Долоохон хоногийн өмнө болсон "Эрсдлийн удирдлагын форум"-аар хэлэлцэж байсанчлан Монгол Улс эдийн засгийн нэг том эрсдэлтэйгээ нүүр тулж байх шиг. Учир нь өчигдөр нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Дубайн гэрээг байгуулахтай холбоотой Ч.Сайханбилэгийн Засгийн газрын дөрвөн захирамжийг хүчингүй болгох шийдвэр гаргасан юм.
Тус форумаар Монголын эдийн засгийн өмнө тулгамдсан хамгийн том эрсдэлд гадаад худалдааны дайн болон "Оюу толгой" төслийг онцолсон.
Энэхүү мега төсөл зогсвол ямар нөхцөл үүсэж болох талаар мэргэжлийн хүмүүс хэлэлцэхдээ дөрвөн жилийн давтамжтайгаар олон нийтэд таалагдах гэсэн улстөрчдийн үндэслэлгүй яриа, дайралтаас болоод "Оюу толгой" төслийн явц удааширсаар байгааг сануулж байв.
“Оюутолгой” төсөл хэрэгжсэнээр Монгол Улсад чухар ямар үр өгөөж бий болгосон талаар МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэн хоёр жилийн турш судалсан үр дүнгээсээ танилцуулсан юм.
- 2009-2017 онд Монгол Улсын экспорт 3.2 дахин нэмэгдсэний дотор зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 2.46 дахин, үнийн дүн 3 дахин өсчээ.
- Уул уурхайн салбрын мэргэжилтэй ажиллагчдын 32.6 хувийг ОТ компани бэлтгэж, энэ чиглэлийн ажилд 26.6 сая ам.доллар зарцуулсан байна.
- Монгол Улсын орон нутгийн нийт нислэгийн 55% нь Ханбумбатаар дайрч байна.
- Ус ашигласны төлбөрт зөвхөн 2017 онд 15.4 тэрбум төгрөг төлсөн.
- Орон нутгийн хөгжлийн хүрээнд 92 төсөлд 533.3 сая ам.доллар зарцуулсны дийлэнх хувь нь соёлын өвийг хадгалахад чиглэжээ.
- Тус компани 2010-2017 онд 9.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсний 1.1 хувь нь дэд бүтцэд зориулагдсан.
“Оюутолгой” төслийн бодит худалдан авалт 1%-аар нэмэгдэхэд Монгол Улсын татварын бодит орлого 0.47 хувиар, харин бодит ДНБ дунджаар 0.034 хувиар тус тус өсөхөөр үнэлжээ.
График 2. Монгол Улсын нийт татварын орлогод эзлэх ОТ-н татвар, хураамж(хувиар)
Харин төслийг хэрэгжүүлээгүй бол
- 2010-2017 онд төсөл хэрэгжээгүй тохиолдолд 8 жилийн дунджаар татварын орлого 37 хувиар бага байхаар байжээ. Үүнийг өндөр татвар төлж эхэлсэн 2013 оноос тооцож үзвэл 2017 он хүртэлх 5 жилийн хугацааанд татварын орлого дунджаар 55 хувиар бага байхаар байв.
- Өмнөговь аймгийн эдийн засгийн өсөлт 2000-2017 онуудад дунджаар 5.5 хувь, харин ОТ төсөл хэрэгжсэнээр тус онуудад эдийн засгийн өсөлт дунджаар 11 хувь хүрчээ. Эндээс үзэхэд ОТ төсөл хэрэгжсэнээр Өмнөговь аймгийн эдийн засгийн өсөлт 2000-2017 онуудад дунджаар хоёр дахин өсчээ.
Товчхондоо төсөл зогсвол эдийн засаг хасах утга руугаа хамгийн хурднаар шилжинэ гэдгийг МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал Х.Цэвэлмаа танилцуулав.
График 3. Бодит ДНБ-ий ОТ төсөл хэрэгжсэн ба (хэрэв) хэрэгжээгүй үеийн төсөөлөл 2014-2017
"Оюу толгой" төслийн ханган нийлүүлэгч, хамтран ажиллагч аж ахуйн нэгжүүдээр дамжаад Монгол Улс, Улаанбаатар хотын хөгжил, иргэдийн амьдралд хувь нэмэр нь ийнхүү бууж байгаа гэсэн үг.
Харин энэ том хөдөлгөгч хүчийг гацаах нь маш том эрсдэл гардгийг Х.Цэвэлмаа хэлж байв.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!