Зураг
Зураг
   
1
2
3
4

Б.Отгонтөгс: Боловсрол гэдэг мэдлэг, үнэт зүйлс, ур чадвар, зөв хэвшлийг сурах процесс, түүний үр дүн

Ч.Болортуяа
2017 оны 10 сарын 18
iKon.MN
Б.Отгонтөгс: Боловсрол гэдэг мэдлэг, үнэт зүйлс, ур чадвар, зөв хэвшлийг сурах процесс, түүний үр дүн
Зураг

iKon.mn сайтын "Өглөөний Хүн" цуврал ярилцлагын шинэхэн дугаарыг АНУ-аас бэлтгэснээ уншигч та бүхэндээ хүргэж байна. 

Бидний хувьд шинэ зочин ч МУИС-ийн Эдийн Засгийн Сургууль буюу одоогийн Бизнесийн сургуулийн үе үеийн төгсөгчдийн хувьд хуучны "танил" багш, судлаач, эдийн засагч Банзрагчийн Отгонтөгс юм.

Тэрбээр энэ удаагийн судалгааны ажлаа Вашингтоны гурван том хувийн сургуулийн нэг гэгдэх Америкийн Их Сургуульд хийж байна. Ингэх зуураа хоёр ч сургуульд зочин профессороор ажиллаж дэлхийн шилдэг боловсон хүчнүүдийг бэлтгэхэд хамгийн хүнд гэгддэг Хэрэглээний эконометрик, Эконометрикийн үндэс хичээлүүдийг зааж байна. 

Уншигч та бүхэн анзаарч байна уу?

"Өглөөний Хүн" булан шилдэг боловсрол олсон, шилдэг боловсон хүчнүүдийг онцолж байсан бол одоо тэднийг бэлтгэдэг, дагуулдаг эрхмүүдийн үгийг та бүхэндээ дамжуулж байгаадаа баяртай байна.

Багш, эмч нарын ажил хаялт, боловсролын үнэ цэнэ, чанар, тэгш хүртээмж, МУИС-ийн 75 жил гээд яг энэ цаг үеийн хамгийн "халуун" сэдэв буюу БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ярилцах зочинтойгоо алс холын АНУ-д таарах ерөөлтэй байжээ. Харин түүнтэй эдийн засгийн асуудлаар ярилцах бүхэл бүлэг сэдвийг дараагийн уулзалтдаа үлдээлээ. 

iKon.mn сайтын шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн” үргэлжилсээр…
 
Ярилцлагын зочин: Эдийн засгийн ухааны доктор, профессор Б.Отгонтөгс @ob2133
Ярилцсан: Ч.Болортуяа  @Bolort, @LEADMongolia
Гэрэл зургийг: Ц.Цогоо @TsogooTs
 
 

НЭГ. КОЛУМБЫН ИХ СУРГУУЛИЙН АНХНЫ МОНГОЛ ДОКТОР. ОДОО Ч ...

 

- Таны бага балчир үе, идэр нас, өсвөр үе бүгд өөр өөр газарт өнгөрсөн сонирхолтой түүхтэй юм билээ. Энэ тухайгаас яриагаа эхэлье?
- Тийм ээ. Бүр бага балчир нас минь Хөвсгөл нутагт өнгөрсөн. Ихэнхдээ эмээ дээрээ байсан даа. Харин нэгдүгээр ангид орохоос өмнө тухайн үед залуу боловсон хүчнийг нам засгийн шийдвэрээр орон нутгуудад томилон ажиллуудаг байсны дагуу аав, ээж хоёрыг маань Дархан руу томилсон. Аав химийн, ээж маань математикийн багш. Ингэж би Дарханд арван жилээ төгссөн. 

Намайг оюутан болох үед Монгол Улс өөрийн хөгжлийн төлөвлөгөөний дагуу боловсон хүчин бэлтгэх тал дээр маш сайн бодлоготой байжээ. Энэ бодлогын ачаар би М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их сургуульд (МГУ) улстөр-эдийн засгийн шинжлэх ухааны чиглэлээр суралцсан. 

Тухайн үед ОХУ-д перестройка, гласность гэх бодлого хүчтэй явж эхлээд байв. Тиймээс ч эхэн үедээ шугаман тэгшитгэл, дифференциал, маш олон чиглэлийн философи, К.Маркс, Ф.Энгельсийн бичсэн Капиталын, В.Лениний бичсэн ботиудыг судалдаг байснаа дөрөв, тавдугаар курсээс шууд л И.Фишер, П.Самуэльсоны сурах бичгээр макро, микро эдийн засгийн хичээлүүдийг үзээд эхэлсэн. Тухайн үед хүүхэд байсан учраас сайн ойлгодоггүй байж. Одоо бодоход Оросын их, дээд сургуулиуд маш хурдан хичээлийн хөтөлбөрөө өөрчилж шинэчилж чадсан байгаа юм. 

- Тэр үед Орост төгсөж ирсэн хүмүүсийн хувьд ихэнх нь өмнөх үеийн нийгмийн тогтолцооны онолоор боловсрол эзэмшсэн байдаг. Энэ нь ялангуяа эдийн засгаар суралцсан буюу төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн онолоор суралцсан хүмүүст их хохиролтой байсан тухай яриа олон сонсож байв. Харин таны хувьд хоёуланд нь суралцсан азтай оюутан байна. Зөв үү?
- Тийм ээ. Хоёуланд нь суралцсан. Намайг сургууль төгсөөд ирэхэд Монгол улсын хувьд зах зээлийн нийгэмд шилжиж эхэлж байсан.

Их сургуулиуд, албан газрууд ажиллах хүчнээ өөрсдөө шийдэж авдаг болсон үе байв. Миний хувьд МУИС дээр багш болмоор байна гэж очоод шалгалтыг нь өгсөн. Нэг жил цагийн багшаар ажиллаж байгаад үндсэн багш болсон доо. 

- МУИС-д багшилчихаад ерээд оны хүнд хэцүү үед Англид сурахаар явсан юм билээ. Тухайн үед Монголчууд Европ руу явж сурах тоо, боломж их бага байсан биз?
- 1993, 94 оноос олон улсын хөгжлийн байгууллагуудын бодлого нь нэг хэсэг хүн, салбарыг чадавхжуулахад чиглэгдсэн байдаг. Хамгийн түрүүнд хуульчдыг англи хэл сургаж гадаад руу сургуульд явуулсан. Үүний дараа эдийн засагчдыг их сургасан. Энэ давалгаанд Англи, Америк, Австрали, Германд сурах маш их тэтгэлэг хөтөлбөр зарлагдсан юм. МУИС-ийн хувьд Манчестерийн Их Сургуультай хамтраад ТАСИС төсөл дээр ажилладаг байлаа. Энэ хүрээнд шалгалт өгч тэнцээд ТАСИС-ийн тэтгэлгээр Манчестерийн Их сургуульд 1997 онд Эдийн засгийн магистр зэрэг хамгаалахаар явсан юм. 

Б. Алтанцэцэг гэж манай Эдийн Засгийн Сургуулийн (МУИС- Бизнесийн Их Сургууль) багш бид хоёр хамт явж төгсөж ирээд л МУИС-даа буцаж багшилсан даа. 

- 1997 он гэхээр Монголчууд харьцангуй бага тоогоор баруун руу явж сурч байсан үед Манчестерт магистрийн зэрэг хамгаалсан юм байна. МГУ-д сурсан туршлага барууныхтай хэр зөрчилдөж байв. Тухайн үеийн мэдрэмжээсээ хуваалцахгүй юу?
- Дарханд дунд сургуулиа төгсөөд Москвад очиж суралцаж байхад маш өндөр ачаалал шаардсан сургалтын арга барилтай байсан. Их хэмжээний унших, бодох даалгавар, хичээлийг богино хугацаанд өгч, уншуулж, ойлгуулах  гэсэн хатуу байдалд сургадаг байсан. Ихэвчлэн ганцаараа хийх байдлаар. Энэ чанга шаардлагыг давсан хүн л сургуулиа төгсдөг байв.  Монголоос энэ том их сургуулийг 450 орчим хүн төгссөн. Одоо МГУ төгсөгчдийн холбоо ч бий. Эдгээр төгсөгч Отгонтөгсийн хэлж байгаа нь үнэн гэж нотлох байх (инээв). 

Үүний дараа Манчестерт очиж сурсан. Нэг л их бороо орсон, саарал, уйтгартай хот. Тэнд миний сурсан хамгийн чухал зүйл бол тоон шинжилгээний аргууд, эконометрикс байв. Сургалтын арга барилын хувьд дандаа өөрөөр нь яриулж, өөрөөр нь анализ хийлгэдэг, багаар ажиллуулдаг. Миний хувьд ийм дадалд нэг их сайн суралцаагүй байсан нь том сорилт болж бас их ядарсан шүү. 

Англи, Австрали, Канад, Япон зэрэг орны докторын хөтөлбөр шууд судалгаагаа хийгээд явдаг бол Америкийнх тийм биш, хэцүү

- Та багш байсан учраас сургалтын арга барилын хувьд бүр их сонин содон байсан биз?
- Тэгэлгүй яахав. Багш хүн учраас сургалтын арга барилын ялгааг маш их мэдэрсэн. Англид оюутан хүний уншиж судлах ёстой ном, судалгааг яг зөвийг нь таарсан хэмжээгээр олж өгч чаддаг. Тэгээд түүнээсээ ойлгосон зүйлийг нь бичүүлж  бас яриулдаг. Бүх нөхцлийг нь тухайлбал, унших ном, сэтгүүл програм хангамж энэ тэрийг хангаж өгөөд л  өөрөөр нь дүгнэлт гаргуулна.  

Миний хувьд МГУ-ийг тоо бодож, хариуг нь зөв гаргаад л, унш гэсэн номын гол гол утгыг цээжлээд, хариулахдаа тодорхойлолт мөн харьцуулж хэлээд л, ихэнхдээ аман шалгалт өгөөд л давчихсан. Тэгсэн Англид надад өөрөө анализ хийх, өөр илүү гүнзгий юм унших, өөрийгөө илэрхийлэх ярих чадвар хэрэгтэй болсон доо. 

- Харин энэ чадварыг эзэмшсэн хойноо докторын зэрэг хамгаалахаар Колумбын Их сургуульд суралцах амар байв уу. Докторын зэргээ АНУ-д яагаад хамгаалах болов?
- Намайг Англид сурч байхад миний судалгааны ажлыг Кэн Кларк гэж багш удирдаж байсан юм. Тэр багш маань АНУ-д докторын зэргээр суралцах хэрэгтэй гэж зөвлөсөн юм. 

Тэгээд л бид хоёр (Б.Алтанцэцэгийн хамт) ажлынхаа хажуугаар дахиад л нөгөө олон шалгалтад бэлдэж эхэлсэн юм. GRE, TOEFL, GMAT гэх мэт шалгалтыг нь өгөөд АНУ-ын хэд хэдэн сургуульд хүсэлт явуулж нэлээд хэдэн сургуулиас санал авсан нь дандаа дэлхийн топ сургуулиуд байв. Миний хувьд багшийнхаа зөвлөснөөр Боловсролын Эдийн засгийн чиглэлээр PhD судалгааны ажлаа хийсэн юм. Суралцах амар байгаагүй, учир нь АНУ-ын докторын сургалт бол манай эдийн засгийн чиглэлээр эхний жилдээ заавал гол 8 хичээл үзнэ, дараа нь нэгдсэн шалгалт (comprehensive exams) хоёрыг өгнө, хоёуланд нь тэнцэж байж тэнцлээ гэнэ, нэгийг нь даваад нөгөө дээр нь унавал тэнцэхгүй. Ийм тохиолдолд дахиж дараа жил нь хоёр шалгалтыг хоёуланг нь дахин өгнө. Англи, Австрали, Канад, Япон зэрэг орны докторын хөтөлбөр шууд судалгаа тал руу хийгээд явдаг бол Америкийнх тийм биш, хэцүү.  Тэнцсэний дараа бас өөрийнхөө судалгаа хийх чиглэлээр хэд хэдэн хичээл сонгож үзнэ. 

- Та Колумбын Их сургуулийг докторын зэргээр төгссөн анхны Монгол хүн юм билээ. Энэ мэдээлэл зөв үү?
- Колумбын Их Сургуулийн хувьд төлбөр нь тун өндөр учраас олон жилийн турш сургуулиасаа, тэнхмээсээ, олон улсын байгууллага, сангуудад өргөдөл гаргаж,  тэтгэлэг олж байж л сурдаг. Суралцаж байх хугацаандаа их сургуульдаа багшийнхаа туслах багшаар ажиллана, оффист, номын санд нь ажиллаж байж л сургалтын төлбөр, амьжиргааны зардлаа олно.  

Тиймээс ч Колумбын Их сургуулийн төлбөр өндөр учир манай залуучууд эмээгээд элсч чаддаггүй байж магадгүй. Хоёрдугаарт, энэ сургуулийн тухайд элсэхэд нөгөө олон тестүүдийн өндөр оноо шаарддаг. Одоогоор докторын зэрэг хамгаалсан Монгол хүн гэвэл би л ганцаараа байна. Миний хувьд бакалавраа МГУ-д хийсэн нь элсэхэд бас нөлөөлсөн байх, бас их сайн багштай таарсан азтай. Сайн багштай таарна гэдэг том аз. Харин магистр хамгаалсан олон Монгол төгсөгч бий шүү.

- Таны PhD хамгаалсан Боловсролын Эдийн засаг юу судалдаг талаар илүү тодруулахгүй юу?
- Тэгэлгүй яахав. Боловсролын салбарын үйлдвэрийн функц, санхүүжилт, бүтэц, хөгжлийн талаарх олон хичээлийг эдийн засгийн гол гол 8-9 хичээлүүдтэй хамт үздэг. Манай улсын хувьд энэ нь шинэ ойлголт. 

Миний хувьд энэ чиглэлээр докторын зэрэг хамгаалсныхаа дараа Монголд буцаж очоод МУИС төдийгүй Монгол Улсын Боловсролын Их сургуулиуд дээр Боловсролын эдийн засгийн хичээлийг докторт суралцаж байгаа оюутнуудад заасан. Ер нь дэлхий дахинаа салбар шинжлэх ухаанууд дотроо маш их нарийсч төрөлжиж байна. Харин сүүлийн үед манайд шаардлагатай байгаа нэг төрлийн эдийн засагч бол Эрүүл мэндийн салбарын эдийн засагч нар байна. Маш том салбар шинжлэх ухаан. 

 

- Та багшилж буй сургуулийнхаа тухай, бас ямар хичээл зааж байгаа талаар, америк оюутнуудыг онцлогийн талаар бодлоо хуваалцахгүй юу?
-  Би МУИС-ийн Төгсөлтийн дараах сургуулийн захирал хийж байгаад 2016 оны 12 дугаар сард ажлаа өгөөд, АНУ-ын нийслэл Вашингтон хотод байрлах Америкийн Их сургуульд (American University), судалгаа хийхээр ирсэн. Ирээд овоо хэдэн сар болж байна.  Нэг судалгааны ард гарсан, одоо дахиад нэгийг эхлүүлээд явж байна. Хажуугаар нь энэ сургуулийн хоёрдугаар курсийн оюутнуудад Хэрэглээний эконометрик хичээлийг цагийн багшийн хувиар зааж байгаа. Мөн эндхийн Виржиниа мужид байрлах California University of Science and Management гэдэг сургуульд магистр оюутнуудад Эконометрикийн үндэс хичээл зааж байна.

Энд хичээл заах урамтай, лаборатори, сүлжээ, компьютер, эконометриксийн програм хангамж энэ тэр хамгийн сүүлийн үеийн, бүх нөхцөл, бүх үйл хөдлөлийг багшид нь ч тэр, оюутнуудад ч тэр тун нарийн заагаад өгсөн байдаг. Тоглоомын дүрэм тодорхой, ойлгомжтой. 

Америк оюутнуудад хичээл заахад илүү харилцан яриа, асуулт хариулт давамгайлна, үргэлж л багш презентац үзүүлээд яриад байхгүй, мөн багш оройн 20 цаг хүртэл оюутнуудын асуусан асуулт, цахим шууданд аль болох хариулт хурдан өгч, аль болох оюутнуудад хүртээмжтэй байх ёстой байдаг. Америк оюутнуудын манай оюутнуудаас ялгаатай нь тэд их мөнгө төлж сурч байгаа, энэ хичээлийг заавал ойлгож байж, өөрөө тодорхой цаг зарцуулж байж давна, төгсөнө гэдгээ мэддэг, ойлгосон байдаг, мөн аль нэг асуудлыг илүү олон талаас нь харж асуудаг. Шүүмжлэлт сэтгэлгээ илүү.        

Зураг

ХОЁР. БОЛОВСРОЛД ХИЙСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ӨГӨӨЖӨӨРӨӨ ЭРҮҮЛ МЭНД ГЭЖ ЗҮЙЛТЭЙ Л ДҮЙНЭ

 

- Та  МУИС-д Монгол оюутнуудад хичээл заадаг.  Монголд энэ бүх сургалтын арга барилаас аль нь илүү тохиромжтой гэж боддог вэ?
- Миний хувьд Орос, Англи, Америкийн хамгийн шилдэг гэгдэх сургуулиудад сурлаа. Монгол, Америкт хичээл зааж үзлээ. МГУ гэхэд зарим нэг ранкаар дэлхийн эхний 100 шилдэг сургуулийн 65 орчимд жагсдаг. Манчестерийн Их сургууль эхний 40 орчимд, Колумбийн Их сургууль эхний 10, 11-т жагсдаг. Гурвуулаа их өөр арга барилтай. 

Хамгийн зөв арга барил нь энэ бүгдийн хоорондынх нь hybrid буюу хосолмол хэлбэр гэж боддог. Оросын сургалтын арга барил бол бидэнд маш их хэрэгтэй. Тухайн хүнд байх ёстой суурь шинжлэх ухааны мэдлэгийг үнэхээр сайн суулгаж өгдөг. Энэ арга барилын хувьд оюутны нэг, хоёрдугаар курст хамгийн тохиромжтой. Харин гурав, дөрөвдүгээр курст нь Англи, Америкийн сургалтын арга барил болох илүү шүүмжлэлт сэтгэлгээ (critical thinking) буюу ярих, дүгнэх, анализ хийх, шүүмжлэх чадваруудыг нь давхар хөгжүүлээд явах нь тохиромжтой санагдсан. 

- Эдийн засагчдыг ажиглаад байхад тэд боловсролын салбарыг түлхүү сонирхож, зөв, зүйтэй гаргалгааг эрэлхийлдэг болчихдог юм шиг ажиглагддаг. Эдийн засгийн өсөлт, эерэг хандлага нь явж явж суурь боловсролтой холбогддог учир ийм сонголтыг хийдэг үү. Таны хувьд яагаад боловсролын салбарыг түлхүү судлах болов?
- Эдийн засагчдын хувьд мэдээж эхлээд их өөр өөр чиглэлээр судалгаагаа эхэлдэг. Ингээд явж явж хүмүүсийн судалгааны сэдэв нь тухайн хүн хаана амьдарч байгаа тэр газрынхаа өсөлтийг тодорхойлж байгаа зүйл рүү л орчихдог юм. Тэр нь боловсрол, эрүүл мэнд, хөрөнгө оруулалт, засаглал гэх зэрэг рүү өөрийн эрхгүй оруулчихдаг гэж ойлгож болно. 

Ямар ч улсын хүний хөгжлийн тайланг гаргахдаа гуравхан хүчин зүйлээр тооцож гаргадаг шүү дээ. Энэ нь Боловсрол, Эрүүл мэнд, Дотоодын Нийт Бүтээгдэхүүний хэмжээгээр тооцоод л энэ гурван үзүүлэлтээр улсуудыг жагсаадаг. 

Тэгэхээр боловсролыг шохоорхон судлах нь зөв болов уу.

Ерөнхийдөө эдийн засаг гэхээр дан тоо л бодоод байдаг гэж ойлгодог. Бид тоо боддог. Гэхдээ эдийн засагчдын ойлгох гээд буй гол зүйл нь хүмүүсийн үйл хөдлөл. Хүмүүсийн үйлдлүүд нь эдийн засгийн ямар шийдвэр гаргахад нөлөөлдөг вэ гэдгийг л судалдаг шинжлэх ухаан шүү дээ. 

- Энэ жилийн Нобелийн шагналт эдийн засагчийг ч гэсэн хүмүүс янз бүрээр л тайлбарлаж байна. Эдийн засгийг хүний сэтгэл зүйтэй холбосон сонирхолтой онолыг тайлбарласан. Тэгэхээр эдийн засагчид бүр сэтгэл зүйч болоход хүрч байна шүү дээ

- Шведийн Төв банкнаас шагнадаг эдийн засгийн чиглэлийн Нобелийн шагналыг энэ жил Чикагогийн Их Сургуулийн профессор Ричард Талер (Richard Thaler) хүртсэн. Энэ багш зан үйлийн эдийн засгийн (behavioral economics) чиглэлээр судалгаа хийдэг, гол нь хүмүүсийн үйл хөдлөл, сэтгэл санааны байдал, өөрийгөө удирдах чадвар бага үед гаргах шийдвэр эдийн засгийн гол гол ойлголт тухайлбал хэрэглээ, хадгаламжид хэрхэн нөлөөлдөг талаар судалдаг эрдэмтэн.

Эдийн засгийн онолд хэд хэдэн гол таамаглал тавьдгийн нэг нь хүмүүс бол ер нь рациональ гэж үздэг. Профессор Ричард Талер хүмүүс заримдаа магадгүй үргэлж (consistently) рациональ биш гэж үзсэн, дүгнэсэн. 2002 онд уг шагналыг хүртсэн D.Kahneman, 2013 онд шагнагдсан Robert Shiller нар зан үйлийн эдийн засгийн (behavioral economics) чиглэлээр судалгаа хийдэг. Ричард Талер Нобелийн шагналын мөнгө 1.1 сая ам. доллараа аль болох рациональ бус байдлаар зарцуулна гэж хэвлэлд хэлсэн байна лээ (инээв). 

Хувь хүний боловсролдоо хийсэн хөрөнгө оруулалт бол ямар ч төсөл, хөрөнгө оруулалтын өгөөжөөрөө эрүүл мэнд гэж зүйлтэй л дүйж очно

- Таны докторын судалгааны ажил их сонирхолтой юм билээ. Боловсролд оруулж буй хөрөнгө оруулалт бидний амжиргаа, эдийн засгийн баталгаа болж байгаа тухай судалсан байсан. Үр дүнгийнх нь тухай манай уншигчдад танилцуулахгүй юу?
- Боловсролд оруулж байгаа хүн болгоны хувьд ялгаатай хөрөнгө оруулалт нь хувь хүнд ирж байгаа үр өгөөжийн хувьд ямар түвшинд байв гэдгийг Монгол, Казахстан, Кыргызстан, Тажикистан гээд дөрвөн улс дээр хэмжсэн юм. 

Иргэдийн боловсролдоо хийсэн хөрөнгө оруулалт авч буй цалингийн ялгаанд нөлөөлдөг талаар олон судалгаа байдаг. Гэхдээ энэ нь эдгээр дөрвөн оронд яг ямар хэмжээтэй, ямар хувиар ялгаатай байгааг судалсан хэрэг. 

Боловсролын ялгаатай байдал орлогын ялгаатай байдалд нөлөөлдөг нь Монголд ч нотлогдсон. Монголын хувьд дээд боловсролтой эмэгтэйчүүдийн хувьд ROR буюу үр өгөөжийн түвшин хамгийн өндөр байсан. Хэдийн тийм боловч Монголд эрэгтэй, эмэгтэйчүүдийн цалингийн зөрүү байдаг нь нотлогдсон. Монголд эрэгтэйчүүдийн боловсролын түвшин дунджаар эмэгтэйчүүдээс бага боловч цалингийн хувьд  өндөр байгаа нь уг судалгаагаар тогтоогдсон. 

- Монголд уг нь цалин дээр хүйсийн ялгаа байдаггүй гэж боддог шүү дээ. 
- Бид тэгж боддог боловч цалингийн зөрүү байдаг нь нотлогдсон. Тиймээс ч эмэгтэйчүүд илүү их боловсрол олох гэж тэмүүлдэг юм байна гэж дүгнэсэн. Тодруулбал, эмэгтэйчүүд би эмэгтэй хүн учраас боловсрол эзэмших ёстой гэж байгаад биш, харин миний ажиллах албан тушаал, авах цалин бага байх учраас би илүү их боловсрол эзэмшиж байж илүү сайн ажилд орж, илүү цалин авах ёстой гэсэн хандлага байхыг үгүйсгэхгүй болж байна. 

Боловсрол бол зөвхөн ажилд орох, цалин авах, албан тушаал ахих арга хэрэгсэл биш

- 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар “Сэтгэл байхад боловсролоор яах вэ дээ” гэсэн үзэл нэлээд “тэнэлээ”. Багш хүний хувьд танд энэ хамгийн аймшигтай мессеж байсан байх. 
- Энэ мэдээж сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүсийн дундаж боловсролын түвшин өндөр байгаагүйтэй холбоотой. Нэр дэвшигчид улстөрчийн хувьд их сайн улстөрчид ч боловсролын хувьд дутагдалтай зүйлүүд байсан. 

Миний эмзэглэсэн зүйл нь Монгол Улсаа хөгжүүлэх сэтгэл л байхад өндөр боловсрол хэрэггүй дээ гэсэн үзэл санааг олон нийтийн сүлжээгээр хэтэрхий их дэвэргэж, үүнд нь залуу үе автах сөрөг тал гарсанд юм. 

Хувь хүний боловсролдоо хийсэн хөрөнгө оруулалт бол ямар ч төсөл, хөрөнгө оруулалтын өгөөжөөрөө эрүүл мэнд гэж зүйлтэй л дүйж очно. 

Энгийн жишээ хэлье. Жишээ нь, та 100,000 төгрөгөө банкинд хадгалуулъя гэж бодъё. Жилийн дараа дээд тал нь 115,000 төгрөгтэй болно. Харин тэрний оронд 100,000 төгрөгөө та өөрийнхөө ямар нэгэн чадварыг хөгжүүлэх, мэдлэгээ дээшлүүлэх боловсролд хөрөнгө орууллаа гэж бодоод үзье. Тогооч, үсчин, мужаан болох сургалтад хамрагдлаа гэхэд та жилийн дараагаас нь сард 300,000, эсвэл 400,000 төгрөгийн цалинтай ажил хийгээд эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр боловсролд оруулсан хөрөнгө оруулалт зөвхөн нэг жилийн өгөөжөөр хэмжигдэхгүй, олон жилийн магадгүй насан туршид үр ашиг өгөх хөрөнгө оруулалт юм. 

Боловсролд оруулсан хөрөнгө оруулалтыг дээрх байдлаар тоогоор үнэлж болно. Нөгөө талд тоогоор үнэлж баршгүй хэсэг бий. Боловсрол бол зөвхөн ажилд орох, цалин авах, албан тушаал ахих арга хэрэгсэл биш. Юу гэхээр өндөр боловсролтой хүмүүс өөрсдөө эрүүл байх боломж бүрддэг. Зөвхөн өөрөө төдийгүй гэр бүл эргэн тойрны хүмүүсээ эрүүл, аюулгүй байлгах боломж бүрддэг хамгийн чухал нөлөөлөл.  Эдийн засгийн хэлээр эерэг дам нөлөө ихтэй юм. Дээрээс нь, өнөө цаг үе буюу роботжуулалт, хиймэл оюун ухаанаар бүгдийг хийдэг болох гэж байгаа энэ үед боловсролын үнэ цэнэ улам бүр нэмэгдэж байна.

- Монголчуудын хувьд олон улсад нэр хүндтэй шилдэг сайн сургууль төгссөн боловсон хүчнүүд нэг үеэ бодвол олон болсон. Шийдвэр гаргах түвшинд ч олноороо байна. Гэхдээ тэд илүү сайн байж чадахгүй байгаа нь хүмүүсийн итгэлийг алдахад хүргэв үү?
- Энэ таамаглалтай санал нийлнэ. 

Миний ажигласанаар шилдэг сайн сургууль төгссөн хүмүүсийг би гурав хувааж ангилмаар байна. Нэгт нь, тэднийг ажиллуулах шингээх орчингүйгээс болоод зарим хэсэг нь сурсан газар руугаа буцдаг эсвэл өөр оронд ажиллах шаардлагатай болдог. Жишээ нь, цөмийн физикээр төгссөн залуу Монголдоо ирэхэд тэр хүнийг ажилд авах газар Монголд хоёрхон л байна. Нэг нь МУИС-ийн Физикийн тэнхимд багш болох. Эсвэл Цөмийн энергийн газарт мэргэжилтэн болох. Манайд эрэлт муу байгаа учраас тэр хүмүүс мэдлэгээ ашиглах боломжгүйгээс буцдаг эсвэл өөр гадаадын оронд ажиллахаар явж байна. Эсвэл бүр өөр мэргэжлээр ажилладаг. 

Хоёр дахь хэсэг нь, бага цалинтай ч гэсэн яг төгссөн мэргэжлээрээ ирээд ажиллаж байгаа хүмүүс, мөн энэ байдлыг засъя, залруулъя гээд улстөрд орж байгаа залуус байна. Тэд нарын буруу ч бас биш. Өөр талбар байхгүй учраас тийм сонголт хийж байна гэж харж болно. 

Гуравт нь, сүүлийн үед гарч байгаа их гэгээтэй чиглэл бол энэ залуус өөрсдөө ажлын байр бий болгох гэж хичээж байна. Өөрсдөө старт-ап компаниуд босгож байна. Хөөрхөн жижигхэн лаборатори, оффис байгуулж буй залуус бий. Энэ хэсэг бол бидний хамгийн ихээр дэмжих ёстой бүлэг юм. 

Энэ хүмүүсийг би төр засаг татвар, инновацийн зөв бодлогоор дэмжиж ажиллаасай л гэж бодож байна. Эндээс л жинхэнэ үр дүнгүүд гарах байх гэж найдаж байна.

Боловсрол гэдэг мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс, итгэл үнэмшил, зөв хэвшлийг сурах процесс, түүний үр дүн

- Хоёулаа зөвхөн академик буюу дипломын боловсролын талаар хөндлөө. Гэтэл нэг их шилдэг сайн сургууль төгсөөгүй ч боловсорсон хүмүүс маш их. Ер нь боловсролтой хүн гэж ямар хүнийг хэлэх ёстой вэ?
- Боловсрол гэдэг мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс, итгэл үнэмшил, зөв хэвшлийг сурах процесс, түүний үр дүн. Энэ бүхнийг бид багшаар заалгаж, зарим хэсгийг нь биеэ дааж өөрөө сурдаг. Хэрхэн яаж сайн сургах вэ гэдэг техникийг педагог, дидактик зэрэг шинжлэх ухаан судалдаг. 

Хүн академик мэдлэг олж авахын хажуугаар өөрөө насан туршдаа суралцаж, өвөө эмээ, аав ээжээсээ сурч авдаг том мэдлэг байна. Улс болгонд ийм чухал мэдлэг байна. Тухайлбал,  хэцүү хатуу өвөл болж зуд нөмрөхөд малчид ерөнхийдөө алдарт малчин Очир гуайн цуглуулсан эрдэм мэдлэгийн зааврын дагуу ажиллаж байж давдаг.   Очир гуайн лекцийн дагуу гэхгүй, гэхдээ ийм төрлийн мэдлэг, ур чадварыг өвөө эмээ нь суулгасан, заасан байдаг. Энэ мэдлэг өв уламжлан ирдэг, Монголд мал маллах, Хятад, Төвөдөд эмийн  ховор ургамлаар эм барих гэх мэт. Тэгэхээр боловсролтой хүн гэдгийг бичиг үсгийн соёл мэдлэгтэй ч гэсэн илүү үнэт зүйлсээ хадгалж, хамгаалж чадсан хүнийг хэлдэг болов уу гэж би боддог. 

Хүмүүс авлигын талаар их ярьж, зэвүүцэж байгаа. Цаг дээрээ тулахад өөрт нь 100 сая төгрөг өгье, энэ газрын зөвшөөрлийг надад өгөөч гэж хэлэх мөчид   үгүй гэж хэлэх хүн ховор л гарах байх. Зөвхөн би энэ хот, энэ нутгийг чинь ийм зөв байдлаар хөгжүүлэх ёстой, эсвэл хойч үедээ үлдээх ёстой хүн шүү дээ гэсэн үнэт зүйл, бодолтой хүн л үгүй гэж хэлнэ. 

В. Познер гэж Оросын сэтгүүлчийн бичсэн нэг номонд Дэлхийн Хоёрдугаар дайны үед Ленинградын Эрмитажид байсан Оросын хаадын үе дамжсан алт үнэт эдлэлийг зөөж, нуугаад нэгэн тосгонд дайн дуустал хадгалж, манаж байгаад дайны дараа өчүүхэн нэг цэн алт ч дутаахгүй тоо ёсоор нь буцааж авчирч ирсэн нэгэн Орос эмэгтэйн тухай бичсэн байсныг уншаад би тэр эмэгтэйг ёстой нэг боловсролтой мундаг хүн байж гэж биширсэн. Ирэх зуунд ийм хүмүүс л үнэд орно. 

Зураг

ГУРАВ. ТЭГШ БУС БАЙДЛЫГ АРИЛГАДАГ ХОЁР Л ХҮЧИН ЗҮЙЛ БАЙДАГ НЬ ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН СИСТЕМ ХОЁР ЮМ

 

- Хүүхдүүдийн ерөнхий боловсролд хамрагдалтын байдлаарх судалгаагаа та үргэлжлүүлж байгаа юм билээ. Энэ судалгааны сонирхолтой үр дүнгүүдээс танилцуулахгүй юу?
- МУИС, Соросын Сангийн өгсөн судалгааны тэтгэлгээр Монголчууд боловсролд хамрагдаж байгаа байдлаар тэгш байна уу үгүй юу гэдгийг би судалсан. Боловсролын Жини коэффициент гэж байдаг. Орлогын тэгш байдлыг хэмждэг Жини коэффициент гэж байдаг даа. Яг түүн шиг. 

Сургуульд хамрагдалтаар нь хэмжсэн. Ингээд үр дүнг харвал манай боловсролын салбарын Жини коэффициентийн түвшин нь өндөр хөгжилтэй орнуудтай ойролцоо, тэгш бус байдал тун доогуур гарсан. Манай орлогын Жини коэффициент 0.35 байдаг. Харин боловсролынх 0.18 (2012 оны байдлаар) орчим байгаа юм. Энэ бол насанд хүрэгчдийн хувьд гарсан үзүүлэлт. 

Харин хүүхдүүдийн хувьд 2002, 2012 он буюу 10 жилийн хугацаатай харьцуулж үзэхэд тэгш бус байдал буурсан байсан. Ялангуяа найм, есдүгээр ангид суралцаж байгаа сурагчдын хувьд сургуульд хамрагдалт нь нэмэгдсэн сайн тал ажиглагдсан. Мөн сургуулийн өмнөх насны буюу цэцэрлэгт хамрагдагсдын тоо нэмэгдэж сайжирсан байна лээ. Энэ их сайн тоо. 

- Хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалт сайжирсэн гэдэг нь их сонирхолтой санагдаж байна. Бид улам муудаад байгаа гэж боддог шүү дээ.
- Тийм ээ. Боловсролын Жини коэффициентийн хувьд аль болох тэг рүү тэмүүлж байх ёстой.

0.01 гэх мэт рүү дөхвөл хүүхдүүд боловсролыг тэгш хүртээмжтэй авч чадаж байна гэж дүгнэдэг. Харин нэг рүү тэмүүлбэл аюултай. Нэг байвал 100 хувь хамрагдах ёстойгоос 100 хувь хамрагдаж чадахгүй байна гэсэн үг. 

2002 онд цэцэрлэгт хамрагдалт Жини коэффициент​ 0.37 орчим хувь байсан бол энэ тоо 2012 онд 0.23 болж буурсан байна. Өөрөөр хэлбэл хамрагдаж байгаа байдлаар тэгш бус байдал буурч байна гэсэн үг. Тэгэхээр юм болгон бидний бодож байгаа шиг биш гэдгийг судалгааны үр дүнгүүд харуулаад байгаа юм. 

- Дээрх судалгааны хүрээнд өрхийн орлогоос хамаарч сургуульд хамрагдалтын хувь хэрхэн өөрчлөгдсөн талаар та бас судалсан гэсэн. Энэ талаар танилцуулахгүй юу?
- Тэгсэн. Энэ судалгаанаас ажиглагдсан бас нэг сайн мэдээ бол бага орлоготой өрхийн хүүхдүүдийн их, дээд сургуульд хамрагдалтын хувь нэмэгдсэн байсан. 

Бид өнөөдөр бодит амьдрал дээр харж байгаагаар хөдөөгийн айлууд гэхэд ХААН банкнаас зээл аваад л хүүхдүүдээ сургаад байгаа үйл явц ингэж тоогоор нотлогдож байна гэсэн үг. 

Миний хувьд тооны хувьд ингээд дэлгэрэнгүй судлаад өглөө. Тодорхой хэмжээнд бүгдээрээ тэгш боловсрол авч байгааг нотоллоо. Харин одоо бид үнэхээр чанартай боловсрол авч чадаж байна уу гэдгээ л судлах хэрэгтэй болоод байгаа юм. 

Булган аймгийн ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа Болд гэж хүү Улаанбаатарын Сүхбаатар дүүргийн сургуульд сурч байгаа Баяр  гэж хүүхэд адилхан чанартай боловсрол авч чадаж байна уу гэдэг судалгааг хийх ёстой. Энэ судалгааг хийхийн тулд хамаарч байгаа хувьсагчийг зөв тодорхойлох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, боловсролын чанар гэдгийг бид юугаар хэмжих вэ гэдгээ тодорхойлох ёстой. 

Үүний хамгийн зөв шийдэл төгсөлтийн, эсвэл элсэлтийн шалгалтын нэгдсэн оноо. Ерөнхий эрдмийн шалгалт буюу ЭЕШ-ийн оноогоор үүнийг хэмжиж болно. Гэвч энэ шалгалтыг хотын есөн дүүрэг, 21 аймагт авч байгаа шалгалтын асуулга арай өөр байдаг учраас хотыг хөдөөтэй харьцуулж чадахгүй болчихоод байна. 

Тэгэхээр би судлаачийн хувьд шалгалтын оноогоор хэмжиж чадахгүй ч сургуулийнх нь нөөцөөр хэмжих боломжтой юм байна гэж хараад байна. Тухайн хүүхдийн хаана амьдарч байгаагаас шалтгаалаад явж байгаа сургууль нь нэг хүүхдэд ногдож байгаа нөөц, боломжийн хувьд ямар байгааг хэмжиж болно. Нэг хүүхдэд оногдож байгаа багш нь хэд байна вэ. Нэг сурагчид оногдож буй талбай, биеийн тамирын танхим, дуу хөгжмийн багштай эсэх, багш нарынх нь боловсролын түвшин ямар байна вэ гэдгийг хэмждэг. Тухайн сургууль нь үдээс хойш дугуйлан, давтлага хичээллүүлж байна уу гэх мэт нөөцөөр хэмждэг арга байгаа. Энэ судалгааг хийхийн тулд хөдөөгийн сургуулиуд дээр очиж мэдээллээ цуглуулах шаардлагатай учраас нэлээд цаг орно. Гэхдээ би энэ судалгааг хийнэ. 

Гарааны тэгш бус байдлыг арилгадаг хоёр л хүчин зүйл байдаг нь эрүүл мэнд, боловсролын систем хоёр юм

- Боловсролын тэгш хүртээмжийг чанарын түвшингээр судлах ёстойг манай төр засгийнхан сайн ойлгохгүйгээс орон даяар ийм судалгаа явуулж чадахгүй байгаа гэх судалгааны байгууллагууд байсан л даа. 
- ЭЕШ-ын оноогоор эхний ээлжинд бид суурь боловсролын чанарыг заавал хэмжих хэрэгтэй. Гэхдээ энэ нь дээр хэлсэнчлэн хот, хөдөөгийн ялгаа байгаа учраас судалгаа өрөөсгөл болчихоод байна. 

Гэхдээ ямар нэгэн байдлаар хэмжих хэрэгтэй. Өөр олон арга бий. 

- Сургуульд хамрагдалтын хувьд бид өөрсдийгөө гадны улсуудтай харьцуулах Жини коэффициенттой болсон байна. Одоо та дотоодын нөөцийг харьцуулна гэж байна. Харин бид дотооддоо биш олон улсад боловсролын чанарын хувьд яг хаана яваагаа хэрхэн хэмжих ёстой вэ. Бид цөөхөн хэдхэн олон улсын шилдэг сургуульд тэнцсэн сурагчдаараа баримжаа аваад явах нь зөв үү?
- Дээр яриад байгаа чанарын хүртээмжтэй байдлаарх судалгаагаа эхлээд дотооддоо зайлшгүй хийх хэрэгтэй. 

Харин олон улсад  сурагчдын чансаа үзүүлэлтийг хэмждэг хэд хэдэн төрлийн шалгалт бий. 

Үүний нэг бол Programme for International Student Assessment (PISA) гэж шалгалт байдаг. 

Энэ шалгалт нь 15 настай хүүхдүүдээс Математик, Шинжлэх Ухаан, Уншиж ойлгох (reading) чадварын түвшин тогтоох шалгалт юм. Энэ шалгалтын агуулга, тестийг шинжлэх ухааны өндөр түвшинд боловсруулдаг. 

PISA –ийн үзүүлэлтээр сүүлийн жилүүдэд хамгийн өндөр оноо авч байгаа орнуудад Сингапур, Япон, Хонконг, Канад, Финлянд, Эстони, Өмнөд Солонгос гэсэн орнууд жагсдаг. 70 орчим улс орнууд энэ шалгалтыг өгөхийн тулд төлбөрөө төлөөд үйлчилгээ авдаг гэсэн үг. Харин бид оролцдоггүй учраас чанарын хувьд өөрсдийнхөө хаана явааг мэдэхгүй.

PISA өгснөөр бид хаана яваагаа нэгдүгээрт мэднэ. Хоёрдугаарт, сайжруулахын тулд тэр тэргүүлээд байгаа орнууд ямар бодлого явуулж байна, нэг хүүхдэд оногдох хөрөнгө оруулалт нь хэд байна, манайд хэд байна гэдгийг судлах, харьцуулах боломж бүрдэж байгаа юм.

Монгол Улсын хувьд энэ шалгалтыг нэг удаа өгөх гэж үзсэн санагдаж байна. Харамсалтай нь зарим хэсэг нь муугаа мэдэгдүүлэхгүйн тулд шалгалтыг зориуд сайн оноогоор мэдүүлжээ гэж би зарим үр дүнгээс нь хараад дүгнэлт хийсэн. Шалгалтын дүн нь нормаль тархалтгүй гарсан байсан. Тэгэхээр энэ шалгалтыг бодит өгч сурах хэрэгтэй. 

- Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид тэгш чанартай боловсрол авч чадаж байгаа эсэх орон даяарх судалгааг хийхээр зарим залуус санаа нэгдээд буй. Гэтэл энэ судалгааг яагаад заавал хийх ёстой логикыг ойлгох хүн тун цөөхөн байна. Та шийдвэр гаргагчдад логик үндэслэлийг тайлбарлаж өгөхгүй юу?
- Хүн бүрийн анхны гарааны нөхцөл тэгш бус. Хүүхэд анх гэдсэнд бүрэлдэхдээ л ямар ээжийн гэдсэнд байх вэ гэдгээсээ шалтгаалаад гарааны нөхцөл өөр байдаг. 

Ээж нь жаахан ядруухан, жирэмсэн байхдаа олигтой шим тэжээлтэй хоол идэж уугаагүй, сайн амарч аваагүй бол хүүхэд нь ч цус багадалттай, ядруухан төрдөг. Өөрөөр хэлбэл хүүхэд гэдсэнд байхаасаа л тэгш бус боломжтойгоор амьдралаа эхэлдэг. 

Ингээд сургуульд орохоосоо өмнө зарим нэг нь нэлээд сайн анхан шатны боловсролтой болчихсон байдаг бол нөгөө талд нь зөвхөн хооллохоос өөр халамж, хүмүүжил, боловсрол олоогүй хүүхдүүд өсч торнидог. Тэгэхээр энэхүү гарааны тэгш бус байдлыг арилгадаг хоёр л хүчин зүйл байдаг нь эрүүл мэнд, боловсролын систем хоёр юм

Эрүүл мэндийн систем нь бие махбодийн хувьд жаахан дутуу байгаад нь нэмэлт тэжээл, эмчилгээ хийгээд явдаг. 

Боловсролын хувьд яг тэгш чанартай суурь боловсрол олгоод адилхан ур чадвартай болгож амьдралаа эхлүүлэх, бусадтай ижил тэгш гарааны нөхцлийг олгодог. Эрүүл мэнд, Боловсрол хоёр бол тэгш бус байдлыг бууруулах хамгийн чухал хоёр арга. Тиймээс ч улс орнууд энэ салбарууддаа онцгой их ач холбогдол өгч анхаарч байдаг. Ялангуяа урт хугацааны төлөвлөгөө зайлшгүй хэрэгтэй байгаа юм. 

Дэлхий дээрх орлогын дийлэнх нь  IT-ийн компаниудад очих нь тодорхой болчихлоо

- Урт хугацааны төлөвлөгөө гэхээс урьтаж багш, эмч нар маань ажил хаялт зарлаад нийгэм, эдийн засгийн хүнд үеийг бид давж байна. 
- Зөвхөн багш, эмч нарын цалинг нэмлээ гээд бид зөв цаашилж чадахгүй. Яагаад гэхээр одоо дэлхийн эдийн засаг, хөдөлмөрийн зах зээл, боловсролын систем бүрэн автоматжуулалтын хэлбэр рүү явж байна. 

Ердөө 40 жилийн дараа гэхэд өнөөдөр бидний хийж буй бүх ажлын дийлэнхийг машин хийнэ. Жолооч, хэлмэрч, багш, сувилагч гээд маш олон мэргэжил байхгүй болно.

Харин энэ бүх машиныг ажиллуулдаг, алгоритмийг нь боловсруулдаг, засдаг кодлодог хүмүүс л ажил дээрээ үлдэх гээд байгаа юм. Гэтэл тэр ажлын байранд цөөхөн л хүн очно. Дэлхийн тэр цөөхөн ажлын байр дээр Монголчуудаас хэд нь очих вэ гэдэг л чухал. 

Миний энэ судалгаа хийж байгаа АНУ гэхэд бүх л эдийн засагчид, технологийн мундгууд нь 320 сая хүнээ яаж ажилтай байлгах вэ, 320 сая хүний орлогыг яаж бий болгох вэ гэдэг дээр л судалж, бодлогын мэтгэлцээн хийж байна. 

АНУ-ын шинжлэх ухаан, судалгаанд их мөнгө зардаг учраас хөгжлөөрөө тэргүүлдэг гэж хэлж болно. Харин манай улсын хувьд ирэх 30 жил юу болох гэж байна вэ гэж судлаачдаасаа нэг ч асуудаггүй. 

АНУ-ын хувьд технологийн хөгжлөөс гарах хамгийн том сөрөг тал болох ажилгүйдэл гэдэг зүйлийг хэрхэн давж туулах вэ гэдэг дээр янз бүрийн судалгаа, арга, тооцооллыг хийж байна. Учир нь дэлхий дээрх орлогын дийлэнх нь энэ IT-ийн компаниудад очих нь тодорхой болчихлоо. Харин эд нар үлдсэн хэсгийнхээ орлогыг яаж тэгш хангах вэ гээд л судлаад байна. 

Монгол Улсын гурван сая хүний нэг сая орчим нь идэвхтэй ажиллаж, орлого олж байгаа гэж үздэг. Эдгээр хүмүүсийн 30 -40 хувь малчин. 

Технологийн энэ өөрчлөлт яг өнөөдөр тулчихсан асуудал биш боловч удахгүй бидний хаалгыг тогшино. Тэр үед бид яах ёстой вэ түүнийгээ бодож судалж тооцоолох хэрэгтэй. Энэ их технологийн давалгаа нь уг нь манайх шиг өргөн уудам нутагтай, хүн ам цөөн улсад илүү эерэг хандлагатай байхыг үгүйсгэхгүй. Зөв ашиглаж чадах тохиолдолд шүү дээ. 

Тэгэхээр үүнд ямар бодлого баримтлах ёстой вэ гэдгийг бид салбар бүрийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчид, бизнесмэнүүд маань бодлого боловсруулж байх ёстой.

Зураг

ДӨРӨВ. 2040 ОН ГЭХЭД ХААНА ХҮРСЭН БАЙХАА БИДНИЙ ХЭН НЬ Ч МЭДЭХГҮЙ БАЙНА

 

- Хоёулаа суурь боловсролын талаар нэлээд ярилцлаа. Таны хувьд Их сургуульд багшилдаг. Бид хоёрыг ярилцлага хийх үеэр таны ажиллаж байсан МУИС-ийн 75 жилийн ой тохиож байна. МУИС-ийн хувьд гэхэд багш боловсон хүчний хувьд харьцангуй чадваржиж байгаа ч сургуулийн үзүүлэлт зэргээр яагаад онцгой ахиц гаргаж чадахгүй байна вэ. Үүнд та ямар тайлбар хэлэх вэ?
- МУИС-ийн хувьд Монголд байдаг 100 орчим их сургуулиудаасаа хамгийн сайн үзүүлэлттэй нь. Харин яагаад олон улсын үзүүлэлтээр дээшээ орж ирж чадахгүй байна вэ. Энэ бол засаглал, хөрөнгө оруулалтаас л шалтгаална. Монгол Улсын Их сургуульд улсаас оруулж байгаа хөрөнгө оруулалт маш бага. Л.Гантөмөрийг сайд байх үед хөрөнгө оруулалт арай нэмэгдсэн. Энэ нь нийт эдийн засаг сайжирсантай холбоотой байсан байх.

МУИС-ийн төсвийн 80-85 орчим хувь нь оюутны төлбөрөөс бүрддэг учраас багш нарын хувьд гэхэд судалгааны ажил хийх боломж маш бага. Их сургуулийн хувьд багш нар нь сайн, сайн судалгаа хийж, түүнийгээ олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн нь ранкийн хамгийн чухал үзүүлэлтийн нэг байдаг. Хэдийгээр бид маш бага санхүүжилтийг судалгааны ажилдаа авдаг ч манай багш нар аль чадахаараа маш сайн сэтгүүлүүдэд бүтээлүүдээ хэвлүүлж байгааг үзэх хэрэгтэй. Ялангуяа Математик, Биологи, Физик, Хими, Газар зүй, Түүх, Монгол судлалын судлаачдаа онцлон хэлмээр байна. 

Энэ сургууль байгуулагдаад 75 жил болж байна гэж байна. Ер нь аливаа улс үндэстний урдаа барьдаг сургуулийг улам сайн болгох нь бодлого боловсруулагчдаас ихээхэн хамаарна. Дэлхийн хоёрдугаар дайн болоод хоол хүнсээ яая даа гэж байсан хүнд жилүүдэд л тухайн үеийн удирдагчид их сургууль баръя гэж зориглоод л МУИС-ийг байгуулсан байгаа юм. Ингээд 1960, 70, 80-аад онуудад маш их дэмжиж өгсөн байдаг. Харин 90-ээд оноос эхлээд энэ хөрөнгө оруулалт, бодлого зогссон. Тэгсэн мөртлөө Их сургуулиуд яагаад сайн болохгүй байна вэ гэж шүүмжилнэ.

Би өөрөө дотор нь ажилладаг учраас өмөөрөөд байгаа юм шиг харагдаж магадгүй. Зүгээр л энгийн жишээ хэлье. Манай хоёр хөрш. 

В.Путин Ерөнхийлөгч гэхэд ОХУ-ын их сургуулиудаа цаашид хэрхэн хөгжүүлэх талаар тусгай төлөвлөгөө гаргаад, тодорхой ангилалд оруулаад тусгай хууль боловсруулсан. Москвагийн Их сургууль, Санкт-Петербургийн их сургууль бол тусдаа, сургуулийн төсөв нь гэхэд Сангийн яамнаасаа тусдаа байдаг, тусдаа батлагддаг. Холбооны улсын бусад тэргүүлэх их сургуулиудын төсөв, санхүүжилтэд тусгай төсөв гаргаж өгнө, маш их газар өгнө, хамаг дэд бүтцийг барьж өгнө. Цөмийн физик, хими, онолын математик, материал судлал, сансар судлал гээд олон чиглэлээр энэ улс хамгийн хүчтэй. Энэ бүгдийг бий болгож байгаа нь боловсрол. Боловсролын салбар, эрдэмтэддээ тодорхой хөрөнгө оруулж, судалгааны эрх чөлөөг нь олгосныхоо дараа үр дүн, хариугаа нэхдэг. МГУ яагаад 2017 онд эхний 50 дугаар байранд ороогүй байна гэх мэт. 
Хятад улс 211, 985 гэсэн хоёр том мастер төлөвлөгөөтэй.  Ойрын 10 жилд 40-50 Их сургуулиа дэлхийн шилдэг 100-д оруулах зорилго тавьсан. Эхнээсээ ороод эхэлсэн. Бээжингийн Их сургууль, Циньхуа Их сургуулиуд нь шилдэг 100-д ороод ирсэн. Ингэхийн тулд төр засгийн зүгээсээ маш сайн дэмжлэг үзүүлдэг. 

Гэтэл Монголд юу болов.

75 жилийн туршид олигтой номын сангүй байж байгаад сүүлийн дөрвөн жилийн хугацаанд арай хийж зүтгэж байж ганц номын сантай боллоо. 

Монгол Улсын Их сургууль номын сантай болсноор их сургуулийн 22 мянган оюутан, 1,000 багш, 600 ажилтан баярлаад зогсохгүй гурван саяулаа баярлалаа шүү дээ. Энэ номын санг гэхэд багш нарт очих байсан цалин мөнгөнөөс гамнаж хэмнэж байж оюутны сургалтын төлбөрөөр л босгосон шүү дээ. 

Энэ төр засгийн хувьд дэмжлэг үзүүлэх битгий хэл саад тотгор болохдоо сайн шүү дээ. Нэг Засгийн газар нь Худалдааны сургуулийг МУИС-тай нийлүүлнэ гэнэ. Нөгөө Засгийн газар нь гарч ирээд салгана л гэнэ. МУИС нөгөө хязгаартай санхүүжилтээсээ нэлээдийг зарцуулж, овоо нэг сайжраад нэгдээд, бөөн ажил ундарсны дараа ийм зүйл болно. Ийм маягаар засаглаж, бодлого явуулж байж МУИС яагаад ранкаараа дээшилдэггүй юм бэ гэж асууна. Хүмүүс асуух нь зөв шүү дээ, ер нь юм асууж, учрыг нь олж байж л тэр чигээрээ асуудал нь бодлого болж ажил урагшилна. Ямар ч байсан бас нэг мастер төлөвлөгөө гарсан, МУИС, ШУТИС зэрэг их сургуулиудаа дэлхийн эхний зуун шилдэг их сургуулийн тоонд оруулна гэсэн төлөвлөгөөг өмнөх Засгийн газар баталсан шүү.

- Боловсролын салбар дахь хөрөнгө оруулалт муу байгаа нь эдийн засаг муу, ядуу байгаатай холбох байх. Бид ийм ядуу байж боловсролд тэгж их хөрөнгө оруулалт хийж чадах уу?
- Дэмжлэг олон төрөл. Санхүү болон санхүүгийн бус буюу бодлогын дэмжлэг гэж байна. Санхүүгээр нь 100 хувь дэмжиж чаддаггүй юм гэхэд бодлогын олон дэмжлэг байж болно. Энэ бол бодлого боловсруулагчдын 100 хувь алсын хараа,  боловсрол, ур чадварын асуудал.

- Нэгэнт боловсролын салбарт очдог хөрөнгө оруулалт бага, сэтгэл, зохион байгуулалт байхгүй учир чанартай боловсрол нэхэх эрхгүй болчихлоо. Гэхдээ багш нарын чансаа муу байгаа гэдэгтэй та санал нийлэх үү?
- Бид багшийн чадал чансааг яг яаж хэмжиж байгаа вэ гэдгээс л хариулт гарна. Бид нар хэмжсэн үү. Тэргүүлэх багш гэх мэт зэрэглэлийг тогтоож байгаа шалгалт, шалгуур нь яг шинжлэх ухааны хувьд зөв үү, багш нарт хөрөнгө оруулалт хийж, багшлах арга барилыг дээшлүүлж байгаа сургалт хангалттай байгаа юу. Энэ хоёр асуудал нь зөв байхад багш нар чадвар муу байгаа бол багштай өөртэй нь холбоотой болно. 

Аливаа нэг дүгнэлтийг хийхийн өмнө энэ багш нарт ямар хөрөнгө оруулалт хийгдлээ гэдгийг бодох хэрэгтэй. Дэмжлэг сүүлийн жилүүдэд үнэхээр ихэссэн байвал түүнийг нь хэмжиж гаргаад гарах үр дүн тухайлбал сургууль завсардалтын түвшин, дундаж онооны өсөлт гараагүй, хичээл таслалтын түвшин буураагүй, тэр сургуулийн төгсөгчдийн ЭЕШ-ын оноо өсөхгүй байгаад байвал сургууль, удирдлага, багшид асуудал байна гэсэн үг.

Тэгэхээр ямар нэгэн дүгнэлт хийхээсээ өмнө заавал судалж, шинжилж байх хэрэгтэй. 

Багш нар, бидэнд нэг сул тал байна. Багш хүний гол үүрэг бол багшлах буюу мэдлэгийг дамжуулах, хоёрт  судалгаа, шинжилгээ хийх буюу шинэ мэдлэг бий болгох. Харин гурав дахь гол үүрэг бол энэ судалж мэдсэн зүйлээ маш энгийн байдлаар олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж ойлгуулах, танилцуулж байх хэрэгтэй юм. Эсвэл өөрийн блогоо хөтөлдөг ч юм уу. Өөрөөр хэлбэл олон нийтийг соён гэгээрүүлэх тал маань сул байгаа учраас иргэд маань хоосон зүйлд дүгнэлт хийх, нэг талыг бариад эсвэл асуудлыг хэт ерөнхийгөөр ойлгодог, ярьдаг болоод байж магадгүй. 

Тэгэхээр зөвхөн багш нар гэлтгүй бүх л судлаачид, эрдэмтэд маань хийсэн судалгаа болгоноо ойлгомжтой байдлаар танилцуулаад яриад л байвал олон нийт өөрөө мэдээлэлжсэн/мэдлэгтэй олон нийт болдог байхгүй юу. Олон талын, олон ургальч, тоо баримттай, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл аваад ирэхээр иргэд ч гэсэн авсан мэдээлэлдээ тулгуурлан дүгнэлт хийдэг болно. 

- Эрдэмтэн, судлаачдын дуу хоолой их сул байгаатай холбоотойгоор иргэд маань зөвхөн улстөрчдийн үгээр л цэнэглэгдэж байна шүү дээ. 
- Тийм ээ. Мэргэжлийн хүмүүсийн дуу хоолой бага байгаа байх. Бидний буруу. 

Судалгааны тухайд жишээ нь, Говьсүмбэр аймгийн сургуулиудын төсвийг 10 сая  төгрөгөөр нэмэгдүүлэхэд  төгсөлтийн түвшин, дундаж оноо, ЭЕШ-ын оноо хэдэн хувиар нэмэгдэж байна уу гэдгийг судлах хэрэгтэй. Боловсролын төсвийн дийлэнх нь буюу 18-20 хувь нь сургуулийн халаалтын зардалд ногддог. Харин багшийн заах арга барилд хэрэглэгддэг хичээлийн хэрэглэлд ердөө 1.5 хувь ногдох жишээтэй. 
Гоё өнгийн шохой, үзэг харандаа, цаас, компьютерийн хор, самбар гээд энэ бүхэнд ногдож байгаа 1.5 хувийг өөр нэг аймагт буюу Сүхбаатарт 10 хувиар өсгөөд үзье. 

Харин багшийн цалинг өөр нэг аймагт арван хувиар нэмээд үзье. Өөр нэг аймагт сургуулийн номын сангийн санхүүжилтийг 10 хувиар нэмээд үзье. Ингээд тодорхой хугацааны дараа аль нь эсвэл хаана нь илүү ахиу үр дүн гаргах нь вэ гэдгийг нь тооцож үзэх хэрэгтэй. Гэхдээ энэ гуравт очих нэмэгдэл төсөв яг тэнцүү байх ёстой. 

Боловсролын эдийн засгийн судалгаа гэдэг чинь яг адилхан зардал гаргаад сургалтанд хамгийн их үр дүн хаана гарч байна, түүнийг нь сонгоход тусалдаг зүйл юм. Ингэж гарсан судалгаан дээр бодлого боловсруулагчид бодлогоо боловсруулдаг. 

Орос, Англи, Америк, Монголд амьдарч үзлээ. Тэгэхэд Монголд багш нар тийм бага цалингаар хүүхдүүдийг Харвардад ортол яаж тэгж зааж чадаж байна вэ гэж гайхдаг. 

Нэг зүйлийг би онцолж хэлмээр байна. Хүн болгонд хөгжих боломжийг нь өгвөл Монгол Улсын багш, эмч нарын потенциал агуу. Би өөрөө олон газар амьдарч үзлээ. Орос, Англи, Америк, Монголд амьдарч үзлээ. Тэгэхэд Монголд багш нар тийм бага цалингаар хүүхдүүдийг Харвардад ортол яаж тэгж зааж чадаж байна вэ гэж гайхдаг. 

Тэгэхэд энд дунджаар хамаагүй өндөр цалинтай, хамгийн өндөр боломжийн дунд амьдарч байгаа багш нар тэр болгон тэгж зүтгэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр манай улсын хувьд цөөхөн хүн амтай, боловсрол сайтайн давуу талууд уг нь бий. Ер нь Монголчуудад хувь хүн болгоны амбиц байх боловч ерөнхийдөө монгол хүний дундаж айхтар бодол шийдэл байдаг. Олон зүйл яриад дуугараад байхгүй мөртлөө зөв шийдвэр гаргаад л яваад байдаг дүн ноён нуруу. Энэн дээр бид чанартай боловсрол нэмчихвэл нийлбэр нь мундаг гарна даа. 

Улс төрчдийн үгээр явж байгаа тухайд бол өнөөдрийн улстөр болохгүй байж болно. Тэртээ тэргүй бид 20, 30 жил энэ улстөрчдөөр тоглуулчихсан юм чинь одоо тэс өөр сонголт хийгээд л үзэх хэрэгтэй. Үнэхээр тэр мундаг чадалтай залуус байгаа бол тэд нарт итгэл өгөөд үзэх хэрэгтэй. Хажууд нь социализмын үед нэгдэл, үйлдвэр, салбар удирдаад авч явж байсан, тэр асар их амьдралын туршлагатай хүмүүсийг зөвлөхөөр нь тавьчих хэрэгтэй. Манай улсын хувьд хүн ам багатай, бүгд боловсролтой учраас харьцангуй хурдан өөрчлөлт, шинэчлэлийг хийх боломжтой гэж хардаг. 

Монгол Улс нийт төсвийнхөө 20 хувийг Боловсролын салбарт зарцуулж байсан он жилүүд бий

- Монголд одоо боловсролын реформ хийх шаардлага бий юу?
- Аливаа улс байсхийж байгаад л боловсролын салбартаа том өөрчлөлт хийдэг. Ийм шинэчлэлийг тухайн үеийн нөхцөл байдал, түүх, эдийн засаг нь шаарддаг. Хоёр том жишээ хэлье. 

ОХУ гэхэд дэлхийн хоёрдугаар дайны дараа 25-30 сая хүнээ дайнд алдчихсан байсан ч маш хурдан сэргэлт хийж 1957 онд гэхэд хиймэл дагуул хөөргөөд л, 1961 онд анхны хүнийг Сансарт нисгэсэн. Энэ бол боловсрол, шинжлэх ухааны салбартаа ямар хэмжээний анхаарч хөрөнгө оруулалт хийж, тордож байсны том жишээ. Тэгэхэд тухайн үед АНУ дайнд оролцоогүй, Харвард гэх мэт олон том том их сургуультай хүчтэй байсан. Харин 1957 онд хөөргөсөн ОХУ-ын Спутник нэртэй хиймэл дагуулаас үүдэж АНУ-д Спутникийн нөлөө (Sputnik Effect) гэх зүйл үүссэн. Америкчууд сандарч эхэлсэн. Зөвлөлт Холбоот Улс яаж хиймэл дагуул нисгэв? Бид яагаад чадсангүй вэ? Төрийн бодлого хэрэгтэй байна гээд сандарсан. Ингээд судалж, судалж энэ бол боловсролын асуудал юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ялангуяа инженер техник, математик, физик, хими, материал судлалын чиглэлийн боловсролд асуудал байгаа юм байна гэж дүгнээд энэ талын судалгаа шинжилгээ, боловсролд маш их хөрөнгө оруулалт хийсэн. Их сургуулийн багш нарын судалгаанд хөрөнгө оруулалт хийсэн. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад энэ чиглэлийн хичээлүүдийг түлхүү оруулсан байдаг. Ингээд үүний хүчинд 1980-аад онд интернэт, компьютерийн эрин үе ирэхэд америкчууд бүгд бэлэн болчихсон байв.  Эндээс бараг бий болсон, тэр үеийг эхлүүлсэн. 

Хоёр дахь жишээ Энэтхэг.   

1960-аад онд ОХУ-ын хиймэл дагуултай холбоотойгоор Жавахарлал Нерү гэж Энэтхэгийн Ерөнхийлөгч байсан хүн 800 сая хүнээ хэрхэн өлсгөж үхүүлэхгүй байх вэ гэж толгой өвтгөсөн үед байхдаа л Indian Institute of Technology гэдгийг байгуулах шийдвэрийг Засгийн газраараа гаргуулсан байдаг. 

Тэрбээр энэ сургуульдаа засаглал, хөрөнгө оруулалтын их давуу эрх өгсөн. Өөрсдөө Английн колони байсан учраас тус улсын олон эрдэмтэн судлаачид нь Англид боловсрол эзэмшсэн байсныг эх оронд нь авчраад сургуульдаа ажиллуулсан. Ингээд мөн л 1980, 90-ээд онд Энэтхэгийн дээд боловсролтой тодорхой хэсэг нь технологийн шилжилт өөрчлөлтөд бэлэн байж хошуучлаад явчихсан. 

Тэгэхээр энэ боловсролын өөрчлөлт шинэчлэлт гэдэг бол манай улс хаа хүрэх гэж байна гэдгийг тодорхойлж байдаг бодлого тодорхойлогчдоос гарч байгаа биз. Үүнийг хийдэг, бэлэн байлгадаг хүмүүс нь багш нар, судлаачид. Тэгэхээр улстөрчид нь судлаачдынхаа үгийг сонсдог, хамтарч ажиллаж чаддаг байж л одоо ирж болох дараагийн технологийн айхтар давалгааг давж чадна.

Гэхдээ өөрчлөлтүүдийг улстөрчид зөвхөн өөрийнхөө бүрэн эрхийн хугацаандаа хардаггүй гэдгийг ойлгох ёстой.  Тэд 10-20 жилийн дараагийнхийг хардаг. 

Харин Монгол Улсад 1990 оноос хойш хийгдсэн боловсролын салбарын өөрчлөлтүүд богино хугацааны, судалгаанд үндэслээгүй хийгдсэн өөрчлөлтүүд байв. Зарим бодлого гэхэд гадны олон улсын байгууллагын зөвлөгөөгөөр эсвэл тулгасан байдлаар хийгдсэн явдлууд бий. Тиймээс ч боловсролын салбарт хийж байгаа өөрчлөлтүүд үр дүнгүй болж байгааг бид бүхэн хараад байна. Энэ нь мөнгөнөөс болоогүй. Боловсролын салбар багагүй мөнгө зарцуулсан. Улсын төсвийнхөө 20 хувийг энэ салбарт зарцуулж байсан он жилүүд бий.  Одоо 14, 15 хувийг зарцуулж байна. Гэхдээ манай төсөв нийт дүнгээрээ маш их томорсон шүү дээ. Абсолют мөнгөөрөө бол 20 хувийг авч байсан үеэсээ ч нэмэгдсэн гэсэн үг. 

Улам л их мөнгө зараад байна. Гэтэл яагаад үр дүнд хүрэхгүй байна вэ гэвэл энэ бүх бодлого, өөрчлөлт дотоод нөхцөл байдал дээрээ бодитой дүн шинжилгээ хийж Монгол багш, захирлууд, судлаачдын ажиглалт, судалгаа, санал бодол дээр үндэслээгүйд учир бий. Алсын хараа алга. 

Бид 2040 он гэхэд хаана хүрсэн байхыг хэн ч мэдэхгүй байна. За тэгэхээр та нар юу хийж байсан юм гэж асууна. Зөв.

Монгол судлаач эрдэмтэн багш нарыг юм хийдэггүй гэж хэлж болохгүй.  Би үүнийг яагаад мэдэж байна вэ гэхээр миний бие 2014 -2016 онуудад МУИС-ийн Мэргэжлийн Дидактик сургалт судалгааны төвийн захирлаар давхар ажиллаж байсан. Энэ үед шинжлэх ухааны гол гол мэргэжлийн хичээл, шинжлэх ухааныг заах аргыг, үнэлэх аргыг боловсруулдаг МУИС-ийн гол гол багш нар энэ төвд ажилладаг байлаа. Тэд нарын хийсэн олон жилийн судалгаа, хурал, эрдэм шинжилгээний хурал, илтгэлүүдээс харж байхдаа манай Яам яагаад энэ хүмүүсээс асуухгүй, гадны хөтөлбөр, бодлогыг хуулбарладаг юм бол доо гэж боддог байлаа. Гэхдээ Яам энэ судлаачдыг мэдэхгүй биш мэднэ л дээ, гал унтраах ажил дээрээ аваачиж ажиллуулна, гэхдээ зөвлөмжийг нь биелүүлэх тун ховор. 

- Яг одоо бид ямар шинэчлэлт хийх хэрэгтэй вэ?
- Яг одоо айхтар реформ гэхээсээ  бүгд нийтээрээ ярилцаж, хэлэлцэж, бүх шатныхан оролцож юунд хүрэх вэ  гэдгээ ойлголцож тодорхойлох ёстой болов уу. Бүх шатныхан гэдэгт, яам, судлаачид, багш, эцэг, эхчүүд, бизнес эрхлэгчид нийлж бодлогоо тодорхойлох хэрэгтэй.

Харин сонгосон бодлого дээр нь мэргэжлийн судлаачид нь  гарах үр дүнг нь хэмжих үзүүлэлтүүд, хэдий хугацаанд гэдгийг үнэлэн цэгнэх, уялдаа холбоо, шаардлагатай нөөцүүдийг нь тооцож өгөх ёстой. Ингэж бид наанадаж 2030 он (12 жилийн дараа буюу 3 сонгуулийн дараа) хүртэлх бодлогоо боловсруулаад ажиллах хэрэгтэй.

2020 онд ядаж PISA-д орж үзэх хэрэгтэй. Хийх юм, засах юм тун ч их байна даа.

 
Ярилцлагын зочин: Эдийн засгийн ухааны доктор, профессор Б.Отгонтөгс @ob2133
Ярилцсан: Ч.Болортуяа  @Bolort@LEADMongolia
Гэрэл зургийг: Ц.Цогоо @TsogooTs