Криштиану Роналду Саудын Арабын лигт цом өргөв

Э.Тэмүүлэн, iKon.mn
16 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Саудын Арабын хөлбөмбөгийн "Saudi Pro League" улирлын сүүлийн тойргоо хийв. Хүснэгтийг тэргүүлэгч "Ан-Насср" баг "Дамак"-ийг 4:1-ээр буулган авснаар 86 оноогоор аваргаллаа.

Энэ тоглолтод багийн лидер Криштиану Роналду дубль хийсэн бол Садио Манэ, Кингсли Коман нар тус бүр нэг гоол оруулжээ.

Ингэснээр К.Роналду Саудын Арабын лигт тоглох болсон цагаасаа хойш гурван жил дөрвөн сарын дараа аваргын цом хүртэж байна. Өдгөө 41 настай португал эр 2023 оноос хойш Саудын Арабын лигт данстай болсон ч түрүүлж чадаагүй байв. Тэрбээр энэ улиралд 37 тоглолтод оролцохдоо 30 гоол оруулсан юм.

"Ан Насср" багийн хувьд лигийн 11 дэх түрүү аж. Тэд хамгийн сүүлд 2018-2019 оны улиралд түрүүлснээс хойш лигийн хүрээнд аваргын цом хүртэж чадаагүй билээ.

Харин К.Роналдугийн хувьд клуб болон шигшээ багийнхаа хамтаар 35 дахь цомоо өргөв.

зураг
 

Тэр Саудын Арабын багт ирсэн даруйдаа буюу 2023 онд Арабын аваргуудын лигт түрүүлсэн юм. Үүнээс хойш гурван жилийн хугацаанд аваргын цом авч чадаагүй. Түүнчлэн К.Роналду мэргэжлийн замналынхаа 973 гоол оруулсан үзүүлэлттэйгээр энэ зун болох Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ийг зорьж байна.  

 

Эх сурвалж: Reuters