Зураг
Зураг
Индэр    
"Ах нарын үеэс" ялгаатай буюу АШГААС илүү ҮНЭН
Зураг
2019 оны 3 сарын 19
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

"Ах нарын үеэс" ялгаатай буюу АШГААС илүү ҮНЭН

- Боловсрол тэгш бус байдлын шалтгаан болох нь –

Улаанбаатараас 946 километрт орших Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул С.Сумъяажав энэ жил анх удаа Монголын хөдөөгөөс дэлхийн шилдэг сургууль болох Массачусетсийн Технологийн Их сургуульд (MIT) элсэх урилга хүлээн авсан таатай мэдээг сонслоо.

С.Сумъяажавыг MIT –д элсэхэд “Сант” сургуулийн гүйцэтгэх захирал З.Энхмөнх жил гаруй хугацааны турш гардан зөвлөн тусалж, шаардлагатай зарим санхүүгийн дэмжлэгийг үзүүлжээ. 

Энэ бол баяртай мэдээ. Гэхдээ бас гунигтай.

Гунигтай гэдэг нь монголчууд бид Монголоос, бүр тэр дундаа хөдөөгөөс дэлхийн шилдэг сургуульд элсэн суралцахыг баатарлаг үйлс мэтээр хүлээн авч байгаа нь бидний боловсрол ямархан хэмжээнд муу байгааг нийтээрээ хүлээн зөвшөөрч буйтай ижил утга ажээ.

2016 оны судалгааны үр дүнгээр Монгол Улсын хүн амын ядуурлын түвшин 29.6 хувь буюу 907.5 мянга орчим хүн ядууралд өртөөд буй.  

Өөрөөр хэлбэл, 100 хүн тутмын 30 нь зайлшгүй шаардлагатай хүнсний болон хүнсний бус хэрэглээний зүйлийг худалдан авах чадваргүй байна гэсэн үг юм. Энэ тоо 2018 оныхоор шинэчлэгдэж, энэ оны зургаадугаар сард зарлагдах учиртай.

Тэгвэл дэлхий даяар тэгш БУС байдал их байх нь хүмүүсийг ядуу хэвээр байлгадаг, ядуурал буурахгүй​ байхад нөлөөлдөг гол хүчин зүйл хэмээн үзэж байна.

Мөн ядуурлыг бууруулах хамгийн оновчтой алхмуудад чанартай боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх тухай тусгасан байдаг. Энэ тухай НҮБ-аас тодорхойлсон Тогтвортой хөгжлийн 17 зорилтын дөрөвдүгээрт “Чанартай боловсролыг дэмжих” гэж тодорхой зааж өгсөн бий.

Гэтэл хүн амын тогтвортой хөгжлийн гол үзүүлэлтэд чухал байр эзэлдэг чанартай боловсрол нь өөрөө тэгш бус байдлын гол шалтгаан болж буйг судлаачид онцолсоор байна.

Боловсрол өөрөө тэгш бус байдлыг бий болгож байгаа гол хүчин зүйл болоод буй.  Учир нь боловсрол өөрөө тэгш бус хүртээмжтэй. Сайн боловсрол гэдэг маш үнэтэй. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, өндөр боловсрол олж авахад өнөөдөр ямар хэмжээний хөрөнгө шаардлагатай болсныг хүн бүр мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл, боловсрол гэдэг өөрөө эд хөрөнгө шиг тэгш бус байдлын шалтгаан болоод эхэлсэн” гэж судлаач А.Долгион “Өглөөний хүн” буланд өгсөн ярилцлагынхаа үеэр хэлж байсан билээ.

Үүнийг нотлох статистикийг ч 2016 онд хийгдсэн "Монголчуудын ядуурлын дүр төрх" судалгаанаас харж болно.

"График 1" –ээс эзэмшсэн боловсролын түвшнээс амьдралын түвшин ямар байх нь шууд хамааралтайг харуулж байна.

График 1, Ядуурлын үндсэн үзүүлэлтүүд, өрхийн тэргүүлэгчийн эзэмшсэн боловсролын түвшин ба ядуурлын хамаарал, Эх сурвалж: ҮСХ

Дээрх графикийг та хараад боловсролгүй л бол хүн ядуу амьдрах нь ойлгомжтой гэх биз. 

Тэгвэл яагаад хэнд ч ойлгомжтой зүйлийн эсрэг бид дорвитой алхам хийхгүй байна вэ?

Орчин үед залуус "ах нарын үе" шиг амьдралын хар ухаанаар, зальжин сэргэлэн байдлаар, муу, сайныг хослуулан амьдралаа залгуулах, хөрөнгөжих боломжгүй юм. Тухайн үеийнхний юу үнэн ашиг/мөнгө үнэн гэдэг зарчмаар өнөөдөр амьдрах нь бүх талаараа утгагүй, хавчигдмал болж буйг бид харж байна. 

Харин өнөөдөр НҮБ нь ч тодорхойлж буйгаар хоол хүнс, эрүүл мэндийн дараагаар орж буй чухал зүйл бол чанартай, хүртээмжтэй боловсрол. 

Гэтэл өнөөдрийг хүртэл хотын төвийн ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа хүүхэд, захын сургуульд сурч байгаа хүүхдэд анхнаас нь тэгш бус хүртээмжтэй боловсрол олгочихоод бид бүгд тэгш гараанаас гарч байна гэж тэднийг яагаад хуурдаг вэ?

Орчин үед тэгш бус байдлыг бууруулна гэдэг нь хэн нэг хөрөнгөтний өмч хөрөнгийг хураана гэхээсээ илүү хот, хөдөө, хотын төв, захын хүүхэд багачуудад ижил чанартай, орчин үеийн боловсролыг хүртээх нь тэгш бус байдлыг бууруулахад хамгийн ирээдүйтэй, зөв алхам болоод байна. 

Тиймээс ч iKon.mn “Боловсрол өөрөө тэгш бус байдлын шалтгаан болох нь” цуврал нийтлэлээ эхлүүллээ.

Олон улсын чанартай сайн боловсролыг монголчууд тэгш бус хүртэж байгаагийн хамгийн тод жишээ болох “Боловсролын зээлийн сан” –гийн зээлд гэхэд хэн хамрагдаад буйг бид өмнө нь цувралаар хүргэсэн. Гэхдээ гадаадад өндөр төлбөртэй сургуульд, улсаас тэтгэлэг ба зээл авч сурсан 1,800 гаруй хүнийг бүгдийг нь мэдээлэлд ойр эсвэл албан тушаалын давуу байдлаа ашигласан гэж бид хэлээгүй билээ. Хамгийн гол нь тэнд төрийн, улс төрийн их олон албан тушаалтан, тэдгээрийн хүүхдүүд хамрагдсанд учир бий.

 

Бид энэ удаад Монгол Улсад өнөөдөр ерөнхий боловсролын систем ямар шударга бус байдлаар боловсрол хүртээж буйг хүргэж байна.

Ингэхдээ бид элсэлтийн ерөнхий шалгалт буюу 12-р анги төгсөгчдийн шалгалтын 2018 оны тайлангаас мэдээлэл боловсрууллаа.

2018 оны тайланг үзвэл ерөнхий боловсрол өнөөдөр хот, хөдөө гэхээсээ хотын аль хэсэгт амьдарч байгаагаасаа эхлээд л ялгаатай буюу тэгш бус хүртээмжтэй байна. Үүнээс үүдэж эцэг, эхчүүд хүүхдээ харьяаллын бус сургуульд сургах хүсэлтэй болсон бөгөөд тэднийг аюулгүй зөөвөрлөхөөс үүдэн түгжрэл гэх мэт дараагийн түм буман асуудал ундардаг.

Ингээд өнөөдөр хүүхдүүд ерөнхий боловсрол хаана, ямар сургуульд эзэмшсэнээсээ хамаарч тэгш бус БОЛОВСРОЛ авч байгааг нотлох гурван статистикийг танилцуулъя.

НЭГ. Сүхбаатар, Багахангай дүүргийн ЭЕШ-ын дундаж онооны зөрүү 60

"График 2"-с харвал нийслэлийн хувьд хотын төв орчим гэгдэх СБД дэх сургуулиудыг төгсөж буй 12-р ангийнхны ЭЕШ-ын дундаж оноо Багахангай дүүргийн сурагчдын дундаж онооноос 60 оноогоор илүү байх жишээтэй. Та өнөөдөр УБ-ын хаана амьдарч байгаагаас шалтгаалаад л таны хүүхдийн сурлагын амжилт ийм хэмжээний зөрүүтэй байна.

График 2, Улаанбаатар хотын дүүргүүд дээрх элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноог харьцуулсан байдал, 2018 он. Эх сурвалж: БҮТ

Дараах графикт орон нутаг дахь ЭЕШ-ын онооны дунджийг харьцуулсан болно. Орон нутагт дунджаар ЭЕШ-аар хамгийн сайн оноотой байгаа нь Дорнод, Увс, Өвөрхангай аймгийнхан байгаа бол хамгийн муу нь Баянхонгор байгаа юм. Дорнод, Баянхонгорын төгсөгчдийн дундаж онооны зөрүү 50 байна. 

График 3, Орон нутаг дахь ЕБС төгсөгчдийн ЭЕШ-ын дундаж оноо, 2018 он

ХОЁР. Хувь, "хувьсгалын" ялгаа буюу тэгш бус боловсролын сонгодог жишээ

Эцэг, эхчүүд ер нь яагаад аль болох хувийн, төлбөр өндөр сургуульд хүүхдүүдээ сургах гэж хичээдэг вэ гэдгийг дараах графикаас харж болно.

Төрийн болон төрийн бус сургуулийг төгсөгчдийн дундаж онооны зөрүүг харвал:

  • Биологи 65
  • Хими 72
  • Математик 74
  • Физик 74
  • Англи хэл 107 байх жишээтэй.

График 4, Төрийн, төрийн бус өмчийн сургууль төгсөгчдийн ЭЕШ-ын хэмжээст онооны дунджийг харьцуулбал, 2018 он, Эх сурвалж: БҮТ

Улсын хэмжээнд ЕБС-ийн 40 сургуулийг сонгож, лаборатори сургууль болгосон байдаг. Лаборатори сургуулиуд нь бага, дунд боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийг турших, Кембрижийн ерөнхий боловсролын олон улсын хөтөлбөрөөр монгол, англи хос хэлээр хичээллэх зорилготой, төрийн өмчийн сургуулиуд юм.

График 5, Лаборатори, лаборатори бус сургууль төгсөгчдийн ЭЕШ-ын хэмжээст онооны дунджийг харьцуулбал, 2018 он, Эх сурвалж: БҮТ

ГУРАВ. Сүүлийн нэг жилийн дотор МАТЕМАТИК, АНГЛИ ХЭЛ, ФИЗИКИЙН ОНОО ЯАГААД БУУРАВ

2014-2018 буюу таван жилийн байдлаарх ЭЕШ-ын дундаж оноог харьцуулбал, гурван гол хичээл дээрх төгсөгчдийн оноо буурсан байна. Оноо хамгийн их буурсан хичээл бол англи хэл. 

График 6, 2014-2018 оны ЭЕШ-ын анхны онооны дундаж, боломжит 100 онооноос

Дээрх гурван график бол Монголд ерөнхий боловсролыг хэрхэн тэгш бус байдлаар хүртэж буйг харуулж байна. Харин энэ үзүүлэлт олон улсад хэрхэн үнэлэгдэх бол.

Өөрөөр хэлбэл, боловсролын чанараараа бид ямар түвшинд байгаа вэ. Нийтийн буюу төрийн ЕБС төгсөгчид дундаас өгүүллийн эхэнд дурдсан дэлхийн шилдэг их, дээд сургуульд элсэж буй нь нүдний гэм болсон С.Сумъяажавын амжилтаар бид нийтлэг боловсролын чанараа үнэлэх үү?

Энэ асуудлаар доктор, профессор Б.Отгонтөгс  “Олон улсад сурагчдын чансаа үзүүлэлтийг хэмждэг хэд хэдэн төрлийн шалгалт бий. 

Үүний нэг бол Programme for International Student Assessment (PISA) гэж шалгалт байдаг. 

Энэ шалгалт нь 15 настай хүүхдүүдээс Математик, Шинжлэх Ухаан, Уншиж ойлгох (reading) чадварын түвшин тогтоох шалгалт юм. Энэ шалгалтын агуулга, тестийг шинжлэх ухааны өндөр түвшинд боловсруулдаг. 

PISA –ийн үзүүлэлтээр сүүлийн жилүүдэд хамгийн өндөр оноо авч байгаа орнуудад Сингапур, Япон, Хонг Конг, Канад, Финланд, Эстони, Өмнөд Солонгос гэсэн орнууд жагсдаг. 70 орчим улс орон энэ шалгалтыг өгөхийн тулд төлбөрөө төлөөд үйлчилгээ авдаг гэсэн үг. Харин бид оролцдоггүй учраас чанарын хувьд өөрсдийнхөө хаана явааг мэдэхгүй.

PISA өгснөөр бид хаана яваагаа нэгдүгээрт мэднэ. Хоёрдугаарт, сайжруулахын тулд тэр тэргүүлээд байгаа орнууд ямар бодлого явуулж байна, нэг хүүхдэд оногдох хөрөнгө оруулалт нь хэд байна, манайд хэд байна гэдгийг судлах, харьцуулах боломж бүрдэж байгаа юм” гэж байв.

Тэгвэл Монгол Улс 2021 онд PISA шалгалт өгөхөөр болж, бэлтгэлээ базааж эхлээд байна. Өөрөөр хэлбэл өнөөдөр 13 настай байгаа сурагчид 2021 онд олон улсад өөрийгөө хаана яваагаа хэмжүүлнэ.

Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага OECD-ийн гишүүн болон гишүүн бус гэсэн 70 орчим орон 2015 онд энэ шалгалтыг өгч, сурагчдаа хэмжсэн бол 2018 онд 80 улсын 15 настнууд тус шалгалтыг өгөөд байна. 2018 оны шалгалтын үр дүн 2019 оны төгсгөлд гарах юм.

Гурван жил тутамд явагддаг PISA шалгалтын хамгийн сүүлийн буюу 2016 онд танилцуулагдсан 2015 оны шалгалтын дүнгээр Сингапурын 15 настнууд бүх ангилалд тэргүүлснийг бид мэдээлж байсан.

PISA 2015 оны үр дүн,

 

Энэ шалгалтаар:

  • Хүүхдүүдэд олгож буй мэдлэг чадвар орчин үеийн нийгмийн оролцоонд чухал, зайлшгүй хэрэгцээт чадварыг бий болгож буй эсэх,
  • Тухайн орны түүх, соёл, уламжлалын залгамж байдлыг хангаж байгаа эсэх,
  • Хүүхдүүд мэдлэгийг эргэн санахдаа гол биш, амьдралын янз бүрийн нөхцөл байдалд асуудлыг хэрхэн шийдвэрлэхэд мэдлэг чадвараа шилжүүлэн ашиглах,
  • Эдийн засагт мэдлэгийг эргэлтэд оруулах, өөрөөр хэлбэл хүн сурч мэдсэнээ мэдэх биш хийх, амьдралд хэрэглэх чадвараа шалгуулдаг байна. 

Гэтэл энэ мэт чадвар бүх монголчуудад ямар хэмжээнд дутагдалтай байгааг бид “Монгол ялагдсан” өгүүллээр хөндсөн. Энэ өгүүлэлд дурдсан олон судалгаагаар сурагчид орчин үеийн боловсролоос ямар хэмжээнд хоцрогдож буйг нотолсон.

Ямартай ч бид 2021 онд 15 настнуудаа үнэлүүлнэ. Энэ бол боловсролын салбар дахь ойрын зорилт.

  1. Тэгвэл энэ салбарт урт хугацааны алсын хараа, бодлого бий юу?
  2. Нэг намын үнэмлэхүй олонх төлөөлөл эрх барих үед ч хамгийн олон удаа солигддог боловсролын сайдтай үед ийм зүйл ярих боломжтой юу?
  3. Бид дотоод дахь боловсролын тэгш бус байдлыг (сургуулийн хүртээмж, агуулгын чанар, анги дүүргэлт) бууруулахад ямар бодлого боловсруулж байгаа вэ?
  4. Олон улсад бид хэрхэн өрсөлдөх вэ?
  5. Боловсрол эзэмшигчдийн хүйсийн тэгш бус байдлыг хэрхэн бууруулах вэ? зэрэг олон сэдвээр “Боловсрол тэгш бус байдлын шалтгаан болох нь” цувралыг үргэлжлүүлэх болно.

2019 онд сургуульд элсэх нэгдүгээр ангийн сурагчид 2031 онд сургуулиа төгсөнө. 2031 онд тэднийг ямар нийгэм угтах бол?