Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

“Төрийн өмчит их сургуулиудыг нэгтгэснээр ойрын 15 жилд топ сургуулиудын тоонд орох боломжтой”

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг

“Монголд их, дээд сургууль шиг олон юм алга. Дээр нь манай сургуулиудын диплом олон улсад хэзээ ч хүлээн зөвшөөрөгдөхөөргүй байна” хэмээн БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Төрийн ордонд болсон “Дээд боловсролын үр өгөөжийг дээшлүүлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр онцоллоо.

Тэрбээр “Эхний ээлжинд төрийн өмчид их, дээд сургуулиудыг нэгтгэсэнээр манай сургуулиуд олон улсад хүлээн зөвшөөрөгдөх байдал нь нэг шатаар ахина. Шууд дэлхийн топ сургуулиудтай нэг түвшинд очно гэж хэлэхгүй. 20-30 жилийн хугацаанд нарийн хөтөлбөрөөр, төрийн дэмжлэгтэй явж байж Монголын их, дээд сургуулиуд дэлхийд хүлээн зөвшөөрөгддөг, манайд гаднаас оюутан сурдаг болно” гэлээ.

Төрийн өмчит их, дээд сургуулиудыг нэгтгэх тухай асуудал олон жилийн өмнөөс яригдаж иржээ. Гэвч сургуулийн удирдлагуудын ашиг сонирхол хөндөгдөх учир энэ асуудал төдийлөн дэмжлэг авч чаддаггүй байна.

Энэ ажлыг урагшлуулж, үр дүнд хүргэх зорилгоор УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос салбарын сайд, төрийн болон хувийн их, дээд сургуулийн удирдлагуудыг оролцуулсан хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Тус байнгын хорооноос УИХ-ын даргатай зөвлөсний үндсэн дээр төрийн өмчит найман их, дээд сургуулийг нэгтгэн, судалгааны чиглэлд түлхүү анхаарсан томоохон сургууль бий болгох бололцоо байгаа эсэхээр судалгаа хийлгэжээ. “Дээд боловсролын үр өгөөжийг дээшлүүлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр уг судалгааны дүнг танилцуулсан юм.

 

Энэ талаар тус байнгын хорооны дарга Д.Оюунхорол “Дээд боловсролын салбараас дээд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж, төрийн болон хувийн байгууллагуудад нийлүүлэхээс өөр дорвитой хувь нэмэр харагдахгүй байна. Дээд боловсролын салбарын нэр хүнд унаж, төгсөгчдийн чанар чансаа зах зээлд хөрвөх чадваргүй байна гэсэн шүүмжлэл ч их байгаад бид дүгнэлт хийх ёстой.

Манай хөрш хоёр орнуудаас эхлээд дэлхийн бусад бүс нутагт аль эрт мэдэрч бодитой арга хэмжээ авч өнөөдөр тодорхой үр дүнд хүрч байна. Тухайлбал, сүүлийн 10 жилд ОХУ дэлхийн топ 500 их сургуульд 15 их сургуулиа, БНХАУ дэлхийн топ 100 их сургуульд дөрвөн их сургуулиа оруулж чадсан байна.

Иймээс их сургуулийн засаглалын асуудлыг цоо шинэ түвшинд гаргах цаг болсон байна. Юуны өмнө, их сургуулийн бие даасан байдлыг хангах, академик эрх чөлөөг дээдлэх эрх зүйн үндсийг одоо боловсруулж байгаа боловсролын хуульд тусгах шаардлагатай байна. Түүнээс гадна, их сургуулийн шинэ үеийн манлайлагчдыг бэлтгэх ажлыг дэс дараатай бодлогоор дэмжиж хэрэгжүүлэх цаг болжээ.

Дэлхийн түвшний их сургуультай болсноор тэдгээр их сургуулиас улс орны төдийгүй дэлхийн хэмжээнд шинэ мэдлэг бүтээх, шинэ санааг инновац болгон нэвтрүүлэх, боловсролын үйлчилгээг экспортлох зэрэг замаар улс орныхоо хөгжил дэвшилд ихээхэн хувь нэмэр оруулна” гэлээ.

Төрийн өмчит их, дээд сургуулийг нэгтгэн асуудлыг ийнхүү хууль тогтоогчдын түвшинд ярилцаж эхэллээ. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг энэ асуудлыг Засгийн газарт танилцуулахаа хэлж байсан. Түүнчлэн их, дээд сургуулийн удирдлагууд, эрдэмтэн судлаачид ч дэмжиж эхэлсэн байна

Их, дээд сургуулиудыг нэгтгэх боломжийн талаар судалгаа хийсэн УИХ-ын даргын нийгмийн бодлогын зөвлөх профессор Д.Бадарч “БСШУС-ын сайдын захирамжаар Монголд судалгааны их сургууль байгуулах боломжийг судлах ажлын хэсэг энэ зун ажилласан.

 

Энэ ажлын хэсгийн судалгааны үр дүнгээр төрийн өмчийн найман их сургуулийн орлогын 80 хувь нь төлбөрөөс орж ирж байна. Дэлхийн томоохон сургуулиудад сургалтын төлбөр төсвийнх нь 50 хувийг эзэлдэг. Хэрэв тухайн сургуулийн санхүү нь сургалтын төлбөрийн 70-аас дээш хувиас хамааралтай байвал тухайн сургуулийг үйл ажиллагаа явуулахад сөргөөр нөлөөлдөг.

Манай их сургуулийг сургалтын байгууллага гэж үздэг. Гэтэл өнөөгийн нийтлэг хандалгаар их сургууль бол улс орны нийгэм, эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулдаг судалгаа, сургалтын байгууллага гэж үздэг болсон. Судалгааны ажлын хэсгээс Монголд тал бүрийн мэргэжлийн хамруулсан их сургууль байхгүй учраас одоо байгаа их сургуулиудыг нэгтгэх нь зүйтэй гэдэг дүгнэлт гаргасан.

Ингэж нэгтгэснээр авъяасын төвлөрөл бий болно. Мөн олон сургуулиар тархсан эрдэмтэд хамтарч судалгааны ажил хийх боломж бүрдэнэ. Нэг сургууль байгаа лабораторийг нөгөө сургуулийн эрдэмтэд ашиглах боломжтой.

Хэрэв их сургуулиудаа нэгтгэх юм бол ойрын 15 жилийн дотор дэлхийн топ 500-1,000 их сургуулийн тоонд орох бололцоо байна гэж үзэж байгаа” гэлээ.