Зураг
Зураг
Индэр    
2020 оны 2 сарын 21
Зураг
iKon.mn сэтгүүлч

Монгол-Япон сургалтын эмнэлгийг мэргэжлийн хүнээр удирдуулж, хууль эрх зүйтэй болгохыг АШУҮИС-ийн багш нар хүсэж байна

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Баянзүрх дүүргийн газар нутагт тус дүүргийн хүн амд үндсэн, улсын хэмжээнд зарим төрөлжсөн тусламж, үйлчилгээ үзүүлэх төдийгүй АШУҮИС-ийн 7,000 гаруй оюутан, 1,000 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургах боломжийг бүрдүүлсэн АШУҮИС-ийн сургалтын эмнэлэг буюу "Монгол-Япон сургалтын эмнэлэг" нээлтээ хийгээд арван сар болж байна.

Гэвч эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой үүссэн нөхцөл байдлыг тодруулах үүднээс бид өмнө нь сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтын ажлын явц болон, зарим асуудлын талаар хөндсөн ярилцлага нийтэлсэн билээ. 

Тэгвэл энэ удаад тус сургалтын эмнэлэгтэй холбоотой эмч, багш, сувилагч, ажилтан албан хаагчдын эсэргүүцэл илэрхийлж буй шалтгаан болон тус эмнэлгийн талаар АШУҮИС-ийн багш нараас төлөөлөл болгон байр суурийг нь сонслоо. 

Багш нарын эсэргүүцлээ илэрхийлж буй гол шалтгаан нь АШУҮИС-ийн сургалтын эмнэлэг буюу "Монгол-Япон сургалтын эмнэлэг"-ийн захирал АШУҮИС-ийн профессор Х.Алтансайханыг шалтгаангүйгээр сольж, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан А.Эрдэнэтуяаг 2020.02.07-ны өдрөөс томилсон явдал ажээ.
Дүрмээ барьж ажиллаагүй тул багш нар бид Эрүүл мэндийн яамны томилгоонд сэтгэл гонсгор байна
 

АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Хүүхдийн анагаахын тэнхимын багш, АУ-ны доктор, дэд профессор Г.Эрдэнэтуяа:

Анагаах ухааны чиглэлээр сургалт эрхэлдэг улсын ганц сургууль нь АШУҮИС юм. Энэ Их Сургууль дэргэдээ өөрийн гэсэн эмнэлэгтэй байж сургалт, судалгаа, эмнэл зүйн үйл ажиллагаагаа хамтад нь эрхэлснээр Монголын анагаах ухааны салбарыг олон улсын жишигт хүргэнэ.

Бид маш олон жил хүсэн хүлээсэн Их сургуулийн эмнэлэгтэй болсон. Харамсалтай нь манай улсад "Их сургуулийн эмнэлэг" гэсэн нэр томъёо хуулиар баталгаажаагүй. Энэ асуудлыг Засгийн газар, УИХ-ын түвшинд авч хэлэлцэн "Их сургуулийн эмнэлэг" гэх статусыг бий болгох ёстой. Ингэхдээ сургалтын эмнэлгийг гурав дахь шатлалын гэгддэг байсан төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүдээс өөрөөр буюу сургалт, эрдэм шинжилгээ, эмчилгээ үйлчилгээний цогц байдлаар хуульчлах шаардлагатай байна.

Ингэж хуульчилж амжаагүй байгаа тул өнөөдрийн нөхцөл байдалд "Их сургуулийн эмнэлэг"-ийн ажиллах дүрэм, журмыг Эрүүл мэндийн сайд гарын үсэг зурж, баталгаажуулсан байдаг юм. Тэр дүрэмд АШУҮИС-ийн Эмнэлгийн захирлыг АШУҮИС-ийн захиралтай Эрүүл мэндийн сайд зөвшилцсөний үндсэн дээр томилгоо хийнэ гэсэн заалттай. Өөрөөр хэлбэл, сургуулийн багш нарын санаа оноо тодорхой хэмжээнд тусгагдаж байж, захирлаар дамжин сайдад хүрч, их сургуулийн эмнэлгийн захирал томилогдох ёстой гэсэн үг. Хууль нь гараагүй ийм тохиолдолд дүрмээ л барьж ажиллах ёстой байтал үүнийг зөрчиж, дээрээс шууд томилгоо хийж, АШУҮИС-ийн Сургалтын эмнэлгийн захирлыг сая сольсон учраас манай багш нар эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм. 

Аль ч улс орны хувьд анагаахын цөм болсон их сургуулийн эмнэлэг нь анагаахын шилдэг эмч мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дээд түвшинд үзүүлдэг байгууллага байдаг. Ингэснээрээ тухайн улсынхаа анагаах ухааны хөгжлийг урагшлуулагч гол хөшүүрэг нь болдог учиртай.

Товчхон хэлэхэд АШУҮИС шилдэг боловсон хүчин бүхий эрдмийн их уурхай. Энд ажиллаж буй мэргэжилтнүүд нь өөрийн гэсэн байр суурьтай, дадлага туршлага, мэдлэг чадвартай байж энэ салбарыг урагшлуулж, дэлхийн жишигт ойртуулах үүрэгтэй. Энэ их уурхайг шилдэг менежер удирдах ёстой.

Гэтэл үүссэн нөхцөл байдал сэтгэлд хүрэхээр биш байна. Учир нь АШУҮИС-ийн эмнэлэг нь нэгдүгээрт, зөв чиглүүлэх хууль эрх зүйн орчинтой байх ёстой. Энэхүү орчныг бүрдүүлэхэд бидэнд хуульд орсон баталгаажилт хэрэгтэй ба бид энэ баталгаажилтыг тэсэн ядан хүлээж байна. Хоёрдугаарт, дүрэм журмаа дээд түвшиндээ ч баримталж ажилладаг тогтолцоотой байх ёстой. Дүрмээ барьж ажиллаагүй тул багш нар бид Эрүүл мэндийн яамны томилгоонд сэтгэл гонсгор байна.  

Их сургуулийн маань эмнэлэг бусдын өмч болчих вий гэдэгт багш нар санаа зовж байна
 
Гэрэл зургийг mpa.mn

АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Дотоод шүүрэл судлал тэнхмийн ахлах багш, АУ-ны доктор Т.Баясгалан: 

Их сургуулийн эмнэлгийн дүрмийн заалтад сургалтын эмнэлгийн даргыг АШУҮИС-ийн захиралтай зөвшилцсөний үндсэн дээр сайд томилно гэсэн байдаг. Өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж буй хууль тогтоомж дээр их сургуулийн эмнэлгийн бүтэцтэй холбоотой ямар ч заалт байхгүй тул одоогийн хуулийн заалтад тулгуурлаж, сургалтын эмнэлгийг төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг байна гэж үзсэн.

Хуулийн заалтынхаа дагуу төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг нь салбарын сайдын эрхлэх асуудал болж байгаа юм.

Харин Дээд боловсролын тухай хуульд их сургууль нь дэргэдээ эмнэлэгтэй байж болно гээд заачихсан. Энэ нь их сургуулийн эмнэлэг гэсэн ойлголт бус зүгээр салбар бааз эмнэлэгтэй байж болно гэсэн үг. Тэр эмнэлэг нь өөрөө нэгдсэн эмнэлгийн түвшинд ажиллах заалттай болчихоод байгаа юм.

Иймээс манай багш нар 2019 оны гуравдугаар сард Эрүүл мэндийн сайдтай  уулзахдаа дүрмийн заалт дээрээ нэгэнт сайдын мэдлийн асуудал юм бол их сургуулийн эмнэлгийн даргыг  сургуулийн үйл ажиллагаа мэддэг хүн байлгах тухай саналаа хэлсэн. Яагаад гэвэл энэ чинь зүгээр нэг бусад төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг болох нэгдүгээр эмнэлэг, хавдар судлалын эмнэлэгтэй харьцуулахад үйл ажиллагаа нь өөр буюу Их сургуулийн сургалт явуулах эмнэлэг шүү дээ. Их сургуулийн сургалт нь эрдэм шинжилгээ, эмчилгээ, судалгаанаас бүрдэх цогц ойлголт.

Анх эмнэлэг нээлтээ хийсний дараа профессор Х.Алтансайхан багш томилогдоход багш нар нааштай хүлээж авсан. Учир нь сургалтаа мэднэ, эмнэл зүй дээр ажиллаж байсан, эрдэм шинжилгээний ажлаа ч мэднэ гээд цогц үйл ажиллагааг авч явж чадна гэж үзсэн. Харин саяын томилгооны тухайд салбарын сайд шууд өөрөө мэдээд томилгоо хийсэн нь асуудал үүсгээд байгаа юм. Ингэхдээ дүрмийн дагуу сонгон шалгаруулалт хийгээгүй. Тэгээд багш нар Их сургуулийн эмнэлгийн үйл ажиллагааг, эрдэм шинжилгээг мэддэг хүн захирлаар томилогдоогүйд дургүйцсэн юм.  Хэдийгээр салбарын сайдын эрхлэх асуудал боловч дүрмийнхээ дагуу зөвшилцөөд, багш ажилчдын санаа сэтгэлийг сонсох нь зөв гэж үзэж байна.

Дараагийн нэг асуудал нь их сургуулийн эмнэлгийн хууль эрх зүй гэдэг ойлголт байхгүй тул одоо байгаа дүрэмдээ үндэслэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн учраас Засгийн газар үүнд уян хатан хандахыг хүсэж байна. Манай багш нарын зүгээс төрийн гурван өндөрлөгт хүргүүлсэн шаардлага нь дүрмийнхээ дагуу явах, их сургуулийн эмнэлгийн эрх зүйн орчныг бүрдүүлж өгөхийг шаардсан агуулгатай. Академик байгууллагын хүмүүс юмыг хуулийн хүрээнд эрх зүйн орчинд нь зохицуулж, /соёлтойгооор/ шийдэхийг л хүлээж байна. Нэгэнт Японы ард түмний бэлэглэсэн энэ их сургуулийн эмнэлгийн үйл ажиллагааг нь жигдэлж өгөөч.

Одоогийн байдлаар багш нар маань тус эмнэлэг дээр гэрээт ажилчнаар ажиллаж байгаа. Бусад улсын их дээд сургуулийн багш нар нь эмнэлэгтээ ажиллахдаа нэг тэнхимийн бүтэцтэйгээр явдаг. Гэтэл манайд сургалт явуулдаг нэгж  болох тэнхим нь тусдаа, тасаг нь тусдаа буюу хоёр өөр удирдлагатай болох гээд байна.

Тус эмнэлэг бусдын өмч болчих вий гэдэг дээр л багш нар маань санаа зовж эмзэглэж байна. Шинэ дарга маань эмнэлэг сургалт, эрдэм шинжилгээг хангаж чадахуйц хүн байгаасай гэж хүсэж байна.

Эрүүл мэндийн салбарын ажиллах хүч, тэдгээрийн сурч боловсрох эрх зөрчигдөж байна
 

АШУҮИС-ийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхмийн багш, Монгол-Япон сургалтын эмнэлгийн дурангийн эмч, АУ-ы магистр М. Бадрах:

Их сургуулийн эмнэлгийг сургалт, эмнэл зүй, судалгаа гэсэн үндсэн гурван үйл ажиллагаатай, нэгдмэл бодлоготой, харилцан уялдаатай байх ёстой. Энэхүү үйл ажиллагааг Их сургууль болон Их сургуулийн эмнэлгийн удирдлага хамтран, удирдан чиглүүлж явах ёстой хэмээн АШУҮИС болон АШУҮИС-ийн эмнэлгийн нийт ажилтан, албан хаагчид ойлгодог.

Ийм ч учраас эмнэлгийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан өөрсдийн эрдэм мэдлэг, ур чадвар, ёс зүйгээ дээшлүүлэн суралцаж, сургалтын эмнэлэгтээ ажиллаж эхлээд найман сар өнгөрлөө. Энэ хугацаанд эмнэлгийн ажилтан бүр сургалт, эмнэл зүй, судалгааны бүхий л үйл ажиллагаанд оролцоод явж байна.

Гэтэл сүүлийн хоёр сар төсөв мөнгөтэй холбоотой эмнэлгийн үйл ажиллагаа доголдсон. Эмнэлэг цаашид хэрхэн үе шаттай ажиллах, тасаг нэгжүүдийг нээх эсэх, ажилтнуудын цалин хөлс, нийгмийн асуудлыг яаж шийдвэрлэх зэрэг чухал асуудлууд зогсож, ойлгомжгүй гэнэтийн тушаал шийдвэрүүд хамт олныг бухимдалд хүргэж, улмаар эсэргүүцэхэд хүргэсэн. 

АШУҮИС-ийн удирдлага, АШУҮИС-ийн эмнэлгийн удирдлагыг сонгох, томилох үйл ажиллагаанд оролцох зайлшгүй шаардлагатай. Учир нь энд зөвхөн эмнэлгийн асуудал биш эрүүл мэндийн салбарын цаашдын хөгжил, Эрүүл мэндийн салбарын ажиллах хүч (АШУҮИС-ийн оюутан, резидент, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч бэлтгэх курст суралцагсад), тэдгээрийн сурч боловсрох эрх зөрчигдөж байна.

"Их сургуулийн эмнэлэг" нь сургалт, эмнэл зүй, судалгааны цогц үйл ажиллагаа явуулдаг, бие даасан, Төр болон сургуулиас бус өөрөө өөрийгөө санхүүжүүлэх боломжтой байх нь нэн чухал.

Бидний даган дуурайж буй Япон улсын Их сургуулийн эмнэлгүүд ийм жишгээр явж байна. Манай орны хувьд Их сургуулийн эмнэлгийн хууль, эрх зүйн зохицуулалт байхгүй байгаа нь өнөөдрийн хүнд байдлыг улам дордуулсан. Иймд богино хугацаанд Их сургуулийн эмнэлгийн хууль, дүрэм, журам, эрх зүйн орчинг бий болгох ёстойг ухамсарлан АШУҮИС-ийн удирдлага, төр засгийн тэргүүн, удирдлагууд анхааралдаа авч ажиллана гэдэгт итгэн найдаж, хүлээж байна.