Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүүхдийн хатгалгааг биеийн дулаан, амьсгалын тоо болон зүрхний цохилтын тоог ашиглан илрүүлсэн"

Б.Бүлтэн, ikon.mn
2019 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

“Инженер технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон улсад суралцсан, 2019 оны төгсөгчдийн судалгааны ажлыг олон нийтэд таниулах зорилгоор “1,000 инженер нээлттэй илтгэл” арга хэмжээг хоёр дахь жилдээ ШУТИС-ийн Төв номын санд Баасан гарагт зохион байгууллаа. 

БСШУСЯ-ны захиалгаар хэрэгжиж буй төслийн гол зорилго нь инженерийн чиглэлийн мэргэжлийн багшлах хүчний нөөцийг олон улсын зэрэгт хүлээн зөвшөөрүүлэх хэмжээнд хүргэх, шинжлэх ухааны чиглэлийн инженерийн зарим мэргэжлийн хичээлийг Японы Коосэн их, дээд сургуулиудтай дүйцүүлэх, мөн хоёр сургуулиас Япон улсын профессоруудтай 20 сэдвээр хамтарсан судалгаа хийх юм. 

Арван жилийн хугацаанд Коосэн болон хос дипломтой бакалаврын хамтарсан хөтөлбөр, хамтарсан судалгаа /магистр, доктор, зэргийн бус хөтөлбөр/-ны хөтөлбөрүүдээр 1,000 орчим инженерийн мэргэжилтнүүдийг Японд урт, богино хугацаагаар сургах, мэргэжил олгох зорилго бүхий уг хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойших таван жилийн хугацаанд 550 багш, судлаач, оюутныг хамруулжээ.  
МУИС, ШУТИС-ийн эрдэмтэн, судлаач багш нар, төслийн хамтарсан судалгааны багийн судлаачид болон төслийн хүрээнд суралцаж буй оюутан, залуус тус арга хэмжээнд оролцлоо. 

Энэ онд Японд суралцаж төгссөн долоон магистр, долоон доктор, мөн зэргийн бус хөтөлбөрт суралцсан есөн судлаач микроэлектроник ба тооцоолон бодох шинжлэх ухаан, шинэ материал нөөцийн технологийн инженерчлэл, дэвшилтэт материалын судалгаа, автоматжуулалт системийн инженерчлэл, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, цэвэр эрчим хүчний судалгаа зэрэг сэдвүүдээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.    

Монгол, Японы эмнэлгүүдэд хийсэн бодит туршлага

 
Гэрэл зургийг MPA.mn

Токио Метрополитаны Их Сургуульд “Амин үзүүлэлтэд суурилсан машин сургалт хэрэглэсэн анагаахын скрининг системүүдийн хөгжүүлэлт болон тэдгээрийн эмнэлгийн хэрэглээ” гэсэн сэдвээр докторын зэрэг хамгаалсан МУИС-ийн лаборант Д.Сумъяаханд  “Монгол Улсад тулгамдаж буй асуудлууд болох агаарын бохирдол, эмнэлгийн хэрэгцээ, эмнэлгийн ажилчдын ачааллыг бууруулах зэрэгт бага ч гэсэн нэмэр болъё гэсэн санаатай Япон улсыг зорьсон. Манай улсын хэмжээнд анагаах болон инженерчлэлийн салбарын судлаачид тус тусын эрдэм шинжилгээний ажлуудаа хийж байгаа ч анагаахын инженерчлэлийн хосолсон чиглэл хараахан хөгжөөгүй байгаа.

Японд очоод тухайн лабораторийн хамрах хүрээ, нөөц болон манай улсад тулгамдаж буй өвчлөлүүд зэргээс хамааруулж үзээд томуу, хүүхдийн хатгалгаа, сэтгэл гутрал зэрэг өвчнийг илрүүлэх систем дээр гурван жилийн турш ажилласан. Энэхүү судалгааны хүрээнд шуурхай, хямд өртгөөр хэрэгжүүлж болох “санамсаргүй модны арга”-д суурилсан системийг судалж Монгол, Японы эмнэлгүүдэд хийсэн бодит туршлагаар баталгаажуулсан.

Томуу болон хүүхдийн хатгалгааг биеийн дулаан, амьсгалын тоо болон зүрхний цохилтын тоог ашиглан илрүүлсэн бол сэтгэл гутралыг илрүүлэх систем нь зүрхний цохилт болон зүрхний цохилтын хувьсагчууд ашигласан. Манайх “1,000 инженер” төслийнхөө хүрээнд хэрэгцээтэй багаж төхөөрөмжөө аваад Японд хийж байсан судалгаагаа үргэлжлүүлээд хийх боломжтой” хэмээн тайлбарлалаа.

Ирэх оны сүүлд хоёрдугаар ээлжийн хөрөнгө оруулалтаар МУИС-д тоног төхөөрөмж суурилуулна

 
Гэрэл зургийг MPA.mn

Хамтарсан судалгааны хүрээнд Монгол дахь их сургуулиудын судалгааны орчин, нөхцөлийг сайжруулах, лабораторийн тоног төхөөрөмжийг хамтарсан судалгааны үйл ажиллагаатай уялдуулан шинэчлэх талаар төслийн зохицуулагч Д.Намсрай “Сургалтын болон судалгааны тоног төхөөрөмж оруулж ирэх хөтөлбөрийн хүрээнд 1.6 тэрбум иен буюу 30 гаруй тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг авчирснаар  өндөр технологийн боловсронгуй лаборатори дээр оюутан судлаачид ажиллах боломж бүрдэх юм. Эхний ээлжинд 6.5 сая долларын тоног төхөөрөмжийг ШУТИС-ийн судалгааны лабораторид оруулсан. Ирэх оны сүүлд хоёрдугаар ээлжийн хөрөнгө оруулалтаар МУИС-д тоног төхөөрөмж суурилуулна” гэв.

Эл хөтөлбөрийн Коосэн сургуулийн эхний 25 төгсөгч өнгөрсөн гурван сард эх орондоо ирээд мэргэжлээрээ ажиллаж байна. Магистр, докторын зэргийн хөтөлбөрт нийт 94 хүн хамрагдсаны 40 нь буюу 16 доктор, 24 магистр төгсөж ирээд МУИС, ШУТИС-д багшилж байгаа юм байна.