Зураг
Зураг
Индэр    
2023 оны 12 сарын 4
Зураг
iKon.mn сэтгүүлч

Ч.Хашчулуун: 2023 оны гуравдугаар улиралд ажилгүйдэл түүхэн доод түвшинд хүрлээ гэж болно

Зураг
Гэрэл зургийг \mpa.mn\

2023 оны гуравдугаар улирлын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг танилцуулаад удаагүй байна. Энэ үед Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийн талаар эдийн засагч Ч.Хашчулуунтай ярилцлаа. 



- Манай улсын ДНБ энэ оны эхний есөн сард 6.9 хувиар өссөн талаар Үндэсний Статистикийн Хорооноос танилцуулсан. 2023 оны гуравдугаар улирлын эдийн засгийн үзүүлэлтүүдийн талаарх таны дүгнэлтээр ярилцлагаа эхлүүлэх үү?   

- Эдийн засгийн нөхцөл байдлыг дүгнэхэд эдийн засгийн өсөлтийг хамгийн чухалд авч үздэг гэдгийг хэлэх нь зүйтэй. Энэ нь тухайн жилд Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний бодит өсөлт нь өмнөх жилээс өссөн үү гэдгийг харуулдаг үзүүлэлт. ҮСХ-ны зарласнаар улсын эдийн засаг 2023 оны гуравдугаар улиралд 6.9 хувийн өсөлттэй гарсан нь сайн үзүүлэлт гэж хэлж болно. Бүсийн хэмжээнд ч тэр өндөр үзүүлэлттэй гарлаа. Сүүлийн 10-аад жилийн хамгийн өндөр үзүүлэлт болох шиг боллоо.

Гэхдээ энэ өсөлт зөвхөн уул уурхайгаас бус бүх салбаруудад гарсан өсөлт юм. Байгалийн хүнд нөхцөл дунд явж ирсэн хөдөө аж ахуйн салбарыг эс тооцвол үйлдвэр, үйлчилгээ боловсруулах салбар, барилга, санхүү нийтийн хоол болон тээвэр зэрэг ихэнх салбар өсөлттэй гарсан.

- Үзүүлэлтүүд өсөлттэй гарсан нь сайн хэрэг. Гэхдээ яагаад бодит байдал дээр буюу иргэдийн амьдралд үр дүнгээ төдийлөн өгөхгүй байгаа вэ?

- Эдийн засаг өснө гэдэг маань үйлдвэрлэл тэлж байна гэсэн үг л дээ. Энэ нь хүмүүсийн гар дээрх мөнгөний хэмжээ өсөхөөс ялгаатай. Одоо өссөн гэж гарсан бол тодорхой хугацааны дараа иргэдийн амьдралд зайлшгүй үр нөлөөгөө өгөх байх. Ингэхдээ гурван үндсэн сувгаар нөлөөлөх юм.

Нэг. Үйлдвэрлэл өсвөл ажлын байр нэмэгдэнэ. Өмнө нь ажилд орох бололцоогүй байсан хүмүүст боломж гарна. Энэ оны гуравдугаар улирлын ажилгүйдлийн тоо сүүлийн 10 жил дэх хамгийн доод түвшиндээ хүрч буурсан байна лээ. Өөрөөр хэлбэл, статистик үзүүлэлтээр ажилгүйдлийн түвшин 5.2 хувьтай гарсан нь өнгөрсөн 10 жилийн хугацааны гуравдугаар улиралд гарч байсан хамгийн доогуур үзүүлэлт юм. 2023 оны гуравдугаар улиралд ажилгүйдэл түүхэн доод түвшинд хүрлээ гэж хэлж болно. Үүний цаана хүмүүс ажилд орж, цалин авч, тэр хэмжээгээрээ орлого нь тодорхой хэмжээнд өснө.

График. Ажилгүйдлийн түвшин 

Хоёр. Эдийн засаг өссөнөөр төсвийн орлого нэмэгдэж, төсвөөр дамжуулан иргэдэд очих тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө болон бусад төрлийн санхүүгийн тусламж тодорхой хэмжээнд өсөж байгаа. Үр дүнд нь өрхийн орлого тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Ялангуяа энэ жилийн долдугаар сараас хойш нэлээн өссөн бий. Үнийн өсөлтөөс болж энэ жилийн долоон сар хүртэл өрхүүдийн бодит орлого буурах хандлагатай байлаа. Гэтэл долоо, найм, есдүгээр сард өрхүүдийн бодит орлого тодорхой хэмжээнд өссөн буюу 1.5 хувиар нэмэгдсэн дүн гарсан. Тус саруудад иргэдийн гар дээрх бэлэн мөнгөний хэмжээ болон бодит худалдан авах чадвар нь нэмэгдсэн.

Гурав. Хөдөө орон нутгуудад төсвөөр дамжуулагдан дэд бүтцийн ажлууд хийгддэг. Энэ жил түүхэнд байгаагүй хэмжээгээр энэхүү хөрөнгө оруулалтын дүн өссөн байна лээ. Хувь хүмүүсийн халаасанд мөнгө өгөхгүйгээр амьжиргааны орчныг нь сайжруулж байгаа хэрэг. Магадгүй иргэд шууд халаасанд орж ирэхгүй байна гэж дүгнэж болох ч бодитоор харахад дэд бүтцийн ажлууд хийгдэж, бүтээн байгуулалтын ажил явах нь урт хугацаандаа ажлын байрыг бий болгохоос авхуулан өрхийн орлогыг нэмэгдүүлэх үндэс гэж харах хэрэгтэй болов уу.

- Статистик үзүүлэлтүүдээс харахад нийгмийн халамж, үйлчилгээнд хамрагдсан хүний тоо өмнөх оны мөн үеэс 39,500-аар нэмэгдсэн байгаа. Оны эхний 10 сард нийт 1.7 их наяд төгрөг олгосон. Халамжийг гааруулбал ажил хийдэг хүн олдохгүй. Та халамжийн тухайд ямар байр суурьтай байгаа вэ?

- Эдийн засагчид аль болох халамжийг нэмэгдүүлэхгүй байх нь зүйтэй гэж үздэг. Энэ нь хоёр шалтгаантай.

  1. Хүмүүсийн ажиллах сонирхол буурна
  2. Инфляцыг өдөөж магадгүй. 

Саяны өсөлтийг харахад дүн нь айхавтар өсөөгүй, халамж авч байгаа хүний тоо нь л өссөн байсан. Уг тоонд хүүхдүүдийн тоо орж байгааг санах хэрэгтэй. Хүүхэд олон төрөх тусам л хүүхдийн мөнгө авдаг хүний тоо автоматаар нэмэгдэнэ шүү дээ.

Түүнчлэн миний харж байгаагаар 2021, 2022 онд юмны үнэ нэлээд өссөний улмаас айл өрхүүдийн бодит худалдан авах чадвар буурчихсан. Энэ байдлыг зогсоохын тулд тодорхой хэмжээнд мөнгөн дүнг өсгөх шаардлага байсан болов уу гэж харж байна. 

Тэгэхээр уг халамжийн өсөлт гээд байгаа нь инфляцыг өдөөх биш харин өмнөх жилүүдийн алдагдсан худалдан авах чадварыг нөхөх талаас нь олгогдсон болов уу.

"Хурдхан том хэргүүдийн шийдвэрийг гаргаад, улс хөгжлийн дараагийн шатандаа гарах хэрэгтэй"

- Бизнесийн үйл ажиллагаа эрхлэгчдээс сонсогдож байгаа нэг зүйл бий. 2023 онд эдийн засаг өсөлттэй гэж буй боловч бизнесүүдийн орлого өмнөх жилүүдээ бодоход буурсан байна. Тухайлбал, МҮХАҮТ-аас гаргасан судалгаанд Монголын бизнесийн орчны үнэлгээ 2023 онд 2020 оноос 4.03 хувиар буурсан. Тэр дундаа уул уурхай, аялал жуулчлалаас бусад эдийн засгийн салбаруудад бизнесийн орчны үнэлгээ эрс буурсныг онцолсон байсан. Магадгүй 2023 оны хувьд нүүрсний хулгайн асуудал ил болсноор ард нь байсан зүйлс хумигдсан уу гэх таамаг байна. Та энэ талаар юу гэж бодож байна вэ?

- Бизнесийн орчин талаасаа яривал бизнесийн орчинд тодорхой хэмжээгээр сайжруулах зүйлс их байгаа. Сүүлийн үед эдийн засаг сайжрахын зэрэгцээ төрийн оролцоо ихээр нэмэгдэж байна. Төрийн оролцоо хэд хэдэн хэлбэрээр явагдаж байна. Үүнд

  1. Төсвийн эдийн засагт эзлэх хувь нь их болсон
  2. Төрийн аж ахуйн нэгжийн тоо нэмэгдсэн
  3. Том дүнтэй үйл ажиллагаа явуулдаг болсон 

Төрийн эдийн засагт эзлэх хувь зөвхөн төсвөөр хязгаарлагдахгүй. Төрийн өмчит компаниудыг оруулахаар өндөр болно. Тэр хэмжээгээрээ хувийн хэвшлийг үйл ажиллагаанаас шахан гаргах тал бий тул хувийн хэвшил энэ тал дээр анхааруулга өгөх нь зүйтэй байх. 

Төрийн оролцоог нэмэгдүүлэх бус багасгах нь чухал. Төрийн өмчит компаниудын ямар их алдагдалтай ажиллаж авлигын эх үүсвэр болж байгааг бид бүгд харж байна шүү дээ. 

Цаашид эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд нэн тэргүүнд төрөөс эдийн засагт оролцож буй үйл ажиллагаагаа хязгаарлах хэрэгтэй байна. Хувийн хэвшил хийж болж байгаа юмыг төрийн хэвшил оролдохоо болих хэрэгтэй. Төрөөс шинэ үйлдвэр, шинэ сангууд байгуулах нь хөгжлийн гол зам биш. 

Нүүрсний хулгай бол улсын компани алдагдалтай ажиллаж байгаагийн хамгийн тод жишээ. Улсын үйлдвэр алдагдалтай ажиллаж байна гэдэг нь авлигын эх үүсвэр болсон том сул тал болохыг байгааг харуулж байна.

- Нүүрсний хулгайн хэрэг шийдэгдэхгүй удаж байгаа процесс нь эдийн засаг, бизнесүүдийн хувьд ямар сөрөг үр нөлөөтэй вэ?

- Хэзээ нэгэн цагт манай улс авлигаас салж, цэвэрлэгдэх ёстой байсан. Одоо хийгдэж буй зүйлс магадгүй цаг үеэ ч олсон байж болно. Авлига цаашид тэсэхийн аргагүй том болчихсон байсан байх. Гэхдээ нэг удаагийн байдал болоод зогсох бус институтийн хэмжээнд авлигын асуудал гарахгүй, бизнесийн орчныг дордуулахгүй байх л хэрэгтэй. 

Хурдхан том хэргүүдийн шийдвэрийг гаргаад, улс хөгжлийн дараагийн шатандаа гарах хэрэгтэй. 

- Төсөв, сангийн бодлого хэр оновчтой байна вэ. Таны бодлоор иргэдэд, өрхөд үр дүнгээ өгсөн сангийн бодлого хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд юу хийх ёстой вэ?

- Төсвийн бодлого нь орлогын болон зарлагын бодлогоос бүрддэг. Иргэдэд хамгийн чухал нь хөрөнгө оруулалт байх болов уу. Энэ жил хөрөнгө оруулалт нэмэгдэж, өмнөх жилүүдээс өссөн байсан. Задаргааг нь харахад энэ удаагийн төсвөөс боловсролын салбарт хийгдэх хөрөнгө оруулалт өндөр харагдсан.

Бараг түүхэнд зам тээврийн салбарт хийсэн хөрөнгө оруулалтаас боловсролын салбарт хийх хөрөнгө оруулалтын дүн нь өндөр байсан. Энэ нь миний хувьд сайшаалтай санагдлаа. Боловсрол сайтай улс хурдан хөгждөг гэдгийг олон улс харуулж байгаа шүү дээ. Мөн хөдөө орон нутгийг чиглэсэн хөрөнгө оруулалт их харагдсан.

Өнгөрсөн 20 жилтэй харьцуулахад Монгол Улсад 2000 оны эхээр нийт 30 сая ам.доллар орчмын хөрөнгө оруулалт хийдэг байсан бол одоо хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг улсын хэмжээнд хийдэг болжээ.

- Таны хувьд ирэх оны эдийн засаг ялангуяа сонгуулийн дараах нөхцөл байдлыг та хэрхэн таамаглаж байгаа вэ?

- 2023 оны хувьд хүлээлтээс эерэг үр дүнтэй байна. 2024 оны хувьд дэлхийн зах зээл цар тахал, Украины дайны шокноос гарч байгаа нөхцөл байдал харагдаж байна л даа. Нөгөө талаас КОВИД-19-ийн үед авсан арга хэмжээнүүд, тухайлбал мөнгөний сул бодлого дэлхий даяар инфляцын давлагааг бий болгож буй. Дараа нь банкны хүүгийн түвшин өндөр байх давлагааг бий болгоод байгаа. Энэ нь дэлхий даяр бизнесийн орчинд төдийлөн сайнаар нөлөөлөхгүй байх шиг.

Америк, Японы эдийн засаг маш хүчтэй сэргэж байгаа нь бусад хөгжиж буй орнуудад боломж олгож буй хэрэг. Хятадын эдийн засаг тогтворжиж, өсөлттэй байвал бидэнд сайн. 

Ирэх жил манай улсын эдийн засаг ядахдаа энэ жилийнх шиг 5, 6 хувийн өсөлттэй байх боломж бий болох байх. Мэргэжлийн талаас хэлэхэд дэлхий даяар банкны хүү өндөр хэвээр байх болов уу. Манай экспорт өмнөх шигээ өсөх хурд нь саарч, зах зээлийн байдал урд хөршийн эдийн засгаас шалтгаална гэж бодож байна.

- Ярилцсанд баярлалаа.