Зураг
Зураг
Индэр    
2023 оны 11 сарын 8
Зураг
iKon.mn сэтгүүлч

СУДАЛГАА: Монголд орчуулагч нарт хариуцлага тооцдоггүй учраас орчуулга ямар байх нь тийм ч их хамаатай биш

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсад өнөөдрийн байдлаар орчуулагч хийх боломжтой 12,000 хүн байгаагаас 5,000 орчим нь ажлын байранд байгааг МУИС-ийн Ази судлалын тэнхимээс хэлж буй. 

Орчуулга гэдэг нь аливаа нэг хэл (сурвалж хэл) дээрх тодорхой мэдээллийг өөр аль нэг хэл (зорилтот хэл) рүү амаар буюу бичгээр хөрвүүлэн хүргэх үйл ажиллагааг хэлдэг. 

Тэгвэл манай улсад орчуулагчдын чадвар, мэргэшсэн байдал, орчуулж буй сурвалж хэл болон орчуулагчтай холбоотой судалгаа ямар дүр зурагтай буй талаарх мэдээллийг бэлтгэн хүргэж байна.


Монголын Мэргэшсэн Орчуулагчдын Хөгжлийн холбоонд орчуулагчид сайн дураараа гишүүнээр элсэн орж тамга, гэрчилгээ, үнэмлэхээ гардан авч үйл ажиллагаагаа явуулдаг аж. Тус холбооны сайтад тавигдсан 1,000 гаруй гишүүн орчуулагчийн нээлттэй мэдээллээс орчуулга хийдэг зорилтод хэлийг нь ангилан харвал англи, хятад, япон зонхилж буй ерөнхий байдал ажиглагдсан юм.

Өөрөөр хэлбэл манай улсад англи, хятад, япон хэлний орчуулагч хамгийн их байна гэж хэлж болно.

График. Монголын Мэргэшсэн Орчуулагчдын Хөгжлийн холбооны гишүүн орчуулагчдын орчуулга хийдэг хэлний ерөнхий байдал /Давхардсан тоогоор/

Монголын мэргэшсэн орчуулагчдын ур чадвар болон тулгамдаж буй асуудлын талаар Монголын Мэргэшсэн Орчуулагчдын Хөгжлийн Холбоо ТББ-ны удирдах зөвлөлийн гишүүн Б.Сэнгээгээс тодруулсан юм.

"Мэргэшсэн орчуулагчдад нэр томьёо, хэллэгийг нэг мөр хэрэглэх нэн тэргүүний тулгамдсан шаардлага гарч байна"

- Монголд мэргэшсэн орчуулагчдад тулгамдаж буй ямар асуудлууд байна вэ?

- Мэргэшсэн орчуулагчдад нэр томьёо, хэллэгийг нэг мөр хэрэглэх нэн тэргүүний тулгамдсан шаардлага гарч байна.Орчуулга битгий хэл монгол хэл маань өөрөө нэг мөр хэрэглэх явдал алдагдаж үндэсний хэмжээний эмгэнэл болж байгааг сэтгүүлчид та бүхэн мэдэх биз. Монгол хэлний салбарын түгээн баяжуулж, нийтэд нэр томьёо хэллэг дүрмийг нэг мөр хэрэглээд заншвал хийгдэж буй орчуулга ч ойлгомжтой, цэгцтэй байхад тун дөхөм болно.

- Монголд мэргэшсэн орчуулагчаар ажиллаж амьдрах боломж нөхцөл хэр хангагдсан байдаг вэ? 

- Энэ бол ерөөсөө ур чадварын асуудал. Үнэхээр сайн мэргэшсэн орчуулагч нар сардаа л ердийн цалингаас хэдэн 10 дахин илүү хэмжээтэй цалин авах боломжтой. Ер нь бол орчуулга хийдэг хүн тийм ч муу цалинтай байдаггүй. Авах цалин хөлсний хэмжээ мэдээж хэрэг орчуулагчийн ур чадвартай шууд холбоотой.

Б.Сэнгээ: Яг үнэнийг хэлэхэд монгол хэл бичиг уламжлал их хэмжээгээр алдагдсан тул үүнийг дагаад орчуулгын ур чадвар тийм ч төгс төгөлдөр болж чадахгүй байна

- Монголын мэргэжлийн орчуулагчдын ур чадвар бусад улстай харьцуулахад хэр байдаг вэ?

- Яг үнэнийг хэлэхэд монгол хэл бичиг уламжлал их хэмжээгээр алдагдсан тул үүнийг дагаад орчуулгын ур чадвар тийм ч төгс төгөлдөр болж чадахгүй байна. Мэдээж гайхамшигтай орчуулагч, хэл шинжлэлийн ухаанд автсан хүмүүс Монголд маш олон. Бусад улстай харьцуулахад зүйрлэшгүй сайн нь байх ч саар нь ч байна. Энэ нь ямар шалгуураар үнэлэхээсээ хамаарах байх хэмээн байр сууриа хуваалцсан билээ.

Манай улсад мэргэжлийн орчуулагчийн ур чадварын талаарх судалгаа төдийлөн байдаггүй нь мэдээлэл цуглуулах явцад харагдсан. 

Харин хамгийн сүүлд буюу 2021 онд МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн дэргэд байгуулагдсан “Орчуулагч, хэлмэрчийн мэргэжлийн үнэлгээний төв”-өөс "Орчуулагч, хэлмэрчийн чадамжийн судалгаа"-г хийжээ.

МУИС, Осакагийн Их сургууль, Токиогийн Гадаад судлалын Их сургууль, Тайванийн Жөнжы их сургуулийн багш, докторантаас бүрдсэн гадаад хэлний 12 багш, ахисан түвшний дөрвөн суралцагч буюу нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй баг уг төслийн судалгааг хийсэн байна. 

Энэхүү судалгаа нь Монгол Улсын орчуулагч хэлмэрчийн ур чадварын түвшнийг тодорхойлж, Монгол Улсад орчуулагч боловсон хүчин бэлтгэх, тэдний ур чадварыг байнга ахиулах, давтан сургахад анхаарвал зохих санал зөвлөмжийг дэвшүүлж, салбарын хөгжлийг урагшлуулах, улмаар дэлхийн стандартад нийцсэн орчуулагч, хэлмэрч мэргэжилтнийг бэлтгэх, цаашид салбарын хөгжлийг шинэ түвшинд хүргэх зорилготойгоор хийгдсэнийг судалгааны багийнхан онцолсон билээ. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Иймд шинэхэн судалгааны үр дүнгийн талаар МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Ази судлалын тэнхимийн дэд профессор, "Орчуулагч, хэлмэрчийн мэргэжлийн үнэлгээний төв"-ийн эрхлэгч Ш.Эгшигтэй ярилцлаа. 

- Сайн байна уу та, "Орчуулагч, хэлмэрчийн чадамжийн судалгаа"-г хийх болсон шалтгааны талаар хоёулаа яриагаа эхэлье? 

- Сайн байна уу. Хэл шинжлэлийн салбар ухаан болох орчуулга судлал руу гүнзгийрч орсон нь сүүлийн 100 гаруй жилийн асуудал. 1945 онд НҮБ байгуулагдаж, орчуулгын тасагтай болсноор аман орчуулгын судлалын ажил эхэлсэн хэмээн үздэг. Европын орнууд тэр дундаа Франц, Испанид орчуулгын судалгаа өндөр түвшинд явж байна. Дэлхийн улс орнууд тухайлбал БНХАУ-ын
хувьд орчуулгын стандартчилал болон судалгааны ажил руу 1990 оноос орсон. Тэгэхээр Монгол Улсын хувьд ч гэсэн энэ төрлийн судалгаа руу дэлхийн бусад улсын жишгээр орох нь зүйтэй гэж хэсэг орчуулагч, хэл шинжлэлч нар үзсэн юм.

Төрөөс бодлогоор сайн анхаарч өгөхгүй болохоор орчуулагчид өөрсдийгөө болоод байна гэж бодоод, чадвараа дээшлүүлэх тал дээр төдийлөн хүчилдэггүй юм билээ. Сургуулиа төгсөөд гарсан орчуулагчид цааш хэрхэн яаж мэргэших вэ гэдгийг бид бодолцох хэрэгтэй. Энэ асуудлыг шийдэх арга орчуулагч хэлмэрчийн шалгалт. Тэгвэл яах ёстой вэ гэвэл их сургуулийн зүгээс тэрхүү шалгалтыг авахын тулд арга зүй, аргачлалаа тодорхой болгох ёстой. Өөрөөр хэлбэл хэлмэрч, орчуулагчдаас авдаг шалгалтын тогтолцоо улс болгонд бий. Манай улс энэ шалгалтын тогтолцоо руу явах ёстой.

Чадамж гэдэг нь тухайн мэргэжилтний мэргэжлийн чадавхийн асуудал

- Судалгааны үр дүнг танилцуулахаас өмнө чадамж гэдгийг юу гэж тодорхойлж та бүхэн судалгаагаа авсан бэ?

- 1990 оны дунд үеэс эхлэн Европын гадаад хэлний их, дээд сургуулиуд орчуулагчийн чадамжийн асуудалд анхаарч эхэлсэн. Ингэхдээ Испанийн эрдэмтэд голлосон олон улсын эрдэмтдийн PACTE хэмээх судалгааны баг үүсэн гарч, анх “Орчуулгын чадамж” гэх нэр томьёог гаргаж, орчуулгын ухаанд бий болгожээ.

PACTE-аас дэвшүүлсэн “орчуулагчийн чадамж” нь зургаан дэд чадамжаас бүрдэнэ хэмээн тодорхойлсон байдаг.

  1. Bilingual sub-competence. Хоёр хэлний хэл, соёл, орон судлалын мэдлэг сайн байх дэд чадамж. Тухайлбал хятад хэлний орчуулагч байлаа гэхэд монгол, хятад хоёр хэлний аль алины нь хэл соёл, орон судлалын мэдлэг нь сайн байх
  2. Extra-linguistic sub-competence. Ерөнхий мэдлэгээ тогтмол сайжруулж байх дэд чадамж
  3. Knowledge about translation. Орчуулгын тухай мэдлэгийн дэд чадамжтай байх
  4. Instrumental sub-competence. Эх сурвалж ашиглах ба мэдээллийн технологийн дэд чадамж
  5. Strategic sub-competence. Стратегийн буюу ур чадваруудаа хослуулах чадвартай байх дэд чадамж
  6. Psycho-physiological components. Биеийн өгөгдөл ба сэтгэлзүйн бүрдүүлбэр. 

Эдгээр чадамж монгол орчуулагчдад байна уу гэдгийг анхаарах зорилготой байсан. Судалгаанд нийт 230 гаруй хүн хамрагдсанаас 80 орчим хувь нь эмэгтэй, 20 орчим хувь нь эрэгтэй байв.

Судалгаанд хамрагдагсдыг насны ангиллаар нь харвал

  • 20-29 насны 35 хувь
  • 30-39 насны 30 хувь
  • 40-49 насныхан 27 хувийг 
  • 50 ба түүнээс дээш насныхан үлдсэн хувийг эзэлнэ. 

"Зорилтот хэл рүү орчуулах байдлаас харвал гадаад хэлний багш нарын ерөнхий мэдлэг мэргэжлийн орчуулагчдынхаас илүү байна"

- Судалгаанаас ямар үр дүн гарсан бол сонирхолтой санагдаж байна? 

- - Гадаад хэл зааж буй багш нарын болон мэргэжлийн орчуулагч нарын чадамжийг судаллаа. Үр дүнгээс онцолбол

  • Мэргэжлийн орчуулагчид болон гадаад хэлний багш нарт дэд чадамжуудыг хослуулах буюу стратегийн чадамж хангалтгүй гэсэн дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл орчуулгын бэрхшээлийг шийдвэрлэхэд дутагдаж байгаа сул талаа нөхөх уян хатан арга хэрэглэхдээ тааруу гэсэн үг.
  • Зорилтот хэл рүү орчуулах байдлаас харвал гадаад хэлний багш нарын ерөнхий мэдлэг мэргэжлийн орчуулагчдынхаас илүү байна.
  • Ерөнхийдөө судалгаа аваад дүгнэлт гаргах үйл явц, судалгаанд хамрагдагсдын хандлагаас харвал Монголд орчуулагч нарт хариуцлага тооцдоггүй учраас орчуулга ямар байх нь нэг их хамаатай биш бөгөөд төдийлөн санаа зовдоггүй. Энэ нь нийгмийн хандлага ямар байгааг илэрхийлж байгаа бөгөөд томоохон нийгмийн асуудал гэж бодож байна.
  • Орчин үеийн хүмүүс мэдлэгтэй, боловсролтой байж болно. Гэхдээ сүүлийн үед “хандлага” гэдэг зүйлийг маш чухалд тооцдог болсон. Хандлага нь буруу байвал тэр хүн хэчнээн мэдлэгтэй байлаа гээд зөв хүн гэхэд хэцүү. Үүний адил орчуулагчдын ерөнхий хандлага нь мэргэжлийн хариуцлага гэдэг зүйлд тааруухан гэж дүгнэсэн.
  • Орчуулгын тухайд төрөлх /сурвалж/ хэлнээс зорилтот гадаад хэл рүү хувиргах хувиргал тааруу байна. Монгол гэх төрөлх хэлтэй орчуулагч гэж бодвол гадаад хэл рүү хувиргах чадвар нь тааруу гэсэн үг.

Орчуулагч нарын хийж буй хувиргал онолоор бол хэзээ ч 100 хувьд хүрдэггүй. Гэхдээ хувиргалыг аль болох 100 хувь руу дөхүүлж байгаа нь чанартай орчуулгад ойртоно гэж үзнэ.

Ер нь хүн бусад хэлнээс ямар нэгэн юмыг сонсож, ойлгоод ямар нэгэн байдлаар эх хэлээрээ илэрхийлээд гаргадаг. Харин эх хэлээрээ сонсоод гадаад хэл рүү гаргахдаа сайн биш байх нь олон тохиолддог.

Орчуулгын ухаанд хэлний чадваруудыг дөрөв ангилдаг.

  • Анхан түвшин- Сурч буй оюутны түвшин
  • Хоёр дахь түвшин - Эх хэл рүү орчуулах чадамжтай болсон түвшин
  • Гурав дахь түвшин - Эх хэл болон гадаад хэл рүү ижилхэн гаргаж орчуулдаг түвшин
  • Дээд түвшин - Төрөлхийн өгөгдөлтэй хүн, буюу хэдэн хэлийг төрөлх хэл болгон эзэмшсэн хүн

Монголын орчуулагчдын ерөнхий түвшин хоёрт явж байна.

Гурав болон дээд түвшний орчуулагчид тун бага. Энэ нь манай улсын орчуулагчдын ерөнхий түвшин сул байгааг илтгэнэ.

"синхрон орчуулга хийж байх үед хүний тархины зарим эс дахиж нөхөн сэргээгдэхгүйгээр үхдэг"

- Манай улсад түгээмэл ажиглагддаг орчуулагч нартай холбоотой бодит ямар асуудлууд байдаг вэ?

- Төрийн айлчлал ч юм уу, компаниудын гадаад худалдааны хэлэлцээр гэх мэтээр орчуулагч нар нарыг ажиллуулахаар авдаг. Орчуулагч нарын чадамж нь өндөр биш байвал хоёр талын харилцан ойлголцол суларна гэсэн үг. Тэгэхээр аливаа хэлэлцээрийг үр дүнтэй болгоход орчуулагч нар чухал хариуцлага хүлээдэг.

Нөгөө талд удирдлагууд нь орчуулагч хүний мэргэжлийн онцлогийг сайн ойлгодоггүй. Тодруулбал, олон улсын практикт тухайн орчуулагч хэлмэрч нар орчуулах материалаа хоёр сарын өмнө заавал хүлээн авдаг дүрэмтэй. Ядахдаа сарын өмнө, долоо хоногийн өмнө аваад, түүнээс хойшоо авахгүй байх ёстой. Гэтэл урд шөнө нь нэг дарга утастаад маргааш ийм хурал болно орчуулаад өгөөч гэх мэт танилын харилцаагаар Монголын өнөөгийн орчуулгын ажил явагдаж байна. Энэ нь төрийн байгууллагын түвшинд ч тэр, хувийн байгууллагын түвшинд ч адилхан.

Удирдлагууд орчуулагч нарыг ойлгоод хүндэтгэдэг болсон цагт тухайн удирдагч хүний ажил нь амжилттай явна.

Хоёрдугаарт манай улсад орчуулгын зах зээлийн үнэлгээний асуудал байдаг. Гадаадад цагаар, хуудсаар орчуулах, тэмдэгт орчуулах хөлс гэж байдаг. Ингэхдээ орчуулагч, хэлмэрчийн мэргэшлийн зэргээс хамааран харилцан адилгүй байдаг. Хятадад тэргүүн зэргийн орчуулагч өндөр ханштай.

Дүрэмд зааснаар бол синхрон орчуулга хийж буй хэлмэрч 15-20 минут болоод завсарлага авах ёстой. Учир нь синхрон орчуулга хийж байх үед дээрх хугацаанаас хэтэрч, амралтгүй ачаалсан нөхцөлд хүний тархины зарим эс дахиж нөхөн сэргээгдэхгүйгээр үхдэг.

Гэтэл манай улсад хэлмэрч хийж байгаа хүмүүс өглөөний 08:00 цагаас эхэлсэн хурал орой 18:00 цаг тарах хүртэл нь тасралтгүй ганцаараа хэлмэрчилдэг шүү дээ.

- Хүний нөөцийн хувьд дутагдалтай хэл нь ямар хэл байна вэ?

- МУИС-ийн хувьд Шинжлэх Ухааны Сургуулийн гадаад хэлний хөтөлбөрүүдэд хятад, солонгос, япон, араб, турк, франц, герман, итали, испани, польш, чех, орос, англи, унгар гэх 14 хэл заадаг.

Эрэлт ихтэй хөтөлбөр нь дүүрчихээр сонирхоогүй өөр хөтөлбөр рүү ордог. Турк, орос хэлний хөтөлбөрт дээр нэг хэсэг хүүхдүүд орж ирэх дургүй байсан. Өнөөдөр Монгол улс орос хэлний орчуулагч, хэлмэрчийн дутагдалтай болсон. Хэчнээн гадаад хэл сурсан ч хүн бүр хэлмэрч хийгээд байдаггүй юм билээ.

Орчуулагч нар шалгалт өгч зэрэг авдаг болоод, зэргээ дээшлүүлэхээр дахин суралцаад, явдаг болбол хэдэн жилийн дараа чадварлаг олон мэргэжилтэн бий болох боломжтой. Төрөөс бодлогоор дэмжвэл сайн байна. 

- Баярлалаа танд.