Зураг
Зураг
   
1
2
3

Б.Болорсайхан: БОЛОВСРОЛЫН тэгш боломж нь АРДЧИЛЛЫН СУУРЬ гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой

Ч.Болортуяа
2019 оны 4 сарын 11
iKon.MN
Б.Болорсайхан: БОЛОВСРОЛЫН тэгш боломж нь АРДЧИЛЛЫН СУУРЬ гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой
Зураг

Хүн бүрийн эрх ашигт хамаардаг хамгийн чухал асуудлын эхэнд бичигдэх салбар бол БОЛОВСРОЛ.

Боловсрол нь ядуурлыг бууруулах, орлого нэмэх, эрүүл байх, тогтвортой өсөлтийг хангах, эх дэлхийгээ хамгаалахад тусалдаг, тэгш бус, зүй бус байдлаас сэргийлэхийн зэрэгцээ түншлэлийг шаарддаг хэмээн онцолдог.

Бид ардчиллыг сонгосон бол үүний гол суурь нь БОЛОВСРОЛТОЙ иргэн байх аж.

Тэгвэл боловсрол гэж юуг хэлэх, хамгийн зөв тодорхойлолт нь юу вэ, түүний зорилго, яагаад чухал болох, тэгш бус байдалд хэрхэн нөлөөлж байгаа,  хэрхэн анхаарах вэ гээд олон зүйлийг энэ удаагийн "Өглөөний Хүн" буландаа хөндөхийг зорьж хүний эрх хамгаалагч, Монголын Эмнести Интернэшнл ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Б.Болорсайханыг урьж ярилцав.

Тэрбээр төрийн бус 27 байгууллагын гишүүнчлэл бүхий "Бүх нийтийн боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эвсэлд дэд зохицуулагчаар ажиллахын өмнө Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисст сурч боловсрох эрх, хүүхдийн эрх, хүний эрхийн боловсрол хариуцан ажиллаж байсан юм.

Түүний бүрэн намтрыг дор хавсаргасан бөгөөд iKon.mn "Боловсрол тэгш бус байдлын шалтгаан болох нь" цувралыг эхлүүлсэн учир боловсролын асуудлыг нэн тэргүүнд хөндлөө. Харин дараагаар нь Б.Болорсайхантай эрүү шүүлт, цаазын ялыг яагаад халах ёстой тухай бүлэг сэдвийг онцлон хүргэх болно. 

iKon.mn сайтын шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн”  үргэлжилсээр…
Ярилцлагын зочин: Б.БОЛОРСАЙХАН @Bolorsaikhan
Ярилцсан: Ч.БОЛОРТУЯА   @Bolort
Гэрэл зургийг: Б.БЯМБА-ОЧИР  MPA.mn


Бадамсамбуугийн Болорсайханы намтар

 

Арван жилийн хугацаанд хүний эрхийн боловсрол, хамгаалал чиглэлээр ажилласан бөгөөд хүний эрхийн сургалт, аян, үндэсний болон орон нутгийн төсөл, зөвлөх үйлчилгээ, нөлөөллийн үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж ирсэн.

Ажилласан туршлага

2016 – 2018 “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн Дэд зохицуулагч
2015 – 2016 Хүний эрхийн Үндэсний комиссын Хүний эрхийн боловсрол, бодлогын дүн шинжилгээний хэлтсийн ахлах референт

2014 – 2015 Хүний эрхийн Үндэсний комиссын Захиргаа, олон талт хамтын ажиллагааны хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч
2013 – 2014 Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн дээд комиссарын газарт дадлагажигч
2008 – 2013 Хүний эрхийн Үндэсний комиссын Хүний эрхийн сургалт, сурталчилгааны хэлтсийн Хүний эрхийн боловсрол хариуцсан референт
2003 – 2004 “Эрдэнэ мэлмий” хувийн эмнэлгийн захиргааны менежер

Боловсрол

2008 – 2011 Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн магистр (LL.M)

2003 – 2008 Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн бакалавр (LL.B)

Зураг

НЭГ. БОЛОВСРОЛЫН ДӨРВӨН БАГАНА БУЮУ ҮНЭТ ЗҮЙЛТЭЙ ИРГЭН БЭЛТГЭХ

 

- Боловсрол өөрөө тэгш бус байдлыг гааруулдаг хамгийн том хүчин зүйл болсныг судлаачид хүлээн зөвшөөрч байна. Яагаад вэ гэдгээс яриагаа эхэлье.

- Тэгш бус байдлыг ярихын өмнө боловсрол гэж яг юуг хэлэх вэ, боловсролын зорилго юу вэ, хүний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ гэдгийг эхлээд ярих нь зөв болов уу.

Боловсролын тухай ойлголт өнгөрсөнд ямар байсан, ирээдүйд хэрхэн өөрчлөгдөж байгааг ч ярих шаардлагатай.

Хүссэн, хүсээгүй XX зууны түүхээс Дэлхийн I, II дайныг онцлохоос өөр аргагүй. Учир нь энэ хоёр үйл явдал дэлхийн түүхэн замнал төдийгүй, дэлхий даяар хүмүүс ямар амьдралыг хүсэх болсон гэдгийг харж, судлахаас өөр аргагүйд хүргэсэн байдаг.

Дэлхийн II дайны дараа Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ) байгуулаад юу тохирсон бэ гэхээр хүн дэлхийн хаана амьдарч байгаагаас үл хамаарч ямар эрхийг эдлэх ёстой вэ гэдгийг анх удаа онцолсон. Өмнө нь нэг улсад, нэг тивд хүний эрхийг баталгаажуулахын тулд ямар стандарт байх ёстойг санаачилж байсан бол II дайны дараа хүн төрөлхтний өнийн хүсэл юу вэ гэдгийг тодорхойлсон. Үүний оршлыг 1948 оны Хүний эрхийн түгээмэл тунхаглалаас харж болно. 1945 онд ажлын хэсэг байгуулаад хүн төрөлхтөн хоёр дайны үлдээсэн хар толбоос юу ойлгох ёстой вэ, цаашид хэрхэн амьдрах ёстой вэ гэдэг дээрээс Хүний эрхийн түгээмэл тунхаглал гэсэн баримт бичгийг боловсруулсан байдаг.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалаар, элдэв хуваагдал, талцал, дайн, тулааныг зогсоохгүй байх нь ямар аймшигтай зүйлд хүргэдэг вэ гэдгийг харлаа. Хоёрдугаарт, цаашид хүн төрөлхтөн айх айдасгүй, гачигдах зовлонгүй, чөлөөтэй үгээ хэлдэг, итгэж үнэмшдэг нийгэм хүн төрөлхтний уртын өнийн хүсэл байжээ гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой юм байна. Дараа нь хүний эрхэм чанар, хүний эрх, эрх чөлөө гэдэг зүйлд итгэх итгэлээ дахин олгох хэрэгтэй юм байна гэдэг гурван зүйлийг онцолсон байдаг. Тэгэхээр хүний эрхэм чанар гэдэг нь хүнд ямар нэгэн шошго, тэмдэглэгээ тавихгүйгээр, ялгаварлан гадуурхахгүйгээр хүлээн зөвшөөрч тухайн хүний амьдралыг хүндэтгэх явдлыг хэлнэ. Энэ нь таны ярьж байгаа тэгш байдалтай холбогддог.

1948 оны Түгээмэл тунхаглалд дахиж тодруулсан зүйл нь тунхаглал бол тунхгийн шинжтэй, улс орнууд дагаж ч болно, дагахгүй ч байсан болох учраас яг улс орон бүр иргэнийхээ өмнө заавал биелүүлэх ёстой гэсэн баримт бичиг чухал гэж үзээд 1966 онд НҮБ-аас Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт гэдэг баримт бичгийг гаргаж ирсэн. Энэ пактын 13-т таны асуултын хариулт бий.

Яагаад би энэ олон улсын гэрээг түүхэн үйл явдалтай холбож яриад байна вэ гэхээр энэ бол хүн төрөлхтний сургамж юм.

Тодруулаад яривал, онол болон практик туршлагатай тухайн үеийн сор хүмүүсийн “ураа шингээж, гараа гаргаж” гэдэг шиг боловсруулсан, тал талын маш удаан хугацааны хэлэлцүүлгийн үр дүнгээр бид боловсролыг яаж харах ёстой вэ гэдгээ анх тодорхойлсон байдаг.

Боловсролын зорилгыг базаад томьёолбол, нэгдүгээрт тухайн хүний нөөц боломжийг нээх, хоёрдугаарт үнэт зүйлийг нь бий болгох гэж ойлгож болно

Энэ тодорхойлолтод, Боловсрол бол нэгдүгээрт хүн өөрийнхөө хувийн зан чанар, чадварыг бүрэн дүүрэн нээн хөгжүүлэх боломж юм гэсэн байдаг. Тухайн хувь хүн ямар нөөц боломжтой (потенциал) байна түүнийгээ бүрэн дүүрэн нээж гаргах, тэр боломж нь тухайн хүнийг бүрэн дүүрэн илэрхийлэхүйц байна гэдэг зүйлийг оруулсан.

Хоёрдугаарт, өмнө хэлсэнчлэн та ямар нэгэн шошго, хаяг, тодорхойлолтгүйгээр хүний эрхэм чанар гэдгийг эрхшээсэн бодгаль юм шүү гэдгийг тухайн хүн өөрөө ухамсарлах тухай ойлголт байдаг.

Гуравт нь, бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэдэг байхыг бэхжүүлэх юм гэсэн байдаг. Боловсролын зорилго юу вэ гэдгийг дээрх гурваар томьёолсон гэсэн үг.

Дараа нь энэ пактын гол яригдаж байгаа зүйл нь үнэт зүйлийн тухай.

Боловсрол гэдэг хүнд ямар зүйлийг нандигнах ёстой, юу ч болсон хүн юуг анхаарч, эрмэлзэж, тэмүүлж байх ёстой вэ гэх үнэт зүйлийг оруулж өгсөн байдаг. Үнэт зүйлийн цаана, та бол эрх чөлөөт хүмүүсээс бүрдсэн хамтлагийн нэг юм шүү, нэг нэгэндээ хүний ёсоор тусалдаг байх ёстой юм шүү гэдэг зүйлийг ярьдаг.

Хоёрдугаарт, та ямар нэгэн байдлаар хэн нэгнийг өөрөөс ялгаатай гэдгийг нь олж харж, мэдэрч байгаа ч тэр хүнийг хүлээн зөвшөөрч харилцан ойлгодог байгаарай гэдгийг заасан байдаг. Өөрөөс чинь өөр, ялгаатай үндэс, угсаатай, шашинтай, арьстай хүн таарвал та тухайн хүнд хүлээцтэй хандаж, хүлцэн тэвчиж байгаарай. Ингэж чадвал бид харилцан эв найртай, амар амгалан амьдарч чадна гэж тодорхойлсон байдаг.

Өөрөөр хэлбэл, боловсролын зорилгыг базаад томьёолбол, нэгдүгээрт тухайн хүний нөөц боломжийг нээх, хоёрдугаарт үнэт зүйлийг нь бий болгох гэж ойлгож болно.

Ингээд харвал, Монгол Улсын Боловсролын тухай холбогдолтой бодлого, хууль, дүрэм, журмууд дээрхээс нэг их зөрдөггүй. Яг цаасан дээр буусан бичиг баримтын тухайд гэдгийг тодотгож хэлье.

- Боловсрол тэгш бус байдлын шалтгаан болж байгаа тухайд?

- Тэгш байдлыг хуулийн талаас ялгаварлан гадуурхахтай тэмцэхийн тулд  тодорхойлсон тодорхойлолт байна. Олон улсын гэрээнд яг ямар байдлаар тэгш бус байдлыг буруулах вэ гэх зохицуулалт бий.

Эдгээр олон тодорхойлолт, арга замыг хараад байхаар тэгш байдал гэдэг нь хүн бүрт адилхан хандах тухай ойлголт биш юм. Харин тухайн хүн бүрт гарч буй үр дүн адилхан байх тухай  ойлголт гэж би ойлгодог.

Тухайлбал, боловсрол, тэгш байдлыг холбож тайлбарлавал хүн бүрийг адил, тэгш харахаас илүүтэй хүн бүрт боловсролын дээр дурдсан үндсэн зорилго хүрч чадсан уу, үгүй юу гэдгээр хэмжих ёстой.

Жишээгээр тайлбарлая. Өнөөдөр боловсрол эзэмшиж чадахгүй байгаа хөгжлийн бэрхшээлтэй, малчин, ядуу, хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийг суурин газрын хүүхдээс ялгаатай нүдээр авч үздэг. Гэтэл боловсролын зорилго нь тухайн хувь хүн хэн байхаас үл хамаарч нөөц боломжийг нь нээх тухай.

Бид өөрсдөө хүүхдүүдийг хөгжлийн бэрхшээлтэй гэж ялгаж тусгай сургуульд сургаж, дотуур байранд нь гэрээс нь хол байлгаж байгаа нь буруу. Хоёрдугаарт, энэ хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй учир үгсийн сан муу, харилцаа байхгүй, танин мэдэхүйн хоцрогдолтой гэж ялгаж болохгүй. Өөрөөр хэлбэл, хүн бүрийг тэгшитгэхээсээ илүү хөгжлийн бэрхшээлтэй ч байсан хамаагүй яг үе тэнгийнхээ хүүхдүүдтэй хамт суралцаад мэдлэг, ур чадварын хувьд үе тэнгийнхэнтэй нь адил түвшинд хүргэж байгааг тэгш байдал гэж хэлнэ.

Бодит амьдрал дээр монголчууд үүнийг хийж чадахгүй байна. Чадахгүй байгаа учраас тэгш бус байдал гаарч байгаа юм. Тэгш бус байдал гаараад байгаа учраас боловсрол зорилгодоо хүрч чадахгүй байна гэж ойлгож болно.

Юу гэхээр, боловсрол зорилгодоо хүрч чадахгүй байна гэдэг нь хүн бүрийн потенциалыг нээж чадахгүй байна, хүний эрхэм чанарыг ухамсарлаж ойлгосон, хүнийг хүн гэж хардаг, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэхээс илүүтэйгээр амин хувийн явцуу ашиг сонирхолдоо хүрч байвал барав гэдэг хүнийг нийгэмд нийлүүлээд байгаа юм биш биз гэсэн айдаст автахад хүргэж байгаа юм.

- Боловсрол тухайн хүн нэг бүрийн боломжийг нээх ёстой ч заавал хангагдах ёстой мэдлэг гэж байх ёстой. Тийм үү?

- 2015-2030 он хүртэл НҮБ Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулаад, улс орнууд амлалт аваад явж байгаа. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулахын хамт ЮНЕСКО “Боловсролоо дахин эргэцүүлэх нь” гэж тайлан гаргасан байдаг. Энэ эрдэмтэн судлаачдын бэлтгэсэн тайланд XX зууны боловсрол ямар байх юм бэ, нийгэм асар хурдтай өөрчлөгдөж байгаа энэ үед боловсрол ямар үүрэг гүйцэтгэх ёстой вэ, суралцагчийн суралцаж байгаа үйл явцыг хэрхэн зохион байгуулах вэ гэдэгт хариулт өгөхийг зорьсон.

ЮНЕСКО-гоос 1972, 1996 онд гаргасан хоёр тайлан бий. Энэ тайлангийн хоорондох хугацааг харвал 20 гаруй жилийн хугацаа байгаа юм.

1972 оны Форын тайлангаас юу олж харж болох гэхээр Дэлхийн II дайны дараа асар их улс үндэстнүүд сүйрсэн, хотууд балгас болчихсон, маш олон хүн өөрийн төрөлх орноо орхичихсон байсан. Нэг өрх цагчин хийгээд амьдралаа залгуулж болж байсан бол тэр нийгмийн байгуулал нь эвдэрчихсэн гэсэн үг. Тэгэхээр маш олон хүн ажилгүй, орлогогүй болчихсон нь 1945 он хүртэлх боловсролын тогтолцоо нуран унасан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хүн нэг зүйлийг л маш сайн хийгээд түүгээрээ насан туршийн орлогоо бүрдүүлээд явах боломжтой байсан нь боломжгүй болсон. Тэгэхээр нийгэм хурдтай өөрчлөгдөөд байх юм бол яах ёстой вэ гэдгийг аль 1972 онд тодорхойлсон гэсэн үг.

Форын тайлангаас бидний санаж хадгалж авч явах ёстой хоёр зүйл нь суралцдаг нийгэм гэдэг ойлголтыг гаргаж ирсэн. Нөгөө талд нь насан туршийн боловсрол гэдгийг гаргаж ирсэн.

Нэг дэх нь, нийгэм өөрчлөгдөж солигдож байгаа бол тухайн нийгмийн гишүүд өөрөө дагаж өөрчлөгддөг, суралцдаг, хүмүүсийгээ дагуулж боловсруулдаг байх тухай ойлголт юм. Тухайн нийгмийн хэн нэгэн нь л суралцаж чадахаа боливол тэр нь тухайн хүнээ хүнд байдалд оруулдаг юм байна. Тиймээс хүн нэг бүр тасралтгүй суралцаж байх ёстой юм байна гэдэг санааг анх гаргаж ирсэн.

Насан туршийн боловсрол гэдэг нь хүн төрсөн цагаасаа эхэлж суралцаад үхэн үхтлээ мэдлэг, ур чадвар, хандлагаа хадгалж авч явдаг юм байна гэдэг зүйлийг мөн хамгийн анх ярьсан гэсэн үг. Энэ тухай өмнө нь эрдэмтэд энэ тэнд ярьж байсан ч тодорхой томьёолж нийтээр хүлээн зөвшөөрөөгүй байсан гэж хэлж болно.

Тэгэхээр ЮНЕСКО-ийн 1972 онд гаргасан Форын тайлангийн энэ түүхэн гавьяаг хүлээн зөвшөөрч суралцдаг нийгэм, насан туршийн боловсрол чухал гэх маш том дэвшлийг бид одоо ч авч явах учиртай. Учир нь энэ үеэс боловсрол, хөдөлмөрийн зах зээл хоёроо холбож нийтээр анхаарч ирсэн гэсэн үг.

Харин 1996 оны тайлангаас боловсролын салбарын бүгд мэдэх дөрвөн тулгуур ойлголт гарч ирсэн байдаг.

Эхлээд, Боловсролын дөрвөн баганыг тодорхойлсон.

Нэгдүгээрт, тухайн суралцагч мэдэх ёстой юм байна.

Хоёрдугаарт мэдсэнээ хийж сурах ёстой.

Гуравдугаарт, хамтын амьдралд суралцах ёстой юм байна.

Дөрөвдүгээрт, хүн оршин байхын тулд суралцах ёстой гэж тодорхойлсон байдаг.

Тодруулбал, боловсрол эзэмшиж байгаа хүн юуг зорьдог вэ гэхээр:

Нэгт, мэдэхийн тулд суралцдаг. Хүн төрөлхтний өнгөрсөн үеэс одоог хүртэл олж авсан уламжилж дамжуулж яваа мэдлэгийн их сангаас мэдэж авах ёстой юм байна.

Хоёрдугаарт, хүн ямар нэгэн байдлаар ур чадвар гэдэг зүйлийг олж авах ёстой юм байна. Ямар нэг зүйлийг чаддаг байх ёстой. Түүнээс оромддог байх тухай биш. Нэг бол гүехэн мэдлэг дээрээ тулгуурлаад өлбө өлбө гээд ярьдаг байх тухай биш. Чаддаг байх тухай ойлголт. Хийхийн тулд суралцана гэсэн үг.

Гуравдугаарт, хамтдаа амьдрахад суралцана. 1996 оны Делорын тайлангаас 1966 оны пактынхаа зорилготой уялдуулж давхар хамт авч яваад байгааг харж болно. Хамтын амьдрал гэдэг нь чи дэлхий дээр ганцаараа биш учраас бусадтай яаж эвээ олж, хүч хэрэглэхгүйгээр, үзэн ядахгүйгээр, ялгаварлан гадуурхахгүйгээр хэрхэн амьдрах вэ гэдэг мэдлэг олгохыг хэлнэ.

Дөрөвдүгээрт, оршихын тулд суралцах. Энэ дэлхий дээр байхын тулд чи хэрхэн амьдралаа авч явах ёстой юм, чи дэлхийг сүйтгэхгүйгээр өөрийнхөө хэрэгцээг хангаад хүн шиг амьдрах тухай ойлгуулах явдал. Байгалийг эрхшээх адын хүсэлгүйгээр хүн гэдэг эрхэм төрлийг олж төрсөн бол хүний эрхэм чанараа хадгалж амьдраач ээ л гэсэн үг. Нэгэнт хүний эрхэм төрлийг олж төрсөн хувь заяаг өөрийн хүслээр дуусгачихдаг, эсвэл нэг л олдсон амьдрал юм чинь дураараа дургина гээд өөрийнхөө амь нас эрүүл мэнд төдийгүй бусдын амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг амьдралыг бүү сонгооч ээ гэж тайлбарлаж болно.

Дээрх дөрвөн багана бол хамгийн сонгодог нь. Үүн дээр тулгуурлаад насан туршийн боловсрол гэдэг зүйл нэмэгдэж орж ирнэ. Өөрөөр хэлбэл, эдгээрийг хүн насан туршдаа сурах, сурах боломжтой байх ёстой аж.

Зураг

ХОЁР. МОНГОЛ ХҮҮХЭД

 

-Тэгэхээр бид дээр дурдсан дөрвөн зорилгод нийцүүлж боловсролын тогтолцоогоо зохион байгуулж чадахгүй байна гэж хэлж болох уу?

- Үүнийг ярихын өмнө хүн амьдралынхаа турш буюу насан туршдаа суралцах нь өөрөө гурван хүрээнээс бүрдэж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

Үүнд:

  1. Албан (formal) боловсролын тогтолцоонд суралцах,
  2. Албан бус (non-formal) байдлаар суралцах,
  3. Амьдралаас (informal) суралцах гэж монголоор орчуулсан.

Өөрөөр хэлбэл энэ гурвыг тодорхойлж өгснөөр боловсрол гэдэг нь зөвхөн албан боловсролын тогтолцоогоор илэрдэг зүйл биш юм байна гэдэгт хариулт өгсөн гэсэн үг.

Монголчуудын дунд боловсролтой болох гэдгийг сургуульд явахаар ойлгоод байдаг. Үгүй юм. Хүн хүүхэд байхаасаа өмнө буюу эхийн хэвлийд олдсон цагаасаа л орчноосоо мэдээлэл аваад суралцаад эхэлдэг нь шинжлэх ухаанаар нотлогдсон.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн хийсэн судалгаагаар хүүхдийн амьдралын эхний 1,000 хоног буюу ойролцоогоор гурав хүртэл нас амин чухал гэдгийг онцолсон. Зөвхөн тархины хөгжил төдийгүй шим тэжээлийн дутагдалд орохгүй байх асуудал үүнд яригдана. Энэ насандаа хүүхдийн юмсыг танин мэдэхүйн хөгжил хором мөчөөр хэмжигдэхүйц үнэ цэнэтэй, хурдтай явагддаг байна. Өөрөөр хэлбэл, хүүхэд амьдралын эхний 1,000 хоногоо хэрхэн өнгөрүүлснээс хамаарч ямар бие хүн болж төлөвших вэ гэдэг нь шалтгаалж байгаа учир онцлоод байгаа юм.

Эцэг, эх бүр хүүхэд олсон цагаас эхлээд л хүүхдийг боловсруулж байна гэдгээ ойлгох хэрэгтэй

Юу гэхээр боловсрол эзэмшинэ гэдэг 6 настай сургуульд ороод 18 настайдаа төгсөөд гарахыг хэлэхгүй. Эцэг, эх бүр хүүхэд олсон цагаас эхлээд л хүүхдийг боловсруулж байна гэдгээ ойлгох хэрэгтэй.

Тиймээс ч сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн орчин, цэцэрлэгт явахаас өмнөх гэр бүлийн орчин бүр хүүхдэд ээлтэй, хүүхдийг хүлээн зөвшөөрсөн, хүүхдийн эрхийг хүндэтгэсэн байна гэдгийг Делорын тайланд онцолсон байдаг.

Үүнээс хойш, 2016 оны Амина Морганы тайлангаас юу онцлох ёстой вэ гэвэл боловсролыг төр дангаараа барьж явдаг зүйл биш юм байна, боловсролыг бид эрин цагийн асар хурдацтай өөрчлөгдөж байгаа нийгмийн урсгал дээр эцэг, эх юу хүсч байна вэ, хүүхэд өөрөө юу хүсч байна вэ, хамт олон юу хүсч байна вэ буюу хэрэв та нийгмийн тустай гишүүн байя гэвэл тухайн нийгэм юу хүсч байна вэ гэдгийг харж байж боловсролын бодлогыг боловсруулах ёстой юм байна гэдгийг тодорхойлсон. Энэ эрх улс орон болгонд бий. Гэхдээ жаажигнах хүрээ буюу жааз нь өмнө хэлсэнчлэн олон улсын хүрээнд хүлээн зөвшөөрсөн үнэт зүйлдээ хамсаатаж тулгуурлаач ээ л гэсэн санаа.

- Тэгш байдал, тэгш бус байдлын хамгийн том жишээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд дээр их тодорхой гарч ирдэг. Энэ тухай та бас багагүй судалсан. Энэ тухай ярихгүй юу?

- 29-р сургуулийн сурагчдын жишээнээс татъя. Тэнд хүүхдүүдийг хуарагнуулан зааж байгаа хичээл нь амны хөдөлгөөнөөр унших чадварыг сурсан байна гэж тодорхойлдог.

Гэтэл энэ зорилго буюу орализм нь өөрөө маш оновчгүй юм гэдгийг судлаачид тогтоочихсон. Сонсголгүй иргэдийн эх бол дохионы хэл юм гэж тодорхойлсон. Энэ хэлийг эцэг, эх хүүхдtдээ зургаан сартайгаас нь зааж болох юм байна гэж үзсэн. Зургаан сартайгаасаа хүүхэд дохионы хэлээр үгсийн сангаа сураад цэцэрлэгтээ улам ур чадвараа сайжруулж, захын булчингаа хөгжүүлээд дохиж сураад аль хэдийнээ хүмүүстэй харилцаад сурчих боломжтой бөгөөд сургуульд орох үедээ хэнээс ч хоцрохгүй юм байна гэдгийг нотолсон байдаг.

Өөрөөр хэлбэл, үе тэнгийн сонсголтой хүүхдээсээ хоцрох ямар ч үндэсгүй гэж байгаа юм. Гэтэл өнөөдөр бидэнд байгаа ухвар мөчид төсөөлөл нь сонгсголгүй хүүхдүүд үгсийн сан бага учраас сурч чадахгүй, сурч чадахгүй учраас энэ хүүхдүүд мэргэжлийн ур чадвар олбол барав, үсчин, нарийн боовчин, тогоочоор сурчихвал болоо гэж үздэг. Гэтэл уг нь потенциал нь тухайн хүн сонсголгүй ч гэсэн кино найруулагч, жүжигчин болох боломжтой гэсэн үг.

Энэ явдлыг олон улсад хэсэг бүлгийг нийгмээс тусгаарлах гэж тодорхойлдог.

 

1989 онд Хүүхдийн эрхийн тухай конвенц гэж баримт бичгийг батлаад дэлхийн аль ч улсад амьдарч байгаа хүүхэд эрхээ эдлэх эрхтэй бөгөөд үүний тулд хэн, хэзээ ямар үүрэг гүйцэтгэх ёстой вэ гэдгийг тодорхойлчихсон. Энэ конвенц өөрөө хүүхдийн эрхийг анх удаа цогц байдлаар анхаарч харсан олон улсын гэрээ юм.

Хүн төрөлхтний маш сайн туршлага.

Энэ туршлага дээрээ тулгуурлаад 2008 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг баталсан. Энэ хоёр конвенцийг хоёуланг нь Монгол Улс соёрхон батлаад үндэсний хууль тогтоомжийн нэгэн адил мөрдөнө гээд үүрэг хүлээж байгаа. Хуулийн адил гэрээ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, би тантай төрийн байгууллагын үйл ажиллагаанд заавал мөрдөх ёстой хэм хэмжээг эш татан ярьж байна гэж ойлгож болно.

Хамгийн чухал асуудал нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тусгаарлах буюу ялгаварлан гадуурхахгүйгээр нийгмийн харилцаанд оруулъя гэдгийг хүлээн зөвшөөрөх явдал

Энэ конвенцийг яаж хэрэгжүүлэх ёстой вэ гэдгийг дагалдаад гарсан ерөнхий зөвлөмж бий. Хамгийн чухал асуудал нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тусгаарлах буюу ялгаварлан гадуурхахгүйгээр нийгмийн харилцаанд оруулъя гэдгийг хүлээн зөвшөөрөх явдал. Одоо л бид хүлээн зөвшөөрч эхлээд хүүхдийг тухайн хамран сурах тойрог дахь сургууль, цэцэрлэг дээр тусгай анги нээж эхэлж байна. Энэ удаан үргэлжилж болохгүй.

Зүй нь тусгай сургуульд зарж байгаа төсөв, мөнгөө улсын сургуулиуд руугаа хуваагаад сургууль бүрт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд туслах багш шаардлагатай бол түүнийг нь ажиллуулаад өөр шаардлагатай тохирох хэрэглэгдэхүүнийг нь бий болгох ёстой. Мөн тухайн хүүхэд үнэхээр 45 минутын хугацаанд тестээ бөглөж амжихгүй хүндэтгэх шалтгаантай бол түүнийг нь 90 минут болгоод, үнэхээр харааны бэрхшээлтэй бол 12 гэсэн үсгийн тигээр биш 26 –гийн үсгийн тигээр материалыг нь хэвлэж өгөх эсвэл брайль үсгээр нь хэвлэж өгөөд шалтгалтыг нь аваад үнэлдэг байх ёстой.

 - Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд байх ёстой тэгш боломжийг ярихаар Монгол Улс ядуу улс шүү дээ. Энэ байтугай хүүхдүүд чанартай боловсрол авч чадахгүй байна гэх вий. Энэ нь ч өөрөө мэдээж шууд ялгаварлан гадуурхаж буй хэлбэр биз?

- Тийм.

Нэгдүгээрт, Монгол ядуу улс гэдэгтэй би санал нийлэхгүй. Зүгээр л сэтгэл дутдаг. Ялангуяа шийдвэр гаргаж байгаа, төсөв хувааж байгаа хүмүүст сэтгэл дутдаг гэж хэлж болно.

Хамгийн наад зах нь одоо ерөнхий боловсролын сургуулийн гурван ээлжийг бид өнөөдрийг хүртэл халж чадахгүй байсаар байна. Анги дүүргэлт 50, 60 хүүхэд, гурван ээлжээр хичээллэх нь боловсролын хүртээмжээс гадна сүрьеэ гэх мэт халдвар өвчин тархах, тухайн сурагчдад эрүүл мэндийн хувьд шууд заналхийлж буй явдал юм.

Ер нь статистик мэдээлэл харж байхад ч тэр, хотын зах, орон нутгийн сумын сургуулиудаар яваад байхаар өнөөдөр сурагчид боловсролын нөгөө дөрвөн тулгуур баганыхаа нэг дэх буюу мэдэхийн тулд л суралцдаг гэдгээ л дөнгөн данган хангаж байна. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдийг зөвхөн мэдүүлэхийн тулд л сургаж байна. Зарим сургууль гэхэд хүүхдийг хамран сургасан нэр дор малыг жүчээнд хашдаг бол хүүхдийг сургуульд адгуулж байна.

Үүнийг таслан зогсоохын тулд нөөцийг зөв хуваарилна гэдэг маш чухал. Өнөөдөр боловсролын салбарт дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувийг зарцуулж байна гэж байгаа. Гэтэл үүнийг яагаад 30 болгож болохгүй вэ? Зоригтой үзээд 40 хувьд хүргэ. Ингэж байж бид улсын, хүний хөгжлийн тухай ярина.

Хүнээс боломжийг нь хулгайлаад ирэхээр хүн сонголт хийх чадваргүй болдог

Бид хүний хөгжил дээрээ тулгуурлаж байж улс орноо ахиулж, дэвшүүлэх тухай ярина.

Одоогийнхоор бол бид хүн бүрт хэрэгцээтэй байгаа боломжийг өгч чадахгүй байна. Хүнээс боломжийг нь хулгайлаад ирэхээр хүн сонголт хийх чадваргүй болдог. Сонголтгүй сонголт нь ямар үр дагавартай вэ гэхээр хүн өөрийгөө нээх чадваргүй, бусдыг аялдан дагагч, нийгмийн идэвхгүй иргэн болж хувирдаг.

2015 онд Уэлман гэж эрдэмтэн одоогийн бид нар “19-р зууны сургалтын хөтөлбөртэй, 20-р зууны бодлого зохион байгуулалттай байгаа нь 21-р зууны иргэдийн ирээдүйг гэрэл гэгээтэй байлгана гэдэг худлаа” гэсэн байдаг.

Үүний цаана юуг хэлээд байна вэ гэвэл бодлого боловсруулахдаа бид ирээдүйг харж, өмнөх туршлагаараа буюу одоогийнх шигээ гал унтраасан аятай байхгүйгээр бодлогыг алсын хараатай, зоригтой боловсруулаад ирээдүйгээ засахгүй бол бид маш том нүгэл үйлдэж байж магадгүй.

- Боловсролын зорилгыг тодорхойлсон дөрвөн баганаас одоогийн Монголын боловсрол зөвхөн мэдэх хэрэгцээг нь л хангаж байна гэлээ. Тэгвэл үлдсэн гурав буюу илүү үнэт зүйлд талдаа боловсрол олгогдож байгаа эсэх, энэ зорилгодоо хүрч байгааг хэрхэн хэмждэг вэ?

- НҮБ-ын 2015-2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд 17 зорилгыг бодит үйл хэрэг болгоно гэж улс орнууд амлаад тэр дотроо чанартай боловсрол гэдэг зорилтыг дөрөвдүгээрт нь суулгаж хүлээн зөвшөөрсөн.

Тэгвэл чанартай боловсрол гэж юуг хэлж байна вэ гэхээр тэгш хамруулсан, тэгш боломж олгосон, хүн насан туршдаа суралцах боломжийг бүрдүүлэх гэсэн ерөнхий амлалт байдаг.

Ерөнхий амлалт дотор 4.7 гэсэн дэд зорилт бий. Үүнд 2030 он гэхэд тухайн улс тогтвортой хөгжлийн мэдлэг, хэв маяг, хүний эрх, энх тайван, жендерийн тэгш байдал, хүч хэрэглэхгүй байх соёлыг төлөвшүүлсэн байх. Хоёрдугаарт дэлхийн иргэн байх, соёлын олон янз байдал, тогтвортой хөгжилд соёлын оруулж байгаа хувь нэмэр зэргийг ойлгож мэдэрдэг, мэдлэг ур чадвартай суралцагч байна гэж тодорхойлсон байгаа юм. Үүнээс улбаалан гарч ирж байгаа асуудал нь үнэлгээний асуудал.

Хоёр жилийн өмнө Боловсролын хүрээлэнгээс ажлын хэсэг гараад дэлхийн иргэний боловсрол буюу монгол хүүхэд 2030 онд хэн болох вэ гэдэгт бид ямар шалгуур тавих вэ гэдэг зүйлийг судалсан байдаг.

4.7.1-т Дэлхийн иргэн гэж хэн байх вэ гэдгийг тухайн улс үндэстний амин чанар дээр тулгуурлавал илүү зохистой гэдгийг би хувьдаа их олзуурхаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, дэлхийн иргэн байна гэдэг өөрийнхөө хөрсөн дээр бат нот зогссон байх ёстой юм шүү гэсэн үг. Өөрийнхөө хөрсөн дээр бат ногт зогсоно гэдэг нь монгол хүүхэд гадаад улсад буюу хаана ч очсон тухайн хүүхдийг монгол гэж таних зүйл нь юу вэ гэдгийг бид судалъя гэж тохироод түүхэн эх сурвалжуудыг авч үзсэн.

Үүн дундаас асар хурдтай өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд бид нэгдүгээрт нүүдэлчид юм байна гэдгийг гаргаж ирж байгаа юм. Орчин цагийн нүүдэлчин гэдэг ойлголт гарч ирнэ.

Хоёрт нь, хариуцлагатай иргэн. Эгэх хариуцлагатай иргэн байя гэж байгаа юм. Та Монгол Улсын иргэн бол аливаа асуудлыг төлөвлөх, төсөвлөхөөс нь эхлээд шийдэх хүртэл үйл явцад оролцдог байх тухай яригддаг. Өнөөдөр бид төр, иргэн хоёрын хариуцлага тооцох харилцааг зөвхөн сонгуулиар хардаг. Гэтэл сонгууль бол нэг л арга зам нь бөгөөд тухайн иргэн байнгын, тасралтгүй идэвхтэй, оролцоотой байхыг хэлэх юм.

Гуравт нь, тэсвэртэй, хүй олны гишүүн байх. Үүний цаана юу яригдаж байна вэ гэхээр хүний амьдралд өвдөг сөхрөх, унаж алдах маш олон зүйл тохиолдоно. Энэ бүхнийг хар толгойгоороо хариуцаад, бүдэрч унасан бол босож ирээд шороогоо гөвөөд цааш алх гэдэг шиг нийгэмд тулгамдсан аливаа бэрхшээлд нугараад, нурмайгаад уначихдаггүй байх тухай ойлголт юм.

Дөрөвт, Хүлээцтэй хувь хүн байх. Хүлцэнгүй ч гэж заримдаа орчуулагддаг. Өөрөөсөө өөр бодолтой хүнтэй нүүр тулах эсвэл харилцлаа гэхэд өөрт тань таагүй санагдсан ч хүлээн зөвшөөрч, хүндэтгэх тухай. Гэхдээ хүний эрх, эрх чөлөөг уландаа гишгэж байгаа зүйлтэй таарвал түүний эсрэг хуулийн дагуу, хүчирхийллийн бус аргаар эрс тэс зогсдог байх ёстой.

Видео, Энэ тухай Б.Болорсайханы TEDxUlaanbaatar -т илтгэсэн илтгэл:

Тэгэхээр ийм дөрвөн шаардлагыг хангасан байгаа эсэхийг үнэлэх тухай асуудал яригддаг.

Тухайн суралцагч энэ бүгдийг өөртөө шингээж авч чадсан эсэхийг үнэлэхийн тулд зөвхөн нэг шалгалтаар тодорхойлох боломжгүй. Жишээ нь, ЭЕШ бол тухайн хүүхэд мэдлэг дамжуулж буй үйл явцаас юуг өөртөө нааж үлдсэн бэ гэдгийг 0-100 хувиар үнэлж байна гэсэн үг.

Гэтэл боловсролын зорилгын гол дөрвөн багана бий тухай дээр ярьсан. Эдгээрээс өнөөдөр бид мэдэх, хийхийн төлөө суралцсаныг л шалгаж, хэмжиж байна.

Тиймээс ч хүүхэд нэг бүрийн ахиц дэвшил ямар байгааг баримтжуулж авч үлдэх нь чухал учир Боловсролын яам олон жилийн өмнөөс мэдээллийн сан бий болгосон. Энэ санд хүүхэд тус бүрийн бие махбодын хөгжлөөс нь авахуулаад цуглуулсан мэдээллийн сан бий. Энэ маш чухал. Гэхдээ өнөөдрийг хүртэл бид хүүхдийг үнэлж болох тоон мэдээллийн санг л бий болгож чадсан. Харин нөгөө хэмжиж чадахгүй байгаа хэсгээ буюу чанарын үзүүлэлтийг багшид даатгах болохоор багшийн үүрэг хариуцлага маш өндөр болж ирж байгаа юм.

Үүнээс цаашлаад багшийг чадавхжуулах асуудал мөн хөндөгдөөд явна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нэгэнт маш хурдтай өөрчлөгдөж буй байгаль, нийгэм, эдийн засгийн үед хүүхдийг нэг тогтсон буюу стандарт мэдлэгтэй болгохоос илүү тухайн хувь хүний потенциалыг нь нээж чи хэн байх боломжтой вэ гэдгийг нь бүрэн дүүрэн нээх нь боловсролын гол зорилго болж байгаа энэ үед багшийн үүрэг, оролцоо маш чухал болж байгааг хүлээн зөвшөөрсөн.

Иймээс л “Боловсрол бол нийгмийн үйл явц, нийгмийн өсөлт, боловсрол бол амьдралд бэлтгэж байгаа биш, амьдрал өөрөө юм” гэж Жон Дьюи хэлсэн байдаг.

Зураг

​ГУРАВ. ОРЛОГЫН ӨСӨЛТ БОЛ ХӨГЖИЛД ХҮРЭХ АРГА ЗАМ БОЛОХООС ЭЦСИЙН ЗОРИЛГО БИШ ЮМ

 

Тэгш байдал хэзээнээс хөгжлийн чухал асуудлын нэг болсон бэ?

- Улс орны хөгжлийг зөвхөн эдийн засгийн өсөлтөөр хэмжиж байсан нь 1945-1966 он хүртэл үргэлжилсэн байдаг.

Гэтэл аль 1966 онд зөвхөн эдийн засгийн өсөлтөөр хөгжлийг тодорхойлохгүй юм байна гэдгийг хүн төрөлхтөн олж нээчихсэн мөртлөө гайхаж явсаар байгаад 1980-аад оноос хөгжил бол хүн юм байна гэдгийг олж харсан байдаг.

Харин хүний хөгжлийг танихын тулд тухайн улс орноос гурван зүйлийг харъя гэж үзсэн байдаг нь хүнээ төвд нь тавьж чадаж байна уу, хүнээ төвдөө тавиад түүнийг тойрох боломжийг ижил өгч чадаж байгаа юу, боломжуудыг хүн ашиглаад сонголт хийгээд өөрийнхөө амьдралыг ахиж дээшлүүлж чадаж байна уу эсвэл уруудан доройтож байна уу гэдгийг хэмжих тухай яригдсан байдаг.

Ингэж 1986 онд хөгжил гэдэг зүйл нь хүнээс салгаж болохгүй эрх юм байна, салгаж болохгүйгээс гадна хүний эдлэх ёстой эрх юм байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Өөрөөр хэлбэл, хөгжих эрх бол хүний салшгүй эрх бөгөөд хүн бүр өөрийн бүх эрх, эрх чөлөөгөө бүрэн эдлэхүйц эдийн засаг, нийгэм, соёл, улс төрийн хөгжилд оролцох, хувь нэмрээ оруулах, үр шим хүртэх үйл явц гэсэн үг.

Энэ эрхээ эдлэхийн тулд хүн өөрөө боловсролтой байх ёстой тухай яригдсан нь боловсрол өөрөө хөгжилд ямар чухал нөлөөтэй вэ гэдгийг тодруулсан.

Хөгжил бол эдийн засгийн өсөлтөөс илүү хүний боломж, хөгжилд анхаарах зүйл юм

1987 онд давхар юу болсон бэ гэдгийг харвал, НҮБ-ын Хүрээлэн буй орчин, хөгжил хариуцсан комиссоос “Бидний нийтлэг ирээдүй” гэдэг тайлан боловсруулсан байдаг. Үүнд “Тогтвортой хөгжих гэдэг бол өнөөдөр амьдарч байгаа үе нь дараа үеийнхээ хэрэгцээг хангах чадварыг бууруулахгүйгээр өөрсдийнхөө хэрэгцээг хангаж байвал тогтвортой гэж үзье” гэж байгаа юм.

Хөгжлийн тухай маш олон онол, загвар, сургааль, судалгаа бий. Энэ олон зүйлээс миний харж байгаагаар хүний хөгжил бол эдийн засгийн өсөлтөөс илүү хүний боломж, хөгжилд анхаарах зүйл юм.

Өөрөөр хэлбэл, орлогын өсөлт бол хөгжилд хүрэх арга зам болохоос эцсийн зорилго биш юм байна.

Хоёрт, боломж гэдгийн цаана юу яригдах вэ гэхээр хүнд хүсэж, зорьсон амьдралынх нь сонголтыг өгөх эрх чөлөө юм.

Хүний хөгжлийн үндэс бол сонголт гэсэн үг.

Сонголтын цаана юу хэлэх вэ гэхээр боломжуудыг бий болгох. Хязгаарлагдмал зүйлийг тулгах биш. Харин хүн өөрийн эрхээр сонгосон боломж бол тухайн хүний хар толгойгоор хариуцах зам байх ба эрх чөлөөний хүнд нь энэ юм. Өөрөөр хэлбэл, сонголтоо хийсэн бол хариуцлагаа өөрөө хүлээх бөгөөд эрх чөлөөний хүнд нь, эмзэг нь энэ.

Гэтэл бодит байдал дээр юу болж байна вэ гээд харахаар зөвхөн бидний хэмжиж чадаж байгаа төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээс л харахад хүн хаана амьдарч байгаагаас хамаараад мэдэх эрх, боломж харилцан адилгүй байна. Боломж харилцан адилгүй байна гэдгийн цаана хүнд сонголт байхгүй байна гэсэн санаа илэрхийлэгдэж байна.

График, 2018 оны ЭЕШ-ын дүн, орон нутгаар харьцуулж харуулбал,

Боловсролын хүртээмж өнөөдөр Монголд барилгын гишгүүр шат шиг зөрүүтэй байгаа юм.Үүнийг бууруулах арга замууд бий. Жилээс жилд боловсролын салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа мөртлөө яг нэг хүүхдэд зориулж байгаа хичээл сургалтын материалаас эхлүүлээд нэг хүүхдийг хөгжүүлэх төсөв жилээс жилд буурч байгаа.

Жишээ нь, 2007 оны гахай жилд хүүхдүүд олноор төрөхөд хүн амын өсөлтийн бодлоготой нийцэж салбарын төсөв нэмэгдээгүй. Өөр нэг зүйл нь Боловсролын тухай хуульд улсын төсвийн 20-оос доошгүй хувийг төсөвлөдөг байна гэдэг заалтаа аваад хаячихсан. Хүүхдийн боломжийг хангасан хуулийн хамгаалалт байсныг аваад хаячихсан гэсэн үг. Төсвийн тухай хууль өөрчлөгдөж байгаа учраас энэ хамгаалалт байх шаардлагагүй гэж байгаа ч зарим жил боловсролын төсөв 20-оос доош хувь руу орж байсан үе бий.

Тэгэхээр тэгш бус байдлыг арилгахын тулд ижил боломжийг олгох ёстой. Үүний тулд улс төрийн манлайлал маш чухлыг бид харж байна.

Үүнийг хийх шийдэл нь Үндэсний боловсролын асуудлыг хэлэлцдэг механизм байх хэрэгтэй. Учир нь асуудал, салбарыг ойлгохгүй, мэргэжлийн бус сайд гарч ирлээ гэхэд үүнийг засаж залруулаад авч явдаг үндэсний хамтрал байх хэрэгтэй болж байгаа юм. Учир нь төр ганцаараа энэ салбарыг авч явах боломжгүй юм гэдгийг Морганы тайлангаар тодорхойлсон. Гол нь оролцоог хангах хамтын механизм байх ёстой болж байгаа юм.

Орчин үед боловсролыг мэдлэг, ур чадвар, хандлага гэсэн гурван зүйлээр тодорхойлдог хэсэг бий. Энэ үнэн. Гэхдээ үүний цаана суурь асуудал нь юу байна вэ гэхээр боловсрол бол хүний эрхийн тухай юм. Эрхийг эдлүүлэхийн тулд үүрэг хүлээж байгаа этгээд үүргээ хариуцлагатайгаар биелүүлэх ёстой.

Хоёрдугаарт, боловсрол бол тэгш бус байдлыг арилгах, хүчирхийллийг таслан зогсоох, ялгаварлан гадуурхалтыг таягдан хаях, нэг нэгнээ цаазлан хороох, эрүүдэн шүүж байгаа муу туршлагыг халахад хамгийн суурь арга хэрэгсэл гэж үзэж байна.

Гуравт, энэ бол зарчим юм. Улам олуулаа болж байгаа энэ дэлхий ертөнц дээр улам ихээр багасаж буй нөөцийг ашиглахын тулд энэ гараг дээр яаж нэг нэгнээ хүлээн зөвшөөрч, хүлээцтэйгээр биенээ дэмжиж амьдрах ёстой тухай, юуг урдаа удирдлага болгож чиг баримжаа авч явах ёстой тухай асуудал юм.

Тэгш хамруулах боловсролын тухай ойлголт нь хүн бүрийг өргөх тухай ойлголт юм

 

- Хамтдаа урагшлах тухай ярихаар социализм ярилаа гэх хүн бий.

- Харин тийм ээ.

Тэгш хамруулах боловсролын тухай ойлголт нь хүн бүрийг өргөх тухай ойлголт юм. Хойно хоцроод байгаа хэсгээ боломж байхад яагаад чадахгүй байна вэ гэдэг нүдээр бус, мөр зэрэгцүүлж хамтдаа дээшлэх тухай асуудал юм. Хамтдаа дээшилнэ гэдэг нь сайн боловсрол эзэмшсэн нэгнээ үзэн ядаж, галдан шатааж, тахилын ямаа болгох бус, тэр хүний боломжийг бусдад нь хэрхэн бий болгох вэ гэх зүйлийг бодоод чадаж байх юм бол энэ тэгш хамруулсан боловсрол болох юм.

Тэгэхээр боловсрол гэдэг маань өөрөө илүү өргөнөөр харах ёстой салбар юм, тодорхойлолт нь ч үнэт зүйлсээр илүү тэлсээр байна.

- Боловсрол өөрөө насан туршийн хэрэгцээ, дадал зуршил бол өнөөдрийн аж үйлдвэрлэлийн IV хувьсгалын эрин үед технологийн нөлөө, цахим орчныг тодруулж асууя.

- Цахим болон биет орчны зааг ялгаа улам арилж байгаа нь та бидний нүднээ илхэн байна.

НҮБ-ын Хүүхдийн сан 2017 оны дэлхийн хүүхдийн аж байдлын тайлангаа "Цахим ертөнц дэх хүүхдүүд" сэдвийн дор бичсэн юм. Тус тайланд цахим технологи нь аль хэдийнээ, эргэлт буцалтгүйгээр бидний амьдралын салшгүй нэг хэсэг болсон тул сайн, муу талыг нь хүлээн зөвшөөрч, аливаа улсын төр засаг тусгайлан анхаарал хандуулахыг зөвлөсөн.

Цөөн үгээр базвал цахим харилцааны гүүр, цахим аюулгүй байдал, цахим орчны тэгш боломж, цахим хамгаалал, халамж чухал шүү гэж онцолсон. Сайныг нь дэмжиж, саарыг нь хязгаарлах нь хамгийн зохистой алхам, тас хориод нэмэргүй болохыг судалгаагаар харуулсан юм.

Ядуурал, хөгжлийн бэрхшээл, ялгаварлан гадуурхалт гээд янз бүрийн шалтгааны улмаас хөгжлөөс хоцорсон, боломжгүй үлдсэн хүүхдүүдийн хувьд мэдээлэл, харилцаа холбооны цахим технологи нь тэдний амьдралыг хувирган өөрчлөх, шинэ боломж, бололцоогоор хангах, ур чадварыг хөгжүүлэх арга хэрэгсэл байх боломжтой. Зөв чиглүүлж, тэгш хүртээмжийг бүрдүүлбэл бүр үе дамжсан ядуурлаас гарах, амьдралаа өөрчлөхөд нь ч тустай. 

Нөгөө талаас, боловсролд мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашигласнаар хэлний, угсаатны, бэлгийн цөөнх, ялгаатай нийгмийн бүлгийг танин мэдэх, харилцаа холбоо тогтоох, танилын хүрээгээ тэлэх, бусадтай нөхөрлөх, харилцан суралцах, мэдээлэл хайх, дамжуулах, түгээх, боловсруулах, хувь хүн өөрийгөө хөгжүүлэх, таних, потенциалаа мэдэхэд хүртэл дэмтэй.

Сайн хүн байхын тулд цахим болон бодит орчинд оршин байхаас үл хамааран ёс суртахууны луужингаа үнэн дээр чиглүүлэх ёстой

Дохионы эх хэлээрээ, эсвэл унаган эх хэлээрээ хэлний цөөнх харилцах, цаашилбал суралцах ур чадвар өөр өөр хүмүүст тохирох хэрэглэгдэхүүн байдлаар дэмжиж өгөх, таатай хүртээмжтэй орчин бүрдэх жишээтэй.

Зураг, бичвэр хосолсон байдлаар дүрслэх, дуу авиагаар залах, бичвэрийн алдааг засах, дохионы хэлний үгийн санг дүрс бичлэгээс харж нэмэх гэх мэт.

Өөр нэг өнцөг бол хүний эрх, нийгмийн зүй ёсонд тулгуурласан боловсролын гуманист зорилго маань өөрөө хүн бүр нэгнээ хүлээн зөвшөөрч, хамтдаа мөр зэрэгцэн оршдог, хайрлан халамжилдаг, хамгаалдаг, эв эетэй нийгэм байх, ямар нэгэн ялгаварлан гадуурхах, маргинальчлах, нийгмээс тусгаарлах, дан биеэ л бодохгүй байх хэрэгтэй гэсэн санааг агуулдаг.

Ийм учраас цахим орчинд улам талцах, хуваагдах бус, харин нэг нэгэнтэйгээ улам холбоотой байх, харилцан хамааралтай байх, холбоотой байхыг эрхэмлэх нь чухал гэж боддог. Жон Дьюи ч "Боловсрол нь амьдралд бэлдэх тухай бус, амьдрал өөрөө юм. Ийм учраас боловсрол бол амьдрах үйл явц болохоос ирээдүйн амьдралдаа бэлдэж буй бэлтгэл биш" гэж хэлсэн.

Цаг үеэ мэдэрч байх нь сурч боловсрох эрхийн 4А буюу хүрэлцээтэй, хүртээмжтэй, хүлээн зөвшөөрөгдсөн, цаг үетэйгээ зохицсон байх гэсэн зарчимд ч дурдсан байдаг.

Гэхдээ сайн хүн байхын тулд цахим болон бодит орчинд оршин байхаас үл хамааран ёс суртахууны луужингаа үнэн дээр чиглүүлэх ёстой.

Харин үнэн эсэхийг би хувьдаа хүн төрөлхтний туулсан туршлагаараа олж авсан эрх чөлөө, хүний эрх, шударга ёс, тэгш байдал, зүй ёс, энх тайван гэсэн үнэт зүйлээр хэмжиж, баримжаалж болно гэж боддог. Яагаад гэвэл өнөөдөр зөв гэсэн үйлдэл нь маргааш буруу болж байсны жишээг татахын тулд бусдыг боолчилж, төрлөөр устгаж байсан дэлхийн түүхэн үеэ л санахад хангалттай. Хүний эрх гэдэг гадаадын зүйл биш. 

Зөв гэсэн бүхэн дандаа үнэн байдаггүй. Үнэн заримдаа гашуун ч гэсэн бодит байдлыг харуулдаг. Харин үүнийг хүлээн зөвшөөрч сурахад боловсрол эерэг нөлөө үзүүлдэг юм уу даа.

Манай мэргэжил, нийгмийн салбарын нэг онцлогийг илэрхийлсэн зургийг их сургуулийн цахим хуудаснаас харж байсан юм.

 

 

Тайлбартаа: "Шинжлэх ухаан танд хэрхэн махчин үлэг гүрвэл хувилж гаргахыг хэлж өгч чадна. Харин хүмүүнлэгийн ухаан танд энэ буруу санаа байсныг ойлгуулна" гэж...

- Боловсролын тэгш боломж нь ардчиллын суурь гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой болж байна. Тийм үү?

- Тэд бидний эсрэг, манайх, танайх гэж талцуулах нь үеэ өнгөрөөсөн. Талцал нь харин ч тэгш бус байдлыг гааруулдаг.

Өнөөдөр Монгол ардчилсан залуу улс. Гэхдээ ардчиллын зарим үнэт зүйлийг сэхээнд хэвтүүлж буй тохиолдлууд үе үе Монголд гарч байна. Сэрэх, сэхэхийн тулд өнгөрснөө харах, хаана юу болов, алдав, юу амжуулав гэдэг алдаа онооноос сургамж авбал зохино.   

Тиймээс ч 2012 оноос Монголд Ардчиллын боловсрол гэдэг зүйл чухал юм байна гэж үзэж эхэлсэн. Монгол Улс өөрөө санаачлаад ардчиллын боловсрол нь Монголд төдийгүй дэлхийн бусад улс оронд хэрэгтэй юм байна гэж үзсэн.

Учир нь бид ардчилалдаа санаа тавьж, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэхгүйгээр хөгжих тухай, хүмүүс биенээ хүлээн зөвшөөрч хамтдаа зэрэгцэн орших тухай ойлголт байхгүй юм байна.

Ардчилал гэдэг хэн нэгний өмнөө барьж ашигладаг тэмдэг нэр биш юм. Ардчиллын цаана тухайн улс орон ард түмнээ хэр хэмжээнд шийдвэр гаргах үйл явцад татан оролцуулж байгаагаас харилцан адилгүй байх боломжтой. Учир нь нэг газар өрнөсөн ардчилал нөгөө газар яг тэр жороороо явах боломжгүй ч ардчиллын хамгийн амин чухал зүйл нь хүн бүрийн үндэслэл, нотолгоотой оролцоо чухал бөгөөд энэ оролцоог бий болгодог зүйл нь боловсролын тэгш боломж гэдгийг ойлгох явдал юм.

Өөрөөр хэлбэл, ардчилал нь өөрөө хэн нэгнийг толгойдоо залах бус, хууль дээдлэх ёстой уялдах бол үүнийг бид боловсролоор л дамжуулж хийх ёстой болж таарч байгаа биз.

Тиймээс тогтолцоогоо нураах бус, алдаа байвал бага багаар тогтолцоогоо хувирган өөрчилж засдаг байх, хувьсгал бус хувирган өөрчилж нийгмийн бүтцээ тохируулахад ардчиллын боловсрол хамгийн чухал юм байна. Тэр боловсрол нь хүн бүрт боломж адил байхад л үр дүнтэй, хүртээмжтэй хүрнэ гэсэн үг.

- Тэгш бус байдлыг бууруулах гол хүчин зүтгэл боловсрол, эрүүл мэндийн салбар дахь зөв бодлогоор гарч ирэх ёстойг судлаачид хүлээн зөвшөөрчихлөө. Гэтэл бид эдийн засаг л гээд байдаг. Өөрөөр хэлбэл, боловсрол, эрүүл мэндийн салбарыг тэгш, хүртээмжтэй болгох суурь нь эдийн засаг гээд байгаа нь зөв үү?

- Тэнцүү. Бид өмнө нь эдийн засаг гэж харж байсан бол одоо хүний боломж, хөгжлийн асуудал тэнцүү байх ёстойг би дээр тайлбарласан.

- Эн тэнцүү байх ёстой гэдэг нь харьцангуй Монголоос хөгжлөөрөө түрүүлж гаргасан улс орны судлаачдын дүгнэлт. Монгол шиг хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж буй улсад энэ асуудал эн тэнцүү байх боломжтой юу?

- Боловсролын салбарт жилээс жилд нэг хүүхдэд оногдох төсөв буурч байхад багш тэнд хүүхдүүдэд сайн боловсрол өгөх гээд аминдаа хичээгээд өөрийнхөө цалингаараа материалаа канондоод явж байна.

Эхлээд эдийн засгийн асуудлаа шийдчихээд энэ мэт асуудлаа дараа нь шийднэ ээ гэж яг одоогийнхоороо явбал хүний эрх хэрхэн зөрчигддөг вэ гэдгийг бид харж байгаа. Хүний эрх, боломж, сонголт хэрхэн үгүй болж байгаа тухай ярьсан.

Гэтэл хүний эрхэнд тухайн хүнд нэг эрхийг нь түрүүлж эдлүүлчихээд дараа нь үүнийг нь нэмж эдлүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Тэнцүү авч яваагүйгээс өнөөдөр байгаль орчин сүйдэж байна, бэлчээрийн талхагдал, уур амьсгалын өөрчлөлт, гол мөрөн ширгэх, иргэдийн эрүүл мэнд доройтож, хууль дээдлэх ёс алдагдаж байна. Энэ бүгд тоо баримт, статистикаар бүгд батлагдана.

Өөрөөр хэлбэл, монголчууд мөнгөний төлөө явсныхаа горыг бодит байдлаар өнөөдөр амсаж буй. Сэрэх, сэхээрэхгүй бол оройтчих гээд л байна.

 

 

iKon.mn сайтын шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн”  үргэлжилсээр…
Ярилцлагын зочин: Б.БОЛОРСАЙХАН @Bolorsaikhan
Ярилцсан: Ч.БОЛОРТУЯА   @Bolort
Гэрэл зургийг: Б.БЯМБА-ОЧИР  MPA.mn
2019.04.11