Үүнийг төгрөгөөр тооцвол сарын хамгийн багадаа 13 орчим сая төгрөгийн цалинтай ажил хийж байгаа тухай юм.
Тэгвэл эдгээр залуу эх орондоо ажиллаж амьдраад энэ хэмжээний буюу олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний цалин аваад амьдрах боломжийг мэдээллийн технологийн салбар олгож байна.
Алс хол америкийн “Цахиурын хөндий” өнөөдөр тийм ч хол биш болж хятадууд ч ийм боломжийг дэлхийн залууст санал болгох болов.
Энэ тухай "Сант" сургуулийн захирал З.Энхмөнх “Программчлалын чиглэлээр ажиллаж байгаа хүмүүсийн хамгийн таатай ажиллах орчин бол Цахиурын хөндий гэдэг. Мэдээж Цахиурын хөндийд дэлхий даяар хүмүүсийн ашиглаж буй Facebook, Google гэх мэт байгууллагуудын төв салбар бий.
Тэгвэл сүүлийн үед Япон, Тайланд, Хятад зэрэг Азийн орнуудад инновацийн, хиймэл оюун ухааны том төвүүд бий болж байна.
Хамгийн ойрхон жишээ гэхэд Бээжинд байдаг мэдээллийн технологийн нэг л компани Зүүн Европоос 3,000 боловсон хүчинг аутсорс хийх байдлаар авч, хиймэл оюун ухааны мэргэжилтэнд жилийн 100 мянган долларын цалинтай ажил санал болгоод байна. Өөрөөр хэлбэл, холын "Цахиурын хөндий" хажууд ирчихээд байна” гэж байв.
iKon.mn-ийн “Боловсрол тэгш бус байдлын шалтгаан болох нь” цуврал нийтлэлийн хүрээнд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр гэхэд ямар хэмжээний зөрүүтэй байгаа статистикуудыг танилцуулсан.
Тодруулбал, өнөөдөр Монголд суурь боловсролын чанар, хүртээмж буюу ерөнхий боловсрол хүн хаана амьдарч байгаагаас, ямар сургуульд сурч байгаагаас асар их ялгаатай байгаа тухай бид цуврал статистик танилцуулсан.
График 1, Элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж дүн, 2018 он
Хүүхдүүд төрийн эсвэл хувийн сургууль, төрийн дундаа лаборатори сургуульд сурч байгаа эсэхээс хамаарч ямар хэмжээний ялгаатай үзүүлэлт үзүүлж буйг дараах график харуулж байна.
График 2, 2018 оны ЭЕШ-ын дүнгийн дундаж, төрийн болон төрийн бус сургууль төгсөгчдийн онооны зөрүү
Нөхцөл байдал нэгэнт ийм байгаа учраас бид ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийг нийтээр нь чанаржуулах, тэгш, хүртээмжтэй болгоход технологийн салбарыг ашиглах, мөн дэлхий даяар эрэлттэй, өндөр орлого бүхий мэргэжлийн ур чадварыг хүүхэд, залууст багаас нь олгох боломжийг эрэлхийлж дараах нэвтрүүлгийг VTV телевизтэй хамтран бэлтгэлээ.
“Өглөөний хүн” буланд ярилцлага өгсөн Эдийн засгийн ухааны доктор, профессор Б.Отгонтөгс “АНУ-ын хувьд технологийн хөгжлөөс гарах хамгийн том сөрөг тал болох ажилгүйдэл гэдэг зүйлийг хэрхэн давж туулах вэ гэдэг дээр янз бүрийн судалгаа, арга, тооцооллыг хийж байна. Учир нь дэлхий дээрх орлогын дийлэнх нь IT-ийн компаниудад очих нь тодорхой болчихлоо. Харин эд нар үлдсэн хэсгийнхээ орлогыг яаж тэгш хангах вэ гээд л судлаад байна.
Монгол Улсын гурван сая хүний нэг сая орчим нь идэвхтэй ажиллаж, орлого олж байгаа гэж үздэг. Эдгээр хүмүүсийн 30-40 хувь малчин.
Технологийн энэ өөрчлөлт яг өнөөдөр тулчихсан асуудал биш боловч удахгүй бидний хаалгыг тогшино. Тогшоод ч эхэлсэн. Бид яах ёстой вэ түүнийгээ бодож судалж тооцоолох хэрэгтэй. Энэ их технологийн давалгаа нь уг нь манайх шиг өргөн уудам нутагтай, хүн ам цөөн улсад илүү эерэг хандлагатай байхыг үгүйсгэхгүй. Зөв ашиглаж чадах тохиолдолд шүү дээ.
Тэгэхээр үүнд ямар бодлого баримтлах ёстой вэ гэдгийг бид салбар бүрийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчид, бизнесмэнүүд маань бодлого боловсруулж байх ёстой” гэсэн юм.
Бид тус сэдвийн хүрээнд ээлжит “Гуравласан яриа” ярилцлагаа хийхдээ Боловсролын салбар хүний нөөцийн зах зээлтэйгээ уялдаж чадаж байна уу, хэрэв чадахгүй байгаа бол асуудлыг хэрхэн шийдэх боломжтой талаар MCS группийн Дэд Ерөнхийлөгч Д.Энхтүвшин, "Сант" сургуулийн захирал З.Энхмөнх нарыг урьж ярилцсан юм.
Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь үзэх:
Ялгаатай байдал нь улс орон бүрт, газар бүрт ямар нэгэн байдлаар байдаг. Тэгш бус байдал нь мөнхийн зүйл ч зөрүү ихэссээр байгаа нь ямар сөрөг талтай вэ?
Сүүлийн үед оюутан, сурагчидтай их уулзаж, зарим уралдаан тэмцээнд шүүгчээр оролцож байхад сургуулиудын ялгаатай байдал их мэдрэгдэж байсан.
Хүүхдүүд ялгаатай боловсрол авч байгаа нь багшлах боловсон хүчний бэлтгэл хангалтгүй байгаатай холбоотой мэт санагддаг. Сайн багш нар нь илүү ахуй хангамж амалсан сургуулиуд руу явчихдаг байх. Тэгэхээр багш нарын нийгмийн асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй болов уу.
Яг ажлын байран дээр гараад ирсний дараа ялгаатай байдал хүмүүсийн аливаа өгөгдөл, мэдээлэлд хэрхэн хандаж байгаа, шүүн тунгаах чадвар, бусдын нөлөөнд автах байдал нь харьцангуй өөр өөр байгаагаар илэрч байна.
Тиймээс боловсролыг тэгш, хүртээмжтэй байх талаас анхаарах цаг болсон. Богино хугацаандаа бид энэ зөрүүтэй байдлыг технологи ашиглаж бууруулах боломжтой болчихсон байна. Ийм санал санаачлага ч их байна.
Орон зайн болон багш нарын нөөц боломжоос хамаараад ялгаатай байдал үүсч байна. Ялгаатай байдлыг бууруулах нэг шийдэл технологи. Тодруулбал, ерөнхий боловсролын хичээлийн хөтөлбөрт цахим боловсрол, түүн дотроо зарим агуулгыг нэмж оруулах зайлшгүй шаардлага бий болж байна.
Боловсролын салбар хүний нөөцийн зах зээлтэйгээ уялдаж чадахгүй байна гэдэг. Зарим мэргэжлийн хэт илүүдэл бий болчихсон. Зарим нь бол бүр дутагдалд орчихсон байна гэж байгаа шүү дээ.
МУИС, ШУТИС гэх мэт сургууль бидэнтэй ирж уулзаж мэдээлэл солилцдог. Гэхдээ бидний нийтлэг асуудал нь аливааг урт хугацаанд харж чадахгүй болохоор хурдтай өөрчлөгдөж байгаа салбарууд дахь мэргэжилтнүүд бэлтгэгдэж чадахгүй байна.
Ялангуяа технологийн салбаруудын хувьд зөвхөн Монгол биш дэлхий даяар энэ чиглэлийн сайн мэргэжилтнүүдийн эрэлт ихэссэн.
Дэлхий ертөнцөд энэ чиглэлийн ажлын байрнууд улам үнэд хүрээд тухайн улс орнууд хөрөнгө оруулалт хийгээд залуусын сонирхол ч нэмэгдэж байхад Монголд мэдээлэл, технологийн чиглэлээр сурах хандлага буурсаар байна. Одоо сурч байгаа оюутнуудын ердөө 2.3 хувь нь мэдээллийн технологийн чиглэлээр сурч байна.
Энэ буурч байгаа шалтгааныг юутай холбоотой гэж үзэж байгаа вэ?
Сурагчдад программчлалын хэл заахдаа шууд л C хэл гэх мэт агуулгаас заагаад эхлэхээр нэлээд хүнд санагддаг. Мэдээж энэ мэргэжлийг хүн нэлээн нухаж байж сурна, сайжирна.
1960 онд MIT-ын эрдэмтэн Сэймор Пэпэрт сурагчид программчлалын хэл мэдэх хэрэгтэй. Хүний бичсэн программ дээр тоглох биш өөрөө тоглох тоглоомоо зохиогоод өөрөө өөрийгөө илэрхийлэх хэрэгтэй гэж одоогоос 60 жилийн өмнө хэлсэн байгаа юм. Тухайн үед хувийн компьютер гэж байгаагүй. Байгууллагууд л өндөр үнэтэй компьютерүүдтэй байсан үе. Үүнээс хойш Сэймор Пэпэрт профессорын санааг шавь нар нь үргэлжлүүлж явсаар Scratch гээд программчлалын хэл зохиогоод 5, 6-р ангийн хүүхдүүдэд зориулж хөтөлбөр бэлдсэн байгаа юм. Одоо үүнийгээ 1-р ангийн хүүхдүүдэд зориулсан байдлаар бэлдчихсэн. Хүүхдүүд ойлгоход амар, маш энгийн байдлаар программчлалын хэлийг тайлбарласан байгаа юм.
Үүний гол зорилго программчлалын хэлийг хүүхдүүд багаасаа системтэйгээр ойлгоод явахаас гадна аливаа асуудлыг шүүн тунгаах гэх мэт ур чадварууд дагаад хөгжиж байдаг.
Танай группийн хүний нөөцийн хувьд ажилтанд дутагдаж байгаа ур чадвар, хандлага зэргээс хамгийн дутагдалтай байгааг нь нэрлэхгүй юу. Мөн яг аль чиглэлийн мэргэжилтнүүд дутагдалтай байгаа вэ?
MCS группт жилд 5-10 мянган хүн ажлын байр сонирхож хүсэлт тавьдаг. Бид PST буюу сэтгэх чадварын тестээр хүмүүсийг шалгаж тестийнхээ 40 орчим хувийг бөглөсөн хүнийг шаардлага хангалаа гэж үздэг.
Ажил мэргэжлийн хувьд технологийн салбарт ажиллаж байгаа компаниуд хэд хэд байна. Мөн шинээр финтек компанийн төсөл явж байгаа. Эдгээр төсөлтэй холбогдоод IT-ын мэргэжилтнүүд эрэлттэй байна. Гайгүй сайн хүн олоод авахаар өөр компани руу явах эсвэл гадагшаа гарах гэх мэт асуудал бий. Одоо зарим асуудлаа бид гаднаас аутсорс хийх байдлаар шийдэх гэж үзэж байна.
"Сант" сургуулийн хувьд одоо зааж буй кодинг хичээлийг кодчлолын хичээл гэж нэрлээд хүүхдүүдэд заагаад явж байгаа. Үүнийг зааснаар хүүхдүүдийн сонирхлыг өдөөнө гэж хараад байгаа. Зөв үү?
Кодчлолын хичээлийг оруулъя гээд байгаа нь хүүхдүүдийг бүгдийг программист болгох гээд байгаа юм биш. Хүүхдүүд хамтдаа нийлээд программ бичих нь цогц асуудлыг шийдэх, шүүн тунгаах чадварыг дээшлүүлэх гол зорилго нь байгаа юм.
Энэ хичээлд охидууд бүр их сонирхолтой байна. Мэдээж цаашдаа программ сонирхох хандлагыг нэмэгдүүлж байгаа.
"Сант" сургуулийн төгсөх ангийн зарим сурагч код бичих чадвараар шууд ажлын байранд гарахад бэлэн болчихсон гэж байсан. Д.Энхтүвшин захирлын хувьд 12-р анги төгссөн залуусыг шууд ажилд авах боломжтой юу?
Боловсролын хандлага нь өөрөө их өөрчлөгдөж байна. Ажил олгогчдын хувьд ч гэсэн шаардлагатай ур чадвар нь байгаа л бол заавал тухайн хүнээс диплом шаарддаггүй болчихсон.
"Сант" сургуулийн төгсөгчид ажлын байранд шууд гарах боломжтой болсон тухай мэдээллийг илүү тодруулахгүй. Үүний өмнө уншигчиддаа нэг зүйлийг нэмж тодруулахад, бид дээд боловсролыг үгүйсгэх гэсэнгүй. Зөвхөн тухайн хүүхдийн ур чадвар мөн мэргэжлийн онцлогоос хамаарч цөөхөн хүүхдэд ийм боломж, сонголт бий болж байгааг хэлэх нь зөв байх.
Бид кодчлолын хичээлийг оруулаад гурван жил болж байна. Зургаадугаар ангиас нь эхлээд түүнээс дээш бүх ангид зэрэг эхэлсэн. Ингээд ахлах ангийн сурагчдынхаа код бичиж байгааг харахаар мэргэжлийн түвшинд дөхөж очоод байгаа нь ажиглагдсан. Мэдээж энэ нь бүх хүүхдэд адил биш. Сурагчид энэ хичээлийг сонгон суралцдаг юм.
Ингээд Монголын томоохон байгууллагуудыг хүний нөөцөөр хангадаг SCC компанид хүсэлт тавиад хүүхдүүдээ шалгуулж үзтэл 2-3 нь шаардлага хангаж байна гэсэн.
Саяхан Дэлхийн Эдийн засгийн Форумаас гаргасан судалгаагаар хүүхдүүдийн хамгийн сонирхолтой гурван хичээлийн нэг нь энэ кодчлолын хичээл байгаа юм. Өөрөөр хэлбэл хүүхдүүдэд энэ хичээл их сонирхолтой байгаа учраас цааш нь ухаад судлаад илүүг сурчихаж байгаа юм.
Сурагчид маань сонирхож судалсаар байгаад ажлын байранд гарахад бэлэн болчихож байна. Гэхдээ эдгээр сурагчийн хувьд их сургуульд үргэлжлүүлж сурах уу эсвэл тодорхой байгууллагуудад ажиллаж туршлага хуримтлуулчихаад сурах уу гэдэг сонголт хийх гэж байна.
Д.Энхтүвшин захирлын хэлдгээр боловсрол өөрөө их уян хатан болчихсон учраас энэ мэт боломжийг сурагчид ялангуяа ахлах ангийн сурагчдад ойлгуулж, мэдүүлэх зорилготой байгаа юм.
Олон улсад хүүхдүүд энэ чиглэлийн хичээлийг хамгийн их сонирхож байхад монголд IT мэргэжил сонгох нь буураад байдаг. Энэ нь одоо зааж буй мэдээлэл зүйн хичээлийн агуулга хүүхдүүдийн сонирхлыг татахгүй байгаатай холбоотой юу?
Уг нь хөтөлбөр олон улсад бэлэн байна. Тиймээс энэ хичээлийг бүх л ерөнхий боловсролын сургуульд зааж хичээлийн агуулгад өөрчлөлт оруулах хэрэгтэй байна.
Ингэвэл байгууллага, компаниудын хувьд ч илүү ур чадвартай ажилтнуудтай болох боломжтой болж байгаа юм.
Заахаа больчихсон шалтгаан нь багш нарын хүртээмжээс болсон уу?
Тийм.
З.Энхмөнхийн санаачлаад байгаа зүйл нь "Сант"-ын сайн туршлагыг бүх ЕБС-д нэвтрүүлье гэж байгаа юм.
iKon.mn ч үүнийг дэмжиж буй шалтгаан нь боловсролын ялгаатай байдлыг ур чадварын хүрээнд бууруулах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх боломжийн нэг хувилбар гэж үзэж байгаа юм.
Энэ хичээлийг онлайнаар заах боломжтой гэсэн санал дэвшүүлээд байгаа.
Программчлалын багш дутмаг байгаа тохиолдолд үүнийг цахимаар шийдэх нь хамгийн зөв шийдэл. Хичээлийг ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвтэй хамтраад бэлтгэчих боломжтой.
Миний хувьд Дорнодод 10 жилээ төгссөн.
Тухайн үеийн математик, мэдээлэл зүйн багш н.Дэлэгням маань хотын сургуульд ирж ажиллаж байх үед би оюутан байсан. Багшдаа очиж тусалж лаборант хийдэг байв. Тэгэхээр хичээлийг онлайнаар заахаар сурагчдад туслах, чиглүүлэх шаардлага гарах байх. Үүнийгээ яаж шийдэх вэ?
Таны хэлснээр оюутнууд үүнийг хийх боломжтой.
Оюутнууд үйлдвэрлэлийн дадлагаа хийчих нь байна. Тийм үү?
Тэгнэ гэсэн үг.
Программчлалын хэлийг маш хэцүү гэж бодоод байдаг бодлыг өөрчлөх туршилтын хичээлийг үзье. Гэхдээ энэ нь хүүхдийн насны онцлогт тохируулж хялбаршуулсан хөтөлбөр гэдгийг анхаарна уу.
Кодчлолын хичээл 1:
Саяны хичээл танд ямар санагдаж байна?
Хэн ч сурчихаж болох энгийн, ойлгомжтой бэлдсэн байна. Багш нь их сайн багш байна.
Хүүхдүүд мэдээллийн технологийн салбарын мэргэжил сонговол тэдэнд ямар боломж байна вэ?
Программчлалын чиглэлээр ажиллаж байгаа хүмүүсийн хамгийн таатай ажиллах орчин бол Цахиурын хөндий гэдэг.
Мэдээж Цахиурын хөндийд дэлхий даяар хүмүүсийн ашиглаж буй Facebook, Google гэх мэт байгууллагуудын төв салбар бий. Тэгвэл сүүлийн үед Япон, Тайланд, Хятад зэрэг Азийн орнуудад инновацийн, хиймэл оюун ухааны том төвүүд бий болж байна. Хамгийн ойрхон жишээ гэхэд Бээжинд байдаг мэдээллийн технологийн нэг л компани гэхэд Зүүн Европоос 3,000 боловсон хүчинг аутсорс хийх байдлаар авч, хиймэл оюун ухааны мэргэжилтэнд жилийн 100 мянган долларын цалинтай ажил санал болгоод байна. Өөрөөр хэлбэл, холын "Цахиурын хөндий" хажууд ирчихээд байна.
Шри Ланка улсад гэхэд Энэтхэгийн ажлыг хийж өгдөг маш их IT компаниуд байна. Гэтэл Энэтхэг нь Америкийн компаниудын ажлыг аутсорс байдлаар хийж байх жишээтэй.
Өөрөөр хэлбэл, IT салбарын мэргэжилтнүүд эх орондоо амьдраад олон улсын компаниудад ажиллах боломж байна.
Мөн Монголчуудын хувьд нэг давуу тал байгаа нь математик сэтгэлгээ сайтай, технологи, программчлалын тал дээр авьяастай юм уу гэж ажиглаад байгаа.
...
Одоогоор энэ сэдвийн хүрээнд олон нийтэд хүрсэн контентуудын линкүүд: