Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

ДНБ 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 36.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 13.8% өсжээ

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (2010 оны зэрэгцүүлэх үнээр болон үйлдвэрлэлийн аргаар) 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 19 их наяд төгрөг болсныг Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр мэдээллээ.  

Энэ нь өмнөх оноос 923.8 тэрбум төгрөг буюу 5.1%-иар өссөн үзүүлэлт болжээ. Үүнд,

  • Үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 442 тэрбум төгрөгөөр (5.8%)
  • Хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 195.5 тэрбум төгрөгөөр (8.4%) өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин Дотоодын нийт бүтээгдэхүүн (оны үнээр, үйлдвэрлэлийн аргаар тооцсон) 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 36.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 4.5 (13.8%) их наяд төгрөгөөр өсжээ. 

ДНБ-ий салбарын бүтцийг авч үзвэл, 2019 онд

  • Үйлчилгээ 39 хувь,
  • Уул уурхай, олборлолт 23.8 хувь,
  • Аж үйлдвэр, барилга 15.3 хувь,
  • Хөдөө аж ахуйн салбар 11хувь,
  • Бүтээгдэхүүний цэвэр татвар 10.9 хувийг эзэлж буй.

Улирлын нөлөөллийг арилган тооцсоноор ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2019 оны дөрөвдүгээр улиралд өмнөх улирлаас 0.3 хувиар өсжээ.  

Зураг 45. ДНБ-ий өсөлт, бууралт, хувиар (2010 оны зэрэгцүүлэх үнээр, өмнөх оны мөн үеэс)

 
эх сурвалж: ҮСХ

ДНБ-ий өсөлтөд салбаруудын оролцоог пунктээр харахад Хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг (2010 оны зэрэгцүүлэх үнээр) 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 2.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 8.4 хувиар өссөн байна. Энэ нь ДНБ-ий 5.1 хувийн өсөлтийн 1.1 пунктийг бүрдүүлсэн болохыг ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газрын статистикч Д.Баасан хэлсэн юм.

Бусад салбарын тухайд, 

  • Уул уурхай, олборлох салбарын нэмэгдэл өртөг (2010 оны зэрэгцүүлэх үнээр) 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.9 их наяд төгрөг болж, өмнөх оноос 0.6 хувиар буурсан. Энэхүү бууралтад алт, хайлуур жоншны баяжмалын олборлолт буурсан нь голлон нөлөөлжээ.
  • Аж үйлдвэр (уул уурхай, олборлолтын салбарыг оруулахгүйгээр), барилгын салбарын нэмэгдэл өртөг (2010 оны зэрэгцүүлэх үнээр) 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оноос 9 хувиар өсөж, ДНБ-ий өсөлтийн 1.1 пунктийг бүрдүүлсэн байна.
  • Үйлчилгээний салбарын нийт нэмэгдэл өртөг (2010 оны зэрэгцүүлэх үнээр) 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оноос 5.8 хувиар өсөж, ДНБ-ий өсөлтийн 2.4 пунктийг бүрдүүлжээ.  

Нэмж сонирхуулахад ДНБ-д 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр эцсийн хэрэглээ 67.3 хувь, хөрөнгийн нийт хуримтлал 35.8 хувь, цэвэр экспорт (-3.1) хувийг эзэлж, өмнөх оноос эцсийн хэрэглээ 1.3 пунктээр, цэвэр экспорт 2.5 пунктээр нэмэгдэж, хөрөнгийн нийт хуримтлал 3.8 пунктээр буурсан үзүүлэлттэй гарсан аж.

Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ): Тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд тайлант хугацаанд дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн шинээр бүтээсэн нийт нэмэгдэл өртгийн хэмжээ юм.

ДНБ-ийг дараах гурван аргаар тооцно.

  1. Үйлдвэрлэлийн арга: Нийт үйлдвэрлэлээс завсрын хэрэглээг хасаж нэмэгдэл өртгийн нийлбэр дүнгээр тооцохыг ойлгоно.
  2. Эцсийн ашиглалтын арга: Эцсийн хэрэглээ, хөрөнгийн нийт хуримтлал, цэвэр экспортын (экспорт, импортын зөрүү) нийлбэрээр тооцохыг ойлгоно.
  3. Орлогын арга: Ажиллагчдын цалин хөлс, үндсэн хөрөнгийн хэрэглээ, үйлдвэрлэл, импортын цэвэр татвар (үйлдвэрлэл, импортын татвар болон татаасын зөрүү), үйл ажиллагааны цэвэр ашиг/холимог орлого зэрэг орлогын үзүүлэлтийн нийлбэрээр тооцохыг ойлгоно. ДНБ-ийг улирлаар үйлдвэрлэлийн болон эцсийн ашиглалтын аргаар тооцож байна.