Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт боомт байгуулахаа зогсоохыг шаардлаа

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт Цагаан дэл уул хэмээх байнгын ажиллагаатай ачаа тээврийн боомтыг байгуулахаар болсон билээ. Энэ шийдвэрийг эсэргүүцэж Өмнөговь аймгийн иргэд өнөөдөр мэдээлэл хийлээ. 

"Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ-ын тэргүүн Х.Мандахбаяр "Боомт нээх асуудал 2006 оноос яригдаж эхэлсэн. 2014 онд аялал жуулчлалын зорилгоор боомт нээх тухай Засгийн газрын 42 дугаар тогтоол гарсан. Гэтэл 2018 онд Өлзий Цагаан дэл боомт хүртэл хатуу хучилттай, нүүрс тээвэрлэх зориулалт бүхий зам тавьж эхэллээ. Өөрөөр хэлбэл, аялал жуулчлал гэдэг нь халхавч байсан нь тодорхой болсон.

Өмнөговь аймаг нь тэр чигтээ уул уурхайн бүс болсон. Хамгийн эрүүл үлдсэн сум нь Номгон, Хүрмэн, Ханхонгор. Уул уурхайд талхлагдаагүй үлдсэн Өмнөговь аймгийн сүүлчийн газар нутаг сүйдэхэд хүрч байна" хэмээв.

О.Анхбаяр: Зөрчилдөөний улмаас хэрэг гарч болзошгүй нөхцөл үүссэн

 
Гэрэл зургийг mpa.mn

Үүсээд буй нөхцөл байдлын талаар Хүрмэн сумын Засаг даргын орлогч О.Анхбаяр "Зам болон боомтын барилгын бүтээн байгуулалтыг хийж явцад тоос ихээр дэгдэж, малчдын бэлчээр, усыг сүйтгэж байгаа учир зогсоохын тулд малчид, иргэд хүчтэй эсэргүүцэж байгаа.

Нэг талаас нутгаа орноо хамгаалсан малчид, нөгөө талаас боомтыг барих компаниудын ажилчдын зөрчилдөөний улмаас хэрэг гарч болзошгүй нөхцөл үүссэн. Тиймээс сумын удирдлагууд болон иргэд бүх шатандаа эсэргүүцэж байгаа тул даруй зогсоохыг шаардаж байна" гэлээ. 

Тус аймгийн иргэд нүүрс хилээр гаргаж буй хоёр боомтын асуудлаа цэгцлээгүй байж дахин шинээр байгуулах гэж буйг ийнхүү буруушааж байгаа юм. Учир нь боомт хүртэлх зам нь малын бэлчээрийг хоёр хувааж, ундны усны эх үүсвэрүүдийг дайрч буйг Ханхонгор сумын иргэд эсэргүүцэж байгаа аж. Түүнчлэн 270 км зам тавих боломж, хөрөнгө нь байгаа бол Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтоо хөгжүүлэхэд зориулах хэрэгтэй гэж байв. 

Мэдээллийн төгсгөлд, орон нутгийн иргэд нүүрс, уул уурхайд түшиглэх бус байгалийн өвөрмөц болон үзэсгэлэнт тогтоцдоо тулгуурлан, аялал жуулчлалыг хөгжүүлэх нь зөв шийдэл байх болно гэлээ. 

Цагаан дэл уул боомт байгуулах тухай олон талын байр суурийг Нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулсан ЦАГААН ДЭЛ УУЛ боомт нийтлэлээс уншина уу.