Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Болороо: Нөхрийн минь амиа алдсан хэргийг нийслэлийн Цагдаагийн газарт шилжүүлж, эхнээс нь шалгаж өгөөч

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 10 сарын 23
iKon.MN

Цаг бусаар нөхрөө алдсан иргэн Б.Болороо мэдээлэл хийлээ.

Шууд:
https://www.facebook.com/iKonNews/videos/410903749597027/

Иргэн Б.Болороо: Эн тэргүүнд өмгөөлөгчдөдөө мэдэгдэлгүйгээр хэвлэлийн хурал хийж байгаадаа өмгөөлөгчдөөсөө хүлцэл өчье.

Миний нөхөр амиа алдаад дөрвөн сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд олон сэтгүүлч мэдээлэл өгөөч, байр сууриа илэрхийлээч гэж холбогдоход нэгэнд нь ч өгөөгүй. Учир нь цагдаагийн байгууллага ажлаа хийж гүйцэтгэж байхад нь хөндлөнгөөс саад учруулахыг хүсээгүй бөгөөд хэрэг үнэн мөнөөр шийдэгдэнэ гэдэг итгэл найдвар тээсээр өдийг хүрлээ.

2019 оны нэгдүгээр сарын 17-ноос зургаадугаар сарын 19-нийг хүртэл нөхөр минь "Хишиг арвин" ХХК-д ажиллаж байсан. Энэ хугацаанд ямар ч зөрчил гаргаж байгаагүй.

Зургаадугаар сарын 19-ний өглөө ажилдаа яваад эргэж ирээгүй бөгөөд тус компанийн эзэмшлийн байрны лифтний хонгилоос нас барсан байдалтайгаар долдугаар сарын 8-ны өдөр олдсон. Болсон хэрэг явдалтай холбоотойгоор нөхрийг минь буруутгаж байгаа шалтгаан нь ажлын байран дээрээ архи ууж, түүнээсээ болж нас барсан гэж мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарсан.

"Яаж амиа алдсан талаар бичлэг байсныг сар гаруй хугацаанд биднээс нуусан"

 

Задлан шинжилгээгээр согтолтын зэрэг 2.4 буюу өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтсон гэж гарсан. Мөн нас барсан хугацааг тогтоох боломжгүй гэж байгаа.

Бичлэг байсаар байхад биднээс нуусан. Манай нөхөр ямар байдалтайгаар нас барсан талаар бичлэг Сонгинохайрхан дүүргийн цагдаад долдугаар сарын 17-нд очсон байхад биднээс яаж нас барсан гэж бодож байна гэж асуудаг байсан. Гэтэл бүтэн сарын дараа л бид цагдаад бичлэг байсныг мэдсэн. Яагаад энэ хугацаанд бичлэг байгаа гээд гаргаж өгч болоогүй вэ гэдэг нь анхаарал татаж байна.

Бас нэг анхаарал татсан нэг зүйл нь Мядаг гэж эмэгтэй манай нөхөр рүү залгаж, лифтэнд хүн гацсан байна, гарга гэж хэлээд лифтний түлхүүр өгсөн байсан. Алга боллоо гээд олон хоног эрэл сурал болж байхад яагаад тэр хүн би сүүлд нь ярьсан гээд дуугарсангүй вэ?

Мөн задлан шинжилгээгээр согтолтын зэрэг маш өндөр гарсан байгаа. Хэрэв тийм хэмжээний согтолттой байсан юм бол яагаад лифтний түлхүүрээ өгч явуулсан юм бэ?

Ажилчдад станц өгдөг. Нөхөр маань алга болсноос хойш байгууллагаас нь өдөр бүр залгаж станц болон лифтний түлхүүр олж өг гэж байсан. Гэтэл станцаар дуудахад дохио дуугардаг юм байна. Тэрхүү станц нь нөхөрт маань байсаар байсан тул станцаар дуудахад дохио дуугарч, олох боломж байсан. 

"Шүүх эмнэлгийн дүгнэлтийг дахин гаргуулах хүсэлтэй байна"

Хэвлэлийн хурал хийж буй гол шалтгаан нь надад хэдэн хүсэлт байгаагаа илэрхийлэх гэсэн юм. Тухайлбал, Шүүх эмнэлгийн дүгнэлтийг дахин гаргуулах хүсэлтэй байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас үйлдвэрлэлийн осол эсэхийг тогтоолгох, хамгийн сүүлд ярьсан Мядаг гэж эмэгтэйгээс байцаалт авч өгөхийг холбогдох хүмүүсээс хүсье.

Мөн Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав танд баярлалаа гэж хэлэх нь зөв. Миний нөхрийг эрэн хайх ажиллагаанд хойрго хандсан Сонгинохайрхан дүүргийн цагдаа нарт арга хэмжээ авч өгсөн нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үгийг сонсдог юм байна гэсэн итгэл найдвар төрүүлсэн. Үүнд үндэслээд нөхрийн минь амиа алдсан хэргийг Сонгинохайрхан дүүргээс татаж, нийслэлийн цагдаагийн газарт шилжүүлж, эхнээс шалгаж өгөөч гэж хүсмээр байна.

Ө.Буянжаргал: Хэрэгт холбогдох нотлох баримтуудыг нууцаар цуглуулсан

Б.Болороогийн ээж Ө.Буянжаргал: Хэрэгт холбогдох нотлох баримтуудыг нууцаар цуглуулсан юм. Үүнийхээ төлөө хүлээх ёстой шийтгэл байдаг бол түүнийгээ хүлээхэд бэлэн. Би бүх амьдралаа охиныхоо төлөө зориулж, өсөхөөс өдийг хүртэл хүнд амьдрал туулсан. Тиймээс юунаас ч айхгүй.

"Хишиг арвин" ХХК-ийн төлөөлөл бидэнтэй ирж уулзахдаа 2,000 ажилтантай, тэр олон хүнийг удирдах хэцүү гэж хэлдэг. Гэхдээ үгүй. "Хишиг арвин" ХХК 2,000 хүнийг тэжээгээд байгаа юм биш. Харин 2,000 хүн тэр компанийг өдийг зэрэгт хүргэсэн юм.