Зураг
Зураг
Индэр    
2024 оны 3 сарын 7
Зураг
iKon.mn сэтгүүлч

Хөдөлмөрийн зах зээл хоёр мэргэжилтэй байхыг шаардаж эхэлсэн үү?

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нэг мэргэжлээрээ хоолоо олж иддэг байсан үе ард үлдэх нь дээ... гэх үгсийг Та магадгүй эргэн тойрноосоо цөөнгүй сонссон байх.

Заавал нэг эсвэл хоёр мэргэжил эзэмших ёстой гэх дүрэм байхгүй ч өнөө цагт амьдарч буй хүн бүр бүтээмжтэй ажиллахад олон талын ур чадвартай байх шаардлага үүссэн гэдгийг энэ үг илтгэж буй юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс гаргасан "Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаа-2023"-аас харвал 2024 онд ажил олгогчдын маш бага хэсэг буюу 1% нь ажиллагчдаа цомхотгох төлөвлөгөөтэй байгаа гэсэн нь өмнөх жилийн судалгааны дүнгээс 0.4 пунктээр буурах төлөвтэй байна. Үүнээс үүдэн 2.1 мянган ажилтан ажлаас халагдах эрсдэлд оржээ. 

Цомхотголын шалтгааныг тодруулбал ажиллагч ажлын байрны шаардлагад нийцэхгүй гэх шалтгаан 11.3 хувийг эзэлж байна. Үүнээс гадна 

  • 38.7 хувийг хөрөнгө санхүүгийн хомсдолтой холбоотой хүндрэл эзэлж
  • 10.6 хувийг байгууллага үйл ажиллагаагаа зогсоосон гэсэн үзүүлэлт бүрдүүлж байгааг мөн тус судалгаанд онцолжээ. 
Хоёр дахь мэргэжлийн талаар боловсрол судлаачид хэлэхдээ... 

Монгол Улсад сурч, ажилласан туршлагатай "Боловсрол судлал" чиглэлээр сурч байгаа, сурч төгссөн залуучууд нэгдэж, боловсрол судалгааны бүлгэм байгуулан олон нийтэд чиглэсэн эхний санаачилгаа гаргасан нь "Цонхтой цаг подкаст" юм. Энэхүү подкаст нь боловсролын олон өөр асуудал, чиглэлийн дагуу мэргэжилтнүүдтэй ярилцаж, боломжит шийдлүүдийг хэлэлцдэг онцлогтой. 

Иймд тус подкастын үүсгэн байгуулагчдын төлөөлөл болох гурван судлаачтай Хөдөлмөрийн зах зээл хоёр мэргэжилтэй байхыг шаардаж эхэлсэн үү? хэмээх үндсэн сэдвийн хүрээнд байр суурь, үндэслэлийн талаар ярилцсанаа уншигч танд хүргэж байна. 

Юм юмны дүйтэй байх гэдэг хандлага хоцрогдож байна

зураг
 

Э.Сүндарь: Стэнфордын боловсролын сургуульд “Суралцахуй дизайн ба технологи” чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан нэгэн. Тэрбээр “Loopy Code Academy”-ийн үүсгэн байгуулагч. 

- Өнөөгийн хөдөлмөрийн зах зээл дээр ажиллаж, амьдрахад заавал хоёр мэргэжилтэй байх шаардлага үүссэн үү?

- Орчин цагт мэргэжил салбар хоорондын зааг улам бүдгэрч, cross-discipline буюу салбар дамнасан мэргэжилтнүүд олширч байна. Үүний шалтгаан нь судалгаа, шинжилгээ, инновацын хурдац нэмэгдэж, аливаа нэг салбар дангаараа хөгжихөө больсонтой холбоотой. Иймд хос мэргэжилтэй болно гэдэг ч эргээд хүнийг тодорхой бус ирээдүйд хайрцаглах боломжтой. Ямар хоёр салбарын огтлолцол дээр ямар шинэ боломжууд үүсэж болохыг бид таашгүй. 

Жишээ нь 1990-ээд онд хүүхэд нь физик сонирхдог байсан эцэг эх хүүхдэд нь ирээдүйд Pixar студид далайн давлагааг дуурайсан модель бүтээх ажлын байр бий болно гэж таамаглаагүй л байх. Математиктаа сайн байсан хүүхэд нь тархин дахь өөрчлөлтийг хиймэл оюун ухааны тусламжтай урьдчилан таамаглах ажлын байр бий болно гэж бодоогүй байх.

Иймд орчин цагийн залуус “техник чадамж” буюу ямар ч салбарт хэрэг болох ур чадвар, аль нэг салбарын маш нарийн мэдлэг, судалгаа хийх, анализ хийх зэрэг цаг үеийн бүхий л үед хүн төрөлхтөнд хамгийн үнэ цэнтэй байсан чадамжуудыг цогцлоох нь чухал.

Харин “юм юмны дүйтэй байх” гэдэг хандлага хоцрогдож байна.

Том том корпорацууд интроверт хүмүүсийг илүү нээлттэй бай, бусадтай харилцах чадамжаа сайжруул зэрэг шаардлага тавихын оронд тухайн хүний ямар бусад чадамжууд байгууллагад нь үнэ цэнтэй вэ? гэдгийг боддог болсон. Иймд хүүхдээ ямар ч байсан ийм, ийм юм чаддаг байх хэрэгтэй гэж хэт олон талд сориод тухайн хүүхдэд цөөн хэдэн чадамжаа сайжруулах боломжийг олгохгүй байх вий гэдэгт анхаарах нь зүйтэй.

- Мэргэжлээ сонгохдоо тавьдаг шаардлага одоо үед хэрхэн хувьсан өөрчлөгдөж байна вэ?

- Төрөлхийн өгөгдөл, авьяас, чадамж, зан характер, дуртай зүйл, сонирхол болон тухайн салбарт ажиллах, ямар нэг өөрчлөлт хийх чин хүсэл чухал болж байна.

- Мэргэжлээс гадна хувь хүнд ямар ур чадвар нэмэлтээр байх шаардлагатай болсон бэ?

- Өмнөх шиг хүмүүс нэг хайрцагт хайрцаглагдаж, бусдыгаа дуурайх нь хоцрогдож, харин өөрийнхөөрөө үнэн мөн “original thinker” байх илүү үнэ цэнтэй болж байна. Иймд өөрийнхөөрөө (гэхдээ мэдээж нийгмийн хэм хэмжээнд тааруулж, бусадтай хүндэтгэлтэй, бусдын эрхэд халдахгүйгээр) байхаас хэт эмээх, зайлсхийх нь тухайн хүнд сул тал болж болно. Ялангуяа бүтээлч салбар, контент үйлдвэрлэл масс медиаг орлох хэмжээнд хөгжиж буй өнөө үед бүтээлч байдлын өрсөлдөөн улам хүчтэй өрнөнө.

Нэг шинэ чадвар хэд хэдэн судалгаанд онцгойлон дурдагдсан байсан нь оновчтой асуух чадвар

зураг
 
Г.Ариунхишиг: Финланд улсын Хэлсинкийн их сургуульд “Хувьсаж буй боловсрол” чиглэлээр магистрын зэрэг хамгаалж байгаа. Өмнө нь Монголд ахлах сургуулийн Эдийн засаг, бизнесийн багшаар ажиллаж байсан нэгэн. 

- Өнөөгийн хөдөлмөрийн зах зээл дээр ажиллаж амьдрахад заавал хоёр мэргэжилтэй байх шаардлага үүссэн үү?

- Техник технологийн хурдтай, далайцтай, өргөн цар хүрээтэй өөрчлөлт дэвшлээс үүдэн эдийн засгийн салбарын бүтэц, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт гарч буй өөрчлөлтийг бид томруунаар харж буй. Үүнийг дагаад ажиллах хүчин, наашлаад боловсролд тавигдах шаардлагууд ч улам бүр өөрчлөгдсөөр л байна.

Мэдээж хос мэргэжилтэй байх нь тухайн боловсон хүчинд хөрвөх чадвар, хөдөлмөрийн зах зээлд үнэлэгдэх үнэлэмжийг дээшлүүлэх нь магад ч хүн бүр хос мэргэжилтэй байх ёстой, эсвэл хос мэргэжилтэй байхад л болоод явчихна, асуудалгүй гэж хэлбэл өрөөсгөл болно.

Хос мэргэжилтэй байх эсэх нь:

  1. хувь хүний сонирхол, нөхцөл байдал
  2. ирээдүйн ажил мэргэжлийн зорилго
  3. Тухайн хүний сонгосон салбарын хувьсал өөрчлөлт гэх мэт хэдэн хэдэн тодорхойлох хүчин зүйлстэй нягт холбоотой байх болов уу.

Хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдлын талаар хийгдсэн судалгаануудаас үзэхэд дэлхий дахинаа автоматжуулалт, хүн машины хоорондын хөдөлмөр хуваарилалтаас үүдэн олон сая ажлын байр байхгүй болох ч, бас л үүнтэй зэрэгцэн үүнээс ч илүү ажлын байр шинээр бий болох төлөв харагдаж байна.

Бидний ирээдүй өөрчлөлт, хувьсал, шинэчлэл, дэвшил, үүнийг дагаад бий болох таамаглахад ч хэцүү шинэ боломжууд, шинэ ажлын байрууд гээд гээд бөөн бөөн үл мэдэх хувьсагч дунд өрнөх ч боловсрол, мэдлэг, чадамжийн хэрэгцээ шаардлагууд л харьцангуй тодорхой чиглэлд өөрчлөгдөх бололтой. Эндээс дүгнээд харахад хос/хоёр мэргэжилтэй байх гэхээс илүүтэй ирээдүйн боловсон хүчин маань аливаа өөрчлөлтөд дасан зохицож, бэрхшээл цаг зуурын асуудлыг даван туулах чадвартай, суралцах хэрэгцээ шаардлага, чиглэлээ тодорхойлж чаддаг,  аль ч чиглэлд хэзээд ч хөрвөн суралцах насан туршийн суралцагч байх шаардлага нь илүү хэн хүнд хамаатай болов уу. 

- Мэргэжлээ сонгохдоо тавьдаг шаардлага одоо үед хэрхэн хувьсан өөрчлөгдөж байна вэ?

- Салбар чиглэлийн хувьд гэвэл мэдээж яг л дээр дурдсан өөрчлөлтийг тольдож бий болж буй өөрчлөлтүүд харагддаг.

Нэн тэргүүнд өөрчлөлтийн магнайд яваа технологи, IT (мэдээллийн технологи) салбар, удаалаад нөхөн сэргээлт, тогтвортой хөгжлийн суурь салбарууд, эрүүл мэнд биотехнологи, бүх төрлийн дижитал үйлдвэрлэл, инженерчлэл, өндөр технологит үйлдвэрлэлийн салбаруудыг 21 дүгээр зууны хамгийн эрэлтэй байх салбараар онцгойлж дурдсан судалгаанууд олон бий.

Ер нь хүний бүтээмж гүйцэтгэлийн хурд, нэг зүйлийг олон давтамжтайгаар алдаагүй хийх чадвар, цээжилж тогтоох, санах ойн чадамж зэргээс хамаарах хамаарал багасаад ирэхээр хүн төрөлхтний хувьд нэгэн цул болж байгаль дэлхий болон нийгмийн бүхий л бүрэлдэхүүн хэсгүүддээ илүү энэрэнгүй, хүлцэнгүй, хүнлэг хандах сэхээрэл давамгайлж эхэлж байгаа юм болов уу гэж боддог.

- Мэргэжлээс гадна хувь хүнд ямар ур чадвар нэмэлтээр байх шаардлагатай болсон бэ?

- Салбар чиглэлээс үл хамаараад бүхий л ажил мэргэжил дээр давхар тавигдаж байгаа хэд хэдэн ур чадварууд бий. Үүнийг бид 21 дүгээр зууны ур чадвар гэдэг нэрээр нь илүү мэдэх байх аа.

Суралцахуй тал дээр шүүмжлэлт сэтгэлгээ, бүтээлч байдал, хамтран ажиллах чадвар, бусадтай харилцах чадварууд чухалчлан орж ирнэ. Мэдээлэл мэдлэгийг шууд цээжлэх хэлбэрээр хүлээж авдаг бас сургадаг байдал өөрчлөгдөөд, орчин цагийн шаардлагаа дагаад асуудлыг олон талаас нь харах, эргэцүүлэх, үнэлэх, үүн дээрээ үндэслэн тухайн нөхцөл байдалд тохирсон дүгнэлтийг гаргах гэдэг нь шүүмжлэлт сэтгэлгээний тулгуур зарчим юм.

Өрсөлдөөнд үндэслэсэн, хувь хүний ганцаарчилсан тоглолтоос хамаардаг амжилтын систем байхгүй болж хамтын ажиллагаа, баг хамтын амжилт нь чухал болоод ирэхээр бид бусдын ялгаатай байдалд хүндэтгэлтэй хандаж, ойлгон хүлээж авах, зохицож ажиллах, бусдад өөрийгөө ойлгуулж, бусадтай харилцах чадваруудыг эзэмших нь онцгой ач холбогдолтой болж байгаа юм.

Мөн бичиг үсэгт л тайлагдах асуудал яригддаг байсан бол олон мэдээллийг олох, ангилах, ялгах, боловсруулах, ашиглах нь наад захын мэдлэгт тооцогдох болсон.

Аливаа ажлын байранд тавигдах хамгийн энгийн шаардлага дотор дижитал технологийг ашиглах чадвар нэн тэргүүнд тавигдана.Гэхдээ энэ нь хэдэн хэрэглээний программаар хязгаарлагдахгүй, дижитал орчинд ёс зүйтэй хэрэглэгч байх, дижитал технологийн хэрэглээний суурь зарчмыг ойлгодог хариуцлагатай, бүтээмжтэй хэрэглэгч байх тухай юм.

Цаашлаад ажлын байран дээр тавигдаж буй хувь хүний чадваруудыг дурдвал дасан зохицох чадвар, шийдвэр гаргах чадвар, санаачилгатай бүтээлч байдал, хариуцлага хүлээх чадвар гэх зэрэг нийтлэг дурдагдах чадваруудаас гадна хүнлэг, хүлээцтэй, бусдад эергээр нөлөөлөх чадварууд чухалд тооцогдож байгаа.

142,000 гаруй ажлын зар дээр дүн шинжилгээ хийсэн нэг судалгаа их сонирхолтой санагдсан. Ихэнх ажил олгогч (салбар, ажлын байрны онцлогоос үл хамаарч) нар ажил горилогч нараас бичгийн болон аман харилцааны ур чадвар, хамтран ажиллах, бүтээлч байдал, асуудлыг шийдвэрлэх чадваруудыг нэн тэргүүнд онцгойлсон байсан юм. Нэг шинэ чадвар хэд хэдэн судалгаанд онцгойлон дурдагдсан байсан нь оновчтой асуух чадвар. 

Энэ бүгдээс харахад боловсролын өмнө тавигдаж байгаа шаардлагууд тун ч тодорхой харагдаж байгаа юм. Мэдээж улс орон бүрийн нөхцөл байдал өөр ч хил хязгааргүй нэвчих технологийн дэвшил, даяарчлалын энэ үед боловсролын хэрэгцээ шаардлага тийм ч их өөр байхгүй л болов уу.

Их сургуулиуд техник технологи болон нийгмийн өөрчлөлтүүдийг мэдэрч, түүнтэйгээ уялдуулан хөтөлбөрүүдээ байнга шинэчилж, сайжруулж чадвал хос мэргэжил гэж ярих шаардлагагүй

зураг
 

А.Уянга: Харвардын Боловсролын сургуульд Боловсролын бодлого, дүн шинжилгээ чиглэлээр магистр хамгаалсан нэгэн. Тэрбээр “Our story” цэцэрлэгийн үүсгэн байгуулагч, Олон улсын Хүүхдийн Театрын Холбооны Монгол дахь Үндэсний Төв (Assitej Mongolia)-ийн тэргүүн.

- Өнөөгийн хөдөлмөрийн зах зээл дээр ажиллаж, амьдрахад заавал хоёр мэргэжилтэй байх шаардлага үүссэн үү?

- Хос мэргэжил гэхээс илүү их сургуулиуд маань цаг үетэйгээ нийлж хурдан хувьсан өөрчлөгдөж, хөтөлбөр чиглэлүүдээ ирээдүйг харж шинэчилж байх хэрэгтэй байна. Боловсролын өөрчлөлтүүд энэ их хурдан хөгжиж буй техник технологи болон нийгмийн өөрчлөлтүүдийг мэдэрч, урьдчилан харж чаддаг байгаад, түүнтэйгээ уялдуулж хөтөлбөрүүдээ байнга шинэчилж сайжруулж чадах юм бол заавал хос мэргэжил гэж ярих шаардлагагүй болно.

- Мэргэжлээ сонгохдоо тавьдаг шаардлага одоо үед хэрхэн хувьсан өөрчлөгдөж байна вэ?

Ямар ч мэргэжил сонгосон бай тухайн хүүхэд тухайн мэргэжлийнхээ ажлын нэг өдөр яаж өнгөрдөг, цаашдаа яаж энэ мэргэжил өөрчлөгдөх шаардлага үүсэж байгааг судалдаг, 10 жилд нь тухайн мэргэжилтэй нь холбоотой аялал, биетээр хийлгүүлэх боломжуудыг хангалттай сайн гаргаж өгөх нь чухал санагддаг.

Жишээ нь манай Монголд багшийн мэргэжлээр сураад төгссөн хүмүүсээс ихэнх нь эргээд багшийн ажил хийдэггүй. Үүний ард олон өөр шалтгаанууд байгаа ч хамгийн том шалтгаан нь багшлах сонирхолгүй эсвэл багш хүнд байх хандлага, чадвар байхгүй мөртлөө тэтгэлэг өгнө гэсэн болохоор сураад төгссөн, эсвэл өөр сургуульд орж чадаагүй учир орсон төгсөгчид их байдаг.

Иймд сурагчид тухайн мэргэжил бүрд шаардагдах хандлага, зан төлөв байгаа эсэхийг нь харгалзаж үзэх, тухайн хүүхэд тухайн чиглэлд ажиллах чин хүсэлтэй байна уу, тэр хүсэл зорилгынхоо төлөө яг юуг хийсэн зэрэг чухал. Ерөнхий боловсролын сургуульд сурч сурагчдад олон мэргэжлийг биетээрээ хийж үзэх боломжуудаар хангах, сургууль бүр career counselor буюу ахлах сургуулийн мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх багштай болох хэрэгтэй санагддаг.

- Мэргэжлээс гадна хувь хүнд ямар ур чадвар нэмэлтээр байх шаардлагатай болсон бэ?

  1. Бие дааж суралцах арга барилд суралцсан байх нь маш чухал. Учир нь их сургуульд заасан зүйлс ажлын байран дээр гараад хэзээ ч хангалттай байхгүй тул шинэ зүйлийг бие дааж сурах чадвар болон суралцах хүсэлтэй байх нь нэн чухал.
  2. Хамтрах, багаар ажиллах чадварыг ерөнхий боловсролын болон их сургуулиуд хангалттай хөгжүүлж чадахгүй байгаа харагддаг.
  3. Өөрөө өөрийгөө ойлгож таньж мэдсэн байх, өөрийгөө хэзээ стресстдэг, яаж стрессээ тайлдаг гэх мэт энгийн боловч сэтгэл зүйн эрүүл мэндээ үргэлж торддог, сэтгэл зүйгээ ойлгодог, удирдаж чаддаг чадвар чухал.