Зураг
Зураг
Индэр    
2020 оны 2 сарын 10
Зураг
iKon.mn сэтгүүлч

"Энэ улсад эрүүл ухаантай, эрдэм мэдлэгийг дээдэлсэн удирдагч нар бий бол эмнэлгийн талаар зөв шийдвэр гаргана гэж найдаж байна"

 
Гэрэл зургийг MPA.mn

Улс орны хөгжил боловсрол, эрүүл мэндийн салбартаа хэр зэрэг анхаарал хандуулдгаас шалтгаалдаг.

Үүний нэг ажил нь чадварлаг эмч мэргэжилтнүүдийг бэлтгэх, сурах орчныг нь бүрдүүлэх явдал билээ.

Монгол Улс 2019 онд анх удаа сургалтын эмнэлэгтэй болсон. Тодруулбал, Баянзүрх дүүргийн газар нутагт тус дүүргийн хүн амд үндсэн, улсын хэмжээнд зарим төрөлжсөн тусламж, үйлчилгээ үзүүлэх төдийгүй АШУҮИС-ийн 7,000 гаруй оюутан, 1,000 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургах боломжийг бүрдүүлсэн АШУҮИС-ийн сургалтын эмнэлэг буюу "Монгол-Япон сургалтын эмнэлэг" нээлтээ хийсэн билээ.   

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан тус эмнэлэг дотор, мэдрэл, мэс засал, хүүхэд, эмэгтэйчүүд, уламжлалт анагаах ухаан, нүд, чих, хамар хоолой, хавдар, шүд, эрүү нүүрний мэс засал, гэмтэл, спортын гэмтэл, сэргээн засах, хөнгөвчлөх зэрэг төрлөөр жилд дунджаар 11,000 гаруй хүнийг хэвтүүлэн, эмчлэх боломжтой. 4,800-5,200 хүнд мэс заслын тусламж үзүүлэх амбулаторийн үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн 24, оношилгооны найман кабинеттай. Нэгдсэн лаборатори нь л гэхэд хоногт дунджаар 600 хүнд шинжилгээ хийх хүчин чадалтай.

Гэвч сүүлийн үед тус эмнэлэгтэй холбоотой янз бүрийн мэдээлэл цацагдаж, эмнэлгийг тойрсон олон асуулт эргэлдэж буй учир цөөхөн ч гэсэн хариулт олох үүднээс тус эмнэлгийн төслийг эхлүүлж ажилласан, АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатартай ярилцсан юм.

Г.Батбаатар багштай ярилцлага хийхээс өмнө эмнэлгийн одоогийн үйл ажиллагааны нөхцөл байдлыг мэдэх үүднээс сургалтын эмнэлгийн захирлаас яриа авахыг хүсэхэд маркетингийн мэргэжилтэн нь “Энэ долоо хоногийн Даваа гарагаас /2020.02.07/ захирал солигдсон. Ажлаа хүлээж аваад удаагүй байгаа тул одоогоор мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн хариу өгсөн билээ.



 

Ингээд Г.Батбаатартай хийсэн ярилцлагыг хүргэж байна. 

- Сүүлийн үед АШУҮИС-ийн сургалтын эмнэлгийн үйл ажиллагаа, өмчлөх эрх зэрэг асуудалтай холбоотой яриа гараад буй. Тус эмнэлэгтэй холбоотой үүсээд байгаа одоогийн нөхцөл байдлын талаар ярилцлагаа эхэлье?

- Хөдөө явж байгаад долоо хоногийн өмнө иртэл АШУҮИС дээр сургалтын эмнэлгийн асуудлаар багш нар маань бужигначихсан байсныг мэдлээ. Нарийн ширийн асуудлыг бол мэдэхгүй. Над руу хандсан ганц нэг багш бий. Миний зүгээс зөв ойлголт өгөхийн тулд энэ эмнэлэг яаж боссон, хэрхэн үргэлжилсэн, яагаад өнөөдөр гүйцэд ажиллахгүй байгаа талаар л мэдэх зүйлсээ ярих боломжтой. 

- Би ч бас таниас сургалтын эмнэлгийн бий болсон түүх болон үйл ажиллагааны талаарх зүйлсийг л тодруулах зорилготой байна.

- 2013 онд таван их сургуулийн захирлын сонгон шалгаруулалт болсон. Тухайн үед АШУҮИС-ийн захирлаар 15 хүн өрсөлдөж, хууль эрх зүй, хэл, компьютер гээд дөрвөн төрлийн шалгалт өгч байсан. Би хамгийн өндөр оноог авч тэр оныхоо наймдугаар сард их сургуулийн захирлаар томилогдоод, ажил авсныхаа хоёр хоногийн дараа манай улсад байсан Элчин сайд Такинори Шимизү эрхэмтэй очиж уулзсан. Захирал болсон миний хувьд хамгийн эхний ажил нь энэ байсан. 

- Эмнэлгийн талаар ярихаар зорьж очсон хэрэг үү?

- Манай сургуулийн үе үеийн удирдлагууд, багш нарын мөрөөдөл болсон их сургуулийн эмнэлгийг Япон тал барих боломжтой гэсэн хариуг тэр үед авсан учраас шинээр томилогдсон захирал гэдгээ хэлээд, төслийнхөө талаар ярилцахаар ийнхүү зорьж очсон. Гэтэл танай төсөл төслийн шаардлага хангаагүй, эмнэлэг барих газраа олоогүй болохоор хойшилсон гэсэн тул би Такинори Шимизү Элчин сайдад газраа олоод ирье гэдгээ хэлсэн. Тухайн үед нийслэлийн Засаг дарга дээр орохоос эхлээд олон газраар явж, хөөцөлдөж, гүйж байж нэг юм бид 2013 оны аравдугаар сард газрын гэрчилгээгээ олж авч чадсан юм.  

Гэрчилгээгээ аваад Элчин сайд дээр очиж, төслийг сэргээж өгөхийг гуйхад "Ямар ч байсан дахиад цааш нь хүсэлтээ тавья. Чи ч гэсэн Токио дахь ЖАЙКА-тай очиж уулзаарай" гэсэн хариу өгсөн л дөө.  

Бид дангаараа хүчгүй. Тиймээс төр засгийн дэмжлэгийг авахын тулд олон ажил хийж, тухайн үеийн Боловсролын сайд Л.Гантөмөртэй уулзаж, нөхцөл байдлаа танилцуулаад, захиа бичүүлж дэмжлэг авсан удаатай.   

Ингээд 2013 оны арваннэгдүгээр сард би ЖАЙКА-ийнхантай очиж уулзсан. Тэгсэн харин "Газартай болсон бол төслийн судалгааны баг явуулъя" гэсэн нааштай хариу авсан. Ингээд 2014 оны гуравдугаар сард тэр баг нь Монголд ирж, манай багш нарын боловсруулсан төсөл шаардлага хангаагүй тул Японы тал төслөө бичээд зураг төслөө хийхээр болж, аз байвал эмнэлэг баригдана гэсэн юм.

Судалгааны баг ч их ажилласан, бид ч нөхцөл байдлаа үнэнээр нь л танилцуулсан. Тэр үед Японы талаас нэг зүйл амалсан. Монгол Улсад эмнэлгийн зориулалтаар баригдсан нэг ч барилга байдаггүй учраас энэ барилгыг яг эмнэлгийн зориулалтаар барина гэсэн. Тийм ч учраас олон түвшинд уулзалтуудыг хийсэн. Хамгийн сүүлийн зөвлөлдөх уулзалт дээр энэ эмнэлэг хаана харьяалагдах вэ гэдэг асуудал бидний өмнө тулгарсан даа.

-  Энэ нь тэгээд давхар харьяалалтай болох асуудал уу?

-  АШУҮИС бол БСШУСЯ-нд харьяалагддаг. Тиймээс япончууд “Танай сургууль боловсролын яамны харьяа. Хэрвээ энэ эмнэлэг ЭМЯ-нд харьяалагдах юм бол танай сургуулийн эмнэлэг биш болно. Магадгүй эмнэлэг баригдсаны дараа сургуультайгаа ЭМЯ-ны харьяанд шилжвэл та нар эзэн нь байх боломжтой” гэв.

Угтаа бол бид 2014 оны гуравдугаар сард анхны гэрээгээ байгуулж, санамж бичигт гарын үсэг зурахдаа Японы талтай сайн ярилцсаны үндсэн дээр их сургуулийн эмнэлэг барих төслийн захиалагч нь БСШУСЯ, гүйцэтгэгч нь ЖАЙКА, хөрөнгө оруулагч нь Японы Засгийн газар, эзэмшигч нь АШУҮИС байя гэж тогтоод бүх хэлцэл яг үүгээр явсан. Тэр дунд сургалтын эмнэлэг ЭМЯ-нд харьяалагдана гэсэн нэг ч үг үсэг байгаагүй.

2014 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр Засгийн газрын нот бичиг солилцоход Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нар Монголын талыг хариуцаж, Японы талаас Такинори Шимизү төлөөлж, харин би гэрчээр гарын үсэг зурж, Монголд энэ эмнэлгийг барьж өгөхөөр болсон түүхтэй.

- Эмнэлгийн барилгын зардал нийт хэд болсон бэ. Төсөв дутуу суугдсан, суугдаагүй гэх асуудал яригдаад байгаа?

 - Энэ тухай их урт түүх ярих хэрэгтэй болно.

Японы Засгийн газраас олгох дээд хэмжээ нь 30 сая ам.доллар байдаг юм билээ. Гэтэл манай сургалтын эмнэлэг 70 гаруй сая ам.доллароор баригдсан. Тухайн үеийн ханшаар бол 170 гаруй тэрбум төгрөг.

2016 оны дөрөвдүгээр сард барилгын ажил эхэлж, 2018 оны зургаадугаар сард ашиглалтад орохоор төлөвлөгдөж байсан. Гэхдээ цаг агаарын байдлаас шалтгаалсан нэг хоёр сарын зөрүү бол гарсан байх. Энэ бүх хугацаанд миний бие гэрээнд гарын үсэг зурж, гардан ажиллаж, хүлээлгэн өгөх байсны хувьд сургуулиа төлөөлж бүх ажилд нь хамт байсан.

Гэтэл 2016 оны сонгуулийн дараа засаг, эрх баригч нам гээд бүх юм өөрчлөгдсөн. Ингээд янз бүрийн үйл явдал болсон доо. Нэг өдөр манай сургуулийн Санхүү, эдийн засгийн захирлаар ажиллаж байсан Содномжамц "Намайг ЭМЯ-нд ажилла гэнэ. Би явчих уу" гэлээ. Би "Өөрөө мэд" л гэсэн. Хувь хүний сонголтыг би үгүйсгэхгүй. Ингээд нэг дэд захирал маань Эрүүл мэндийн яам руу явсан байдаг юм.

Энэ үйл явдал болохоос өмнө Японы талтай ярилцаж байхад эмнэлэг ашиглалтад орж, 2018 онд нээгдээд бүрэн хүчин чадлаараа ажиллахын тулд ойролцоогоор 14 тэрбум төгрөг хэрэгтэй шүү гэсэн тооцоог хэлсэн. Тэгэхээр нь 2017 онд улсын төсөв хэлэлцэж эхлэх үеэр бид хөөцөлдөж байгаад 14 тэрбум төгрөгийг Боловсролын сайдын багц дээр улсын төсөвт суулгаж чадсан юм. БСШУС-ын сайд Г.Чулаанбаатарын үед гэсэн үг.

Харамсалтай нь, 2017 оны оны аравдугаар сард Засгийн газар солигдож, Ц.Цогзолмаа гэдэг хүн БСШУС-ын сайд болсон. Энэ нь Содномжамц захирлын ажлаа өгөөд ЭМЯ-руу явсан үетэй давхцсан. 

Хоёрдугаар сард нь Содномжамц надтай ирж уулзахдаа “Захирлаа эмнэлэг удахгүй баригдаж дуусна. Бүгдээрээ төсвөө суулгачихсан. Гэхдээ энэ торгон мөчид бид эмнэлгээ алдчихаж магадгүй юм сонсогдоод байна. ЭМЯ идэвхтэй хөөцөлдөж байгаа бололтой. Та Д.Сарангэрэл сайдтай уулзаач" гэх зөвлөгөөг өгсөн.

2018 он гараад бид хоёр Д.Сарангэрэл сайдтай уулзахад надад “Эмнэлэгтэйгээ хамт манай яамны харьяа болох саналаа өгчих. Тэгвэл бид шуурхай шилжүүлж авна. Танай сургууль ч өмчөө алдахгүй” гэлээ. 

Би эргэж ирээд сургуулийнхаа захирлын болон эрдмийн зөвлөлтэй олон удаагийн хурал хийж, хэлэлцэж байгаад хоёр яамны харьяалалтай байх нь ер нь зөв юм байна гэсэн шийдвэрт хүрч, сургууль, эмнэлэг хоёроо хоёуланг ЭМЯ-нд харьяалуулж, БСШУСЯ-ны давхар харьяалалтай болох хүсэлт гаргасан юм.

Яг энэ үйл явдлын дараа 2018 оны долдугаар сард Ц.Цогзолмаа сайд намайг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Энэ бол хууль бус гэдэг нь өнөөдөр гурван шатны шүүхийн шийдвэрээр бүгд тогтоогдоод явж байна. Харамсалтай нь хуулиа биелүүлдэг хүн алга.

Дээр хэлсэн тэр хүсэлтийг минь биелүүлэхгүйгээр намайг ажлаас халсны дараа сургуулийг БСШУСЯ-нд үлдээгээд, зөвхөн эмнэлгийг нь ЭМЯ-ндаа авчихсан. Яагаад ингэж байгаа талаар нь асуухад Г.Батбаатар захирал ийм хүсэлт гаргасан гэж хэлдэг гэсэн. Ийм юм байж болох уу. Хэрвээ сургууль эмнэлэг маань хоёулаа ЭМЯ-нд ороод, БСШУСЯ-нд давхар байсан бол манай сургууль өмчөө алдахгүй байх байлаа.

Үүгээр зогсохгүй намайг ажлаас халмагцаа АШУҮИС-ийн эмнэлгийн Монголын талын хөрөнгө буюу 14 тэрбум төгрөгийг барилга руу хийчихсэн. Манай сургуулийн кампусс асуудалгүй баригдаж байсан үед шүү дээ. Энэ Монголын талын 14 тэрбум төгрөг чинь эмнэлэг баригдсаны дараах буюу ор дэвсгэр, цагаан даавуу, эм тариа, оношлуур цаашлаад эмч нарын цалин гээд эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн авч явахад хэрэглэх мөнгө байсан юм.

Сүүлд сонсоход тендерийн ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр өөрийнхөө найзын компанид өгсөн гэсэн. Тэр үед л намайг зайлуулах гээд байсан шалтгааныг нь ойлгосон.

Юм дандаа хараараа байдаггүй. Худал, үнэн эцэстээ бүгд ялгардаг. Намайг худалч, хулгайч болгож, олон удаа гүтгэж, доромжилж, хэвлэлээр нэг юм болсон. Би тэр болгонд нь их тэвчээр гаргаж, үнэн юм чинь хуулиараа гараад ирнэ гэж итгэсэн.

 
Гэрэл зургийг mpa.mn

- Гэхдээ одоо АШУҮИС-ийн сургалтын эмнэлэг ЭМЯ-нд харьяалагддаг шүү дээ?

- Тийм ээ. 2019 оны нэгдүгээр сард Засгийн газрын хуралдаан болохоос өмнө сургалтын эмнэлгийг Эрүүл мэндийн яаманд шилжүүлэх асуудлыг засгаар оруулах гэж байгааг сонссон. Тиймээс хамт ажиллаж байсан Сүмбэрзул, Зориг, Мөнхбат гээд гурван дэд захирлаа дуудаад, энэ эмнэлгийг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлчих юм бол үнэхээр хүнд асуудал болно. Бид өмчөөсөө дахиад сална. Дахиж түүхэндээ их сургуулийн эмнэлэгтэй болно гэж битгий бодоорой гээд захисан юм.  

Харамсалтай нь гурав хоногийн дараа ЭМЯ-ны харьяанд шилжсэн дээ. Тэгэхээр нь би Такинори Шимизү сайдтай холбогдоод болж байгаа процессыг хэлэхэд хурдан ЖАЙКА болон Элчин сайдтай уулз гэдэг зөвлөгөө өгсөн. Японы Элчин сайдтай очоод уулзахад “Монголын Засгийн газрын шийдвэрт бид нөлөөлөх үндэслэлгүй. Уг нь төсөл дуусаад үр дүнг нь харахын тулд АШУҮИС-ийн харьяаны эмнэлэг байх ёстой юмсан” гэсэн. Өөрөөр хэлбэл, нэгэнт өнгөрчихсөн байв.

- Тэгвэл 2020 оны төсөвт эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой зардал хэрхэн суугдсан талаар та мэдээлэлтэй байгаа юу?

- Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах байсан баталсан төсвийг нь барилга руу оруулчихаад "Төсөвгүй" гээд сууж байх ч гэж.

ЭМЯ дээр 2020 онд төсөв суулгахдаа дутуу суулгасан юм шиг байгаа юм. Нарийн юмыг нь сайн мэдэхгүй байна. Эмнэлгийг яагаад нээгээгүй гэхээр төсвийг нь гүйцэд баталж өгөөгүй. Тодруулбал, 2020 оны төсөв хэлэлцэх үед сургалтын эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн явуулахад тооцооллоор нь 15-16 тэрбум төгрөг  шаардлагатай хэмээн яригдаж байсан ч 4 тэрбум төгрөгийг л суулгасан байсан. 

Тэгэхээр тэр эмнэлэг чинь яаж хэвийн ажиллах вэ. Уг нь энэ эмнэлэг өндөр хүчин чадалтай. Гэтэл одоо мэс заслын маш том блок, өвчтөнүүдийг хэвтүүлэх 150 ор, оношилгооны аппаратууд нь бүгд ажилладаггүй. Зүгээр л нэг амбулаторийн үзлэг хийгээд байгаа сурагтай. Маш харамсалтай.

- Энэ эмнэлгийн зорилго анхнаасаа л сургалтын зориулалтынх байсан биз дээ?

- Тийм ээ. Эмч бэлддэг сургууль өөрийн бааз эмнэлэгтэй байх хэрэгтэй. Тэгээд энэ эмнэлэгт багш нар нь ажиллаж, оюутнууд нь дадлагаа хийнэ. Өвчтөнөө эмчилнэ, шинэ технологийг нутагшуулж, өвчнүүдийг оношлох нь л гол зорилго байсан. Зорилго нь ийм байсан гэдгийг япончууд хүртэл ойлгочихоод тусалж байхад манай эрх баригчид ойлгоогүй.

- Эрүүл мэндийн яамны харьяанд нийт хэчнээн эмнэлэг байдаг юм бэ. Ер нь хуульд их сургууль эмнэлэгтэй байхаар зохицуулсан байдаг юм уу?

- Монгол Улсад их сургуулийн эмнэлэг гэх статус, хууль байхгүй. Гэхдээ дээд боловсролын хуулиндаа "Их сургууль нь сургалтын эмнэлэгтэй байж болно" гээд заачихсан байдаг. Эрүүл мэндийн яамны харьяанд 16 нэгдсэн эмнэлэг бий. АШУҮИС-ийн сургалтын эмнэлэг 17 дахь эмнэлэг нь болж орсон. Яамныхаа харьяа болгочихоод манай сургуульд профессор байсан Х.Алтайсайхан багшийг "Монгол-Япон сургалтын эмнэлэг"-ийн ерөнхий захирлаар томилсон байсан. Гэхдээ захирал нь сая өөрчлөгдсөн.

Манай сургуулиас захирлын үүргийг гүйцэтгэж байсан профессор багшийн оронд нэг ч хүнд хичээл зааж байгаагүй ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байсан Эрдэнэтуяа гэх хүнийг захирлаар нь тавьсан гэж байна.

Манай багш нар үүнд л дургүйцээд байгаа юм байна гэж би ойлгосон. Их сургуульд захирлыг нь солих эсэхийг мэдэгдсэн үгүйг нь мэдэхгүй юм.

Би Эрдэнэтуяа гэх хүнийг мэдэхгүй. Муу менежер биш байх. Гэхдээ тэр хүн сургалт мэдэхгүй. Энэ бол сургалтын эмнэлэг. Мөнгийг нь өгч ажиллуулахгүй хэрнээ удирдаад явж байгаа мэргэжлийн хүнийг нь солиод, хамаагүй хүн авч ирээд тавьж болж л байгаа юм байлгүй.

Одоо л манай багш нар гэнэт юу болоод байна гэж харж байх шиг. Яагаад гэвэл энэ хүмүүс номхон ноомойг нь сурсан, хүлээцтэй, академик байгууллагад ажилладаг хүмүүс.

- Өмнө нь бас нэг эмнэлэг барих гэж байгаад бүтэлгүйтсэн гэж сонссон?

- Би тэр үед залуу багш байсан. Багш, оюутан гэлтгүй хандив өгөөд сургалтын эмнэлэгтэй болох нь гэж баярлаж байв. Гэтэл газраа алдсан. Одоо тэр газар дээр нь Сонгдо эмнэлэг байх жишээтэй.

Ер нь тэгээд их сургуулийг удирдаж байгаа хүмүүс яаж Эрүүл мэндийн харьяанд сургалтын эмнэлгээ өгье гэж санадаг байна аа. Энэ барилга, ажил яаж явагдсан, ямар замыг туулж байж боссон гэдгийг хажууд нь байж, харж, мэдрээгүй хүмүүст бол ямар ч үнэ цэнэгүй байдаг бололтой.

Би өнөөдрийг хүртэл хэвлэл мэдээллээр сургалтын эмнэлгийн талаар ингэж дэлгэрэнгүй нэг ч яриагүй. Харин өнөөдөр багш нарынхаа нөхцөл байдлыг хараад болж өнгөрсөн зүйлийг хэлэх нь зөв юм гэж үзээд яриа өгөхийг зөвшөөрсөн юм. 

Хэрвээ манай сургуулийн мянга мянган төгсөгч, өнөөдөр сурч байгаа 10 гаруй мянган оюутан, ажиллаж буй 1,000-аад багш, ажилчдын заяа нь байгаа бол энэ эмнэлэг их сургуульдаа үлдэх байх.

Хэрвээ Монгол Улс олон улсын гэрээ конвенц биелүүлдэг бол энэ эмнэлэг эргээд их сургуулийнхаа харьяанд ирэх учиртай. Энэ улсад эрүүл ухаантай, эрдэм мэдлэгийг дээдэлсэн удирдагч нар бий бол эмнэлгийн талаар зөв шийдвэр гаргаж өгнө гэж найдаж байна.  

Би нэг зүйлийг тодотгож хэлмээр байна. Үүнд Батбаатар гэдэг хувь хүний амбиц гэж зүйл огт байхгүй шүү. Би тэртэй тэргүй өөрөө өөртөө ялалт байгуулчихсан. Намайг үндэслэлгүйгээр ажлаас халж, буруугүй байсан юм байна гэдгийг Монгол Улсын бүх шатны шүүх тогтоочихсон.

Хүн ер нь олон хүний өмнө үнэ цэнтэй байхаасаа илүү өөрөө өөртөө үнэ цэнтэй амьдрах нь л амьдралын утга учир байдаг юм байна.

Бусад хүн намайг юу гэж харах нь өнөөдөр надад сонин биш. Хэрвээ Монгол Улс ардчилсан улс мөн л юм бол шүүхийн шийдвэр биелнэ.  

Сургалтын эмнэлгийн хөгжлийн бодлого, төлөвлөгөө бэлэн байсаар байхад хөгжлийн бодлогыг нь ойлгоогүй хүмүүс шийдвэр гаргасны гай өнөөдөр гарч байх шиг байна. Би дахин хэлье. Олон мянган оюутнуудын маань хүсэл зориг, багш нарын маань хичээл зүтгэлийг талаар өнгөрүүлэлгүй, зөв шийдвэр гараасай л гэж хүсэж байна.

- Уучлаарай, сургалтын эмнэлгийн нөхцөл байдал шийдэгдэх эсэхэд санаа зовоод байгаа тань зарим хүнд улс төрийн зорилготой мэтээр харагдаж, хардалт төрүүлж байж болох юм. Учир нь яг одоогийн нөхцөлд эмнэлгийн хувь заяа танд хамаагүй болчихоод байгаа шүү дээ?

- 1986 онд миний бие анагаахын сургуулийн хаалгаар орсноосоо хойш тэр байшингаас гараагүй. Би энэ сургуулиас Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор, академич болтлоо эрдэм номоо хөөсөн газар учраас надад сургуулийнхаа талд зогсох чин сэтгэл баттай байгаа юм.

Гэтэл би нэг л өдөр сургууль руугаа орж чадахааргүй болчихсон. Миний талаар худлаа ярьж, гүтгэж, доромжилж, 300 сая төгрөгийн гэрээ хийх гэж байсан луйварчин мэтээр олон нийтэд муухай харагдуулж үнэхээр чадсан. Би нэг юм хэлье. Бурхан хардаг бол үнэн юм үнэнээрээ хэзээ нэгэн цагт илчлэгдэнэ.  

Жишээ нь, тэр эмнэлэгт Монголд байхгүй электрон микроскоп бий. Гэтэл үүнийг л мэдэхгүй байна. Шинэ машиныг ажиллахад хүртэл тос маслыг нь хийж, жолоодох жолооч нь байх ёстой биз дээ. Тэгсэн тос, маслыг нь ч хийхгүй, жолоодох хүмүүсийг нь ч ойртуулахгүй байж ажиллахгүй, хэрэггүй мэтээр үзэхээ болих хэрэгтэй. Зориулагдсан юм нь зориулагдсан эзэндээ очиж байж үр дүн нь гарна. Шударга ёс гээд яриад л байна. Тэр шударга ёс гэдэг чинь хууль чамд, надад, багшид, сайдад, оюутнуудад яг тэгш үйлчилж чадахыг л хэлнэ биз дээ.

 

- Сургалтын эмнэлгийн хэрэгцээ шаардлагын тухай яръя. Ер нь сургалтын эмнэлэг заавал байх үндсэн шалтгааны талаар та тайлбарлахгүй юу?  

- АШУҮИС 1942 онд байгуулагдаад 1961 онд тусдаа гарсан. Социлизмын үед манай оюутнууд аль ч эмнэлэг дээр очоод дадлага хийхэд асуудал алга байв. Бүх эмнэлэг манай сургуулийн бааз эмнэлэг байсан учраас тэр. Харин 1990 оноос хувийн сургуулиуд гарч, өрсөлдөөн бий болсон.

Гэхдээ энэ зах зээлийн өрсөлдөөнийг дагаж шийдвэр гаргаж чадаагүй Засгийн газрын буруу. Тэр үед нь эсэргүүцлээ илэрхийлж чадаагүй багш нарын буруу. Энэ бурууг залруулах гэж би захирал байх хугацаандаа ажилласан.

Одоо манай оюутнууд үнэхээр өрөвдмөөр. Нэгдүгээр эмнэлэг, Гуравдугаар эмнэлгийн коридорт л байна. Хагалгаа ороход нь зүгээр хараад, зурагт үзэж байгаа юм шиг зогсдог. Гэтэл би зургаадугаар дамжаанд дадлага хийж байхдаа хагалгаанд орж, эх барьж, ядаж процедур болгонд нэг удаа гар бие оролцоод үзчихдэг байсан.

Бас нэг юмыг нэмж хэлье. АШУҮИС одоо даацаасаа илүү оюутан авчихсан. Намайг захирал болоход жилд анагаахын 700, 800 оюутан л авдаг байлаа. Бид оюутныхаа тоогоор бус чанараар өрсөлдөнө гээд тоог бууруулж, 350 болгож чадсан. Гэтэл 2018 оны намар буцаад 700-800 оюутан жилд авдаг болчихсон.

Энэ тэгээд хөгжил мөн үү. Дарга байж болно. Гэхдээ гаргаад ирчихсэн хөгжлийн бодлогыг нь хэрэгжүүлээд явж яагаад болдоггүй юм бол. Эцэст нь би биш, энэ олон мянган оюутан хохирлыг нь амсана.

Их сургуулийн эмнэлэггүй анагаахийн сургууль яагаад ч оршин тогтнож чадахгүй. Эмч бэлддэг сургууль сургалтын эмнэлэггүй байна гэж байхгүй.

- Сургалтын эмнэлгийг өөр нэг эмнэлгийн салбар болох гэж байгаа гээд мэдэгдэл гарсан байсан, та харсан уу?

- Би харсан юм байна. "Интермед" булааж авч байна гэж бодохгүй байна. Арай ч үгүй байлгүй. Зүгээр байж байгаад дээрэмдээд авчихдаг юм гэж юу байх вэ. Би тэрэнд итгээгүй. Тэгсэн харин "Интермед" маш хурдан мэдэгдэл гаргасан байна лээ. Хүмүүсийн эргэлзээг хурдан тайлсан нь сайн хэрэг. Яагаад гэвэл зүгээр байж байгаад гүжирдүүлэхийн зовлонг би биеэрээ мэдэрсэн хүн.

- Ярилцсанд баярлалаа.