Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Энхсаран" сувилалд тусгаарлагдах үедээ КОВИД-19 халдвар авсан хүмүүс ХЭҮК-т хандах БОЛОМЖТОЙ

Ч.Болортуяа
2020 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ сарын 15-нд өгсөн мэдээллээрээ "Энхсаран" сувилалд тусгаарлагдаж байхдаа 40 гаруй хүн КОВИД-19 халдвар авсныг хүлээн зөвшөөрсөн билээ. 

Тэгвэл өчигдрийн 17:00 цагийн байдлаар тусгаарлалт ба хяналтад нийт 58 хүн халдвар авсан тухай Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Өөрөөр хэлбэл, иргэд Монголд эрүүл ирээд тусгаарлалтын явцад ийнхүү халдвар авсаар байна. 

Энэ тухай ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа иргэн Д.Мөнхбат фэйсбүүкт мэдээллүүд өгсөөр байгаа. Улаанбаатарт анх илэрсэн Монгол Улсын иргэн, ТИР машины жолооч Д-ын хувьд ч 21 хоногийн хугацаанд "Энхсаран" сувилалд тусгаарлагдаж байхдаа эрүүл байсан учир тусгаарлалтаас гарсан байх учиртай. 

Тиймээс ч тусгаарлалтад байх хугацаандаа халдвар авсан иргэд болоод Бүх нийтийн бэлэн байдлын хөл хорионы үед хүний эрхийн ямар асуудлууд учирч байгаа талаар энэ Даваа гарагийн "Нүүдэл шийдэл" нэвтрүүлгээр хөндлөө. 

"Хөл хорио ба Хүний эрх" сэдвийн хүрээнд:

  • Тусгаарлалтад байхдаа өвчний халдвар авсан иргэдийн эрхийн асуудал,
  • Сурагчдын тэгш хүртээмжтэй сурч боловсрох эрх,
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэргийн нөхцөл байдал,
  • Эмзэг бүлгийн иргэдэд хүрэх төрийн үйлчилгээ гэх мэт асуудлаар хэлэлцлээ.

Видео: Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь үзэх: 

https://www.facebook.com/watch/?v=286851912668995

УИХ-аас энэ оны дөрөвдүгээр сарын 29-нд Коронавируст халдвар (КОВИД 19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх,  тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль баталсан. 

Тус хуулийн 11.5.-т "Хүний эрхийн үндэсний комисс Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасан чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд энэ хуульд заасан арга хэмжээнд хяналт тавина" гэжээ. 

Тиймээс ч хүний эрхийн зөрчилтэй холбоотой бүхий л асуудалд Хүний Эрхийн Үндэсний Комисс хяналт тавин ажиллах ёстой юм. "Энхсаран" сувилалд халдвар авсан иргэдийн хувьд ч ХҮЭК-т хандах боломжтой тухай "Нүүдэл шийдэл" нэвтрүүлгийн зочид хэлж байв. 

ХЭҮК  70 000 222 дугаарын утсаар, мөн шуудангаар гомдлууд хүлээн авч байна.