Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

О.Мөнхсайхан: Гурван парламент дамжсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталлаа

Б.Номин-Эрдэнэ, Өдрийн сонин
2019 оны 11 сарын 18
Өдрийн сонин
Зураг зураг

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Ажлын дэд хэсгийн гишүүн О.Мөнхсайхантай ярилцлаа.

-Гурван парламент дамжиж яригдсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн нөр их ажил хэлэлцэн батлагдлаа. Ямар процессоор нэмэлт, өөрчлөлтийн ажил өрнөсөн талаар ярилцлагаа эхэлье?

-2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 64 гишүүний 100 хувийн саналаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг орууллаа.

Энэхүү нэмэлт, өөрчлөлт нь сүүлийн 20 жил яригдсан асуудлыг иргэдийн санаа бодлыг сонсож, судлаачдын санал, шүүмжийг тусгаж, улс төрийн намууд болон Ерөнхийлөгчтэй зөвшилцөн шийдвэрлэж байгаа.

Тодруулбал, 2000 онд Үндсэн хуульд оруулсан долоон нэмэлт, өөрчлөлтийн зургааг нь засан сайжруулсан. Гурван парламент дамжиж яригдсан сэдвүүдийн хүрээнд төсөл боловсруулсан. 2011, 2012, 2015 онуудад Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд өргөн барьж байсан. Энэ төслүүдэд хөндөж байсан.

Засгийн газрыг тогтвортой, үр нөлөөтэй болгох, УИХ-ын үйл ажиллагааг сайжруулах, шүүхийг хараат бус, шударга болгох зэрэг асуудал энэ парламентын үед ийнхүү шийдэгдэж байна.

Түүнчлэн, УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа иргэдийн санаа бодлыг сонсох уламжлалт болон орчин үеийн аргыг хослуулан хэрэглэсэн. Жишээлбэл, 2017 оны дөрөвдүгээр сард зөвлөлдөх санал асуулга хийсэн.

Санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 700 гаран иргэдэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах сэдвүүдийн хүрээнд эерэг, сөрөг талын үндэслэлүүдийг танилцуулж, мэдээлэлжүүлсний үндсэн дээр саналыг нь авсан.

Зөвлөлдөх санал асуулгын үр дүнд үндэслэж Үндсэн хууль оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулаад иргэдийн саналыг авах ажиллагаа 2017 оны зун, намар зохион байгуулсан. Энэ үеэр 330 орчим мянган иргэдийн саналыг амаар, цаасаар, цахимаар авсан байдаг. Мөн Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь мэргэжлийн шүүлтүүрээр шүүгдэж гарч ирсэн.

Хүний эрхийн үндэсний комисс, ШЕЗ, Хуульчдын холбоо зэрэг нийт 20 гаруй байгууллага саналаа ирүүлсэн. 10 гаруй эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан. Хувь судлаачид, шинжлэх ухааны докторууд, академичид экспертийн дүгнэлт гаргаж өгсөн.

Үүнээс гадна, MAH, AH, МАХН зэрэг тал талын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж дээрх санал, зөвлөмж, шүүмжийг тухай бүр тусган ажилласан.

Ийнхүү санал авах байдлаар төслийг эцэслэн боловсруулж УИХ-ын нэр бүхий 62 гишүүн энэ оны зургаадугаар сарын 6-ны өдөр өргөн барьсан. Үүний дараа ч УИХ-ын гишүүд тойргууддаа очиж төслийн үзэл баримтлалыг иргэдэд танилцуулсан бөгөөд энэ үеэр 30 шахам мянган санал цугларсныг харгалзан үзсэн байдаг. Дээд шүүх, Хуульчдын холбоо зэрэг байгууллага болон хувь судлаачид ч саналаа ирүүлснийг Ажлын хэсэг дээр хэлэлцэж тусгаж байсан.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа зөвшилцлийг хэр зэрэг хангасан бэ?

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьснаас хойш таван cap гаруй хэлэлцэж үндэсний зөвшилцлийг ханган батлагдлаа. Үндсэн хууль нэг талаас хууль зүй, нөгөө талаас улс төрийн буюу зөвшилцлийн баримт бичиг.

Энэ нэмэлт, өөрчлөлт улс төрийн гол намууд, инстүүцүүдэд хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Тиймээс, энэ УИХ зөвшилцлийг хангахын тулд чадах бүхнээ хийсэн гэж ойлгож байгаа.

Энэ оны долдугаар сарын 22-26-ны өдрүүдэд таван удаагийн хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулж Ерөнхийлөгч, АН, бусад нам, судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн саналыг төсөлтэй холбогдуулан сонссон. Зөвшилцлийн ажлын хэсгийг УИХ дахь намуудын төлөөллийг оролцуулан байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ахлуулсан.

Зөвшилцлийн ажлын хэсэг энэ оны 7, 8 дугаар сард ажиллаж хүрсэн үр дүнд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийсэн. Өнгөрөгч есдүгээр сарын 11-ний өдөр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах, АНСА явуулах тогтоол УИХ гаргасан боловч Ерөнхийлөгч хориг тавьсан. Үүнийг УИХ хүлээн авсан.

АН гуравдугаар хэлэлцүүлгээр тусгуулахаар гурван санал гаргаснаас Ерөнхий сайд кабинетаа өөрөө бүрдүүлэх гэсэн нэг санал нь батлагдсан.

Таван сарын турш Ерөнхийлөгч, АН, бусад намын саналыг тусгах үүднээс 62 гишүүний төсөлд зарим өөрчлөлт орсон ч гол агуулга нь хэвээр батлагдсан. Ерөнхийлөгч энэ оны долдугаар сарийн 16-нд санал, төсөл ирүүлснээс нийтдээ 15 саналыг нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгажээ.

АН-ын зөвлөлөөс энэ оны 7,8,10 дугаар сард саналаа ирүүлснээс 12 санал нь үзэл санаагаараа энэ нэмэлт, өөрчлөлтөд шингэсэн байна. АН УИХ-д хамгийн олон судалтай байх үед 2015 онд өргөн баригдсан төслийн 80 орчим хувь энэ нэмэлт, өөрчлөлтөд орсон.

УИХ-ын гадна буй намуудын санал ч тусгагдсан. Жишээлбэл, ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг заах, Шүүхийн сахилгын хороог бие даалган байгуулах, Ерөнхий сайд кабинетаа бүрдүүлэх заалтуудыг хасахгүй байх, нутгийн удирдлагатай холбоотой хэт олон асуудлыг авч үзэхгүй байх тухай ХҮН-ийн шаардлага биелэгдсэн.

Дүнгээр нь харвал, Үндсэн хуулийн 70 зүйлийн 19 зүйл, 36 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж нийт 28.5 хувийг нь хөндсөн. Дордохын долоо гэдэг өөрчлөлтүүдийг шийдээд зогсохгүй гурван парламент дамжсан асуудлуудыг шийдсэн гурван жил боловсруулж хэлэлцэж зөвшилцөж эцэслэв.

-Гүйцэтгэх эрх мэдлийг бэхжүүлэх хүрээнд ямар өөрчлөлт батлагдсан бэ?

-Монгол Улсад Засгийн газар тогтворгүй, үр нөлөөгүй ажиллаж байна гэдэг асуудал сүүлийн 10 гаруй жил яригдсан. Үүнтэй холбоотой таван чухал асуудал шийдвэрлэгдлээ.

Нэгдүгээрт, Монгол Улсын Засгийн газрыг тогтвортой ажиллуулахад чиглэсэн алхам хийгдлээ. Засгийн газар бүрэн эрхийн дундаж хугацаа ердийн 1.8 жил тул бодлогоо тодорхойлж батлуулаад хэрэгжүүлэх гэж байтал огцорчихдог.

Тиймээс, нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх бодлого тогтвортой хэрэгжиж үр дүнг нь үзэж чаддаггүй. Сая батлагдсан нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрыг огцруулах дөрвөн янзын боломж байсныг цөөлж нэг болгосон. 1992 оны Үндсэн хуулиар Ерөнхий сайдыг огцруулахдаа хуралдаанд сууж байгаа гишүүдийн олонхоор огцруулчихдаг байсан. Жишээлбэл, 36 гишүүний с&налаар огцруулж байв.

Энэ маань өөрөө Засгийн газрыг шалдар булдар шалтгаанаар амархан огцруулдаг байдлыг үүсгэж байсан. Одоо Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг 19-өөс доошгүй гишүүн санаачилбал гурваас 10 хоногийн дотор хэлэлцэж, огцруулах эсэхийг нийт гишүүний олонхоор шийдвэрлэхээр болж байна. Өөрөөр хэлбэл 39-өөс доошгүй гишүүн санал нэгдэж байж Ерөнхий сайдыг огцруулна.

Ерөнхий сайдыг огцруулсан бол УИХ шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно, энэ хугацаанд томилж чадахгүй бол УИХ-ыг тараахаар заасан.

Хоёрт, Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудлыг тодруулсан. Төмөр зам, цахилгаа, станц барих зэрэг бодлогын тодорхой асуудлаар итгэл үзүүлээч гэж УИХ руу оруулсан тохиолдолд УИХ дэмжвэл тэр асуудлаа шийдүүлсэнд тооцоод хэрэгжүүлээд явна.

Хэрэв түүнийг нь дэмжихгүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцоод, 30 хоногийн дотор дараагийн Ерөнхий сайдыг томилох ёстой. Чадахгүй бол УИХ-ыг тараана. 27 жилийн хугацаанд Ерөнхий сайд өөртөө итгэл үзүүлэх асуудлыг нэг ч удаа асууж байгаагүй нь ийм тодорхой зохицуулалт байхгүй байсантай холбоотой. Үүний улмаас УИХ-ын олонхтой бодлогын зөрүү үүсвэл хагалах бүтээлч боломж дутмаг байв.

Гуравт, Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулах бөгөөд Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө гэж заасан. Энэ заалт олон талын ач холбогдолтой. УИХ хариуцлагыг Ерөнхий сайдтай ярь, сайд хариуцлага алдсан асуудлыг Ерөнхий сайд өөрөө шийд гэдэг парламентын тогтолцооны жишиг рүү очно.

УИХ-ын олонхын дэмжсэн бодлогыг хамгийн сайнаар хэрэгжүүлэх танхим бүрдүүлэхгүй бол танхимаараа огцрох эрсдэлтэй тул Ерөнхий сайд тухайн салбарын бодлогыг хамгийн сайнаар авч явах хүнийг сонгож томилохыг хичээнэ.

Хэрэв Ерөнхий сайд хариуцлага алдсан сайдаа хамгаалж үлдвэл Засгийн газар нь бүхэлдээ огцроход хүрэх учраас хувь сайдад хариуцлага тооцохоос өөр аргагүй байдалд ордог.

Мөн зарим салбарын шинэчлэл тухайн салбарынхаа идээ бээрийг шахдаг, явцуу сонирхлууд сайдынхаа эсрэг “босож” ирдэг учраас ийм зэргийг зөв зүйтэй эрсдлийг үүрээд бодлогоос явуулах боломжийг Ерөнхий сайд сайддаа олгож, бамбай нь болох боломжтой болно. Тэгээд дөрвөн жилийн дараа үр дүн нь гарч үнэлэгдэх боломж бүрдэнэ. Түүнчлэн, УИХ-ын гишүүдийн зүгээс Сайд нарт яам, төрийн албанд томилгоо хийх хийх явдал багасна.

Төрийн албаны тогтвортой, мэргэжлийн байдлыг үүгээр дээшлүүлнэ. Нэгэнт Ерөнхий сайдад багаа бүрдүүлэх болон төсвөө боловсруулж батлуулах эрх мэдлийг нь өгсөн учраас УИХ түүнээс хариуцлага нэхэх эрхтэй болно, гүйцэтгэх эрх мэдэлд тавих хяналтаа эрчимжүүлнэ.

Дөрөвт, Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийг УИХ бужигнуулдаг, тооцоо судалгаагүй зарлага нэмж алдагдал ихтэй баталдаг. Үүнийг хязгаарлах заалт 62 гишүүний өргөн барьсан агуулгаар АН-ын томьёоллоор батлагдсан. Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхийг УИХ-д хориглоно гэж заасан. Нэмэгдүүлэхийг хүсэж байвал Засгийн разарт санал тавиад дахин оруулуулж болно.

Тавд, Ерөнхий сайд дээр нэмэх нь дөрөв хүртэлх сайд УИХ-ын гишүүн байж болохоор заасан. Давхар дээлийг бүрэн хориглохоос яагаад татгалзсан бэ гэхээр парламент дахь олонх ард түмний итгэл авч гарч ирээд мөрийн хөтөлбөртөө тулгуурлан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж, Засгийн газар нь тэрний дагуу бодлогоо боловсруулж, УИХ руу оруулж ирээд, тэр нь зөв зүйтэй бол хэлэлцэн батлаад, хамтарч ажиллаж байж үр дүн гарна.

Ингэж уялдаа холбоотой ажиллахад Засгийн газрын зарим гишүүн УИХ-ын гишүүн байх нь чухал үүрэгтэй. Тийм ч учраас парламентын засаглалтай олонх улсад парламентыг зуугаас дээш тооны гишүүнээс бүрдүүлж, давхар дээлийг зөвшөөрдөг.

Манайд УИХ 76-хан гишүүнтэй учраас тодорхой хязгаарлалт тавьж, хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн зааг ялгааг хадгалах, хяналт тэнцлийг хангахыг зориод байгаа юм.

Энэ бүхнийг харах юм бол нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдэх бодлогыг тодорхойлоод хэрэгжүүлэх, үр дүнг нь үзэх, тогтвортой хариуцлагатай гүйцэтгэх эрх мэдэл буюу Засгийн газрыг бэхжүүлэхэд чиглэсэн алхмууд хийгдэж байна.

-Ерөнхий сайд нэлээн эрх мэдэлтэй болох нь, Тэгвэл гүйцэтгэх эрх мэдэлд тавих хяналтыг сайжруулж байгаа юу?

-Гүйцэтгэх эрх мэдлийг бэхжүүлж байгаа учраас энд тавих хяналтыг сайжруулж байгаа. УИХ-ын Хянан шалгах түр хороо болон төрийн аудитын байгууллага хоёр ийм чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Юуны өмнө, УИХ хянан шалгах түр хороог байгуулж болохоор заасан. Энэ хороог УИХ-ын нийт гишүүдийн 4/1-ээс доошгүй буюу 19-өөс доошгүй гишүүн санаачлах юм бол заавал байгуулах ба түүний бүрэн эрх зэрэг асуудлыг хуулиар нарийвчлан зохицуулахаар болсон. Одоо бол манайд УИХ дээр ажлын хэсэг байгуулдаг.

Гэтэл нөгөө ажлын хэсэг нь бодитой мэдээлэл авъя гэхээр тэр мэдээллийг нь өгдөггүй. Эсвэл ажлын хэсэг юу руу ч хамаагүй ороод байдаг. Шүүхийн шийдвэрийг авч хэлэлцдэг ч юм уу. Ийм үр нөлөө муутай хяналт байна л даа.

Парламентын тогтолцоотой ардчилсан 90-ээд улсад Хянан шалгах түр хороо байгуулж болдог. Энэ хороо нь цөөнхийн санаачилгаар байгуулагдана. Бодлогын тодорхой асуудлаар жишээ нь, агаарын бохирдолтой холбоотой асуудлаар байгуулагдаж болно. Хянан шалгах түр хороонд хуулиар хоёр эрх мэдэл өгнө.

Нэгдүгээрт, тодорхой баримт, мэдээлэл гаргуулж авах.

Хоёрдугаарт, хууль сануулаад, тайлбар мэдүүлэг авах. Жишээ нь, агаарын бохирдолтой холбоотой статистик гаргаж өг гэж шаардаж болно. Хэрэв гаргаж егөхгүй бол хуулийн хариуцлага хүлээнэ.

Мөн энэ чиглэлийн мэргэжилтнээс худал хэлбэл хуулийн хариуцлага хүлээнэ гэж сануулж байгаад тайлбар авна. Энэ хоёр бүрэн эрхээрээ бодитой мэдээлэл цуглуулаад дүгнэлт гаргаж УИХ-д танилцуулна. Тэр дүгнэлт нь шүүхэд даалгавар өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаа руу орохгүй. Зөвхөн бодит мэдээллийг нэгтгээд олон нийтэд ил гаргаж тавина. Олонх шийдвэрээ гаргаж, цөөнх хяналт тавина гэсэн парламентын засаглалын зарчим бэхэжнэ.

-Төрийн аудиттай холбоотой ямар заалт орсон бэ?

-Засгийн газарт хяналт тавих өөр нэг асуудал нь төрийн аудитын байгууллагыг хараат бус ажиллахаар оруулж ирж байгаа. Уг нь аудит хараат бус байж, төрийн санхүү, төсвийн гүйцэтгэл ямар байна вэ, хууль дүрэмдээ нийцэж байна уу, төсвийн хөрөнгийг үр нөлөөтэй зарцуулж байна уу, санхүүгийн сахилга баттай байна үгүй юу гэдэгт хөндлөнгөөс хяналт тавьж, дүгнэлт гаргадаг.

Гэвч манайд төрийн аудитын байгууллагын удирдлагын томилгоо нь хэт улс төрийн нөлөөтэй учраас аудит хараат бус ажиллаж чаддаггүй. Эрх барьж байгаа намын л очдог. Мөн өөрөө хяналт тавих гэж байгаа Засгийн газар, ялангуяа Сангийн яамнаасаа төсвийн хувьд хараат. Үүнийг шийдэх зорилгоор Герман зэрэг улсад байдаг шиг төрийн аудит буюу төрийн санхүү, төсвийг хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх суурийг Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр тавьж байна.

-Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд УИХ-тай холбоотой өөр ямар заалтууд туссан бэ?

-УИХ тарах дөрвөн нөхцөлийг тодорхой болгож хариуцлагыг нь дээшлүүлж байгаа. УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэвэл УИХ-ын нийт гишүүний гуравны хоёрын саналаар УИХ өөрөө тарна.

Мөн УИХ дахь олонхоос нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч УИХ-д оруулах бөгөөд ийм саналыг анх оруулснаас хойш 45 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилоогүй бол УИХ-ийг Ерөнхийлөгч тараана. Энэ заалт нь 2000 оны нэмэлт, өөрчлөлтийг тодруулж, хугацааг хэзээнээс тоолох вэ гэдгийг зааж өгч буй.

Түүнчлэн, УИХ Ерөнхий сайдыг огцруулснаас хойш, эсхүл Ерөнхий сайдад итгэл үзүүлэхээс татгалзсанаас хойш 30 хоногийн дотор шинэ Ерөнхий сайдыг томилоогүй бол УИХ-ыг Ерөнхийлөгч тараана.

Өмнөх шиг Ерөнхий сайдыг огцруулчхаад олон cap шинэ Ерөнхий сайдыг томилохгүй уддаг байдал гарахгүй болно. Эдгээр зохицуулалт нь УИХ Ерөнхий сайдыг томилох асуудал дээр илүү хариуцлагатай ханддаг болоход чиглэнэ.

Нөгөө талаас УИХ-ын хууль тогтоох ажиллагааны чанарыг сайжруулахад олон чухал өөрчлөлт орж байгаа. УИХ-ын гишүүн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол эгүүлэн татагдах үндэслэл болно гэж АН-ын саналаар заасан. Мөн УИХ-ын ээлжит, чуулган хагас жил тутам 50-иас доошгүй ажлын өдөр хуралддаг байсан бол 75-аас доошгүй болгож сунгасан.

Хуулийг 20-иос доошгүй гишүүд баталж болдог байсан бол 39-өөс доошгүй гишүүд хуулийг эцэслэн батлахаар болсон. Энэ нь хуулийг чанартай гаргах, тогтвортой хэрэгжүүлэх, гишүүдийг хариуцлагажуулах боломжийг бий болгож байгаа. Түүнчлэн, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтоох заалтыг Ерөнхийлөгчийн саналаар тусгасан.

-Ерөнхийлөгчтэй холбоотой заалтуудад ямар өөрчлөлтүүд орж байна вэ?

-Ерөнхийлөгчтэй холбоотой хоёр чухал заалт орж байгаа. Нэгд, парламентын тогтолцоотой улсын хувьд Ерөнхийлөгч идэвхгүй, хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хооронд хямрал үүсэхээр гарч ирэн зохицуулдаг арбитрчийн үүрэгтэй л байх хэрэгтэй.

Ерөнхийлөгчийг ийм үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байлгахын .тулд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насны доод хязгаарыг 45 байсныг 50 болгох, дөрвөн жилээр 2 хүртэл сонгогдох боломжтой байсныг зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгогдох зохицуулалт оруулсан.

Мөн Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн Үндсэн хуулийн 33 зүйлд заасан хүрээнд хуулиар олгохоор заасан. Ингэснээр Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгоогүй бүрэн эрхийг хуулиар нэмж өгч эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцлийг алдагдуулдаг байдал хумигдана.

-Сонгуультай холбоотой заалтууд хэрхэн тусгагдав?

-Өнгөрсөн 27 жилд УИХ дахь олонх сонгууль болохоос зургаан сарын өмнө сонгуулийн хуулийн баталж сонгуульд ялах явцуу сонирхлоор хандаж ирсэн нь сөрөг хүчин, бусад намууд, шинээр улс төрд орж байгаа хүмүүст шударга бус, тэгш бус байдлыг үүсгэдэг. 2016 онд УИХ-ын сонгууль болохоос хоёр сарын өмнө сонгуулийн хуулийг орвонгоор нь өөрчилсөн тохиолдол ч гарсан.

Үндсэн хуульд сая оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, эсхүл нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглосон. Ингэснээрээ урьдчилж тогтсон дүрмийн дагуу шударга сонгууль явуулах нөхцөл дээшилнэ.

-Намын тухай болон сонгуультай холбоотой заалтуудыг та хэр хэмжээнд тусгагдсан гэж харж байна вэ?

-Улс төрийн намын шинэчлэл сүүлийн гурван парламент дамжаад хийгдэж чадахгүй байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр намтай холбоотой дөрвөн заалт оруулах замаар энийг хийх үндэс суурийг тавьж өгч байгаа.

Нэгд, нам улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллахаар заасан. Энэ нь намыг бодлогын болгож төлөвшүүлэхэд чухал. Намууд аймаг, сум болгонд бүтэцтэй байхыг үүгээр шаардаагүй.

Хоёрт, нам зохион байгуулалтын хувьд заавал ардчилсан байхыг үүрэгжүүлж байгаа. Нам ардчилсан тогтолцооны нэг хэсэг юм бол өөрөө дотоод ардчилалтай байх ёстой. Намууд ардчилагдахгүй бол ардчилсан тогтолцоонд саад учирч байгаа. Үүнийг зогсооно.

Гуравт, намын хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт ил тод байхыг үүрэг болгож байгаа. Иргэдээс авсан саналаар нь хувилж төрөөс санхүүгийн дэмжлэг намд өгөх эрх зүйн үндсийг хуулиар тогтоох боломжтой болж байгаа.

Эдгээр зохицуулалт эцэслэгдэж холбогдох хуулиудыг нарийвчлан боловсруулж баталбал нам мөнгөтэй хүмүүсээс хэт хамааралтай болчихоод байгаа байдал саармагжиж, намууд нийт иргэнийг төлөөлж нийтийн ашиг сонирхлын төлөө ажилладаг болоход хувь нэмэр оруулна.

Энэ бүгдийг Үндсэн хуульд оруулснаар заавал хэрэгжүүлэх ёстой гэж үүрэг болгож байгаа юм. Заавал улсын хэмжээний бодлого дэвшүүлж төлөө ажилла, ардчилсан бай, санхүүжилтээ ил тод байлга гэсэн үг. Хууль нь дагаад ийм гарах ёстой. Хууль энэ шаардлага хангахгүй байвал Үндсэн хууль зөрчсөн гээд Цэц дээр хүчингүй болно.

-Намыг сонгогчдын нэг хувиас доошгүй иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна гэж зааж өгснийг зарим хүмүүс шүүмжилж байна. Энэ тухайд?

-62 гишүүний өргөн барьсан төсөЛд энэ заалт байхгүй байсан юм.

Гэвч, Монгол Улсын Ерөнхийлөгч 50,001-ээс доошгүй тооны иргэн нэгдэж нам байгуулна гэсэн заалтыг анх санал болгосон. АН-ыг төлөөлж зөвшилцөлд оролцож байсан Д.Эрдэнэбат гишүүн “Намыг нийт иргэний нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэсэн заалтаар санал хураалгасан байдаг. УИХ-ын гадна буй намуудаас зарим нь дэмжсэн, зарим нь уг босгыг эсэргүүцсэн.

Ийм байдлаар явсаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд “намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий нийт иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэдэг заалт орж батлагдсан.

Үндсэн хуулийн 16.10-д эвлэлдэн нэгдэх эрхийг иргэний үндсэн эрх гэж хүлээн зөвшөөрсөн учраас уг эрхэд нийцүүлэн энэ шаардлагыг хэрхэн хангах вэ гэдгийг хуулиар шийдвэрлэнэ. Эвлэлдэн нэгдэх эрх болон сонгогчийн нэг хувиас доошгүй иргэд эвлэлдэн нэгдэх шаардлага хоёрын зөв баланс олоход анхаарах хэрэгтэй болно.

Зарим хүмүүс уг заалт эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчих эрсдэлтэй гэж буй нь үндэслэлгүй биш юм. УИХ-ын зүгээс уг эрсдэлийг хаах үүднээс хэд хэдэн алхам хийсэн. Нэгд, зөвшилцөлд оролцсон субъектүүдээс санал болгосон тооноос хамгийн багыг нь сонгосон.

Намд эвлэлдэн нэгдэх иргэний тоог Ерөнхийлөгчийн зүгээс 50,001-ээс доошгүй байх, АН-ын зөвлөлийн дарга нийт иргэний нэг хувь буюу 30,000 гаран байх санал тус тус гаргасан.

Харин, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр сонгогчдын нэг хувиас доошгүй тооны буюу одоогийнхоор 20,000 гаран иргэн эвлэлдэн нэгдэж нам байгуулахаар заасан.

Хоёрт, энэ заалтыг уншвал нам заавал өдий тооны гишүүнтэй байна гээгүй. Нэг хувийн заалт ийм тооны хатуу гишүүнчлэлийг илэрхийлээгүй гэдгийг С.Бямбацогт, Д.Лүндээжанцан зэрэг гишүүд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр илэрхийлж протоколдуулсан. Улс төрийн нам бол нийт сонгогчдын нэг хувиас доошгүйн дэмжлэг авч байж иргэдийн улс төрийн хүсэл зоригийг тодорхойлоход оролц гэсэн үг.

Тиймээс, намууд ядаж нийт сонгогчийн нэг хувиас доошгүйн дэмжлэг эсхүл санал авсан байхаар ойлгогдоно. Гуравт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дахь сонгогчдын нэг хувиас доошгүй тооны иргэд эвлэлдэн нэгдэж нам байгуулах заалтыг 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөхөөр шийдсэн бол бусад заалтын хувьд 2020 оны тавдугаар сарын 25-наас дагаж мөрдөнө.

Тэгэхээр есөн жилийн хугацаанд уг заалтыг хэрхэн хэрэгжүүлэх талаар сайн судлах, урвуулан ашиглаж эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчихөөс сэргийлсэн байдлаар хуулийн төслийг боловсруулах боломж гарах болов уу гэж найдаж байна.

-Шүүхийг хараат бус, шударга ажиллуулах заалтууд тусгагдаж чадсан уу?

-Шүүхийг хараат бус, хариуцлагатай ажиллах суурийг тавих гурван чухал өөрчлөлт орсон. Нэгдүгээрт ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг тодорхой зааж өгч байгаа.

1992 оны Үндсэн хууль батлах үед НҮБ-ын хоёр шинжээч “Монгол Улс ШЕЗ гэх байгууллагыг Үндсэн хуульдаа зааж байгаа нь зөв зүйтэй. Үндсэн хуульдаа зааж өгөхгүй бол ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг нь парламент байн байн өөрчилж шүүхэд зүй бусаар нөлөөлөх эрсдэлтэй” гэж анхааруулсан.

Тухайн үед АИХ хүлээж аваагүй баталсан. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг заагаагүй орхисон. Үүнээс болоод сүүлийн 27 жил ШЕЗ-ийн бүрэлдэхүүн дөрвөн удаа өөрчлөгдсөн.

Эхэн үед нь ШЕЗ-д хууль зүйн сайд хэт нөлөөтэй байсан, дараа нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч даргалж шүүхийн дотоод хараат бус байдлыг эрсдэлд оруулж байсан, харин одоо ШЕЗ-ийн дарга, гишүүдийг бүгдийг нь Ерөнхийлөгч томилж түүнээс хэт хамааралтай болчихсон.

ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг байнга өөрчилж тогтворгүйжүүлж зүй бус нөлөө орох эрсдэлийг үүсгэж буйг зогсоох үүднээс түүнийг Үндсэн хуульд тодорхой зааж байна. ШЕЗ дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаагаар ажиллах 10 гишүүнээс бүрдэнэ гэж хатуу зааж өгөв.

Эдгээр арван гишүүний тав нь шүүгчид дотроосоо сонгогдсон шүүгчид байх бөгөөд энэ нь улс төрийн зүй бус нөлөөнд орохоос саармагжуулна. Үлдсэн тав буюу шүүгч биш таван гишүүнээр нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно гэж заасан. ШЕЗ-ийн 10 гишүүн дотроосоо даргаа сонгоно гэж заасан. Ингэснээр ШЕЗ-ийн бие даасан байдал дээшилнэ.

Хоёрт, хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллахаар зааж буй нь шүүгчийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэхийн зэрэгцээ шүүгчийн хараат бус байдлыг хамгаалахад ач холбогдолтой. Шүүхийн сахилгын хороог байгуулснаар шүүгчийн хариуцлага, сахилгын тогтолцоо тогтвортой, үр нөлөөтэй болно.

Өнгөрсөн 27 жилд шүүгчийн хариуцлага, сахилгын тогтолцоо гурван удаа өөрчлөгдөж залгамж чанар нь алдагдаж, зүй бус нөлөөлөлд орох эрсдэл үүсгэж байсныг таслахад чухал алхам болно.

Мөн ШЕЗ дээр төвлөрсөн эрх мэдлийг багасгаж, Шүүхийн сахилгын хорооны ажилд зүй бусаар хутгалдан ордог байдал арилна. Одоо ШЕЗ шүүгчийг шилж олох, бодлого, менежмент, төсвийг хэрэгжүүлэхээс гадна шүүгчийг түдгэлзүүлэх, огцруулахад маш ихээр оролцдог.

Энэ төвлөрсөн эрх мэдлээр дамжуулан ШЕЗ шүүгчийн хараат бус байдлыг хамгаалахаасаа илүүтэй хараат бус байдалд нь халдах, урвуулан ашиглах эрсдэл оршсоор ирсэн. Олон улсын туршлага ч гэсэн шүүхийн захиргааны эдгээр эрх мэдлийг аль болох хуваарилж өөр өөр институцэд хариуцуулах нь шүүгчийн хараат бус байдлыг хамгаалж, хариуцлагыг дээшлүүлнэ гэсэн үг.

Гуравт, Ерөнхийлөгчийн саналаар шүүхийг тойргийн журмаар байгуулж болохоор заасан. Жишээлбэл, хэд хэдэн дүүргийг хамруулсан шүүхийг байгуулж болно. Ингэснээр шүүхийн ачааллыг жигдрүүлэх, мэргэшүүлэх, улмаар иргэний шударгаар шүүлгэх эрхийг илүү сайн хангахад дөхөм болно.

-Байгалийн баялагтай холбоотой ямар заалт батлагдсан бэ?

-62 гишүүний төсөлд байгалийн баялгийг ашиглах зарчмуудыг зааж өгсөн. УИХ-аар дэмжигдсэн байгалийн баялагтай холбоотой дөрвөн чухал өөрчлөлт орж байгаа.

Нэгд, байгалийн баялаг ашиглах төрийн бодлого ямар зарчмаар явах вэ гэдгийг Үндсэн хуульд тодруулсан.

Жишээ нь, Үндсэн хуулийн 6.2-т байгалийн баялгийг ашиглахдаа урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлах, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт эрүүл, аюулгүй орчинд амьдрах эхийг баталгаажуулах зарчмыг баримтлахыг шаардана. Дээрээс нь, байгалийн баялаг ашигласны улмаас үүсэх нөлөөллийн талаар иргэд мэдэх эрхтэй гэж бичсэн.

Хоёрт, одоогийн Үндсэн хуульд газар, түүний хэвлий доорх баялаг “төрийн өмч мөн” гэж заасан байдаг. Ерөнхийлөгч бол төрийн өмч гэдгийг нийтийн өмч болгоё гэсэн. Гэтэл нийтийн өмч гэдэгт онолын болон манай хуулийн утгаар төрийн өмчөөс гадна сүм хийдийн, олон нийтийн, орон нутгийн өмч багтдаг. Нийтийн өмч гэхээр хэтэрхий ерөнхий, бас эзэнгүй болчихно.

Тийм учраас “төрийн нийтийн өмч” гэдэг нэр томьёог оруулахыг дэмжсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар төрийн өмчийг “төрийн нийтийн зориулалттай өмч" болон “төрийн өөрийн өмч” гэж ангилдаг. Эхнийхэд нь газрын хэвлий, түүний доторх баялаг зэрэг багтдаг бол удаахад нь төрийн байгууллагад эзэмшүүлсэн эд хөрөнгө, улсын төсвийн хөрөнгө зэрэг багтдаг.

Төрийн нийтийн зориулалттай өмч гэх нэр томьёог тэр чигээр нь Үндсэн хуульд оруулах гэхээр хэт нурших гээд байсан учраас “төрийн нийтийн өмч" гэж товчилж хэрэглэсэн гэж ойлгосон. Одоо байгаа нэр томьёог хэрэглэж байна гэсэн үг шүү дээ.

Цаана байгаа агуулга нь юу гэхээр, одоогийн хуульд байгаа шиг “төрийн нийтийн өмч”-ийг ашиглах, эзэмших, захиран зарцуулах асуудлыг УИХ шийднэ. Үүнийг нь тодотгож өгсөн заалт. Харин төрийн өөрийн өмчийг заавал УИХ биш төрийн байгууллагууд нь өөрсдөө шийдээд явдаг.

Мөн нийтийн ашиг сонирхлыг үүднээс байгалийн баялгийг ашиглана шүү гэдгийг онцолж “нийтийн” гэдэг үг нэмж оруулсан.

-Стратегийн ордтой холбоотой олон нийтийн зүгээс шүүмж гарч байгаа...

- Ерөнхийлөгч болон УИХ-ын 20 гаруй гишүүд “Стратегийн ордыг ашиглаж татвар төлсний дараах ашгийн 51 хувиас доошгүй нь төрд ногдоно” гэдэг утгатай заалтыг Үндсэн хуульд оруул гэж шаардаж байсан.

Хэрэв энэ заалтыг оруулсан бол эдийн засагт сөргөөр нөлөөлөх нь ойлгомжтой байсан учраас УИХ үүнээс татгалзсан. Үүний оронд УИХ-аас дэмжлэг авсан томьёолол бол “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн заалт юм.

Зарим хүн үүнээс болгоомжилж байх шиг байна. Энэ заалтад хэд хэдэн хязгаарлалт орсныг зөв тайлбарлаад хэрэгжүүлбэл тийм их сөрөг нөлөө байхгүй болов уу. Юуны өмнө, байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлж стратегийн ордыг ашиглах ёстой.

Энэ нь одоогийн Үндсэн хуулийн 6.1 -д байгаа зарчмыг баримтлахыг тодруулсан. Мөн стратегийн ордыг ашигласны үр өгөөжийн дийлэнх гэж юу вэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Үр өгөөж гэдэг бол ашиг биш.

Энэ ордыг ашигласнаас төрд төлж байгаа татвар, ашигт малтмалын хураамжаас гадна монгол ажилчдын тоо, Монголын компани, хувь хүмүүсээс авч байгаа бараа үйлчилгээ, нийгэм, эдийн засагт оруулж байгаа хувь нэмэр зэргийг томоор нь тооцох үзэл баримтлал явж байгаа. Ийм байдлаар benefit гэсэн утгаар ойлгосон хүмүүс байхад return гэдгээр ойлгосон хүмүүс бас байна.

Аль нь илүү үндэслэлтэй тайлбар вэ гэдгийг ярилцах шаардлага үүснэ. Ямар ч байсан энэ заалтад ашгийн 51 хувиас дээшхийг төр авна эсхүл иргэдэд шууд тараана гэсэн утга байхгүй гэдэг санааг УИХ-ын хуралдааны протоколуудад тодорхой  тусгасан.

Мөн уг заалтад ямар нэгэн тоо тавиагүй эсхүл олонх гэж хэлээгүй, харин үр өгөөжийн дийлэнх гэж ерөнхий агуулгаар нь хэлж байгаа. Бас, ард түмэн гэдэг бол тодорхой тооны эсхүл олонх иргэд биш шүү дээ. Хийсвэр ойлголт. Мөн Үндсэн хуулийн 6.2-т нэмж буй стратегийн ордын заалтыг урвуулан ашиглагдах эрсдэл нь одоогийн Үндсэн хуулийн 6 дугаар зүйлд буй “байгалийн баялаг төрийн өмч” гэх мэт заалтыг урвуулан ашиглах эрсдэлээс их биш юм.

Ийм эрсдэл бодитой болохоос Үндсэн хуулийн бусад суурь зохицуулалт сэргийлж, хамгаалж байдаг.

Тодруулбал, Үндсэн хуулийн 5.2, 5.4, 16.4 зэрэгт “нийтийн болон хувийн өмч,” “өмчлөгчийн эрх,” “аж ахуйн бүх хэвшил,” “хувийн аж ахуй эрхлэх эрх” зэрэг зарчмыг хүлээн зөвшөөрч хамгаалсан. Тиймээс, эдгээр зарчимд нийцүүлэн “үр өгөөжийн дийлэнх," “ард түмэн” гэж юу вэ гэдгийг УИХ хуулиар тогтоох ёстой. Харин, уг заалт хүчин төгөлдөр болсноос хойш стратегийн ордыг шинээр ашиглахад үйлчилж хэлэлцээр хийхэд тулгуур болно.

Нэр томьёо дээр зарим нэг нь гадаад үг хэрэглэлээ гэж шүүмжлээд байгаа. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд” гэж Ашигт малтмалын тухай хуульд одоо байгаа нэр томьёо юм. Мөн Үндсэн хуульд прокурор, командлагч зэрэг гадаад үг Үндсэн хуульд бий тул хуульд орж хэвшсэн гадаад үгийг Үндсэн хуульд оруулж болох талтай.

-1992 онд батлагдсан Үндсэн хуульд 2000 онд өөрчлөлт оруулсан. Түүнээс хойших өөрчлөлт энэ удаагийнх болох гэж байна. Зарим талаас энэ өөрчлөлтийг шалихгүй, бага хэмжээнийх гэх яриа гарч байсан. Энэ удаагийн өөрчлөлтийг хийх нь ямар ач холбогдолтой вэ?

-АНУ-ын Үндсэн хуульд 1791 оноос хойш 230-аад жилийн хугацаанд нийтдээ 17 нэмэлт. өөрчлөлт орсон. УИХ энэ удаа 19 зүйл дээр 36 заалтыг нэмж, өөрчилж, хасна гэдэг нь тоон талаасаа цөөн биш төдийгүй дээр тайлбарласанчлан агуулга талаасаа 1992 оны Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг бэхжүүлэх дорвитой өөрчлөлт хийж буй нь харагдсан байх. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу холбогдох хуулиудыг сайн боловсруулан гаргаад, зөв, тууштай хэрэгжүүлбэл үр дүнгээ өгнө гэж харж байгаа.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш найман жилийн хугацаанд дахин хөндөхгүй гэж байгаа. Үндсэн хуулийн ямар ч зүйл заалтад дахин хүрэхгүй гэсэн үг үү?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан бол тухайн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш найман жилийн хугацаанд уг асуудлаар нэмэлт, өөрчлөлт дахин оруулахыг хориглоно гэх заалттай. Гэхдээ хөндөгдөөгүй хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

Зураг