Индэр    
Монгол залууст Мэдээллийн технологийн салбарын өгч буй ГУРВАН БОЛОМЖ
Зураг
2019 оны 6 сарын 15
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Монгол залууст Мэдээллийн технологийн салбарын өгч буй ГУРВАН БОЛОМЖ

Ikon.mn боловсролын тэгш бус байдлыг бууруулах арга шийдлүүдийн нэгээр ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын мэдээлэл зүйн хичээлийн агуулга, хөтөлбөрийг сайжруулж, кодчлолын ур чадварыг нээлттэй боловсролын замаар шийдэх арга замыг дэвшүүлээд байгаа билээ.

Технологи өнөөдөр Монгол шиг өргөн уудам нутагт тархан суурьшсан иргэдэд ижил, тэгшээр олон улсын стандартад хүрсэн чанартай боловсрол авах боломжийг бий болгоод удаж байна.

Хэрэв та санаж байгаа бол бид хэдхэн хоногийн өмнө Хөвсгөл аймгийн Галт сумын сурагч С.Сумьяажав зарим зөвлөхийн тусламжтайгаар онлайн хичээл үзсээр байгаад дэлхийн шилдэг их сургууль болох MIT-д тэнцсэн тухай мэдээлж байсан. Энэ нь хэрэв хүүхэд, залууст боломж бололцоог танин мэдүүлж, бие даан суралцах чадварыг нь хөгжүүлж чадвал богино хугацаанд ямар амжилт гаргах боломжтойг харуулсан жишээ юм.

Тиймээс ч нээлттэй боловсрол буюу цахим хичээлүүдийг ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт буюу албан боловсролд шигтгэх нь:

  1. хүүхэд бүр багаасаа ижил тэгш чанартай боловсрол хүлээн авах,
  2. шинэ боломж, сонголтыг өөртөө бий болгох,
  3. насан туршдаа бие даан суралцах дадал зуршлыг бий болгох зэрэг олон давуу талтай. 

“Гуравласан яриа” нэвтрүүлгийн өмнөх дугаарт орсон эдийн засагч Ө.Ганзориг энэ тухай “Монгол шиг боловсролын системийн хоцрогдолтой улсын хувьд технологи бидэнд боломж олгож байна. Бид мэдлэгийг онлайн болгож технологийн тусламжтайгаар хүүхдүүдэд хүргэх боломж нээгдэж байна” гэж байв.

Тиймээс ч юуны түрүүнд хөдөлмөрийн зах зээлд эрэлт ихтэй байгаа мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, мөн орчин үеийн хүн бүрт шаардлагатай ур чадварын нэг болсон технологийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор хамгийн боломжтой хувилбар буюу мэдээлэл зүйн хичээлийн агуулгыг баяжуулж зарим хичээлийг тэр дундаа кодчлолын хичээлийг оруулахдаа цахим болгох саналыг Сант сургууль гаргаад буй.

Сант сургуулийн захирал З.Энхмөнх “Нээлттэй боловсролыг эхлүүлэхдээ кодчлолын хичээлээс эхлүүлбэл тохиромжтой гэж үзээд байгаа юм.

Учир нь энэ хичээлийг цахим орчинд заах боломжтой. Хоёрдугаарт, программчлалын хэлийг заах багшлах хүчин сургуулиудад хангалттай биш байна. Тиймээс программчлалын хэлийг цахимжуулах бүрэн боломжтой.  

Хоёрдугаарт, энэ хичээлээр дамжуулж ажлын байранд тавигдах болсон ур чадварууд буюу бүтээлч сэтгэлгээ, тунгаан бодох, цогц асуудлыг шийдэх гэх мэт чадварыг хүүхэд давхар авч байдгаараа хамгийн чухал давуу тал байгаа юм.

Гуравдугаарт, Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан судалгаагаар хүүхдүүдийн хувьд хамгийн сонирхолтой гурван хичээлийн нэг нь кодчлолын хичээл байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд энэ хичээлд сонирхолтой байгаа учраас маш сайн сурдаг гэсэн үг.

Тэгэхээр үе тэнгийнхэн нь хамгийн их сонирхоод байгаа энэ хичээлийг л хүүхдүүдэд заая гэж байгаа юм” гэж дурдсан байдаг.

Бид өмнөх ярилцлагуудаар мэдээллийн технологийн сайн мэргэжилтнүүд, бүх нийтэд дижитал боловсрол, ур чадвар ямар шаардлагатай болсон, үүнийг хэрхэн шийдэх тухай бизнесийн байгууллагын төлөөлөл, судлаачид, иргэний нийгмийн дуу хоолойг хүргэж байсан бол энэ удаад яг мэдээллийн технологийн салбарт амжилттай ажиллаж байгаа гурван хүнийг ээлжит “Гуравласан яриа” –ндаа урьсан юм.

Нэвтрүүлгийн зочин хөтлөгчөөр уламжлал ёсоор Сант сургуулийн захирал З.Энхмөнх ажиллалаа.

 

Зочдоор:

  • Сурагчдад бага наснаас кодчлол, программын хэл зааж буй "Kids Сode Academy"-ийн үүсгэн байгуулагчдын нэг Э.Сүндарь,
  • Нью-Йорк, Сөүл, Улаанбаатарт өөрийн компаниа байгуулан амжилттай ажиллаж буй "Steppe" группийн Гүйцэтгэх захирал Б.Гэрэлмаа,
  • Японы Дэнцү группийн салбар Дэнцү Дата Артист Монгол компанийн Гүйцэтгэх захирал А.Амарсанааг нарыг урьж ярилцлаа.

Б.Гэрэлмаа: Ахлах сургууль төгссөн хүүхдүүдийг IT чиглэлээр шууд ажилд авч ажиллуулж байгаа туршлага Солонгост амжилттай хэрэгжиж байна

Видео:

Б.Гэрэлмаагийн ярилцлагаас онцлох эшлэлүүд:

  • Солонгосын КАЙСТ их сургуулийн гуравдугаар курст сурч байхдаа анхны компаниа байгуулж байсан. Юу ч үгүйгээс компани байгуулаад үзчихсэн байсан туршлага дээрээ үндэслээд Нью-Йоркт компаниа байгуулсан. Өмнөх туршлага маань их хэрэг болсон. Үүний дараа Сөүлд нэг оффисоо нээсэн. Солонгост манай хөгжүүлэгчид байдаг. 15 орчим залуу бий.
  • Солонгост стартап компани байгуулах харьцангуй хялбар буюу орчин нь сайн бүрдсэн. Манай компанийн явуулж буй үйл ажиллагаа нь хоёр хүн гуравдагч этгээдийн оролцоогүйгээр хоорондоо тохиролцоод богино хугацаатай зээл авах, өгөх, өндөр өгөөж олох боломжийг бий болгосон. Үүнийг бид хиймэл оюун ашиглаж хийж байна. 
  • Монголд бизнес хийхэд татварын хувьд хангалттай боломжтой.
  • Бидний ярьдаг цахиурын хөндий өнөөдөр маш өндөр өртөгтэй болж байна. Тэнд жилийн 100 мянган долларын цалинтай хүн бараг ядуу гэдэг түвшин рүү орох гээд байх шиг байна.
  • Хүмүүс Монголд асуудал их байна гэж ярих бүрт, “надад хийх зүйл байна” гэсэн бодол төрж, баярладаг.
  • Хамгийн сүүлийн үед гарч ирж байгаа блокчэйн технологийг ойлгоход надад математик хамгийн их хэрэг болсон.
  • Монголд IT чиглэлийн хүний нөөц их дутмаг байна. Ихэнх сайн оюутнууд нь нийгмийн ухааны салбарт суралцаж байгаа нь харамсалтай.
  • IT салбарт тухайн хүн программаа бичиж чадаж л байвал сургууль төгссөн, хэдэн настай эсэх нь хамаагүй ажилд орох боломжтой байдаг. Солонгост ч ийм туршлагууд бий. 
  • Бодит чадвар, хүн чанар л бидэнд хамгийн чухал учраас программаа сайн бичдэг бол ахлах сургууль төгссөн залуусыг шууд ажилд авч ажиллаж байгаа туршлага Солонгост амжилттай хэрэгжиж байна.

Э.Сүндарь: IT-ийн боловсрол, ур чадвар бүх хүүхдийг программист болгохдоо биш үүгээр дамжуулаад хүүхдийн оюун ухааныг маш өндөр түвшинд хөгжүүлэхэд оршдог

Видео:

Э.Сүндарийн ярилцлагаас онцлох эшлэлүүд:

  • Бага насны хүүхдүүдийн бүтээлч байдал, төсөөлөн бодох, ур чадварыг программчлалын хичээлээр бүрэн хөгжүүлэх боломжтой.

  • Программчлалын хичээлээр хүүхэд асуудлыг олон талаас нь харах чадварт суралцах, тунгаан бодох сэтгэлгээтэй болдог. Учир нь программчлалын өөрийн үндсэн зорилго асуудал шийдвэрлэх.
  • Ихэнх хүн математикийн хичээлийг зүгээр л их тоо гэж боддог ч үнэндээ математик хүний логик сэтгэлгээг хөгжүүлж, аливаа зүйлийг үнэн гэж батлахаасаа өмнө маш олон алхам бүхий оюун дүгнэлтийг хийж байдаг маш том боловсрол. Кодчлол бол үүнтэй адилхан асуудлыг олон талаас нь харах чадварыг хөгжүүлдэг.
  • IT-аар суралцахын хамгийн том давуу тал нь юуг гаргаж ирж, ашиглаж болох талаар хийсвэрлэн сэтгэж, хувийн зохион байгуулалт сайтай болоод зогсохгүй маш өндөр хариуцлагатай болоход оршдог.
  • IT-ийн боловсрол, ур чадвар бүх хүүхдийг программист болгохдоо биш үүгээр дамжуулаад хүүхдийн оюун ухааныг маш өндөр түвшинд хөгжүүлэхэд оршдог.
  • Бид анхны сургалтаа 7-8 настай хүүхдүүдээс эхэлж байсан. Энэ үед ажиглагдаж байсан зүйл нь хүүхдүүдийн зах хязгааргүй төсөөлдөг сэтгэлгээ аль хэдийнээ хайрцаглагдчихсан байсан. 
  • Магадгүй зураг зурдаггүй эсвэл хөлбөмбөг сонирхдоггүй олон хүүхдэд  IT жинхэнэ өөрийгөө хөгжүүлэх талбар нь болдог.
  • Программчлал нь цаг хугацаа, орон зайнаас үл хамаараад бие даан суралцах бүрэн боломжтой.

А.Амарсанаа: Япончуудын хувьд Монголд салбар компаниа байгуулах болсон гол шалтгаан нь Монголчуудын оюуны нөөц боломж буюу нуугдаж буй чадварыг харсан болов уу

Видео:

А.Амарсанаагийн ярилцлагаас онцлох эшлэлүүд:

  • "Дэнцү Дата Артист Монгол" компанийн хувьд хиймэл оюун ухааны хөгжүүлэлтээр дагнасан, ажлуудаа 100 хувь гадаад зах зээлээс авч эх орондоо гүйцэтгэж байгаагаараа Монголдоо анхдагч компани юм.
  • Бидний зорилго монголд 400 инженертэйгээр үйл ажиллагаагаа явуулах төлөвлөгөөтэй. Өнөөдрийн байдлаар байгуулагдаад жил болж байгаа ч 60 хүнтэй, 45 нь Монголд, 15 нь холбогч үүрэгтэйгээр Японд ажиллаж байна.
  • Монголд ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд Токиогийн их сургуульд data mining чиглэлээр сурсан. Ингээд 15 жилийн дараа Монголдоо буцаж ирсэн. Энэ хугацааг Монгол залуус "товчлох" боломжтой болсон.
  • Ерөнхий боловсролын сургуульд кодчлолын хичээлийг чанартайгаар орон даяар заахыг миний хувьд маш их дэмжиж аль болох хурдан хэрэгжүүлэх шаардлагатай болов уу гэж бодож байна.
  • Хиймэл оюун ухааны салбарын тухайд тэсрэлттэй хөгжиж байна. Тиймээс ч энэхүү хурдтай хөгжлийг хэрхэн гүйцэх вэ гэдэг асуудал тулгамдаж байгаа асуудлын нэг. Улс орнууд ч энэ хурдтай хөгжлийг гүйцэх дээр бодлогоо боловсруулж байна. Өөрөөр хэлбэл, бид энэ хэвээрээ байгаад байвал хоцорсон хэсгийн ялгаа, зөрүү бүр их нэмэгдэх аюул байгаа юм.
  • Гэхдээ Монгол Улсын хувьд энэхүү ялгаатай байдлыг хурдан гүйцэх боломжтой гэж би боддог.
  • Дэнцү групп гэлтгүй дэлхийн ихэнх компани боловсролын асуудал руу анхаарал тавин орж байна.
  • Мэдээллийн технологийн салбар нь оршин байгаа газраас үл хамаараад ажлаа алдалгүй явуулах хамгийн өндөр боломжтой салбар. Миний хувьд сарын талыг Монголд, талыг Японд ажиллах зарчмаар өнгөрүүлж байна. Учир нь Дэнцү Дата Артист Монгол компанийн захирлын хажуугаар толгой компанийнхаа техник хариуцсан захирлаар ажиллаж байна.
  • Япончуудын хувьд Монголд салбар компаниа байгуулах болсон гол шалтгаан нь Монголчуудын потенциал буюу нуугдаж буй чадварыг харсан гэж бодож байгаа. Хүн ам, эдийн засаг том гүрний давуу талууд бий. Мөн жижиг биетэй, хөнгөн шингэн хүний давуу тал ч бий.
  • Монголчуудын хувьд монголчлох чадвар буюу орчин үеийн хэлээр шийдэл гаргах чадвар өндөртэй ард түмэн.