Юнител групп "Ногоон зүрх-Аав ээжээ хайрлая" нийгмийн маркетингийн кампанит ажлын хүрээнд Батсүмбэрийн ахмад настны үндэсний төвд 80 сая төгрөгтэй дүйцэхүйц тусламжийг буцалтгүйгээр хандивлалаа. Уг аяны хүрээнд Батсүмбэр дэх ахмадын асрамжийн газарт нэн дутагдаад байсан эмнэлгийн ор, эмчилгээний төхөөрөмж болон түргэний машиныг гардуулан өгсөн юм. Мөн ДДЭШТВ компаниас 1 жилийн хугацаанд ахмадуудын хэрэглэдэг ДДЭШ-ийн төлбөрийг хариуцахаар болсон билээ.
Зориулалтын тоноглосон түргэний машин, 32 ширхэг 5 үйлдэлт юниверсал эмнэлгийн ор, 2 ширхэг зүрхний дефибриллятор аппарат болон 2 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат хандивласан нь үйлчлүүлэгч, эмч сувилагчдын өдөр тутмын ажил, амьдралыг маш их хөнгөвчилсөн ажил болсон юм. Энэ талаар Батсүмбэрийн ахмад настны үндэсний төвд насаараа ажиллаж байгаа бага эмч Ю.Чимгээ ингэж хэлсэн юм.
Бага эмч Ю.Чимгээ
Хамгийн анх 1925 онд "Өнчин ядуусыг тэтгэх газар" нэртэйгээр байгуулагдаж байсан уг төв нь бараг 95 жилийн түүхтэй бөгөөд энэ хугацаанд ирж байсан олон зуун хандив тусламжаас хамгийн нөлөөтэй, том тусламжийг Юнител группээс хүргэлээ. 18-90 насны 160-д хүнд үйлчилдэг уг газар хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн эмгэгтэй, архины хамааралтай хүмүүст ч гэсэн үйлчилгээ үзүүлдэг аж. Мөн Эрүүл мэндийн яамны харьяанд байхгүйгээс эмчлэх тусгай зөвшөөрөл байдаггүй. Хэдий тийм ч 160 хүнд эрх тэгш эмчилгээ, халамжийн үйлчилгээг үзүүлсээр байгаа юм.
Тус төвд 50 гаруй хүн байнгын асаргаа буюу та бидний хэлж заншсанаар "хэвтрийн" дэглэмд орноосоо босохгүйгээр асруулдаг. Гэвч зориулалтын эмнэлгийн орны хомстлоос үүдэн жирийн модон орон дээр хэвтэх үйлчлүүлэгч цөөнгүй байжээ. Энэ байдал нь зөвхөн үйлчлүүлэгчид ч биш сувилагч, эмч нарын ажилд ч хүндрэл учруулдаг юм.
Батсүмбэрийн Ахмад настны үндэсний төвлүү нь сумын төвөөсөө салаад 7 км бартаат замаар явж байж хүрдэг. Сар бүрд дор хаяж 10 хүн эмнэлгийн түргэн тусламж авдаг бөгөөд бүгд албаны "Starex" машинд сэгсчүүлсээр зорьсон газраа хүрнэ. Мөн пост болгон дээр зогсож төлбөр ч төлнө. Учир нь тусгай зөвшөөрөлтэй, өвчтөн зөөдөг түргэний машин биш болохоор. Харин Юнител Групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тус төвийн эмчилгээ, асаргааны асуудлуудыг шийдэж өгсөн юм.
Батсүмбэрийн Ахмад настны үндэсний төвийн дарга Л.Эрдэнэхүү
Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын 2019 оны "Нийгмийн хариуцлагатай компаниар" шалгарсан Юнител групп нь сүүлийн жилүүдэд нийгэм рүү чиглэсэн маркетингийн гайхалтай жишээнүүдийг үзүүлээд байна.
Жишээ нь: Нийгэмд дутагдаад буй эерэг хандлагыг бий болгохын төлөө гарч ирсэн "Зөв гэр бүл", эрүүл амьдралын хэв маягийг уриалсан "Ногоон зүрх", ахмад, буурлуудаа хайрлаж, хүндлэхийг уриалсан "Ногоон зүрх - Аав ээжээ хайрлая" аян зэргийг амжилттай хэрэгжүүлээд буй.