нь уг албан бичиг БСШУС-ын сайдын бланкан дээр бичигджээ. Гэхдээ гарын үсгийг Т.Ням-Очир зурсан байна.

Эндээс Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Т.Ням-Очир сайдын хэмжээний эрх мэдэлтэй нэгэн үү, эсвэл Ц.Цогзолмаа сайд өөрийн тушаал гаргадаг албан бланкан дээр ийм бичиг гаргах шаардлага байв уу. Ямартай ч БСШУС-ын сайд болон Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нар ашиг сонирхлын нэгдмэл зөрчилтэй байгаагаас гадна хувийн компанийн шаардлагад нийцүүлэн албан бичгийг хууль бусаар үйлджээ гэж харагдаж байна. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн

20.5-д Тендерийн баталгаа шаардсан нөхцөлд түүнийг ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн тендерийн баталгаа нь энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй бол захиалагч тухайн тендерээс татгалзана хэмээн заасан байдаг.

Учир нь "Эрдэнэт Орчлон" компани гүйцэтгэлийн баталгаа болох мөнгөө ХХБ-нд наймдугаар сарын 6-нд буюу хуулийн хугацаанаас дөрөв хоног хэтрүүлж байршуулжээ. Өөрөөр хэлбэл, хуулиараа тендерийг дахин эхлүүлэх нөхцөл байдал үүссэн тул ийнхүү хууль бус албан бичиг үйлдэхэд хүрч, “Эрдэнэт Орчлон” компанийг тендерт ялуулсан бололтой. 

Баримт 3. Нэрээ дахин өөрчилсөн төсөл

Эдгээр зохион байгуулалттай байж болзошгүй үйлдлүүдийн дараа ямар ч байсан гэрээгээ байгуулаад авжээ. Гэвч “Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн ЭМНЭЛГИЙН барилга төслийн монголын талын хөрөнгө /Улаанбаатар/” гэсэн нэрээр явуулсан тендерийн гүйцэтгэлийн гэрээн дээр нэрийг мөн л өөрчилсөн байна. Ингэхдээ “Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжих АШУҮИС-ийн ЭМНЭЛГИЙН барилга төслийн Монголын талын хөрөнгөөр хэрэгжих АШУҮИС-ийн БАРИЛГЫН ажил гүйцэтгэх гэрээ” нэрээр байгуулжээ. Харин яг юуны барилга гэдэг нь энд тодорхой дурдагдаагүй байна. 

 
 

Гэрээний дүн болон хийх ажлуудыг доорх баримтаас харж болно. Гэрээг 2018 оны наймдугаар сарын 6-нд хийсэн бөгөөд 2018 оны аравдугаар сарын 4-н буюу хоёр сар хүрэхгүй хугацаанд хийсэн ажлынх нь гүйцэтгэл болгож 856,327,994 төгрөгийн төлбөрийг БСШУСЯ-аас шилжүүлжээ. 

 

Баримт 4. Тендерт шалгаруулсан компанийнхаа захирлын хүүхдийг ажилд авжээ

Ингээд зогссонгүй дээрх тендерт ганцаараа оролцож, шалгарсан компанийн захирлын хүүг БСШУС-ын яамны Олон улсын төсөл, хөтөлбөр, гадаад хамтын ажиллагааны газрын Гадаадын төсөл, хөтөлбөрийн төсвийн төлөвлөлт, олон улсын байгууллагын уялдаа, зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр 2018 оны наймдугаар сарын 21 буюу "Эрдэнэт Орчлон" компанитай гэрээ байгуулснаас хойш тушаал гарган Султаан овогтой Тогтохыг түр томилсон баримтыг n24.mn цахим сайт ил гаргасныг ЭНД дарж үзэж болно. 

 
 

Мөн дараах баримтууд "Эрдэнэт Орчлон" компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч болох Султааны Хосцэцэг нь С.Тогтохын эгч, харин БСШУС-ын яамтай тендерийн гэрээ байгуулсан баримт дээр гарын үсэг зурсан гүйцэтгэх захирал Г.Баярцэцэг нь С.Тогтохын ээж нь болохыг харуулж байна. 

 
 

 

Энэ бүхэн тохиолдлынх байх боломжтой юу? Ямартай ч БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа "Эрдэнэт Орчлон" компанитай ямар нэгэн ашиг сонирхолтой гэж хардах тодорхой үндэслэлүүд харагдах аж. 

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн эдгээр үйлдлийг харахад дээр дурдсан хуулиудаас гадна 

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйл.Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл буюу 

39.1.1.албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах;

39.1.2.албаны эрх мэдлээ хэтрүүлэх;

39.1.3.хуульд нийцээгүй шийдвэр гаргах;Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 

11 дүгээр зүйл.Албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон хориглолт, хязгаарлалт буюу

11.1.Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

Зөрчлийн тухай хуулийн

2.1 дүгээр зүйл. Зөрчил бүлгийн

1.Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.

2.Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно.

3.Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна зэрэг заалтуудыг зөрчсөн байж болзошгүй байна.

Тиймээс одоо хууль, хяналтын байгууллага шалгаж, тогтоохыг л хүлээх үлдлээ.