Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

“Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-д ДБ-наас нэмэлт санхүүжилт авах хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын 2019 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв.

Энэ талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл” нь Дэлхийн банкны 15.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2012 оноос хэрэгжиж байна. Төслийн зорилго нь гэр хорооллын хэрэглэгчдийг утаа бага гаргадаг халаалтын хэрэгслүүдээр хангах, улмаар хөгжлийн түншүүдтэй хамтран Улаанбаатар хотын утааг бууруулах зорилгоор дунд хугацаанд зорилтот арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд чиглэсэн.

Төсөл хэрэгжих хугацаанд гэр хорооллын айл өрхийн галлагаанаас үүдэлтэй нарийн ширхэгт тоосонцор (РМ2.5)- ыг бууруулах зорилгоор богино хугацаат арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж, тодорхой ахиц дэвшил гаргасан. Төслийн хэрэгжилтийн хугацаанд сайн үр нөлөө үзүүлсэн арга хэмжээнүүдийг өргөтгөн, цар хүрээ болон ашиг хүртэгсдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-д Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацаас 12.0 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн нэмэлт, санхүүжилт олгохоор харилцан тохироод байна.  Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 30 жил, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил, зээлийн хүү 1.25 хувь байна гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа онцолсон.

Мөн тэрбээр, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 98 дугаар тогтоолоор батлагдсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур ашиглах техникийн боломжийг бүрдүүлэх, гэр, байшин сууцны дулаан алдагдлыг бууруулах, халаалтын зуухыг буулгах, түүхий нүүрсний хэрэглээг хориглох, хот суурин газрын дулаан хангамж, шугам сүлжээг өргөтгөх, шинээр дулааны эх үүсвэр барих ажлыг үе шаттайгаар эхлүүлэх, хямд өртөгтэй орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг чухал арга хэмжээ тусгагдсан.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гэр хороололд барьж байгуулах “Дэд бүтцийн төв”-ийн үйл ажиллагаатай төслийн зорилго, хэрэгжилтийг уялдуулснаар 200 орчим айлыг бие даасан инженерийн хангамжтай тохилог амины орон сууцанд амьдрах боломжийг бүрдүүлж, гэр хорооллын оршин суугчдад амьдралын сайн жишгийг нэвтрүүлнэ гэж байлаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүдийн зүгээс төслийн үр дүнгийн талаар тодруулахын зэрэгцээ нэмэлт санхүүжилтийн хэлэлцээгээр хэрэгжих төслийн үр нөлөөг дээшлүүлэхдээ ипотекийн зээлийн эх үүсвэрийг санхүүжүүлэх, амины орон сууцны дэд бүтцийн асуудлыг шийдэх зэрэг бодитой, далайцтай арга хэмжээ авахад анхаарах шаардлагатай гэж байлаа.

Төслийн хүрээнд,

  • 2013-2015 онуудад гэр хорооллын 40,813 айл өрхөд бүрэн шаталтат сайжруулсан зуух ашиглахад санхүүгийн дэмжлэг (татаас) үзүүлж, энэ хугацаанд нарийн ширхэгт тоосонцор РМ2.5-ыг 20 орчим хувиар буурсан.
     
  • Зуух туршилтын лаборатори, Зуух хөгжлийн төвийг байгуулахад ШУТИС-тай хамтран ажилласнаар дотооддоо бүрэн шаталттай, сайжруулсан зуух үйлдвэрлэх боломжийг бүрдүүлсэн. Ингэснээр импортын зуухыг орлох, ажлын байрыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн гэдгийг Ажлын хэсгийн хариултдаа онцлов.
     
  • Мөн 2016-2019 онуудад Нийслэлийн зургаан дүүргийн есөн цэцэрлэгийн барилгыг дулаан алдагдпыг бууруулж, засвар шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэж, гэр хорооллын 474 айл өрхийн байшин-сууцны дулаан алдагдал, түлшний хэрэглээг бууруулахад чиглэсэн “Дулаалга аян”-ыг зохион байгуулсан. Ингэснээр айл өрхийн байшин-сууцыг дулаалснаар өрхийн түлшний хэрэглээг дунджаар 50 хүртэл хувиар хэмнэсэн гэж байлаа.

Ингээд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.