Зураг
Зураг
Индэр    
2021 оны 1 сарын 20
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Та хоёрын нэг нь ОГЦОР!

Зураг

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх бэлтгэл ажил биш, хэд хэдэн удаагийн сонгууль л бодож байсан шийдвэр гаргагчдын үнэн багийг хуулсан, тэдний огцрох үндэслэл нь хангагдсан дараах баримтуудыг сануулъя. 

НЭГ. УОК огцрох болзлоо аль арваннэгдүгээр сард уг нь хангасан

Иргэн Д нь "Энхсаран" сувилалд тусгаарлагдаж байгаад "КОВИД-19-ийн халдваргүй" гэсэн оноштойгоор тусгаарлалтаас гарсан билээ. Харамсалтай нь түүнийг тусгаарлалтаас гарсан хойно буюу арваннэгдүгээр сарын 10-11-ний шөнө халдвартайг нь тогтоож, шуурхай авсан. 

Ийнхүү орон даяар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн билээ. 

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн мэдэгдэлтэй зэрэгцээд дотоодод халдвар тархвал яах вэ гэсэн иргэдэд зориулсан журам, төлөвлөгөө нь байхгүй байгаа нь тодорхой болсон. Төлөвлөгөө байгаагүй гэдэг нь иргэдэд учирсан олон чирэгдлээр нэгэнт батлагдсан билээ. Хувийн автомашинаар зорчиж болно, болохгүй, нийтийн тээврийг цагийн хуваариар явуулна, явуулахгүй гэж бужигнаж бужигнаж QR кодыг гаргаж ирэв. Өөрөөр хэлбэл, УОК, НОК дотоодод халдвар тархаад Бүх нийтийн бэлэн байдал зарлавал иргэдийн зорчих хөдөлгөөнийг ямар дарааллаар, хэрхэн зохицуулах вэ гэсэн хамгийн түрүүнд хийх ёстой төлөвлөгөөгөө боловсруулаагүй байсан нь ийнхүү ил болсон. 

Засгийн газар, УОК, НОК ямар ч бэлтгэл, төлөвлөгөөгүй, магадгүй гадаадаас эрүүл ирээд тусгаарлалтын байранд КОВИД-19-ийн халдвар авсан иргэдийн өмнө хариуцлага хүлээж  аль арваннэгдүгээр сард огцрох болзлоо хангасан билээ.

ХОЁР. Уучилж болохгүй алдаа ба ХҮНИЙ АМЬ НАС

Засгийн газар, УОК, НОК-ийн бэлтгэлгүй, төлөвлөгөөгүй, зөвхөн хааж, хавчихаас өөр чадваргүй байдал нь хүний амь насанд хүрсээр байна.

2020 оны арванхоёрдугаар сарын 7-ны орой Улаанбаатар хот руу нэвтрэхээр Эмээлт авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд ирсэн Архангай аймгийн иргэн Улаанбаатар хот руу нэвтрэхээр хүлээж байхдаа эмнэлгийн тусламж авч чадалгүй 20 цаг хүлээсний эцэст амь насаа алдсан билээ.

Өөрөөр хэлбэл, УОК, НОК хөл хорионы үеэр товчоодод шинжилгээний бичиггүй ч биеийн байдал хүнд иргэн ирвэл яах вэ, ямар хариу үйлдэл үзүүлэх, амь нас, эрүүл мэндийг нь хэрхэн хамгаалах вэ гэсэн дүрэм журам байсангүй. Хэрэв байсан бол яг ямар дүрэм байгаад хэн нь алдаа гаргаад ямар хариуцлага хүлээв гэдэг нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. 

Нийгмийн анхаарлыг татсан явдал энэ болохоос эмнэлгийн тусламж авч чадаагүйгээс болж, хөл хорионы алдаатай, уялдаа холбоогүй шийдвэрүүдээс болж амь нас, эрүүл мэндээрээ хохирсон иргэд хэчнээн байгааг мэдэх боломжгүй.

Засгийн газар, УОК, НОК-т чухам хэчнээн хүний амь нас хэрэгтэй вэ?

ГУРАВ. Гадаадад гацсан монголчууд 

Монгол Улс хилээ хааж, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хорьсонтой холбоотойгоор гадаадад гацсан монголчуудын асуудал 2020-2021 он дамнан үргэлжилсэн хүндэрсэн асуудал болоод буй. Дотоодод халдвар тархсантай холбоотойгоор тусгай үүргийн нислэгүүд саатаж, эх орондоо ирэхээр дарааллаа хүлээж байсан иргэдийн асуудал хүндэрсээр байна. 

Тухайлбал, БНСУ-аас эх орондоо ирэх хүсэлтээ өгөөд буй таван мянга орчим иргэний төлөөлөл эсэргүүцлийн суулт зарлаад 17 хонолоо. 

Энэ хугацаанд буюу 2020 оны арванхоёрдугаар сард нутаг буцах хүсэлтээ өгөөд байсан Монгол Улсын 35 настай иргэн БНСУ-д нэгдүгээр сарын 15-нд нас барав. 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Монгол хүн эх орондоо ирэх эрхтэй. Энэ бол Үндсэн хуулийн хэмжээнд хийж байгаа ажил. Монгол хүн битгий хэл монгол морь ч эх орон руугаа гүйдэг юм. Тиймээс харийн нутагт гэр бүлээ тэжээж, хүнд хүчир ажилд зүтгэж байгаа иргэдээ бид үе шаттай татна” гэж  2020 оны гуравдугаар сарын 27-нд мэдэгдсэнээс хойш 10 сар буюу бараг жил өнгөрчээ. 

Хангагдах ёстой эрх, биелэгддэггүй төлөвлөгөө баталсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх Та хариуцлагаа хүлээж огцрох уу?

ДӨРӨВ. Коронавирус л биш бол бусад шалтгаанаар хэн, яаж үхэх нь төр засагт хамаагүй

  1. Тусгаарлах байранд коронавирус алдсан, эх орондоо эрүүл ирээд халдвар авсан иргэдийн өмнөөс хэн хариуцлага хүлээх вэ? 
  2. Дотоодод тархсан халдварын үед авах хариу арга хэмжээнүүдийн тодорхойгүй байдлаас үүдсэн хүний эрүүл мэнд, амь нас хохирсон тохиолдлуудад хэн хариуцлага хүлээх вэ?
  3. Гадаадад гацаж, гэртээ ирж чадалгүйгээр амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсон тэр бүх хохирлын өмнөөс хэн хариуцлага хүлээх вэ?

Дээрх асуултуудын хариу өнөөдрийг хүртэл тодорхой болоогүй байхад өчигдөр дөнгөж төрсөн эхийг төрөх эмнэлгээс ХӨСҮТ рүү, -20 градуст гадуур хувцасгүй, гуталгүй, нярайг нимгэн өлгийтэй 20 минут онгорхой хаалгатай байсан хүйтэн машинаараа зөөвөрлөн авч явсан нь өнгөрсөн жилээс хуримтлагдан ирсэн иргэдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэлээ. 

Хэдийгээр дэлхийн олон оронд эрүүл мэндийн салбарын чансааг шалгаж, эмч, ажилчид нь халдвар авч, эмнэлэг халдварын голомт болж байгаа тохиолдлууд байгаа ч дөнгөж төрсөн эх, нярайг -20 градустай хотод нимгэн, нүцгэн зөөвөрлөсөн тохиолдол өөр үгүй билээ. 

Нэгдүгээр амаржих газарт халдварт өвчинтэй үйлчлүүлэгчийг тусгаарлах өрөөнүүд бий. 

Гэтэл өвчтөний хамгийн наад захын хэрэгцээ буюу дулаан байх аюулгүй ажиллагаа, төрсөн эхийн сэтгэл зүйг дэмжих, хамгаалах гээд хүний олон эрх зөрчигдлөө.  Ерөөс манай төр засагт иргэд нь коронавирус л биш өөр ямар ч шалтгаанаар үхэх, сэхэх нь чухал асуудал биш аж. 

Энэ бүх үйл явдлаас коронавирусийн халдварын эсрэг авах Монголын төр засгийн  арга хэмжээнүүд ямар ч зохион байгуулалт, төлөвлөгөө, уялдаа холбоогүйг улам бүр баталж байна. Ажлаа мэддэггүй, олон хүний амь нас, эрүүл мэнд, сэтгэл санааны нөхөж баршгүй хохирол учруулсаар байгаа УОК-т дахиад ямар алдаа дутуу байна вэ?

Монголд өнөөдөр коронавирус биш, төр засаг нь АЮУЛ болсныг улам бүр нотолсоор байна.

УОК-ын дарга Я.Содбаатар Та огцрох уу? Эсвэл чадваргүй гүйцэтгэгчдийнхээ удаа дараагийн алдааг уучилж, толгойг нь илсээр суугаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх Та өөрөө огцрох ёстой.