Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн эрсдлийн төлөөсөнд иргэдийн халааснаас 866 тэрбум төгрөг гарчээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эрсдлийн улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан санхүүгийн ШУУД ХОХИРОЛ 2018 онд 1.16 их наяд төгрөгт хүрснээс 75 орчим хувийг эрүүл мэндэд учирсан хохирлын зардал эзэлжээ.

Аливаа өвчлөл болон осол гэмтлээс шалтгаалж монголчууд 2017 онтой харьцуулахад 99 тэрбум төгрөгөөр илүү буюу 866 тэрбум төгрөгийн хохирлыг 2018 онд амссан гэсэн үг. 

График 1. Хүн амын дунд тэргүүлэх өвчлөл (10,000 хүн амд)

Энэ бол монгол хүн бүрийн өмнө учраад буй эрсдэл. 

Харин Монгол Улсыг том зургаар нь харвал эдийн засгийн хамгийн том эрсдэл нь хоёр том гүрний худалдааны дайн. 

Хэрэв АНУ, БНХАУ-ын хооронд өрнөж буй худалдааны дайны нөлөөгөөр Хятадын эдийн засаг эрчимтэй саарвал яах вэ.

Үүнээс болоод урд хөрш маань манай улсаас нүүрс, зэс, төмрийн хүдэр авахаа зогсоовол яах вэ? Үнэхээр ийм зүйл болбол дор хаяж 6 тэрбум ам доллар буюу 16.2 их наяд төгрөг шууд алга болно гэсэн үг. Уул уурхайн компаниуд орлогогүй болбол туслан гүйцэтгэгч компаниуд эрсдэлд орж, цалингаа тавихаа болино. Улмаар цалингийн зээл олгосон банкууд санхүүгийн эрсдэлд орно, цаашлаад улс орон даяар эдийн засаг савлана. Ийм том нөлөөтэй байдаг.

Түүнээс гадна түүхий эдийн үнэ буурах хандлагатай байгааг олон улсын санхүүгийн байгууллагууд сануулсаар байгаа. Харин үүнийг тооцоолохгүйгээр, эсвэл тооцоолохыг хүсэлгүй Монгол Улсын 2020 оны төсвийг Засгийн газар хэт өөдрөгөөр төсөөлөн зураглаж, өнөөдөр хэлэлцэх гээд сууж байна. Учир нь 2020 он бол сонгуулийн жил. 

Энэ бол Монгол Улсын дотоод улс төрийн эрсдэл.

Гэтэл эрсдлийн боловсрол манай улсад хавтгайдаа дутуу дулимаг байна. 

Бид хүүхдүүддээ математик, түүх, уран зохиол заадаг хэрнээ дунд сургуульд эрсдэл хэмээх, амьдралын хамгийн чухал зүйлийг төрийн байгууллагыг ч, хувийн байгууллагыг ч тэр удирдаж байгаа хүмүүст эрсдлийн ойлголт алга.

Магадгүй Пифагорийн теоромыг амьдралдаа нэг ч удаа хэрэглэхгүй байх магадлал 99% бол эрсдэлтэй хүн бүхэн нүүр тулдаг. Гэтэл эрсдлийн ойлголтгүй учраас аль ч түвшиндээ ямар ч бодлогогүй үйл хөдлөл хийдэг хэмээн “Мандал даатгал” компанийн ТУЗ-ийн дарга Ө.Ганзориг өнөөдөр 10 дахь жилдээ зохион байгуулж буй “Эрсдлийн удирдлагын форум”-ын үеэр хэлсэн юм. 

Тийм ч учраас энэ жилийн форумаараа Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгж эрсдлийн соёлд суралцаж, эрсдэл хэмээх мэдлэгийг түгээж, эрсдлээ удирддаг нэгжтэй болохыг уриалж байгаа юм байна. 

Монгол Улс эрсдлээ бүрэн тооцохгүй байгаагаас их хэмжээний хохирол амсаж байсан бөгөөд амссаар ч байна.

Оюутолгой, Тавантолгой гэж байхгүй, Монгол Улсыг “Эрдэнэт” хэмээх ганц үйлдвэр тэжээж байх үе буюу 2009 онд төсвийн алдагдал 330 тэрбум төгрөгт хүрч, ОУВС-ийн 220 сая долларын хөтөлбөрт орж байв. Энэ нь 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралаас үүдэлтэй. 

Тухайн үед бид буюу “Санхүүгийн зах зээлийн холбоо” олон улсын хямрал эхлэх нь ойлгомжтой бөгөөд зэсийн үнэ унах эрсдэл байна. Тиймээс 9,000 ам.доллар даваад байсан зэсийн ханшаа хамгаалж, даатгалын хэлцэл хийх саналыг Сангийн яам, “Эрдэнэт үйлдвэр”-т  санал хүргүүлж байв. Харамсалтай нь бидний саналыг огт авч хэлэлцээгүй, шүүгээндээ хийгээд мартсан.

Удалгүй зэсийн ханш 2,700 ам.долларт хүрснээр манай улс төсвийн 330 тэрбум төгрөгийн алдагдалд орж, валютын нөөцөө шавхаж, төгрөгийн ханш суларч, ам.доллар 1,700 төгрөг хүрч байсан түүх бий. Хэрэв биднийг сонссон бол Монгол Улс түүхий эдийн ханшаа хамгаалж, үлгэр жишээ орон болох байв. Нөгөө талаар эрсдэл нь удирдахад хэцүү зүйл биш гэдгийг энэ жишээ харуулдаг. Эрсдэл байгаа тохиолдолд тэрийг хэмжиж, тооцож, удирдвал үр дүнд нь ард түмэн хохирол амсдаггүйхэмээн Ө.Ганзориг ярилаа. 

“Оюутолгой” төсөл зогсвол эдийн засаг хасах утга руу тэмүүлнэ

 
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын хувьд тулгамдаад байгаа бас нэг том эрсдэл нь мега төслүүд. Тэр дундаа “Оюутолгой” төсөл.

Дөрвөн жилийн давтамжтайгаар олон нийтэд таалагдах гэсэн улстөрчдийн үндэслэлгүй яриа, дайралтаас болоод уг төслийн хугацаа хойшилсоор байгаа. 

Тэгвэл “Оюутолгой” төсөл хэрэгжсэнээр Монгол Улсад чухар ямар үр өгөөж бий болгосон талаар МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэн хоёр жилийн турш судалсан үр дүнгээсээ танилцуулав. 

  • 2009-2017 онд Монгол Улсын экспорт 3.2 дахин нэмэгдсэний дотор зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 2.46 дахин, үнийн дүн 3 дахин өсчээ. 
  • Уул уурхайн салбрын мэргэжилтэй ажиллагчдын 32.6 хувийг ОТ компани бэлтгэж, энэ чиглэлийн ажилд 26.6 сая ам.доллар зарцуулсан байна. 
  • Монгол Улсын орон нутгийн нийт нислэгийн 55% нь Ханбумбатаар дайрч байна. 
  • Ус ашигласны төлбөрт зөвхөн 2017 онд 15.4 тэрбум төгрөг төлсөн. 
  • Орон нутгийн хөгжлийн хүрээнд 92 төсөлд 533.3 сая ам.доллар зарцуулсны дийлэнх хувь нь соёлын өвийг хадгалахад чиглэжээ. 
  • Тус компани 2010-2017 онд 9.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсний 1.1 хувь нь дэд бүтцэд зориулагдсан. 
“Оюутолгой” төслийн бодит худалдан авалт 1%-аар нэмэгдэхэд Монгол Улсын татварын бодит орлого 0.47 хувиар, харин бодит ДНБ дунджаар 0.034 хувиар тус тус өсөхөөр үнэлжээ. 

График 2. Монгол Улсын нийт татварын орлогод эзлэх ОТ-н татвар, хураамж(хувиар)

Харин төслийг хэрэгжүүлээгүй бол 

  • 2010-2017 онд төсөл хэрэгжээгүй тохиолдолд 8 жилийн дунджаар татварын орлого 37 хувиар бага байхаар байжээ. Үүнийг өндөр татвар төлж эхэлсэн 2013 оноос тооцож үзвэл 2017 он хүртэлх 5 жилийн хугацааанд татварын орлого дунджаар 55 хувиар бага байхаар байв.
     
  • Өмнөговь аймгийн эдийн засгийн өсөлт 2000-2017 онуудад дунджаар 5.5 хувь, харин ОТ төсөл хэрэгжсэнээр тус онуудад эдийн засгийн өсөлт дунджаар 11 хувь хүрчээ. Эндээс үзэхэд ОТ төсөл хэрэгжсэнээр Өмнөговь аймгийн эдийн засгийн өсөлт 2000-2017 онуудад дунджаар хоёр дахин өсчээ. 

Товчхондоо төсөл зогсвол эдийн засаг хасах утга руугаа хамгийн хурднаар шилжинэ гэдгийг МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал Х.Цэвэлмаа танилцуулав. 

График 3. Бодит ДНБ-ий ОТ төсөл хэрэгжсэн ба (хэрэв) хэрэгжээгүй үеийн төсөөлөл 2014-2017

ОТ төслийн ханган нийлүүлэгч, хамтран ажиллагч аж ахуйн нэгжүүдээр дамжаад Монгол Улс, Улаанбаатар хотын хөгжилд хувь нэмэр нь ийнхүү ирж байгаа гэсэн үг. 

Харин энэ том хөдөлгөгч хүчийг гацаах нь маш том эрсдэл гадгийг тэрбээр хэлсэн юм. 



Эдгээрээс гадна байгалийн, нийгмийн эрсдлүүд байгааг “Мандал даатгал” судалсан байна. Ямартай ч Үндэсний суурь эрсдлийн индекс 2018 онд 4.8 буюу өмнөх онтой ижил түвшинд байгаа ч учирч буй хохирлын үнэлгээ өссөөр байгаа ажээ.

График 4. Үндэсний суурь эрсдлийн индекс
 

Ялангуяа, индексийн утга сүүлийн гурван жилд дараалан буурсан ч 2008 оны түвшинтэй ижил байна. Энэ нь сүүлийн 10 жилд монголчуудын амьдралын хэв маяг эрчимтэй өөрчлөгдөж, иргэд ААЖ-үүд дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж буй ч хүрээлэн буй орчинд байгаа эрсдэл буураагүй, бодитоор оршсоор байгааг харуулж буй хэлбэр гэдгийг "Эрдслийн удирдлагын форум" онцолж байна.

Арав дахь жилдээ болж буй "Эрсдлийн удирдлагын форум" зорилгоо биелүүлж, төрийн байгууллагууд бизнесийнхний анхаарлыг эрсдлийн боловсролд татаж чадаж байгааг төрийн болон хувийн хэвшлийнхний оролцооноос харж болно. Өнөөдрийн форум дээр л гэхэд Монголбанкны төлөөлө ирж, эдийн засгийн гадаад, дотоод эрсдлийг танилцуулж, хэлэлцүүлэгт оролцсон бол Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар уг форумаас санаа авч, эрсдлийн менежментийн нэгж бүтэцтэй болсон талаараа зохион байгуулагчдад хэлж байжээ. 

Ташрамд дурдахад, өнгөрсөн сард Монгол Улс Саарал жагсаалтад орсон шалтгааны нэгд эрсдлээ тооцох механизм дутмаг, зарим салбарт алга гэдгийг тайландаа онцолсон билээ. 

Фото: