Зураг
Зураг
Индэр    
2020 оны 12 сарын 24
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Иргэдийн үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх ба хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт

Зураг

Фэйсбүүк, твиттер зэрэг олон нийтийн сүлжээнд нөлөө бүхий хүмүүсийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй адилтгаж үүрэгжүүлэх, нөгөө талаар гүтгэлэг, бусдын нэр хүндэд халдах, худал мэдээлэл тараасан этгээдийн ялын бодлогыг хүндрүүлэх саналтай байгаагаа Хууль зүй, дотоод хэргийн яам илэрхийлээд байгаа билээ. 

Сүүлийн өдрүүдэд өрнөөд байгаа үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой нийгэмд үүсээд буй хэлэлцүүлгийг дараах гурван үндсэн сэдэвт хуваан энэ долоо хоногийн “Нүүдэл шийдэл” нэвтрүүлгээр хэлэлцлээ. 

  1. Яг одоо Хууль зүй, дотоодын хэргийн яамны санал авч буй Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлт - Гүтгэх, худал мэдээлэл тараахтай холбоотой хэргүүдийг ангилан, ялын бодлогыг хүндрүүлэх санал,

  2. Олон нийтийн сүлжээнд нөлөө бүхий иргэдийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй адилтган үзэж хэвлэлийн зөвлөлөөр авч хэлэлцэх,

  3. Хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалт буюу Хэвлэл мэдээллийн зөвлөл гэж юу вэ? - Иргэдийн гомдлын дагуу хэвлэл мэдээллийн байгууллагууд мэргэжлийн ёс зүйн дүрмээ баримталж ажилласан эсэхт тухайлсан бүтээлүүдэд нь дүгнэлт гаргадаг мэргэжлийн байгууллагын талаар ярилцав. 

Нэвтрүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг, Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа нар оролцлоо. 

Видео: Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь үзэх:

https://www.facebook.com/watch/?v=1078223759316087

Иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол бидний Үндсэн хуулиар баталгаажсан эрх.

Энэ нь ардчиллын, ардчилсан улсын хамгийн чухал шалгуур учир ардчилсан улсууд хэвлэл мэдээллийн эрх чөлөө, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хуулиар зохицуулахдаа тун болгоомжтой хандаж байна.  

Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын энэ асуудалд жишээ болгон татдаг Герман улсад л гэхэд олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн асуудлыг зохицуулах тусгай хууль гаргасан ч энэ нь хувь хүн гэхээсээ байгууллагуудад чиглэсэн хууль юм. Энэхүү хууль нь ч германдаа тун их шүүмжлэл дагуулж буй. Мөн ОХУ-д мөн л олон нийтийн сүлжээнд 3,000 ба түүнээс дээш дагагчтай хэрэглэгчийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй адилтган үзэх хуулийн зохицуулалт 2014 онд батлагдсан ч мөн хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зөрчиж байгаа маргаан дагуулж 2017 онд цуцласан байдаг.

Тэгвэл Монгол Улсын хувьд хүний эрхийн ийм маргаантай асуудлаар дэлхий дээр хаана ч байхгүй нэгэн шинэ туршлага ярьж байгаа нь хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтын байгууллага буюу сэтгүүлч, редакцуудын ёс зүйн дүрмийн зөрчил гомдлыг хүлээн авч мэргэжлийн дүгнэлт гаргадаг Хэвлэл мэдээллийн зөвлөлөөр олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн асуудлыг хамаатуулах хувилбар ярьж байгаа юм. 

Тодруулбал, олон нийтийн сүлжээ хэрэглэгч жирийн иргэдийн хувьд мэргэжлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй адилхан сэтгүүлчийн ёс зүйн код баримтална гэсэн үг. 

Нөгөө талд хэвлэл мэдээллийн зөвлөлийн хараат бус байдалд төр санхүүжилт өгөх замаар оролцох цаашид цензур тогтоох эрсдэл байгаа юм. Хэдийгээр зарим хөгжингүй оронд хэвлэлийн зөвлөлийг төр санхүүжүүлэх хувилбар бий ч энэ нь улстөр, төрийн албаны хувьд харьцангуй төлөвшсөн улсуудад тохиромжтой байгааг мөн л Германы жишээнээс харж болох юм. 

Монгол Улсын хувьд хэвлэлийн эрх чөлөөний индексээр 180 улсаас 73-т жагсаж байна. Монгол Улс анх удаа 2015 онд 54-р байрт буюу сайжирж эрэмбэлэгдэж байсан нь хэвлэл мэдээллийн салбар төрөөс хараат бусаар өөрийн зохицуулалтын байгууллага болох хэвлэл мэдээллийн зөвлөлөө байгуулсантай холбоотой бол 2017 оноос байр хойшилж эхэлсэн нь Зөрчлийн тухай хууль батлагдсан зэрэгтэй холбоотой билээ. 

График 1, Монгол Улсын хэвлэл мэдээллийн эрх чөлөөний индекс, 2013-2020

2015 онд байгуулагдсан Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хувьд иргэдийн мэдэх эрх, нэр төрийг хамгаалах нөгөө талаар сэтгүүлчдийг цагдаа, шүүхийн байгууллагаар шалгагдах, торгуулж, шийтгүүлэх, ял авахаас сэргийлэх үндсэн зорилготой байгууллага юм. Өнгөрсөн хугацаанд иргэдээс 300 гаруй гомдол хүлээн авч дүгнэлт гаргаад байна. 

График 2, МХМЗ-ийн иргэдээс хүлээн авсан гомдлын тоо,