Зураг
Зураг
Индэр    
2023 оны 12 сарын 12
Зураг
iKon.mn сэтгүүлч

Хийлч Б.Билгүүн: Сонгодог урлаг бол нийгмийн сэтгэлзүй, хүнлэг байдалтай шууд холбоотой учир хэзээ ч орхигдох ёсгүй

зураг
 
Зургийг хувийн архиваас ашиглав

Чех улсын Прага хотын Урлагийн академид тэнцсэн анхны монгол хөгжимчин бол Баярцогтын Билгүүн.

Түүний хувьд зургаан насандаа хийл хэмээх хөгжимтэй танилцсан бөгөөд өдгөө 21 дэх жилдээ хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмүүлж буй нэгэн юм.

“Fantasia studio”-гийн гоцлол хөгжимчин, хийлч Б.Билгүүнтэй хийл хөгжмийг сонгох болсон шалтгаан, Монголын мэргэжлийн урлагийн байгууллагуудад тулгамдаж буй зүйлсийн талаар ярилцсан ярилцлагыг хүлээн авна уу.



- Энэ өдрийн мэндийг хүргэе. Бага наснаасаа эхлээд хийл хөгжимтэй амьдралаа холбоод 20 гаруй жил болсон гэж сонссон. Их сургуулиа Монголд төгсөж, бакалаврын зэрэг авч байсан уу?

- Сайн байцгаана уу. Би 2003 онд Хөгжим Бүжгийн Коллежид шалгуулж ороод 2013 онд төгссөн. Үргэлжлүүлэн Хөгжим Бүжгийн Коллежийн дээд сургуульд ороод, 2017 онд бакалаврын зэрэгтэй төгссөн. 2017 оныхоо намар АНУ-ыг зорьж, хоёр дахь бакалавраа хийсэн. Одоо Прага хотын Урлагийн академид магистрын зэрэг хамгаалахаар ирээд, 10 гаруй хонож байна. 

- Прага хотын Урлагийн академи нь урлагийнхны хувьд маш том даваа, ороход их хэцүү гэж сонсож байсан. Сурч буй сэтгэгдлээсээ хуваалцана уу? 

- Тийм ээ, шалгуур өндөртэй. Намайг ирэхээс өмнө хичээл маань эхэлчихсэн байсан. Би тодорхой шалтгааны улмаас хоцорч ирсэн. Магистрын программ учраас бакалаврыг бодвол илүү практикт суурилсан, бодит санагдаж байгаа. Миний хувьд тоглоочоор сурч байгаа болохоор хийл тоглох талын хичээлүүд нь лекцийн хичээлээс түлхүү ордог.

- Монголд мэргэжлийн хийлч гэгдэж буй хэчнээн хүн байдаг вэ? 

- Хийлч нарын хувьд яг нарийн тоо хэлж мэдэхгүй юм байна. Монголд Монгол Улсын Филармони, Дуурь, Бүжгийн Эрдмийн Театр хэмээх хоёр сонгодог урлагийн байгууллага байдаг. Нийтдээ 100 хүрэхгүй хөгжимчинтэй, маш цөөхүүлээ. 100 хүн бол сонгодог хөгжмийн өлгий нутгийн нэг оркестрын байгууллагын хөгжимчдийн тоо. Гэтэл хүрэлцэхгүй байгаа оркестрын бүрэлдэхүүнээс улам таначихсан байна лээ. Үүнийг би хувьдаа ойлгоогүй. Мөн Дорнодын их театр бий.

Эндээс харвал Монгол Улс сонгодог хөгжим, мэргэжлийн урлагийн салбартаа яаж ханддаг нь харагдаж байгаа юм. Мэргэжлийн хөгжимчид манай улсад дутагдалтай байгаа.

"Хүн өөрийн дуртай зүйлээ хийгээд, түүнээсээ өдөр бүр кайф авч амьдарна гэдэг тансаглал"

зураг
 
Зургийг хувийн архиваас ашиглав

- Эрэгтэй хүн сонгодог урлагийг сонгож, тууштай явна гэдэг бас л чанга зүйл гэж ярьдаг. Монголын нийгэмд эрэгтэй хүүхэд ажил хийж, амьдралаа авч явах ёстой... гэх хандлага анзаарагддаг шүү дээ. Өөрийн тань хувьд энэ замыг сонгоход нөлөөлсөн хүчин зүйлсээсээ онцлохыг нь дурдахгүй юу?

- Энэ замаар үргэлжлүүлэн алхахад маш олон зүйл нөлөөлж байгаа. Монголын нийгэмд эрэгтэй хүн урлагаар явна гэдэг их эрсдэлтэй гэж хардаг нь үнэн. Тэгж харахаас ч өөр аргагүй байх. Урлагийн мэргэжил нь санхүү талаас нь авч үзвэл тогтворгүй гэж хэлж болох мэргэжил.

Хүнд мөнгө хүнд хэрэгтэй л дээ. Гэхдээ тэр мөнгийг яаж олж байгаа нь миний хувьд их чухал

Буруу аргаар, хууль бус зүйл хийж олсон мөнгө их байсан амттай биш. Тэгэхээр юун түрүүнд надад амьдралыг харах өнцөг нөлөөлж байгаа байх. Хүн өөрийн дуртай зүйлээ хийгээд, түүнээсээ өдөр бүр кайф авч амьдарна гэдэг тансаглал. Дээрээс нь тэр хөдөлмөрөө үнэлүүлээд амьдрах нь өөрөө шударга зах зээл гэж боддог. Шударга зах зээлд хөдөлмөрөө яг хэмжээгээр нь үнэлүүлээд, явж байхад үнэтэй машин, байр л бодоод явахгүй.

Би хийл хөгжимд, мэргэжилдээ дурласан хүн. Хүнийг материаллаг зүйлээс илүү дотроо мэдэрч байгаа сэтгэл ханамж нь илүү жаргалтай болгодог.

Хүн дуртай юмаа хийгээд, тууштай байж чадвал хэзээ нэгэн цагт үр шимийг нь хүртэнэ гэж гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг багш маань хэлдэг байсан. Америк багш нар маань ч их хэлдэг байсан. Би үүнд итгэдэг. Эхнээсээ үр шимийг нь хүртээд, тодорхой хэмжээнд бодож явсан зүйлээ биелүүлээд явж байна. 

- Манай улсад өнөөдөр урлагийнхан тэр дундаа сонгодог урлагийнхныг үнэлэх үнэлэмж ямар байна вэ? 

- Түрүүхэн би найз охинтойгоо ярьж байлаа. Маргааш би сайхан хувцаслаад, гоё тайзан дээр гараад хөгжимдөхийн тулд өнөөдөр В1 давхрын давтлагын өрөөнд 4-5 цаг өөрийгөө цоожлоод хөгжмөө давтдаг гээд... 

Бидний мэргэжил спортынхонтой яг л адилхан. Гэвч нийгэмд эзлэх байр суурь, үр дүнгийнх нь үнэлэмж нь өөр. Олимп, Дэлхийн аваргаас медаль авч байгаа тамирчидтай ямар ч ялгаагүйгээр үнэлэгдэх хэмжээний хөдөлмөр биднээс гардаг.

Өнөөдөр барууны орон гэлтгүй Япон, Солонгос зэрэг Азийн улсуудад сонгодог урлаг маш өндөр зэрэглэлд хөгжсөн. Дэлхийн том уралдаануудад байр эзэлж байгаа хүмүүсийг харахаар ихэнх нь Азиуд байх жишээтэй. Сонгодог хөгжим өөрөө дэлхийн түвшинд хөгжсөн, хэдэн зуун жилийн түүхтэй, бүх үеийг хамарсан том салбар. Энтертайнмент салбараараа цойлж байгаа Солонгос хүртэл сонгодог урлагаа хаяхгүйгээр тэргүүн эгнээнд явна. Учир нь cонгодог урлагтаа дөрөөлөөд бусад урлаг хөгждөг гэдгийг ойлгодог. Уг нь мэргэжлийн урлагийн байгууллагын хөгжилд улсаас чухал нөлөө үзүүлдэг байх ёстой юм. 

Манай улс социализмын нийгэмтэй байхад төр засгаас сонгодог урлагийг ихээр дэмждэг байсан гэдэг. Тухайн үед сонгодог урлагийг нийгмээрээ ч сайн үнэлдэг байсан байх. Бүр хүчээр иргэддээ үзүүлж, улс орны бодлого дунд авч явдаг байсан гэдэг. Ю.Цэдэнбал даргад дуурь, балетын урилга өгөхөд үзэх өдрөөсөө долоо хоногийн өмнө пянзыг нь захиалж авчруулаад сонсож, түүхийг нь судалж байгаад тоглолтын өдөр очиж сонсоод дүгнэдэг байсан гэж сонссон. Тэр үеийн төр засгийн хандлага ажиглагдаж байгаа юм. 

Солонгос болон Германд гэхэд сонгодог урлагийг төр засгаас нь сайн дэмждэг. Германы хамгийн том нэр хүнд бүхий оркестр нь Берлиний филармони гэж бий бөгөөд тус улсын хамгийн том банк санхүүжүүлж, ивээн тэтгэдэг. Тэгээд тухайн банк нь улсаасаа татварын хөнгөлөлт авдаг тогтолцоотой байх жишээтэй. 

- Сонгодог урлагийнхны цалингийн хувьд нууц биш бол бодит байдалд ямар цалинтай яваа вэ?

- Миний хувьд Монголд байхдаа ч тэр ямар нэгэн урлагийн байгууллагад хамаарагддаггүй байсан. Сар, улирал, жилээсээ хамаараад орлого маань янз бүр байдаг. Хавар мэргэжлийн урлагийн байгууллагууд жагсаал хийх үеэр сонгодог урлагийнхан гар дээрээ 700,000 төгрөг хүрэхгүй цалин авч байна гэсэн. Өнөөдрийн зах зээлд 300 ам.доллар хүрэхгүй цалин авч амьдарна гэдэг маш хэцүү. Би энд ирээд амьдрах, Монголд амьдрах хоёрын өртөг бараг л ялгаагүй байна. Гэтэл мэргэжлийн хөгжимчдийнх нь авдаг цалин их ялгаатай.

Заримдаа иргэдийн зүгээс сонсдог нэг зүйл нь “Урлагийнхан та нар боль. Шинэ жилээр халтуур хийгээд л явдаг, сонгуулиар тоглодог” гэсэн хандлагатай байдаг. Бид тэгж тоглож явдаггүй. Мэргэжлийн урлагийн байгууллага гэдэг тусдаа зүйл байдгийг би энэхүү ярилцлагадаа онцолж хэлмээр байна.

- Амьдрал хүнд байхад юун сонгодгийн тоглолт үзэх вэ... гэж ярьж, ханддаг хүмүүс бий. Үүнийг буруутгах аргагүй ч яг тэгж итгэж болохгүй санагддаг. Сонгодог урлагийг ойлгох хэмжээний амьдралтай, мэдлэгтэй боловсролтой хүн байдаг гэж та боддог уу?

- Урлагт зиндаархал байж болохгүй гэдэгтэй өөртэй чинь санал нэг байна. Харин тухайн хүн тэр зүйлийг сайн мэдэрч чадаж байна уу, үгүй юу гэдэг л ойлголт болов уу. Сонгодог урлагийг ойлгоход мэдрэмж чухал. Дээрээс нь мэдрэг байдал ч чухал. Машинуудын дуут дохионы чимээг хүртэл хөгжим болгож болно. Кино, реклам зар сурталчилгаа, сонсдог хөгжмийн ард сонгодог хөгжим явж байдаг. Тэгэхээр сонгодог хөгжим бүх хүнтэй ойр зүйл. Түүнээс биш зөвхөн мэдлэгтэй, сэхээтэн хүмүүс үздэг гэж ойлгох хэрэггүй гэж хэлмээр байна. 

Сонгодог хөгжим хүний амьдралын бүх процесстой хамт байж ирсэн зүйл учир хүн өөртөө ойроор хүлээж авах нь зүгээр гэж боддог.

- Хийл хөгжим бусад хөгжмөөс юугаараа гойд ялгарч, таныг татсан бэ. Хамгийн гол онцлогийг нь дурдвал?

- XVI-XVII зууны үеэс эхлээд хийл хөгжим нь гоцлол тоглоход хамгийн түгээмэл байсан хөгжим. Хөгжмийн зэмсэг бүр өөр өөрийн гэсэн давуу тал, техниктэй. Гэхдээ хийл хөгжмийн техникээр ур чадвар гэдэг зүйлийг тултал нь харуулж, хүмүүсийг гайхшируулж чаддаг гэж хувьдаа боддог. 

- Өнгөрсөн хугацаанд олон тоглолтод орж, олон ая тоглож байсан байх. Сэтгэлд тань тод үлдсэн, тоглолт эсвэл ая юу вэ? 

- Жилийн өмнө яг өдийд Монголд хийлч Дээгий эгчтэй анхны поп тайзан дээр тоглолтоо хийж байсан. Тэр миний хувьд хамгийн дурсамжтай, нөгөө талаас аз завшаан гэж хэлж болохоор тоглолт байв. Мөн өөрийгөө харуулах боломж байсан. Тэр тайзан дээр тоглосон бүх зохиол сайхан байсан. Өмнө нь дандаа сонгодог тайзан дээр сонгодог зохиолоо тоглоод явдаг байсан бол чөлөөт байдлаар тоглож, олон чадварт суралцсан хугацаа байсан. Мөн Fantasia студийн тайзыг дурдахгүй байж болохгүй.

зураг
 
Зургийг хувийн архиваас ашиглав

- Урлагийн академи мөрөөдлийн тань нэг хэсэг гэсэн байсан. Дараагийн бодож байгаа зүйл юу байна вэ? 

- Одоо магистраа дуусгачхаад цаашид нэг хэсэгтээ тоглохдоо анхаарна. Магадгүй дэлхийгээр аялан тоглолтоо хийгээд явах бодол байна. Хичээж байхад бодол биеллээ олох цаг ирнэ гэж найдаж байна.

Энэ газар би Баярцогтын Билгүүн биш Монголын хөгжимчин гэдэг нэр зүүж явах болохоор надаар Монголын сонгодог урлаг, Монгол хөгжимчдийн чадвар болон ёс зүй, биеэ авч явах байдал дүгнэгдэх болохоор чадахаараа хичээхийг зорьж байна.

 - Хийлээрээ сураад, ажиллаад явах уу, эсвэл чөлөөт цагаа өнгөрүүлдэг зүйлээ болгох уу гэх сонголтын дунд байгаа хийл хөгжим тоглодог хүмүүст хандаж зөвлөөч гэвэл юу гэж хэлэх вэ? 

- Үнэнийг хэлэхэд би есдүгээр ангидаа яг ийм сонголттой нүүр тулж, сургуулиасаа хоёр долоо хоног гарч байсан түүх бий. Миний хувьд хүүхэд өсвөр наснаасаа эхлээд буюу 13, 14 настайгаасаа тэр талаар илүү гүнзгий бодож санаа зовсон санагддаг. Өөр дээрээ харахад ч тэр, дүү нарыгаа харахад ч тэр тийм байдаг. 

Дотроо асаж байгаа галыг гаднын нөлөөнөөс болж унтраахыг өөртөө битгий зөвшөөрөөрэй

Үнэхээр хүн хүсээд, мөрөөдөөд, алдсан ч тууштай зүтгэж чадвал бүх зүйл боломжтой гэдэгт би итгэдэг. 2014 онд Германы томоохон оркестр Монголд ирээд, монголчуудтай нэг тоглолт хамтарч хийсэн юм. Тоглолтын хүлээн авалтын үеэр би нэг хүнтэй "Би Прага хотын Урлагийн академид орох мөрөөдөлтэй" гээд ярьж байлаа. Тэгсэн хажуугаас мэргэжил нэгт ах маань яриа тасалж орж ирээд "Ах нь наад сургуульд чинь очиж үзсэн. Энэ сургууль чинь шилдгүүдийн сургууль. Монгол байтугай европчууд ч өөрсдөө сурахад хэцүү байдаг. Ахын дүү эртхэн шиг өөр зүйл ярь" гэж байсныг одоо тод санаж байна. Энэ явдлаас хойш би есөн жилийн дараа мөрөөдөж байсан академидаа ирчихсэн, суралцаад явж байна. Тэр ах уншиж байвал, орчихсон шүү гэж хэлье (Инээв).

Өөрийнхөө энэ жишээгээр дамжуулаад би дүү нартаа хандаж нэг зүйлийг заавал хэлмээр байна. Ямар нэгэн гаднын нөлөөнөөс болж өөрийнхөө хүсэж, мөрөөдөж буй зүйлдээ битгий эргэлзээрэй. Дотроо асаж байгаа галыг гаднын нөлөөнөөс болж унтраахыг өөртөө битгий зөвшөөрөөрэй.

- Хийлч Билгүүний зүгээс ярилцлагын төгсгөлд хэлэхийг хүссэн зүйл байвал хуваалцахгүй юу?

- Хэлмээр байгаа олон зүйл байна. Нэн тэргүүнд бидэнд тоглолтын заал хэрэгтэй. Үүнээс шалтгаалж, мэргэжлийн сонгодог урлаг монголд хөгжих үү, үгүй юу гэдэг нь шалтгаална. Ажлын байр нь байхгүй байхад хаана ажиллах билээ.

Мөн энэ урлагийг шимтэж сонсох хүмүүс болон ирээдүйд сонсох хүмүүст хандаж хэлэхэд их хол зүйл биш гэдгийг дахин дахин хэлмээр байна. Нийгмийн сэтгэлзүй, хүн чанар, хүнлэг байдал гэдэг зүйл сонгодог урлаг зайлшгүй холбоотой. Тэгэхээр сонгодог урлаг бол аль ч нийгэмд байх ёстой хэзээ орхигдож болохгүй зүйл.

Сонгодог урлаг үргэлж амьд байдаг болохоор олон жилийн настай. Өнөөдөр нэг зохиолыг тоглоход маргааш тэр нь давтагддаггүй юм. 

- Ярилцсанд баярлалаа, амжилт хүсье.