Хотын төвд шавах их, дээд сургуулиудын төвлөрлийг сааруулах тухай бид олон жил ярьсан ч энэ сэдэв зөвхөн яриад өнгөрөхөөс цаашгүй байлаа.
Тэгвэл анагаахын их сургууль хотын төвөөс гарч төвлөрлийг бага ч атугай сааруулах төлөвлөгөөгөө зарлаж ирсэн нь биеллээ олох гэж байна.
Тодруулбал, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль шинээр эмнэлэг, сургалтын цогцолбор барих ажлыг эхлүүлсэн бөгөөд тэд хоёр ч салбар сургуулиа Баянзүрх дүүргийн 12-р хороонд буюу Амгаланд нээж энэ хичээлийн жилээс ашиглалтад ороход бэлэн болоод байгаа ажээ.
2018 оны хичээлийн шинэ жилд сургалтын эмнэлэг зэрэг зарим барилгын ажил нь дуусаагүй ч сургууль нь ашиглалтад ороход бэлэн болж энэ жилээс 3,000 оюутан Амгалан дахь шинэ байранд хичээллэх урьдчилсан төлөвлөгөө гарчээ.
Үүний дараагаар буюу аравдугаар сарын 1-нд Сургалтын эмнэлгийн барилга дуусах юм байна. Гэхдээ аравдугаар сард ашиглалтад оруулах эсэхийг эцэслэн шийдээгүй гэдгийг холбогдох хүмүүс мэдээлж байлаа.
Оюутны дотуур байрны тухайд 2019 оны сүүлийн улиралд, багш, ажилчдын байр, орон сууц 2020 оны эхний улиралд мөн спорт цогцолбор нь 2020 оны сүүлийн улиралд ашиглалтанд орохоор тэд төлөвлөжээ.
Цогцолбор кампуст баригдаж байгаа анагаахын сургалтын эмнэлэг гэхэд 16,000 м2 талбайтай баригдаж байгаа бол Анагаах Ухааны Их Сургууль, Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургуулийн хичээлийн байрууд 11,000 м2 талбайтай байх ажээ.
Мөн нийт 30,524 м2 талбай бүхий оюутны соёлын төв, спорт цогцолбороос гадна 1,200 оюутны дотуур байр, 210 багш ажилчдын орон сууц багтаж байгаа юм байна.
Энэхүү шинэ цогцолбор сургуулийн нийт өртөг 234.8 тэрбум төгрөгийн төсөвтэй бөгөөд 174.4 тэрбум төгрөгийг Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар, 14.3 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, 20.8 тэрбум төгрөгийг сургуулийн үйл ажиллагааны төсвөөр, 11 тэрбум төгрөгийг бусад хандивлагч, хөрөнгө оруулагчдаас бүрдүүлсэн бөгөөд бүтээн байгуулалт эцэслэн 2020 онд бүрэн ашиглалтад орохоор төслийн удирдагчид төлөвлөжээ.
Барилгын явцын талаарх зарим зургийг томруулж үзнэ үү,
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!