Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

1,000 инженер бэлтгэх зорилт тавьсан “Инженер технологийн дээд боловсрол” төсөлтэй танилцсан нь

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 11 сарын 29
iKon.MN

Япон улсаас Монгол Улсын хөгжилд зориулан олгодог тусламжийг 1977 оноос олгож эхэлжээ. 

Түүнээс хойш 2019 оны гуравдугаар сарын байдлаар нийт 542 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлээд байна. Мөн үргэлжилж буй хэд хэдэн төсөл байгаагийн нэг нь “Инженер технологийн дээд боловсрол” юм. 

 
Гэрэл зургийг mpa.mn

1,000 инженер, мэргэжилтэн бэлтгэх зорилт тавьсан энэхүү төсөлтэй танилцах аяллыг өнөөдөр Япон Улсын Элчин сайдын яамнаас зохион байгууллаа. 

Уг төсөл нь Монгол, Япон хоёр орны стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд, Монгол Улсын Засгийн газар болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын иенийн хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт үндэслэн хэрэгжиж байна. 

Нийт өртөг нь 7.5 тэрбум иен бөгөөд 2014-2024 онд үргэлжилнэ.

Бидний эхний зогсоол Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Хичээлийн нэгдүгээр байр байв. Энд Коосэн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тодорхой шалгуурыг хангасан шалгуулагч 1.5 жилийн хугацаатай “Бэлтгэл Коосэн” хөтөлбөрт суралцдаг.

Төсөлд хамрагдаж, Японы сургуулийг төгссөн иргэд эх орондоо эргэн ирж, таваас доошгүй жил ажиллах ёстой 
 

"Инженер технологийн дээд боловсрол" төслийн хүрээнд нийт 200 оюутныг Коосэн сургалтын хөтөлбөрт хамруулан Японы Коосэн сургуульд шилжүүлэн суралцуулахаар төлөвлөжээ.

Тавигдах шаардлага:

  • Элсэлтийн ерөнхий шалгалтад математик, физикийн хичээлээр тус бүр 650-аас дээш оноо авсан байх
  • Төслийн сорилд 50 хувиас дээш амжилт үзүүлсэн байх
  • Хэрэв инженер, технологийн чиглэлээр суралцаж байгаа бол голч дүн 3.0 ба түүнээс дээш байх ёстой юм.

Эдгээр шаардлагыг хангасан 83 оюутан одоогоор ШУТИС-д байрлах "Бэлтгэл коосэн"-д хамрагдан суралцаж байна. Тэд япон хэлний бэлтгэлд хамрагдахын хамт физик, хими, математикийн хичээлээ япон хэл дээр судалдаг аж. 1.5 жилийн хугацаанд суралцсанаар Японы сургуульд суралцах эрхийн шалгалтад тэнцвэл үргэлжлүүлэн гурван жил Японы сургуульд шилжин суралцах эрхтэй болж, ирээдүйн чадварлаг инженер болох зорилгодоо ойртоно гэсэн үг.

Танилцах аяллын баг “Бэлтгэл Коосэн” хөтөлбөрийн сургалтын танхимд зочлоход оюутнууд лего робот бүтээж, комманд гүйцэтгүүлэх дадлага хийж байв. Тэд саяхан шалгалтаа өгчээ.

Тэнцсэн хариу авбал сургуулиа төгсөөд эх орондоо ирж, таван жил ажиллах хатуу нөхцөлтэйгөөр гуравдугаар сард Япон улсыг зорьцгооно. 

Д.Намсрай: 10 жилийн хугацаанд Япон улсад 1,000 хүнийг сургах зорилготой

“Инженер технологийн дээд боловсрол” төслийн зохицуулагч Д.Намсрай “Энэхүү төслөөр өндөр ур чадвартай инженерүүдийг бэлтгэх, багшлах нөөцийг олон улсын зэрэгт хүргэх, ШУТИС-ийн зарим хөтөлбөрийг Японы сургуулиудын хөтөлбөртэй дүйцүүлэх зорилго тавин ажиллаж байна.

Нийтдээ 10 жилийн хугацаанд Япон улсад 1,000 хүнийг сургах зорилготой. Төсөлд хамрагдан Япон улсад суралцаж буй оюутнуудын эхний ээлжийн 25 хүн төгсөж ирээд, эх орондоо ажиллаж байна. Мөн магистр, докторын зэрэгт 90 хүн суралцаж байгаагаас 40 нь төгсөж ирээд ШУТИС, МУИС-д багшилж байгаа” гэлээ.

Түүнчлэн “Инженер технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд хийгдэж буй ажлын нэг нь Сургалтын болон судалгааны тоног төхөөрөмж худалдан авах юм. Нэгдүгээр ээлжийн тоног төхөөрөмжүүдийг ШУТИС-ийн лабораторид суурилуулсан бол хоёрдугаар ээлжийн төхөөрөмжүүдийг ирэх оны сүүлээр хүлээн авч МУИС-д хүлээлгэн өгнө хэмээн төслийнхөн ярив. Эдгээрийн үнэ нь 30 орчим тэрбум төгрөг болох ажээ.

Танилцах аяллын баг ШУТИС-ийн төв байрнаас хөдөлж, шинэ тоног төхөөрөмжүүд суурилуулсан ШУТИС-ийн төв лабораторийг зорилоо.

Д.Сүнжидмаа: Үнс бол барилгын материалын үнэт түүхий эд
 

Тус лабораторид дээрх төслийн хүрээнд барилгын материалын чиглэлийн судалгаа явуулахаар нийт 2.3 тэрбумын үнэ бүхий 12 төрлийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан байна. Энд ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн магистр, докторын зэргийн оюутнууд судалгаа хийхээс гадна улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагууд захиалгаар судалгаа хийлгэх боломжтой аж.

ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн Хүрээлэн байгаа орчны инженерийн салбарын дэд профессор, доктор, Монгол Улсын зөвлөх инженер Д.Сүнжидмаа лабораторио сэтгүүлчдэд танилцуулав.

 

Тэрбээр “Олон улсын түвшинд хүрсэн лаборатори учир судалгаа шинжилгээ хийхийн тулд заавал гадагш явах шаардлагагүй болсон. Одоогийн байдлаар лабораторид эрс тэс уур амьсгалыг тэсвэрлэх чадварын туршилтууд хийж байна.

Нэгдүгээр төхөөрөмжид хүйтнийг тэсвэрлэх чадварыг шалгаж буй бол хоёрдугаар төхөөрөмжид ус, чийгэнд хэр тэсвэртэй байгааг нь тодорхойлохоор ажиллаж байна. Ингэснээр гүүр, бохир зайлуулах шугам, замын хашлаганы бетон зэргийг хийх материалыг оновчтойгоор шийдэх боломжтой” гэлээ.

Лабораторид хийгдэж буй өөр нэг сонирхолтой туршилт нь үнсийг барилгын материалд хэрхэн ашиглах тухай байв. 

 

Энэ талаар доктор Д.Сүнжидмаа “Үнс бол орчны бохирдол үүсгэдэг гол зүйлсийн нэг болж. Гэтэл нөгөө талаар үнс нь барилгын материалын чухал түүхий эд. Манайхаас бусад улсад үнсээр бордоо, барилгын материал хийх зэргээр олон төрлөөр ашигладаг. Харин манайд байдал өөр. Ердөө нэг жилд III цахилгаан станц дангаараа 300,000 тонн үнс гаргадаг. Одоо тэнд үнсээ хадгалах газаргүй болж байна. Маш үнэтэй баялаг тэнд байна гэсэн үг.

Бид тодорхой судалгааг хийж, технологиудаа бэлэн болгосон. Харин үйлдвэрлэлтэд нэвтрүүлэхэд төрийн бодлого, дэмжлэг шаардлагатай. Хууль, эрх зүйн орчин сайжирч, бодлогод сууж байж энэ нь хөгжинө. Үнс ашиглах нь ногоон технологи. Тиймээс ногоон технологи хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүд хөнгөлөлт авах ёстой гэж боддог” хэмээлээ.

Энэ хүрээд танилцах аялал өндөрлөв.

Япон улсын иенийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй "Инженер технологийн дээд боловсрол" төсөл нь коосэн сургалтын хөтөлбөрөөр дамжуулан бакалаврын өмнөх түвшний мэдлэгийг олгох, магистр, докторын зэргийн суралцагчдад хамтарсан судалгаа хийх, дотоодын лабораториудын тоног төхөөрөмжийг шинэчлэх зэргээр иж бүрэн хөтөлбөртэй төсөл болж байна. 

Өөрөөр хэлбэл, дээрх төслийнхөн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх, суурь судалгааг чанаржуулах замаар шинжлэх ухаан, технологийн салбарыг шинэчлэхийг зорьж буй юм.