Индэр    
Монголын их, дээд сургуулиуд ажилгүйчүүдийн тоог нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулагч болсон уу?!
Зураг
2019 оны 10 сарын 21
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Монголын их, дээд сургуулиуд ажилгүйчүүдийн тоог нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулагч болсон уу?!

Нэг, хоёрдугаар ангид сурч буй, ирэх жилүүдэд сургуульд элсэх сурагчдын 65% нь өнөөдөр байхгүй ажлыг ирээдүйд хийнэ гэж Дэлхийн эдийн засгийн форумаас (WEF) гаргасан судалгаанд дурджээ.

Өөрөөр хэлбэл, 2030 онд ажлын байрны 65% нь та бидний огт мэдэхгүй цоо шинэ ажил, мэргэжлүүд болж хувирах нь.

Тэгвэл энэ үед хүүхэд, багачууд, оюутан, сурагчид маань ирээдүйд шаардлагатай мэдлэг, ур чадваруудад суралцаж чадаж байгаа юу? 

iKon.mn “Боловсролын тэгш бус байдлыг бууруулъя” сэдвийн хүрээнд их, дээд сургуулийн асуудлыг хөндөж байна.

Өнөөдөр МУИС гэхэд чансаагаараа дэлхийд 3,658-р байр, ШУТИС гэхэд 4,694-р байрт бичигдэж байна. 

Зураг: Дэлхийн их сургуулиудын чансаа, (Зураг дээр дарж томруулж үзнэ үү)

 
http://www.webometrics.info/en/transparent
 
http://www.webometrics.info/en/transparent

Аливаа улс үндэстний мэдлэг, боловсролын эх ундарга, манлайлал болох ёстой их сургуулиудын хувьд чухам ямар асуудал байгаа болоод өнөөдөр ийм хэмжээнд үнэлэгдэж байна вэ?

Энэ тухай бид ээлжит "Гуравласан яриа" нэвтрүүлгээ бэлтгэсэн юм.

Нэвтрүүлгийн зочноор Их, дээд сургуулийн хөгжлийн академийн захирал Г.Орхон, зочин хөтлөгчөөр Голомт Банкны ахлах эдийн засагч, iKon.mn сайтын нийтлэлч Г.Ганзориг уригдан оролцлоо.

Видео, Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь үзэх:

https://www.facebook.com/iKonNews/videos/547431519361176/

Ярилцлагаас онцлох хэсгүүд:

Ч.Болортуяа
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Монголчуудын их, дээд сургуульд хамрагдалтын түвшин WEF тайлангаар дэлхийн 140 орноос 29-р байр эзэлж байгаа мөртлөө ур чадвартай ажиллах хүчний үзүүлэлтээр хамгийн адагт буюу 139-р байр эзэлсэн байна. Алдаа нь яг хаана гараад байна вэ?

Г.Орхон
Их, дээд сургуулийн хөгжлийн академийн захирал

Энэ нь дээд боловсролын чанар маш сул байгааг илтгэж байгаа үзүүлэлт. Чанар яагаад сул байна вэ гэхээр хоёр чухал хүчин зүйл нөлөөлж байна. Гадны болон дотоод хүчин зүйл. Гадны хүчин зүйл гэдэгт манай улсын тогтолцооны сул байдал. Өөрөөр хэлбэл, тогтолцоо сул байвал дээд боловсролын үр нөлөө бага байна гэсэн судалгаанууд байдаг. Дотоод хүчин зүйл гэдэг нь дээд боловсролын хөтөлбөртэй холбож ойлгож байгаа юм. Их, дээд сургуулийн хамгийн чухал бүтээгдэхүүн нь хичээлийн хөтөлбөр, агуулга байдаг. Өнөөдрийн их, дээд сургуулиуд маань орчин үетэйгээ хөл нийлүүлсэн ийм хөтөлбөр, агуулгыг өгч чадахгүй байна л гэсэн үг. Үүнийг нотолж байгаа нэг зүйл нь Монголын их, дээд сургуулийг төгсөгчдийн ердөө 25 хувь нь л сургуулиа төгсөөд зургаан сарын дотор ажилд орж чадаж байна. Мөн нийт ажилгүйчүүдийн 40% нь их, дээд сургууль төгссөн хүмүүс байгаа юм. Өөрөөр хэлбэл, их, дээд сургуулиуд маань дипломтой ажилгүйчүүдийн тоог нэмэгдүүлэхэд бараг хувь нэмэр оруулаад байна уу даа.

Ч.Болортуяа
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Таны танилцуулгад их, дээд боловсрол нь анх зөвхөн элитийнх байсан бол массынх, одоо бүр бүх нийтийнх гэдэг ангилал руу орж өөрчлөгдөж байгаа юм. Монголын хувьд ямар түвшиндээ байгаа вэ?

Г.Орхон
Их, дээд сургуулийн хөгжлийн академийн захирал

Монголчуудын их, дээд сургуульд элсэгчдийн хувь 65 байна. Европын дундаж 70%. Өөрөөр хэлбэл бид хамрагдалтын хувиар Европтой тун ойр байгаа юм. Монголын хувьд массын гэхээсээ цаашлаад бүх нийтийн гэдэг ангилал руу шилжих үе дээрээ байна гэсэн үг. Үүнээс юу ойлгох вэ гэхээр монголчууд сурахыг үнэхээр эрмэлзэж байна. Харамсалтай нь тэр хэрэгцээ, шаардлагыг нь хангахуйц сургалтын хөтөлбөр, агуулга байж чадахгүй байна.

Ч.Болортуяа
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Нэг үе их, дээд сургуульд хүн болгон сурах шаардлагагүй, мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд суралцахыг их санал болгож байсан. Гэтэл орчин үед ялангуяа техник, технологийн өндөр хөгжлийн үед тусгай дунд боловсрол, мэргэжлийг сонгох нь зөв үү гэдэг асуулт гарч ирээд байгаа шүү дээ.

Г.Орхон
Их, дээд сургуулийн хөгжлийн академийн захирал

Зорилгодоо нийцсэн боловсролыг л хүн өөрөө шийдэж, эзэмших ёстой. Ирээдүйд гараар хийдэг ажлын байр багасах төлөвтэй. Гэхдээ яг өнөөдөр Монгол шиг хөгжингүй орны хувьд нөхцөл байдал арай өөр. Явж явж хүн өөрийн зорилгод нийцсэн суралцахуйн шийдвэрийг л гаргаад явах нь зөв юм.

Г.Ганзориг
Голомт банкны ахлах эдийн засагч

Түүхээ сөхөөд үзэхээр 1776 онд алдарт эдийн засагч Адам Смит "Үндэстнүүдийн баялаг" номондоо хөдөлмөрийн хуваарилалтын талаар маш тодорхой бичсэн. Нэг хүн нэг юмаа тултал сайн хийдэг болох буюу жинхэнэ мэргэжилтнүүд бий болох нь бүтээмжийн гол хүчин зүйл гэсэн байдаг. Монголыг харахаар бүтээмж их муу. Зэс, нүүрсээ ухаад л зарчихдаг. Өөрөөр хэлбэл, бүтээмжид суурилсан эдийн засаг биш болохоор нарийн мэргэжилтнүүд үнэлэгдэж чаддаггүй.

Ч.Болортуяа
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Монгол хүн ам цөөн улсын хувьд иргэд нь бүгд их, дээд боловсролтой болохыг зорих нь зөв юм шиг. Энэ тухай судалгаа байдаг болов уу?

Г.Орхон
Их, дээд сургуулийн хөгжлийн академийн захирал

Хүмүүсийн дээд боловсрол эзэмших гэсэн эрмэлзлийг буруутгах нь утгагүй. Харин нөгөө талд их, дээд боловсролын чанар л сайжрах ёстой.

Г.Ганзориг
Голомт банкны ахлах эдийн засагч

Дээр бүтээмжийн тухай дурдсан. Боловсрол гэдэг бүтээмжийг дээшлүүлдэг хамгийн чухал зүйл шүү дээ. Тэгэхээр бид бүтээмжээ дээшлүүлэхийг хүсэж л байгаа бол дээд боловсрол яах аргагүй хэрэгтэй л гэсэн үг. Бүтээмжийг дээшлүүлэхийн тулд дижитал шилжилт хийгдэж байна. Энэ үед их, дээд сургуулиуд яаж өөрчлөгдөх хэрэгтэй вэ?

Г.Орхон
Их, дээд сургуулийн хөгжлийн академийн захирал
 

Өнөөдөр Монголд мэдээллийн технологийн чиглэлээр 5,000 хүүхэд л суралцаж байна. Гэтэл бизнесийн чиглэлээр сурч байгаа оюутны тоо 43,000 байх жишээтэй. Нээлттэй байгаа ажлын байрыг харахаар мэдээллийн технологийн ур чадвартай хүмүүс маш их шаардлагатай байна. Мэдээллийн технологийн ур чадвартай хүмүүс зөвхөн Монголдоо гэлтгүй дэлхийд ажиллах өргөн боломж байна. Мэдээллийн технологийн мэргэжилтний хэрэгцээ шаардлага ийм их байхад манайд үүнд тохирсон сургалтын хөтөлбөр маш сул байгаа юм. Нөгөөтэйгүүр, зөвхөн мэдээллийн технологийн мэргэжилтэн гэлтгүй бусад бүх мэргэжилд мэдээлэл зүйн хичээлийн чанарыг сайжруулах шаардлагатай болчихлоо. Кодчлолын хичээлийг л гэхэд бүр ерөнхий боловсролын сурагчдад заагаад эхэлчихлээ.

Ч.Болортуяа
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Г.Ганзориг эдийн засагчийн хувьд мөн энэ тухай бичсэн байсан. Эдийн засагч хүний хувьд танд кодчлолын ур чадвар яагаад шаардлагатай болсон бэ?

Г.Ганзориг
Голомт банкны ахлах эдийн засагч

Хэлтэй бол хөлтэй гэдэг үг бий. Дэлхий 7.7 тэрбум хүнтэй. Бид гуравхан саяулаа. Англи хэлний хувьд дэлхийн нийтлэг хэл. Хүн болгон англи хэл сурах гэж зорьсон. Гэтэл орчин үед энэ нь байдаг л зүйл болж хувирсан. Одоо бидний хувьд дижитал шилжилтийн үед компьютертойгоо ярих хэл чухал болчихсон байна. Кодчлолыг сурах нь зайлшгүй зүйл болчихсон юм байна. Эдийн засагчдын хувьд л гэхэд код их бичдэг болчихлоо. Англид сурч байхад Фэйсбүүкт ажилладаг нэг найз маань чи юун дээр код бичиж байна даа? гэж асуудаг юм. Миний хувьд код бичдэггүй. Өөрөөр хэлбэл, мэргэжил нэгтнүүд маань нэг хэсэг эдийн засагчдад л зориулсан программ дээр ажиллаж байсан бол одоо Phyton, R дээр эдийн засгийн загварчлалуудыг тооцдог болоод байна. Үүнийг сураад л явж байна. Тэгэхээр код бичнэ гэдэг бүх хүний хэрэгцээ болчихсон байна.

Ч.Болортуяа
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Монголын их, дээд сургуулийг нэгтгэх ажил явагдаж байгаа юм билээ. Энэ нь зөв зүйл мөн үү?

Г.Орхон
Их, дээд сургуулийн хөгжлийн академийн захирал

Төрийн өмчийн найман сургуулийг нэгтгэх нь дэлхийн чиг хандлагатай нийцэж байгаа гэж хэлж болно. Маш чухал алхам. Их сургуулиуд нэгдсэнээрээ яг ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг ярья. Дэлхийн их, дээд сургуулиуд маань том бөгөөд цөөхөн байх чиглэлд хөгжиж байна. Дэлхийн шилдэг их сургуулиудыг харахад нэг сургуулийн дээвэр дор нийгэм, байгалийн ухаан гэх мэт бүх салбарыг хамарсан байдаг. Энэ нь салбар дундын судалгааг хөгжүүлэх давуу талтай. МУИС анх ийм байсан ч нэг нэгээрээ салсан. МУБИС гэхэд МУИС-ийн боловсролын нэг сургууль байх ёстой гэсэн үг. Хэрвээ их сургуулиуд маань нэгдчих юм бол судалгааны тоон үзүүлэлтийг нэгдүгээрт дээшлүүлнэ. Хоёрдугаарт, хөтөлбөрийн давхцал арилна. Тухайн сургууль өөрийн мэргэшсэн чиглэлдээ л түлхүү анхаарна. Мөн оюутан Хөдөө аж ахуйн их сургуулийн нэг хичээл, МУИС-ийн нэг сайн хичээлийг сонгох буюу яг өөрийн зорилгод нийцсэн боловсролыг авах боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, байгууллагаар хязгаарлагдахгүй мэдлэг олж авах боломж оюутанд бүрдэж байгаа нь маш том давуу тал. Гуравдугаарт, салбар дундын судалгаа хөгжинө. Шинжлэх ухааны салбарууд маань хамтарч судалгаа хийх нь маш чухал болж байна. Нийгэм, эдийн засгийн чухал асуудлыг судлах шаардлага бий. Монголын хувьд жишээ нь утаа. Утааг гэхэд нийгэм, байгаль орчин, эдийн засагчид, эрүүл мэндийн салбарын хүмүүс нэгдэж байж судлах шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, их сургуулиуд маань нэгдэх нь үндэсний хувьд илүү үр ашигтай гэсэн үг.

Г.Ганзориг
Голомт банкны ахлах эдийн засагч
 

Дэлхийн шилдэг их сургуулиуд дандаа л судалгаанд суурилсан сургуулиуд байдаг. Харвард, Колумбиагийн их сургууль, Йел, MIT, Стэнфорд гээд нэр дурдаж болно. Эдгээр сургууль нь судалгаа, туршилт, мэдлэгийн үйлдвэр байгаад энэ нь нийгэмдээ эерэг нөлөө авчирч байна. Монголын хувьд энэ судалгаа гэдэг зүйлээ яагаад орхигдуулаад байна вэ?

Г.Орхон
Их, дээд сургуулийн хөгжлийн академийн захирал

Их сургууль нэгдүгээрт хараат бус байх ёстой. Өөрийн гэсэн дархлаатай байх ёстой. Хоёрдугаарт, авьяасын төвлөрөл бүрдэх ёстой. Тэгвэл өнөөдөр их сургуулиудад ийм боломж байгаа юу. Меритийн зарчим үйлчилж чадахгүй байна. Гурав дахь хүчин зүйл нь санхүүжилт. Өнөөдөр Монгол Улс судалгаанд ДНБ-ий ердөө 0.1 хувийг зарцуулж байна. 0.1 хувийг шинжлэх ухааны академи, их сургуулиуд маань хувааж авч байна. Бусад улс орны хувьд 4 хүртэл хувийг, дунджаар 2 хувийг зарцуулж байна. Монгол Улсын хувьд дор хаяж 1 хувьд хүргэх зорилго тавих ёстой. Дээрээс нь олон улсын жишигт засгийн газраас тусдаа судалгаанд зарцуулж байгаа мөнгийг үр дүнтэй зарцуулж байгаа эсэхэд хяналт тавьдаг, дижитал сан бий болгох гэх мэтийг хийдэг байгууллагууд байдаг.

Ч.Болортуяа
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Санхүүжилт байхгүй гэхээр бас өрөөсгөл болчихоод байгаа юм. Тухайлбал, нэгдэнэ гэж яригдаад байгаа 8 сургуулийн дансанд 30 тэрбум төгрөг байна. Гэтэл энэ мөнгийг багш нарын цалинг нэмэх, судалгаанд хөрөнгө оруулалт хийнэ гэхээсээ сургуулийнхаа байшин барилгыг өргөтгөх буюу хатуу дэд бүтцэд л хөрөнгө оруулалт хийхэд дийлэнхийг нь зарцуулаад байна. Судалгаа шинжилгээнд зөвхөн төр засаг гэлтгүй хувийн хэвшлийнхэн маань хөрөнгө оруулалт хийх нь хөгжлийн чухал алхам байдаг шүү дээ. Жишээ нь, Голомт Банкны хувьд судалгаа, шинжилгээнд ямар хөрөнгө оруулалт хийдэг вэ?

Г.Ганзориг
Голомт банкны ахлах эдийн засагч

Өөр банканд байхгүй Эдийн засгийн судалгааны алба гэж Голомтод байдаг. Миний хувьд энэ албанд ажилладаг. Энэ бол байгууллагын хувьд судалгаанд оруулж буй хөрөнгө оруулалтын нэг хэлбэр. Гадны банкуудыг судлаад үзвэл дотроо ийм судалгааны нэгжтэй байхаас илүү тусдаа институц байгуулчихдаг юм билээ.

Г.Орхон
Их, дээд сургуулийн хөгжлийн академийн захирал

Нэгдүгээрт их, дээд сургуулийн төлбөр бага байгаа нь үнэн. Ингэхээр нэгэнт төлбөр бага учраас аль болох олон оюутантай болж байж орлогоо бүрдүүлэх шаардлагатай болно. Тиймээс ч их, дээд сургууль олон оюутантай болохын тулд барилга, байшингаа сайжруулах шаардлагатай болж байгаа юм.

Ч.Болортуяа
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Их, дээд сургуулийг чанаржуулж, өөрчлөлт хийхийн тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой талаар та тодорхойлж хэлэхгүй юу?

Г.Орхон
Их, дээд сургуулийн хөгжлийн академийн захирал

Хамгийн түрүүнд улс төрөөс хараат бус болгох шаардлагатай байна. Их, дээд сургуулийн Удирдах зөвлөлд нийгмийн зүтгэлтнүүд, компанийн захирлууд байх хэрэгтэй. Хоёрдугаарт, оюутан төвтэй сургалтын хөтөлбөр боловсруулж гаргах хэрэгтэй.