Барилга тойрсон балаг дуусахгүй юм даа. Дахиад л хэрэг манджээ.
Элитүүд амьдардаг гэх “Маршал таун” хотхоныг “Эко констракшн” компани барьсан.
Гэтэл уржигдар шөнө энэ хорооллын хүйтэн ус дамжуулах хоолой задарч, ойролцоох автозамыг мөсөн гулгуурын талбай болгож орхижээ.
Тус хотхоныг усаар хангадаг хоолой газар доогуур нэлээд урт үргэлжилж, “Дүнжингарав” хорооллын баруун талаар өнгөрч гардаг байна.
Гэтэл “Дүнжингарав” хорооллын баруун хаалганы хажууханд тус шугам задарч, 103, 104 дүгээр байрны гарааш усанд автсан.
Мөн тус хорооллоос хойшоо Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн урд уулзвар хүртэлх зам халтиргаа гулгаатай болсон талаарх мэдээлэл манай сонинд ирсэн юм. Мэдээллийн дагуу сурвалжлахаар өчигдөр бага үдийн хэрд “Маршал таун”, “Дүнжингарав” хороололд очлоо.
“Дүнжингарав” хотхоны хамгийн баруун захын барилга болон 103 дугаар байрны хажуугаар барьсан төмөр хашааг эвдэж эксковатор оруулан газар ухаж байв. “Таун комфорт” ХХК гэсэн ногоон хувцастай хүмүүс тэнд ажиллаж байлаа.
Тэднээс “Маршал таун”-ы шугамын хоолой мөн эсэх, ямар гэмтэл гарсан зэргийг тодруулах гэтэл ямар ч хариулт өгсөнгүй. Бусдаасаа зайдуу зогсч байсан нэгийнх нь хэл амыг сугалах шахам байж “Маршал тауны хүйтэн усны хоолой цочир хүйтэрснээс болж задарсан. Одоо засаад дуусч байна. Бид “Эко констракшн”-ы ажилчид” гэсэн хэдхэн үг унагаж чадсан юм.
Бид 103 дугаар байрны доод талын гарааш руу орох гэтэл хаалгыг нь янгинатал түгжчихэж. Усанд автсан гэх гарааш руу нь орж чадаагүй учраас оршин суугчдаас нь болсон явдлыг тодрууллаа. Тэдний ярьж буйгаар ийм явдал гарсан нь анхных биш гэнэ.
103 дугаар байранд таван жил амьдарч байгаа гэх нэг оршин суугч “Ийм явдал дөрөв, таван удаа болж байна. Хамгийн сүүлд сар гаруйн өмнө одоогийн ухаж байгаагийн хойхно талд хагарч, “Эко констракшн”-ыхан ирж зассан. Манай байрны хаяагаар урд талын “Маршал таун”, “Эко” хотхоны усны хоолойнууд явдаг. Тэр нь байсхийгээд л задарч, ухаж төнхдөг” хэмээн ярив.
Мөн тус байрны нэгдүгээр давхарт амьдардаг Ч.Бүдээ ийн ярив. Тэрбээр “Өчигдөр /уржигдар/ шөнө усны шугамын хоолой задарч, гарааш руу ус орсон гэсэн. Өглөө машинаа гаргаж чадаагүй. Гарааш руу орох гэтэл бараг хөлийн шилбээр татахуйц ус байсан. Шугам хоолой задарч ус алдах хэвийн үзэгдэл болсон доо. Энэ удаад соруулсан арга нь үнэхээр тэнэг.
Гараашид орсон усыг шавхахдаа бетонон шалны нэг хэсгийг алх, лантуугаар нүдэж цоолж доош нь гоожуулсан байгаа юм. Би барилгын мэргэжилтэй хүн биш л дээ, гэхдээ хар ухаанаар бодвоос барилгын суурь хавтангийн доогуур хэчнээн тонн ус гоожуулчихаар ямар хэрэг байх вэ дээ. Доошоо суулт өгнө. Дараа ус алдвал дахиад л тэр цоорхойгоор нь доошоо нэвчинэ шүү дээ.
Уг нь барилгын суурийг ус, чийг нэвтрэхээргүй байлгахын тулд ямар ч ан цавгүй битүүмжилсэн маягтай хийдэг. Гэтэл түүнийг хүчээр цоолж, ан цав гаргана гэдэг байж боломгүй юм. Өнөө өглөө ортол түүгээс цемент зуураад бөглөчихсөн байна билээ. Гэхдээ л нөхөөс бол нөхөөс шүү дээ. Ус доош нэвчинэ л гэсэн үг” хэмээн ихэд бухимдангуй ярив.
Гарааш руу гаднаас нь ордог хаалга түгжээтэй байсан тул Ч.Бүдээг дагаж орцны дотор талаас нь оров. Дотор нь орц, гараашийн жижүүр, СӨХ-ныхон бололтой хүмүүс хогийн тосгуураар шалан дээрх усыг шавхаж байв.
Тэд өөрсдийгөө танилцуулахыг хүсээгүй ч “Өчигдөр /уржигдар/ ус сорох машинаар соруулсан, үлдсэнийг нь бид шавхаж байна. Одоо хүртэл дуусаагүй л байна” гэлээ. Ч.Бүдээ бидэнд өнөөх цоолсон нүхийг үзүүлэв. Нээрээ л бүдүүхэн резинэн хоолой оруулах хэмээний нүх гаргаж цоолоод түүнийгээ цементэлсэн нь мэдэгдэж байв. Тэр нүхнээс хэдэн тийш салаалан шал нь цуурсан байлаа.
“Дүнжингарав”-ын оршин суугчид сарын өмнө хоолойд гэтэл гарч, ус алдсан гэж ухахдаа хүйтэн усандаа зуурагдсан хөлдсөн цемент шиг хатуу шороогоороо буцаан булсан. Сая гэмтэл гараад нүх ухахад эксковатор нь бараг дийлэхгүй шахам байсан. Ойролцоох барилгуудад доргилт мэдрэгдсэн. Энэ мэтээр орон сууцанд хүртэл халгаатай зүйл хийж байна.
Уг нь ухалт хийчихээд буцааж бөглөхдөө хэлдүү шороог нь өөр тийш зөөж, шинэ хуурай шороогоор булах хэрэгтэй байдгийг ч оршин суугчид ярьж байсан. Мөн байсхийгээд л ус алддаггийг нь мэдсээр байж, оршин суугчдаас СӨХ-ны хураамж гэж авдаг мөнгөнөөсөө ус соруулах багажавч, гараашны хаалган дээр багахайн өндөрлөгөө хийх хэрэгтэй хэмээн шүүмжилж байв.
Харин хэргийн эзэн хэнгэргийн дохиур “Маршал таун”-д очиход, иргэд нь “Манайд халуун, хүйтэн ус тасраагүй юу ч мэдрэгдээгүй” хэмээж байлаа. Харин тус хотхоны СӨХ-ны дарга эзгүй байв.
Харин тус хотхоны хашаанд “Эко констракшн”-ы оффис байдаг юм билээ. Үйлдвэрлэлийн алба, дэд захирал Л.Энхтуяа гэсэн хаягтай өрөөнд ортол “Хаанаас явж байна. Яах гэж байна” гэх зэргээр шалгааж, эвэртэй туулай үзсэн мэт сандралдах юм. Зорилгоо хэлтэл, манай шугам хагараагүй гэж улайм цайм мэлзэв. Тэгсэн хэрнээ тэнд байсан хүмүүс “Дүнжингарав”-ын дэргэд байсантай адил “Таун комфорт” ХХК гэсэн хувцастай юм.
Танай ийм хувцастай хүмүүс тэнд ажиллаж байсан шүү дээ гэхэд “Шугамын гэмтэл гарсан газар гурван компани хамтран ажиллаж байгаа. Ганц манайх биш. Өөр мэдээлэл өгөхгүй” гэсээр бараг хөөх шахам өрөөнөөс гаргав.
Тэр хотхонд явж байсан слесариуд нь хүртэл даргаас асуу, бид мэдээлэл өгөхгүй хэмээв. Дарга, цэрэггүй мэдээлэл өгөхөөс татгалзаж, зугтаж байгааг нь харвал “Маршал таун”, “Эко констракшн”-ы балаг болох нь тодхон байв. Юутай ч баячуудын хорооллын балаг ойр орчнынхондоо халгаатай байгааг хүмүүс ярьж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|