Зураг
Зураг
Индэр    
2021 оны 1 сарын 7
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

2021 ОН: Эдийн засаг, бизнесийн эрсдэл, боломж

Зураг

КОВИД 19-с шалтгаалсан эдийн засгийн хямрал нь дараагийн 2-3 жилд үргэлжлэх магадлалтай учир бизнес, эдийн засгийн орчныг сэргээх, дэмжих дорвитой алхмуудыг иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай зэрэгцэн хэрэгжүүлэхгүй бол пост ковид буюу КОВИД устсан ч түүний дараа эдийн засаг сэргэж чадахгүйг судлаачид сэрэмжлүүлж байгаа билээ.

Монгол ТВ телевизийн “Нүүдэл шийдэл” нэвтрүүлгийн 2020 оны арванхоёрдугаар сарын 28-ны дугаараар “2021 оны эдийн засгийн сорилт ба боломж”  сэдвийн хүрээнд эдийн засагчдын байр суурийг хүргэсэн.

Хямралын үед төсвийн зардлыг илүү үр ашигтай болгох шаардлага хэзээ хэзээнээс илүү чухал

Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь үзэх:

https://fb.watch/2RoCQK6n_2/

Эдийн засагч Б.Дөлгөөн нэвтрүүлгийн үеэр  “Хөл хорио нь өдөрт 50-60 тэрбум төгрөгийн хохирлыг эдийн засагт учруулж буй. Тэгвэл Монгол Улсын 18-аас дээш насны хүмүүсийг вакцинжуулахад нэгээс гурван хоногийн эдийн засгийн алдагдалтай тэнцүү байна. Өөрөөр хэлбэл бид нэг өдрийн өмнө ч гэсэн вакцин хийлгэх нь эдийн засгийн энэ хэмжээний алдагдлыг бууруулах боломжтой” гэж байв. Улс орнуудын хувьд ч энэ тооцоог хийж 2020 оны хавар, зуны цагт вакцины захиалгуудаа хийж эхнээсээ шинэ коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаж эхлээд байна.

Дэлхий даяар 8.2 тэрбум тун вакцины захиалга хийгдээд байгааг Блүүмбэрг агентлаг мэдээлээд буй.

Хөрөнгийн захын шинжээч Г.Мөнх-Эрдэнэ 2021 оны эхний хагас жилд түүхий эдийн үнэ ханш ялангуяа Монгол Улсын экспортын голлох түүхий эдийн ханш тогтвортой байх магадлалтай учир энэ хугацаанд экспортоо чадах чинээнд нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Харин 2021 оны хоёрдугаар хагасаас түүхий эдийн үнэ ханш буурах эрсдэлтэй байхыг үгүйсгэхгүй гэж байлаа. Хэдийгээр эдийн засгийн хямрал болж байгаа ч өсөлттэй бизнес, салбар байна. Тухайлбал харилцаа холбооны компаниудын зах зээлийн үнэлгээ өссөөр байгаа. Тиймээс Монголчуудыг зөвхөн дотоод нөөц боломж гэхээсээ олон улсын хөрөнгийн зах зээлд гарч байгаа шинэ боломжуудыг олж харах хэрэгтэйг Г.Мөнх-Эрдэнэ зөвлөж байлаа.

Монгол Улсын эдийн засгийн голлох салбар болох уул уурхайн бүтээгдэхүүний экспортын нөөц боломжийг өмнөх үеүдийнхээсээ илүү дайчлах шаардлагатайг эдийн засагчид онцолж байгаа ч орлого нэмэгдэх хэрээр дагаад үр ашиггүй зардал нэмэгдэж байвал хуримтлагдаад байгаа асуудлуудыг шийдэж чадахгүй юм.

Тиймээс ч хямралын үед төсвийн зардлыг илүү үр ашигтай болгох шаардлага хэзээ хэзээнээс илүү чухал болоод буй.

Энэ тухай эдийн засагч Г.Ганзориг “Төсвийн зардал нь үндсэн хоёр бүтэцтэй. Эхнийх нь мэдээж үйл ажиллагааны буюу урсгал зардал нөгөөх нь илүү урт хугацаанд үр ашгаа өгдөг хөрөнгө оруулалтын зардал байдаг. Хямралын үед урсгал зардлыг бууруулах боломжгүй. Яагаад гэхээр үүнд төрийн албан хаагчдын цалин болоод бусад бүх төлбөрүүд явж байдаг. Тэгэхээр үлдэж буй хөрөнгө оруулалтын зардлаа цаг үеийн шаардлагатай буюу одоогийн хямралыг даван туулах ажлуудад зарцуулах шаарлагатай юм. Гэтэл манай улсын хувьд хөшөө, байшин барих зэрэг эдийн засгийн хэвийн үеийн бодлогоор яваад байна. Төсвийн санхүүжилттай бүтээн байгуулалтуудын үр ашиг удаан хугцааны дараа гардаг. Тиймээс ч яг өнөөдөр дэмжлэг хэрэгтэй салбаруудад нөөц боломжоо дайчлах хэрэгтэй. Гэхдээ эдийн засгийг сэргээх, тэтгэхдээ ухаалаг байдлаар зохицуулах шаардлагатай” гэж байв.

Эдийн засгийн хямрал ард хоцроогүй харин урд байна гэдгийг онцолсоор буй.

Тэгвэл ийм тодорхойгүй, эрсдэлтэй орчинд бизнес эрхлэгчид хэрхэн эрсдэлээ удирдах талаар  “Нүүдэл шийдэл” нэвтрүүлгийн 2021 оны хамгийн эхний дугаараар хөндлөө.

Баялгийн тэгш бус байдал улам гаарах уу?

Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь үзэх:

https://fb.watch/2RovfOfoph/

СЭЗИС-ийн Бизнесийн удирдлагын тэнхмийн профессор, Говь ХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Гэрэлмаа “Тодорхойгүй үед бизнес эрхлэгчид шийдвэр гаргахдаа:

  1. Хүнлэг байх буюу ажилтныхаа оронд өөрийгөө тавьж үзэх, харилцагч, хэрэглэгчээ халамжлахаа мартахгүй байх, бизнесийн эко системийн хүрээний харилцагч, түншүүдээ бодох,
  2. Хоёрдугаарт, эрхэм зорилготой байх. Компани болгон мэдээж эрхэм зорилготой ч хямралын үед энэ нь бүр чухал болж байна. Таныг хүнд шийдвэр гаргахад тань луужин болох чиглүүлэгч нь өөрөө эрхэм зорилго байдаг.
  3. Түргэн шийдвэр гаргах чадвараа улам бүр нэмэгдүүлэх, тодорхойгүй байдлаар удаан явж болохгүй,
  4. Итгэлцэл маш чухал. Ажилтан, харилцагчдынхаа дунд мэдээллийн ил тод байдал, шударга байдал чухал, бие биедээ итгэж байж л хүнд үеийг даван гарна,
  5. Ирээдүйн чиг баримжааг тодорхойлох. Өөрөөр хэлбэл хүнд хэцүү цаг үе байсан ч дараагийн алхам, ажил юу байх вэ гэдгээ тооцоолох, төлөвлөх хэрэгтэй” гэж байлаа.

Мөн компаниудын хувьд ТУЗ-ийн дэргэхэд хямралыг даван туулах байнгын ажиллагаатай хороо байгуулах шаардлагатайг Компанийн засаглалын хөгжлийн төвийн захирал Т.Цэнд-Аюуш хэлж байв.

Түүнчлэн төр засгийн зүгээс төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг сайжруулах, зохицуулалтын орчныг тодорхой болгох зайлшгүй шаардлага байгааг тэрбээр онцолсон юм.  

Тодруулбал “Эрдэнэт үйлдвэрийн хувьд төрийн өмчит үйлдвэрийн газар болсноор ТУЗ байхгүй болж нэг хүний буюу гүйцэтгэх захирлын эрх мэдэл давамгайлах болсон. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар хэрэв алдаа гарвал захирал хувийн эд хөрөнгөөрөө барагдуулах тухай хуульд заасан байдаг. Гэвч Эрдэнэт шиг ийм том үйлдвэрийн алдагдлыг нэг хүний хувийн өмчөөр барагдуулна гэсэн ийм заалттай явж болох уу” гэж байлаа.

Цар тахлаас үүдэлтэй хөл хорионы үүднээс харилцаа холбооны салбарын ашиглалт өмнөх үеэс нэмэгдэж байгаа. Дэлхийн дижитал шилжилтийг улам хурдасгаж байгаа энэ үед Монгол Улсын хувьд ч бизнесүүд дижитал шилжилт хийхээр чармайж байна.

Тухайлбал, онлайн худалдааны салбарын эрэлт өмнөх үеэсээ огцом нэмэгдэв. Имарт худалдааны төвийн онлайн дэлгүүрийн эрэлт дунджаар 4-6 дахин зарим өдөр 10 дахин нэмэгдэж байгааг Скай Хайпермаркет ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Жавзмаа хэлсэн юм.

2020 онд тэд онлайн худалдааны талбарын хөгжүүлэлтэд гэхэд л 400 гаруй сая төгрөг зарцуулсан. 2021 онд үргэлжлүүлэн хөрөнгө оруулалт хийх тухайгаа ярьж байв.

Мөн худалдаа, үйлдвэрлэлийн салбарт гаалийн нэвтрүүлэлтийн саатлаас үүдэж барааны нөөцийн асуудалтай нүүр тулсаар байна. Ачаа тээврийн сааталтай холбоотойгоор аливаа эрсдэлээс хамгаалахын тулд бизнес эрхлэгчдийн хувьд даатгалын үйлчилгээ авах, ашиглах зэрэг туршлагаа Л.Жавзмаа захирал хуваалцсан юм.

Аливаа хямралын үеэр үл хөдлөх хөрөнгө хямдарч, жижиг бизнесүүд хямралд илүү өртдөг учраас бизнесүүдээ зарж баялгийн тэгш бус байдал улам гаардаг талаар судлаачид онцолдог.

Тиймээс ч том аж ахуйн нэгжүүд жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулалт хийхэд давхар анхаарлаа хандуулах тухай нэвтрүүлэгт оролцогч зочид онцолж байлаа.

Түүнчлэн төр засгийн зүгээс бизнест дэмжлэг үзүүлэх ёстой эсэх асуудалд Т.Цэнд-Аюуш захирал  “Төр бизнест өөрөө оролцож үйл ажиллагааг нь хязгаарлаж байгаа учраас эргээд үйл ажиллагааг сэргээх, дэмжих тал дээр нь оролцох л ёстой. Гэхдээ нийтээр нь хавтгааруулах бус ухаалаг дэмжлэг шаардлагатай” гэсэн юм.

Д.Гэрэлмаа доктор хямралын үеийн хамгийн ухаалаг хөрөнгө оруулалтын хувьд:

  1. Өөртөө - үйл ажиллагаагаа цэгцлэх, цахимжуулах, дата анализ,
  2. Бэлэн мөнгө – жижиг, дунд бизнест шууд хөрөнгө оруулалт хийх,
  3. Цар тахал эерэг нөлөө үзүүлсэн, өсөлттэй байгаа бизнес эсвэл цаашид үйл ажиллагаа нь явах нь ойлгомжтой ч хувьцаа хямдарсан бизнесүүдэд хөрөнгө оруулалт хийх,
  4. Хөрөнгө оруулалтын багц: алт, үнэт цаас, биткойн,
  5. Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зээл олгох гэх мэт аргууд байгаа талаар зөвлөсөн юм.