Дэлхийн ноён оргил Эверестэд нэг өдрийн дотор 274 уулчин авирсан нь түүхэн дээд амжилт боллоо
Лхагва гарагт Балбын нутгаар дамжин дэлхийн ноён оргил Эверестэд 274 уулчин авирсан нь бүх цаг үеийн дээд амжилт болжээ.
Энэ хаврын авиралтын улирал зам хаасан асар том мөсний улмаас оройтож эхэлсэн нь үүнд нөлөөлсөн гэж үзэж байна.
Цаг агаарын таатай байдлыг ашиглан орон нутгийн цагаар шөнийн 3:00 цагаас эхэлсэн авиралт 11 цаг үргэлжилснийг Балбын аялал жуулчлалын газрын албан тушаалтан хэвлэлд мэдээлжээ.
Үүнээс өмнө 2019 оны тавдугаар сарын 22-ны өдөр Балбын талаас 223 уулчин авирсан нь нэг өдрийн дээд амжилтад тооцогдож байсан юм.
Тухайн өдөр Төвөдийн талаас 113 уулчин бас Эверестийн оргилд гарч байжээ.
Энэ хаврын хувьд уг замыг Хятадын эрх баригчид гадаадын уулчдад хаасан тул ганц ч авиралт бүртгэгдээгүй байна.
Нийтдээ бараг 500 гадаадын уулчин энэ хавар далайн түвшнээс дээш 8,849 метрийн өндөрт оршдог Эверестийн оргилд гарах зөвшөөрлийг Балбын эрх баригчдаас авсан нь мөн түүхэн дээд үзүүлэлтэд тооцогдож байгаа.
Үүний улмаас уулчдын хэт бөөгнөрөл тэдний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй гэсэн болгоомжлолыг давхар үүсгээд байна.
Ихэнх уулчид дор хаяж нутгийн нэг хөтөч дагуулж явдаг бөгөөд тэдэнд зөвшөөрөл авах шаардлага байдаггүй.
Энэ долоо хоногт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тарсан гэрэл зурагт далайн түвшнээс дээш 8,000 метрийн өндөрт оршдог “үхлийн бүс” хэмээх налуу хэсэгт уулчдын урт цуваа мушгирсан байгааг харуулж байна.
Ихэнх уулчид энэ бүсэд нэмэлт хүчилтөрөгчийн хангамж хэрэглэдэг бөгөөд энд 20 цагаас илүү хугацаагаар байхаас татгалзахыг мэргэжилтнүүд зөвлөдөг.
Балба улс зөвшөөрлийнхөө төлбөрийг нэмсэн ч уулчдын тоо буурахгүй байна.
Өнгөрсөн оны есдүгээр сараас хойш уулчид зөвшөөрөлд $15,000 төлдөг болсон нь сүүлийн бараг арван жилийн турш $11,000 байсантай харьцуулахад нэлээд огцом өссөн дүн юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

