Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

С.Энх-Ундраа: Хөмүүл хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой нь тодорхой гэж үзсэн

Б.Бүлтэн, ikon.mn
2019 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Инженер технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон улсад суралцсан, 2019 оны төгсөгчид судалгааны ажлаа олон нийтэд танилцуулсан билээ. Тэдний нэг, Япон улсад зэргийн бус хөтөлбөрт хамрагдан суралцсан судлаач, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн багш, докторант С.Энх-Ундраатай ярилцлаа. Тэрбээр хөмүүлийн биологийн идэвхт нэгдлийн судалгаа хийжээ. 

-Яагаад хөмүүлийг сонгон судлах болсон талаараа ярихгүй юу. Энэ ургамлын гол онцлог нь юу вэ?  

- Монгол Улсын өмнөд хэсгийн нутгуудаар Цэрдийн галавын төгсгөл үед бүрдсэн унаган ургамлууд өнөөг хүртэл өөрчлөлтөд бага орсон, ургамал зүйн өвөрмөц тогтоцтой. Түүний нэг болох Хөмүүл нь Allium mongolicum буюу Монгол сонгино гэдэг нэртэй, Монгол нутгийн унаган ургамал юм. Сонгино, сармисны л төрлийн ургамал. Хүн төрөлхтөн эртнээс сонгино, сармисыг хүнсэндээ хэрэглэж, анагаах увдисынх нь тухай тэмдэглэж үлдээсэн байдагтай адил хөмүүлийг бас эмчилгээний ач холбогдлоор хэрэглэж ирсэн түүхтэй тул энэ ургамлын биологийн идэвхийг судлахаар сонгосон. Ерөнхийдөө 2013 оноос хойш хөмүүлийн биологийн идэвхийн судалгааг эхэлсэн.  

Өмнө нь хөмүүлийг ашигтай, шимтэй шинж чанарыг ашиглах үүднээс гурилан бүтээгдэхүүнд баяжуулах тухай судалгаа бол явж байсан. Биологийн идэвхт нэгдэл гэдэг бол сүүлд гарсан шинэ ойлголт. Бусад ургамал дээр биологийн идэвхт нэгдлийн судалгаанууд хийгдэж байсан ч хөмүүл дээр хийгдээгүй байсан. Биологийн идэвхи муу юм уу, ямар биологийн идэвхи юм бэ гэдэг судалгааг хийсэн. Хөмүүлд олон бүлэг нэгдлүүд байх магадлалтай. Ялангуяа, фенольт нэгдэл нь тэдгээрийн нэг том жишээ бөгөөд үүгээрээ хөмүүл хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой нь тодорхой гэж үзсэн.

Харин яаж вэ гэдгийг нь бид одоо судлаад явж байна. 

- Хөмүүл дэх фенольт нэгдэл гэж юу вэ? Яагаад энэ нэгдэл хавдраас урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй талаар тайлбарлахгүй юу?

- Фенольт нэгдэл нь ургамлаа хэт ягаан туяанаас хамгаалах үүрэгтэй. Ургамал хөдөлгөөнгүй юм чинь сүүдэрт нуугдаж чадахгүй учраас нарнаас ирж байгаа хэт ягаан туяаны хортой нөлөөг бууруулахын тулд энэ фенольт нэгдлийг ялгаруулдаг. 

Ургамалд хэт ягаан туяанаас үүсэж байгаа хор хөнөөл нь хавдар үүсэхтэй төстэй гэж ойлгож болно. Ийм учраас фенольт нэгдэл нь ургамлын удамшлынх нь материалыг хамгаалах үүрэгтэй гэсэн үг. Тэр үйлчлэл нь хүнд яг ижил үүсэж байгаа. Тодруулбал, хавдар нь энгийн эс байж байгаад мутацийн нөлөөгөөр хавдрын эсэд хувирдаг. Эхэн үедээ хор уршиггүй, эсийн бөөгнөрөл маягтай байснаа тэр нь судас төлжих үйл явц буюу angiogenesis-ээр шим тэжээлтэй болонгуутаа цаашаа үйл ажиллагаа нь илүү хор уршигтай буюу хорт хавдар болдог.

Энгийн эсээс хавдрын эсэд хувирах явц нь ургамалд нарны хэт ягаан туяанаас үүссэн хортой нөлөөлөлтэй ерөнхийдөө төстэй гэж үзвэл тэр үйлчлэлээ хүнд үзүүлж болох юм байна гэсэн дүгнэлтэнд хүрч байгаа. Иймд идэвх нь тэр зарчмаараа энгийн эсээс хавдрын эсэд хувирч байгаа үйл явцыг урьдчилан сэргийлэх боломжтой гэж үзэж байгаа.

- Аngiogenesis буюу судас төлжих үйл явцын хавдрын эс дэх нөлөөллийг дэлгэрүүлэхгүй юу?

- Гараа зүсэхэд бидний гаран дээр шарх үүсдэг дээ. Тэр шарх хэсэг хугацааны дараа аньдаг. Тэр шарх аних үйл явцад шинэ судас үүсээд, тухайн эд эсээ шим тэжээлээр хангаад, нөхөн сэргээлт явагдаж байгаа гэсэн үг. Энэхүү шинээр судас төлжих үйл явцыг angiogenesis гэдэг. 
Хавдрын үед судас төлжих үйл явц өөрийн гэсэн өвөрмөц үүрэгтэй болж, хавдрын бөөгнөрлөө шим тэжээлээр хангаж эхэлдэг. Шинэ судастай болсон учраас хавдар улам томроод, үсэрхийлж тархах үйл явц бий болдог. Шинэ судас ургаж эхлэхэд дохио хэрэгтэй. Яг хаашаа чиглэж ургаж, юутай холбогдох вэ, хэр зайд явах гэх мэтчилэн дохио нь өөр. Анх дохио хаанаас ирсэн, яаж тэр зүг рүү чиглэж байгаа зэрэг үйл явцууд шинэ судас үүсэх, хавдрын эсийн бөөгнөрлийн үед өөр ч ерөнхийдөө төсөөт шинжээр нь төлөөлүүлээд судалж байгаа. Хавдрын үеийн angiogenesis буюу судас төлжих үйл явц дохиог илүү дарангуйлж байгаа эсэх талаас нь судалж байгаа. Судалгаагаа хийсээр л байна. 

- Та энэ талаарх судалгаагаа Японд хийсэн үү. Судалгааны үр дүн ямар байгаа вэ?

- Тийм ээ. Японд судалгаагаа хийхдээ бид Хамарын хийд орчмоос зургаадугаар сарын дундуур түүж бэлтгэсэн хөмүүлийн дээжнээс метанолын ханд бэлтгэн туршилтандаа ашигласан. Ингэхдээ цусны урсгалаас үүсэх шүргэх даралт /shear stress/ -ыг лабораторийн нөхцөлд бий болгох боломжтой, тусгайлан бэлтгэсэн шингэний урсгалын аппаратыг ашиглан шинэ судас үүсэх явцын эндотель эсийн физиологийн хариу урвалд хөмүүлийн метанолын хандны нөлөөллийг судалсан.

Үр дүнд нь хөмүүл шинээр судас төлжих үйл явцад эсийн гаднаас ирэх молекул дохиог саатуулах нөлөө үзүүлснээр angiogenesis буюу шинээр судас төлжих үйл явцыг дарангуйлж байсан. Гэхдээ үүнийг шууд хүний бие дээр авч ойлгох хараахан болоогүй. Учир нь бид судасны төлжилтөд чухал үүрэгтэй эндотель эсийг петрийн аяган дээр ургуулсныгаа хувааж үзээд ямар хариу үйлдэл үзүүлж байгааг нь хиймэл нөхцөлд үзсэн юм. Тэгэхээр тодорхой бус гэсэн үг.

-Хэрэв үнэхээр хөмүүл хавдрын эсрэг үйлчилгээтэй бол монголчуудын хувьд маш чухал ололт болно гэж ойлгож байна. Та бүхэн судалгаагаа цаашид лавшруулах уу?

- Биологийн идэвхийн судалгааны баримт тун цөөхөн байдаг тул манай багийнхан болж өгвөл олон биологийн идэвх илрүүлэхийг хичээж байгаа. Одоогоор илэрч буй хэсгээс нь нарийвчлаад явж байна. 

- Монголд төсөөт ийм туршилтууд хийх боломж бололцоо хэр байдаг вэ?

- Монголд хийе гэхээр бидэнд Флюресцент микроскоф одоохондоо байхгүй. Тэр нь харанхуй нөхцөлд, тусгай өрөөнд байх ёстой микроскоп юм. 

- Ирээдүйд энэ судалгаанд суурилан эмийн үйлдвэрүүдтэй хамтран эм, эмийн бүтээгдэхүүн гарган авах боломжтой байх, тийм үү?

-  Хөмүүл нь эмийн биш ч биологийн идэвхт нэгдлүүдтэй хүнсний ургамал тул хүнс-эмийн гэсэн нэршилтэй ургамал. Биологийн идэвхт нэгдлийг эм гээд ойлгоход учир дутагдалтай. Тиймээс эм хийх бус, харин урьдчилан сэргийлэх  хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. 

- Хөмүүлтэй адил Монголын бусад унаган ургамлын тухай судалгаа хэр хийгддэг бол?

- Монголын бусад эндемик буюу унаган ургамлуудын хувьд биологийн идэвх сайтай, ерөнхийдөө эмийн ургамал гэж үзнэ. Тэгэхээр эмийн ургамлуудын судалгааг бол анагаахын сургууль дээр эсвэл, Биологийн байгалийн нэгдлийн их сургуулиудад нэлээд хийж байгаа.