Зураг
Зураг
   
1
2
3

А.Долгион: Тэгш боломж чухал биш гэж ярьж байгаа хүн үнэхээр хоцрогдсон байна гэж ойлгоорой

Ч.Болортуяа
2018 оны 12 сарын 4
iKon.MN
А.Долгион: Тэгш боломж чухал биш гэж ярьж байгаа хүн үнэхээр хоцрогдсон байна гэж ойлгоорой
Зураг

"Өглөөний хүн" булангийн шинэхэн зочны ярилцлагаар та бүхэнтэйгээ уулзаж байгаад баяртай байна. 

Бид энэ удаагийн ярилцлагаараа сүүлийн үед олонтаа яригдах болсон ч гүн гүнзгийгээр хөндөхгүй байгаа тэгш бус байдал, тэгш бус боломжийн талаар ярилцахаар IRIM судалгааны байгууллагын ТУЗ-ийн гишүүн Алдарын ДОЛГИОНЫГ урилаа.

А.Долгионы хувьд социологич мэргэжилтэй, Англид улстөр, нийтийн бодлогоор мастерийн зэрэг хамгаалсан, Монголдоо тэргүүлэх, олон улсын стандартын түвшинд судалгаа хийдэг IRIM-ийн гүйцэтгэх захирлаар таван жил ажилласан мэргэжлийн социологич бас манлайлагч залуусын нэг юм. 

Тэрбээр Монголд хурдацтай нэмэгдэж буй тэгш бус байдал, тэгш бус боломжийн талаарх ойлголтыг олон хүн ойлгуулан, таниулах чин хүсэлтэй бөгөөд энэ хүрээнд олон төрлийн судалгааг санаачлан хийж буй нэгэн билээ. 

iKon.mn сайтын шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн”  үргэлжилсээр…

Ярилцлагын зочин: А.Долгион @Dolgiona
Ярилцсан: Ч.БОЛОРТУЯА   @Bolort
Гэрэл зургийг: Б.БЯМБА-ОЧИР  MPA.mn
Зураг

НЭГ. Чанартай боловсрол, эрүүл мэндийн хүртээмжтэй үйлчилгээ, анхны хөрөнгөтэй болох боломж бага байгаа нь иргэдийн санааг хамгийн их зовоож байна

 

- Тэгш бус байдал өдөр бүр бидний нүдэнд харагдаж, мэдрэгдэж байна шүү дээ. Гэхдээ судалгаагаар нотлох нь маш чухал. Тэгш бус байдал газар авч байгаа талаарх хамгийн сүүлийн үеийн судалгаануудаас танилцуулахгүй юу?
- Үндэсний статистикийн хорооны өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаан дээр суурилаад Дэлхийн банк тэгш бус байдлын жинийн коэффицентээр Монгол Улс 0.32 хувьтай гардаг. 

Энэ нь Латин Америк, Африк, Азийн зарим оронтой жишихэд харьцангуй бага тоо. Гэхдээ судлаачдын хэлж байгаагаар Монгол дахь тэгш бус байдал нэмэгдэж байгаа эрч нь анхаарал татахуйц байгаа тухай ярьдаг.  Нэг анхаарах ёстой зүйл нь энэ үзүүлэлт зөвхөн орлогын тэгш бус байдлыг хэмждэг.

Гэтэл орлогын тэгш бус байдлаас гадна сүүлийн үеийн хандлага хөрөнгийн тэгш бус байдал буюу тэгш боломж байгаа эсэх, үүн дотроо өндөр орлоготой ч аюултай нөхцөлд амьдардаг, чанартай эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ авах боломжгүй зэрэг хүний хөгжил, амьдралын чанарын асуудлыг чухалчилж үздэг болоод байна. 

Түүнчлэн хүмүүс өөрсдийнхөө амьдралд сэтгэл хангалуун байгаа эсэхийг хэмжиж байх ёстой. 

Өөрөөр хэлбэл, зөвхөн материаллаг хэрэглээнээс гадна тухайн хүний мэдрэмж, сэтгэл хангалуун байдал, аз жаргалтай байна уу, үгүй юу гэдэг чухал үзүүлэлт болоод байна. 

Гэтэл Монгол Улсын хувьд өнөөх орлого талаа л хэмжээд байдгаас сая дурдсан тэгш боломж, сэтгэл ханамжийг нь судалдаггүй. Тиймээс ч бид 2016 оноос субъектив сайн сайхан байдлын үндэсний хэмжээний судалгааг хийж эхэлсэн. 

Энэ судалгаагаар тухайн хүний сэтгэл хөдлөл, сэтгэл ханамж, гуравт, амьдралын утга учрыг нь асуудаг.  Ингэхдээ жишээ нь, сэтгэл хөдлөлийг тодорхойлохын тулд улирал бүр мөн баярын өмнө ба дараа асуух гэх мэт судалгааны маш олон аргачлалыг ашиглаж байна. 

- Одоо гурван жилийн дата мэдээлэлтэй болчихсон гэж ойлголоо. Зөв үү?
- Тийм ээ. 2,800 гаруй хүнийг энэ судалгаандаа хамруулаад байна. 

Эхний үр дүнгүүд гарсан нь маш сонирхолтой. Энэ судалгаагаа бид Азийн найман улсын голчлон их сургуулиудын нэгдэл болох Азийн нийгмийн сайн сайхан байдлын консорциумтай хамтраад Азийн бусад орны иргэдтэй харьцуулан судалж байна. 

Монголчууд тийм ч их баян тансаг амьдралыг хүсээгүй, ядаж анхдагч хэрэгцээнүүдээ л хангаад амьдрахыг хүсэж байгаа нь харагдаж байна

- Үр дүнгээс нь танилцуулахгүй юу?
- Сэтгэл хөдлөлийг аваад үзэхэд орон нутагт амьдарч байгаа иргэд илүү эерэг сэтгэл хөдлөлтэй байгаа нь ажиглагдсан. Илүү аз жаргалтай гэсэн үг.

Газар зүйн байрлал, гэрлэлт, боловсролын түвшингээс үл хамаараад хүний амьдралын аз жаргалд хамгийн их нөлөөлж байгаа зүйл нь орлого гэж харагдаж байна. 

Тодруулбал, ядуу хэсэг дэх зовлон шаналал хамгийн өндөр. Гэхдээ энэ нь Азийн бусад улсыг бодоход харьцангуй гайгүй хэмжээнд байгааг онцлох хэрэгтэй. 

График 1, Хүмүүсийн амьдралын сэтгэл ханамж, 

Мөн хүмүүсийн тэгш боломжийн талаарх үнэлгээ эрүүл мэнд, боловсролын үйлчилгээндээ орлого багатай хэсэг дандаа сэтгэл ханамжгүй, доогуур гарсан. 

Гэхдээ энэ бүгдээс нэг л зүйл өндөр гарсан нь ирээдүйдээ итгэх итгэл. Энэ нь бусад оронтой харьцуулахад өндөр гарсан нь монголчуудын онцлог байх.

Үр дүнг нэгтгээд харвал нийгмийн бүх давхаргын хамгийн сэтгэл ханамжгүй, доогуур үнэлгээ авсан зүйл бол чанартай боловсролын хүртээмж, анхны эд хөрөнгөтэй болох боломж дутмаг, ажил, мэргэжил гэсэн гурван хүчин зүйл. 

Энэ гурав дээр бусдын болон төрийн дэмжлэг хэрэгтэй гэж хүмүүс үзэж байна. 

Урьдчилсан байдлаар гарч ирсэн бидний дүгнэлтээр орлогын тэгш бус байдлыг арилгах буюу ядуурлыг бууруулах бодлогыг Монгол Улс тасралтгүй үргэлжлүүлэх ёстой. Хоёрдугаарт, нийгмийн үйлчилгээний салбарууд буюу боловсрол, эрүүл мэндийн салбартаа онцгой анхаарал хандуулах шаардлагатайг харж болно. 

Судалгаагаар хүмүүс өөрөөс хамаарах хүчин зүйл буюу гэр бүл, нийгмийн оролцоо зэрэгтээ харьцангуй сэтгэл ханамжтай байна. Гэтэл дээр дурдсан эд хөрөнгө гэхэд анхны орон сууцтай болох, ажил мэргэжлийн хувьд өөрийгөө үнэлүүлэх буюу хөдөлмөрийн хөлс зэрэгт тун сэтгэл дундуур байна. 

Энэ төрлийн буюу субъектив сайн сайхан байдлын судалгааг хөгжингүй орнуудын хувьд тогтмол хийгээд олон жил болсон учраас бүх төрлийн дата мэдээлэл нь байдаг. 

Тухайлбал, сонгуулийн үеэр, эдийн засгийн хямралын үеэр иргэдийнх нь сэтгэл санааны байдал, аз жаргалын үзүүлэлт, хамгийн их түгшиж байгаа зүйлсийг гаргаад ирдэг. Тэгвэл Монгол Улсын хувьд энэ мэт ядаж эхний тоонууд нь гарч ирж байна. 

Үүнийг бид тасралтгүй 20, 30, 40 жил хийх ёстой. Өөрчлөлтийг нь хэмжих ёстой. Үүнийг харгалзаж төрийн бодлого гарч байх ёстой. Өөрөөр хэлбэл, хүнд зөвхөн орлогоос гадна амьдралдаа сэтгэл ханамжтай байхын тулд өөр юу дутагдалтай байна вэ гэдгийг бид мэдэж байж бодлого боловсруулах шаардлагатай. 

Өнөөдрийн бидний цуглуулсан гурван жилийн мэдээллээр монголчууд тийм ч их баян тансаг амьдралыг хүсээгүй, ядаж анхдагч хэрэгцээнүүдээ л хангаад амьдрахыг хүсэж байгаа нь харагдаж байна.

Тодруулбал, тогтмол ажил орлоготой, өөрийн гэсэн орон сууцтай, чанартай, хүртээмжтэй боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ авахыг л хүсэж байна шүү дээ. Мөн иргэдийн санааг ихээр зовоож байгаа асуудалд байгаль орчны доройтол дээгүүр бичигдсэн байсан. Тухайлбал, агаарын бохирдол, бэлчээрийн доройтол.

Тэгш бус байдал их байх нь хүмүүсийг ядуу хэвээр байлгадаг, ядуурал буурахгүй​ байхад нөлөөлдөг гол хүчин зүйл

- Өөрийн тань TEDxUlaanbaatar дээр тавьсан илтгэл зөвхөн орлогын тэгш бус байдал дээр дүгнэлт хийж, зөвхөн орлогоороо гэхэд бид маш харьцангуй байдалд хүрсэн дүгнэлтийг танилцуулсан шүү дээ. Дээр дурдсан судалгааны дүнд ч орлого чухал нөлөөтэй байгааг харуулсан байна. 

- Тийм ээ. Энийг ярихаас өмнө бид ядуурал, тэгш бус байдал гэдэг хоёр тусдаа ойлголт гэдгийг мэдэх ёстой. 

Ядуурал гэдэг тодорхой орлогоос доош орлоготой өрх, иргэдийг авч үздэг бол тэгш бус байдал нь нийгмийн бүх давхаргыг харьцуулдаг. 
Тэгш бус байдал их байх нь хүмүүсийг ядуу хэвээр байлгадаг, ядуурал буурахгүй байхад нөлөөлдөг гол хүчин зүйл. 

Монгол Улсад өнөөдөр ядуурлын шугамнаас доогуур өрх нийт хүн амын 30 хувийг эзэлж байна. 

График 2, Монголын ядуу өрхийн хувь, (Энэ нь сард 146 мянган төгрөгөөс доош орлоготой иргэдийн тоо юм)

Өөрөөр хэлбэл, гурван хүн тутмын нэг нь нэн ядуу амьдарч байгаа бол түүнээс дээш түвшинд байгаа 30-40 хувь нь жаахан л үнийн өсөлт, нэг удаагийн эдийн засгийн шокоос үүдэж ядуурлын шугамын доогуур буюу ядуу гэдэг ангилалд ороход бэлэн байна. Үүнээс үзвэл нийт хүн амын 60-70 хувь нь эмзэг нөхцөл байдалд байна гэсэн үг. 

График 3, Ядуу Монгол хүний сарын хэрэглээний задаргаа, 2016, эх сурвалж: ҮСХ

 
Зураг

ХОЁР. АВЛИГА БАЙГААД Л БАЙВАЛ ТЭГШ БУС БАЙДАЛ ГААРСААР Л БАЙНА

 

- Тэгш боломжийн тухай ярихаар хүмүүс одоо баян нь ядуудаа туслах ёстой юу, ардчилал угаасаа л хэн хүчтэй нь баяжих, сайхан амьдрах боломж. Хүний өөрийн л сонголт. Тэгш боломж социализмд бий болдог гэж үзэх хэсэг бий. Үүнд ямар хариулт өгөх вэ?
- Яг ингэж ярьж байгаа хэсэг нь нийгмийн аль давхаргад хамаарч байгааг анзаарч харах хэсэгтэй. Ихэнх тохиолдолд нийгмийн дээд хэсэг буюу хамгийн баян хэсгээс ийм яриа гардаг нь нууц биш. Бидэнд бүх боломж байна, Жак Ма, Стив Жобсыг хар л даа гэх нь бий. Энэ маш алдаатай дүгнэлт. 

Нэгдүгээрт, Стив Жобс өнөөдөр Африкийн аль нэг буурай оронд төрөөгүй. Тэр хүн АНУ-д төрсөн гэдэг нь маш олон зүйлийг хэлнэ. Энэ улс өөрөө олон улсдаа тэгш боломжоороо тэргүүлдэг улс. Жак Маг харъя. Хятад өөрөө зөвхөн хүн амаараа л гэхэд Монгол Улсаас 430 гаруй дахин их. Өөрөөр хэлбэл, гарааны нөхцөл, боломж нь өөр. 

Шал өөр кэйсүүдийг бид ер нь ийм байх ёстой гэж ярьж болохгүй. 

Монголын нийгмийг 10 бүлэгт хуваахад нийт хүн амын 60 орчим хувь нь нийт баялгийн 20 орчим хувийг хэрэглэж байна

- Монголд тэгш бус байдал алдагдсан гэж бид хүлээн зөвшөөрч болох уу?
- Бололгүй яахав. Зөвхөн хэрэглээгээр харьцуулахад, Монголын нийгмийг 10 бүлэгт хуваахад нийт хүн амын 60 орчим хувь нь нийт баялгийн 20 орчим хувийг хэрэглэж байна. 

Үлдсэн 40 орчим хувь нь нийт баялгийн 80 хувийг хэрэглэж байгаа юм. 

- “30 гэр бүл” нь үнэний ортой гэж үү?
- Яг 30 гэдгийг нь мэдэхгүй юм. 

Цөөхөн хэдхэн гэр бүл нийгмийн дийлэнх баялгийг хүртэж байгаа тухай ойлголт нь зөвхөн Монголд бий болоод буй үйл явц биш. Дэлхий даяар баялгийн, хөрөнгийн хуваарилалт шударга бус байгаа талаарх янз бүрийн судалгааны дүгнэлтүүд гарсаар байгаа. Тухайлбал, дэлхийн нийт баялгийн 50 хувийг найман хүн эзэмшиж байгаа зэрэг Oxfam -ийн судалгаанууд бий. 

Хамгийн нью либерал гэгддэг Олон Улсын Валютын Сан ч гэсэн өнөөдөр тэгш бус байдлыг "макро критикал" гэж нэрлэсэн. Энэ бол хамгийн чухал асуудлын нэг гэж үзэж, тасралтгүй ярих болоод байгааг анзаарч сонсох учиртай. Кристин Лагард, түүний бүх ажилтан энэ тухай олон улсын хурал уулзалтууд дээрээ ярьж байна. Тэгэхээр одоо энэ цаг үед тэгш бус байдал чухал зүйл биш ээ гэж ярьж байгаа хүн бол үнэхээр хоцрогдсон хүн байна л гэж ойлгох хэрэгтэй. 

Авлига байгаад л байгаа бол тэгш бус байдал гаарсаар л байна

- Тэгш бус байдлыг арилгах арга замын тухай мэдээллүүдээс хуваалцахгүй юу?
- Тухайн газар, бүлэг бүрт энэ нь өөр өөрийн онцлог аргачлалтай. Нийтлэг нь татварын зарчмаар. Ингэхдээ Монгол шиг дөнгөж дундаж давхаргатай болох гэж байгаа улсад илүү орлого олж байгаагаа торгох бус, харин эд хөрөнгийн татвар шинээр авах арга замууд уг нь байгаа юм.

Аль хэдийнээ маш их эд хөрөнгөтэй болчихсон хүмүүс түүнийгээ дараагийн үедээ өвлүүлэхдээ татвар төлдөг байх нь наад захын шаардлагатай алхмуудын нэг юм. 

Монголд хэрэгжих гэж байсан орлогын түвшингээр буюу татварын шаталсан системийн тухайд сарын 1.5 сая төгрөгийн цалинтай хүн Монголдоо дундаж давхарга хэсэгтээ орж байгаа ч олон улсад энэ нь ядуугийн дөнгөж дээд талын давхарга гэх ангилалдаа орж байгаа юм. 

Өөрөөр хэлбэл, бусдаас хамаарахгүй байхаар дөнгөж амьдралаа аваад явж байгаа хэсгээ бид татвараар нэмж дарамтлаад эхэлбэл өнөөх ядуу гэдэг ангилал руугаа ороход ойрхон байна гэсэн үг. 

Хоёрдугаарт, тэгш бус байдлыг арилгах гол арга зам бол нийгмийн үйлчилгээний хүртээмж буюу чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, аюулгүй хүнсний хангамж зэрэг олон хүчин зүйл хамаарна. Өмнө нь зөвхөн сарын цалин 1.5 сая буюу орлогын хэсгийг л аваад шийдвэр гаргах гэж байсан шүү дээ.

Гэтэл бусад нөхцөл байдал буюу дээр дурдсан сургууль, цэцэрлэгт хамрагдалт, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ хүртээмжтэй сайн байж чаддаг уу гэх мэт нийгмийн үйлчилгээ, амьдралын чанар зэрэг үзүүлэлтийг огт тооцохгүй байна.

Гуравдугаарт, орлогыг зохистой хуваарилах буюу авлигыг бууруулах ёстой. Авлига байгаад л байгаа бол тэгш бус байдал гаарсаар л байна. 

Дөрөвдүгээрт, эрх зүйт засаглал бүрэн утгаараа хэрэгждэг байх гэх мэт зүйлсийг дэлхий даяараа хэлэлцэн ярьж байгаа. 

Энэ бүгдийг хийхийн тулд нийгмийн сэтгэл зүй бэлтгэгдсэн байх ёстой. Юу гэхээр тэгш байдлыг би ч тэр, надаас бусад нь ч тэр нийтээрээ сайхан амьдрах үндэс юм байна гэдгийг ойлгох нь чухал байгаа юм. 

Ялангуяа, энэ бодлогыг хэрэгжүүлэх боломжтой тэр хэсэг нь тэгш бус байдлын тухай ойлгох шаардлагатай. 

- Монголд дотоодын нийт бүтээгдэхүүний 20-25 хувь нь цалингийн зардал болдог бол энэ нь олон улсад 40-45 хувьтай байдаг юм байна. Бүр тухайн улс үндэстний хөгжил, бүтээн байгуулалтын идэвхтэй үед энэ хувь 60-70 байж чадвал иргэд нь түргэн хугацаанд баяжих, тогтвортой санхүүгийн эх үүсвэртэй болдог аж. Гэтэл Монголд энэ нь 20-25 буюу эзэн л баяжаад байдаг тогтолцоогоор явж байна.
- Тэгш хүртээмж гэдэгт хоёр гол хүчин зүйл байгаа нь нэгдүгээрт цалин, хоёрдугаарт өнөөх нийгмийн хүртээмжтэй үйлчилгээ багтдаг. Монголын хувьд төрийн ч тэр, хувийнх нь ч тэр цалин бол яах аргагүй бага. Тэгэхээр өсөөд байгаа эдийн засгийн хүртээмжийг олон нийт нь хүртэхгүй байна гэдэг нь энэ юм. 

 Төр засгаас гадна тухайн улс үндэстэн бизнесийн засаглал, байгууллагын соёл бүрэлдэнэ, компанийн засаглал гэдэг хувь иргэдийнх нь амьдралд ямар чухал вэ гэдэг нь харагдаж байгаа байх. 

Энэ асуудлын тухай олон төрлийн сонирхолтой судалгаа бий. Тухайлбал, Америкт компанийн гүйцэтгэх захирал энгийн ажилтан хоёрын цалингийн зөрүү хамгийн өндөр. Гэхдээ энэ улс хамгийн олон баячуудтай. Гэтэл Японд захирал, ажилтан хоёрын цалингийн зөрүү бага. Яагаад гэхээр тэнд амжилт илүү хамтын хүч гэж үзэх хандлагатай ч гэдэг юм уу. Тэгэхээр Монголын хувьд яг аль нь давамгайлах ёстой вэ гэдэг дээр тодорхой чиг баримжаа алга. Ямартай ч өөрийн тань хэлж байгаагаар жирийн ажилчдад очдог цалин маш бага байдаг нь харагдаж байна шүү дээ. 

- Монголд өнөөдөр компаниуд нь ч ядуу байгаа болохоор өөрсдөө томрох гээд ажилчинд өгөх цалингаа хэмнэдэг гэдэг. Гэтэл Солонгос, Японд эсрэгээрээ байж. Тэд бүтээн байгуулалтынхаа идэвхтэй үед харин ч цалингаа илүү өгч, иргэдээ баян болгоход анхаардаг байж.
- Тийм ээ. Иргэн баян байж л бизнесийнхний бий болгож байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээг авна шүү дээ. 

Түрүүнээс хойш бидний ярианд жишээ татагдаад байгаа Стив Жобс, Жэк Магийн амжилтын нууц нь өөрсдөөс нь гадна тэдний хийсэн бүтээгдэхүүнийг худалдан аваад, босгоод ирэх зах зээл байсан нь хамгийн их нөлөөтэй шүү дээ.

Ядуурал нэмэгдэнэ гэдэг нь хүмүүс амьдрахын төлөө юу ч хийхээс буцахгүй болно гэсэн үг

- Бид өнөөгийн нөхцөлөө огт залруулахгүйгээр энэ чигтээ цааш явбал юунд хүрэх вэ?
- Мэдээж сайн сайхан зүйлд хүрэхгүй. Тэгш бус байдал гаарлаа гэж бодоход ядуурал нэмэгдэнэ. Хүртээмж буурна. Энэ үед хүмүүс тэнэг биш учраас дайждаг. Шилжилт хөдөлгөөн эрс нэмэгдэнэ. 

Грекийн жишээг харахад, улсаасаа гарч явсан нь үлдсэн хүмүүсийнхээ тооноос давчихсан байх жишээтэй. Гадаад орон руу дүрвэх үйл явц эрчээ авахаас гадна улс доторх шилжин суурьшилт буюу хөдөөнөөс хот руу шилжигсэд бүр нэмэгдэж, орон нутгууд улам л эзгүйрнэ. 

Ер нь ядуурал нэмэгдэнэ гэдэг нь хүмүүс амьдрахын төлөө юу ч хийхээс буцахгүй болно гэсэн үг шүү дээ. 

Үүний үр дүнд боломжтой нь дүрвэж, боломжгүй нь гэмт хэрэг үйлдэхэд хүрдэг, байгаль орчноо ч сүйдэлдэг. Энэ бүхний зарим дүр зураг өнөөгийн бидний амьдралаас ч харагдаж байгаа.

Өнөөдөр ийм нөхцөл байдалд хүрсэн улс үндэстнүүдийн түүх, угсаатны, соёл, шашны онцлог ялгаа их ч бүхий л сөргөлдөөний эхлэл нь тэгш бус байдал байх жишээтэй.

Венесуэлийн жишээг харахад, тэгш бус байдлын үзүүлэлт хамгийн өндөр орнуудын нэг. Бразил ч мөн адил. Гэтэл эдгээр улсын иргэд ямар түгшүүртэй байдалд байгаа билээ. 

Тэгш бус байдал гаарах нь дээрх бүгдээс гадна хамгийн чухал зүйл болох итгэлцэл үгүй болдог.

Итгэлцэл үгүй болно гэдэг нь эдийн засгийн өсөлт саарна, хөгжлийн тухай бид ярих боломжгүй л болно гэсэн үг. Хамгийн энгийнээр хөгжихгүй ээ л гэсэн үг. 

Хүмүүс хүн байгаа газар л тэгш бус байдал мөнхөд байна гэдэг. Гэтэл тэгш бус байдлыг бид ямар үед хүлээн зөвшөөрч болох вэ гэхээр нийгмийн хамгийн доод хэсэг нь хүний ёсоор амьдарч эхэлсэн үед бид хүлээн зөвшөөрч болох тухай судлаачид онцолдог. 

Олон улсын жишээгээр ч тэгш бус байдлыг хамгийн сайн бууруулж чадсан орнуудад баруун Европ, Скандинавын орнуудыг нэрлэдэг. 

Кастын систем шиг ямар хувь заяанд төрнө, түүгээрээ дуусдаг нийгэм байж болохгүй

- Монгол Улс чөлөөт зах зээлтэй болж, олон хүн өөрийн эсвэл бусдын дэмжлэгээр хөрөнгөтэй болж, нэг үеэ бодвол томоохон групп компани, корпорациудтай боллоо. Яг үүний нөгөө талд ажилгүй, ядуучууд маш их болсон. Баяжиж, “томорсон” хүмүүс олон болох нь сайн үзүүлэлт. Гэхдээ нийтлэг хүмүүсийн амьжиргаа сайнгүй байгаа нь энэ асуудлыг илүү тодотгож байгаа. Тийм үү?
- Тийм. Хүмүүс баяжсанд санаа зовоогүй. Эдийн засгийн өсөлт байх ёстой. 

Гол асуудал нь хүн болгон орлоготой, нөлөөтэй хүний байр сууринд хүрэх боломж нь өөрөө нээлттэй байх ёстой. Өөрөөр хэлбэл, давхарга хоорондын шилжилт, хөдөлгөөн идэвхтэй явагдах учиртай. Ямар ч хөдөлгөөнгүй буюу кастын систем шиг ямар хувь заяанд төрнө, түүгээрээ дуусдаг нийгэм байж болохгүй. Тэгш бус байдал гаарах нь энэ давхарга хоорондын шилжилт хөдөлгөөнийг сааруулах хамгийн том хүчин зүйл шүү дээ.

- Манай улс энэ жишиг рүү дөхөөд байх шиг. Үе залгамжлагчид гараад эхэлсэн шүү дээ. 
- Одоо буй болсон эрх мэдэлтнүүдийг буулгаад, баячуудыг ядуу болгох гээд байгаа юм биш. Давхраажилт хоорондын хөдөлгөөнийг чөлөөтэй, нээлттэй болгох ёстой дээр анхаарах ёстой. Жишээ нь, хүн хэний хүүхэд болж төрснөөсөө үл хамаараад тэр хүүхэд хүсвэл, хичээвэл нийгмийн нийтлэг хүлээн зөвшөөрсөн амжилтын хэмжүүрт хүрч чадаж байх боломжийг л бий болгох ёстой. 

Боловсрол гэдэг өөрөө эд хөрөнгө шиг тэгш бус байдлын шалтгаан болоод эхэлсэн

- Ийм боломж байхгүй гэж үү?
- Нэг жишээ татъя. Тэгш бус байдал бий болсныг хүлээн зөвшөөрдөггүй, үүнийг үгүйсгэдэг хүмүүс боловсрол бүгдэд нээлттэй, боловсролтой л бол бүх боломж байна гэх нь бий. 

Гэтэл сүүлийн үеийн бүх судалгаагаар боловсрол өөрөө тэгш бус байдлыг бий болгож байгаа гол хүчин зүйл болоод байна. Юу гэхээр боловсрол өөрөө тэгш бус хүртээмжтэй байдаг. 

Учир нь өнөөдөр сайн боловсрол гэдэг маш үнэтэй. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, өндөр боловсрол олж авахад өнөөдөр ямар хэмжээний хөрөнгө шаардлагатай болсныг хүн бүр мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл, боловсрол гэдэг өөрөө эд хөрөнгө шиг тэгш бус байдлын шалтгаан болоод эхэлсэн. 

Жишээ нь, Харвардад сурч байгаа хүүхэд болгоныг шилдэг, сайн гэж харах нь өрөөсгөл. Хэчнээн тэтгэлгээр сурлаа ч тэр сургуульд хүрэх зам нь үнэтэй байх нь бий. Өөрөөр хэлбэл, эцэг, эхийнхээ зүтгэлээр суурь боловсролоо сайн эзэмшсэн хүүхдүүд л байх магадлал өндөр. Бага насандаа гадаадад сурсан, амьдарсан эсвэл ерөнхий боловсролын сургуульдаа өндөр төлбөртэй, чанартай сургалт авсан байж болно. Ядаж л тухайн хүүхэд боловсрол эзэмшихдээ өөр зүйлд буюу өмсөх хувцас, идэх хоол, эцэг, эх, ах, дүүдээ санаа зовохгүйгээр өссөн байж болно. 

Тэгэхээр боловсрол гэдэг хүнийг чадалтай, чадалгүй гэж ангилах цэвэр үзүүлэлт байх боломжгүй болоод байна. 

Мэдээж бүх боломж хаалттай байхад жинхэнэ өөрийн хүчээр өндөр боловсрол эзэмшиж, нийтийн хүлээн зөвшөөрсөн амжилтад хүрсэн хүн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тэр нь маш цөөн гэдгийг санах учиртай. 

Тиймээс ч суурь боловсрол хүртээмжтэй, чанартай, тэгш байх нь ямар чухал ойлголт болсон тухай, энэ нь НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтын нэг болоод байгааг ойлгох байх. 

Монгол Улсын хувьд анхан шатны буюу бичиг үсэг тайлагдалт зэрэг үзүүлэлтээрээ харьцангуй сайн ч яг чанартай, олон улсад өрсөлдөхүйц хэмжээний боловсон хүчин бэлтгэх тал дээрээ маш хангалтгүй үзүүлэлттэй байгаа шүү дээ. Юу гэхээр тэгш бус байдлыг өдөөдөг хүчин зүйлүүд манай улсын хувьд улам л нэмэгдээд байна. 

График 4, Ядуурлын үндсэн үзүүлэлтүүд, өрхийн тэргүүлэгчийн эзэмшсэн боловсролын дээд түвшнээр, Эх сурвалж: ҮСХ

 

- Боловсролын тэгш бус байдал гэхэд зөвхөн элсэлтийн ерөнхий шалгалтаар нь сургуулиудыг жагсаахад хувийн өндөр төлбөртэй сургуулиудын дийлэнх нь тэргүүнд байдаг. Сайн байгааг нь шүүмжлэхгүй. Харин олон нийтийнх нь муу байгаад л хүмүүс гомдолтой байна гэдэг нь танай судалгаагаар гарсан байна. Зөв үү?
- Тийм. Өнөөдөр хүмүүсийн санааг зовоож буй нийтлэг асуудлууд, жишээ нь зөвхөн чанартай боловсролын хүртээмжийг дээшлүүлэхэд ямар зөв бодлого хэрэгжүүлж болох вэ гэдэг дээр суурь судалгаануудыг хийж, алхам хийх хэрэгтэй. 

Манай байгууллагын тухайд боловсролын тэгш хүртээмжтэй холбоотой хэд хэдэн судалгааг хийгээд байна. Тухайлбал, хүүхэд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт хамрагдаж чадаагүйгээс болж ямар хэмжээний хоцрогдолд ордог вэ гэдгийг судалж цэцэрлэгийн боловсрол хүүхдэд ямар чухал болохыг нотолсон. 

Мөн одоо ч үргэлжлүүлж байгаа нэгэн судалгаа бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуульд хамрагдалтын байдал. Энэ талаар бид маш дэлгэрэнгүй судалгаа хийж мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг энгийн сургуульд хамрагдуулах төслийг санаачлан хэрэгжүүлж байна. 

Нийт найман сургууль дээр энэ төслийг хэрэгжүүлж байгаа. 

Зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ерөнхий боловсролын хамрагдалтыг аваад үзэхэд л маш хангалтгүй түвшинд байгааг графикаас харж болно. 

График 5, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн (ХБХ) сургууль хамрагдалтын байдал, 

 
Зураг

ГУРАВ. Монгол хүний өөрийнх нь аз жаргалын тухай ойлголтод эрх чөлөө хамгийн дээгүүр байр эзэлдэг

 

- Судалгаа гэхээр л бидний хандлага их сөрөг, ихэнх нь үр дүнд итгэдэггүй юм шиг ажиглагддаг. Энэ нь монголчуудын онцлог уу. Угаасаа л тийм байдаг юм уу?
- Хөгжиж буй улсын л онцлог юм. Иргэд өөрсдөө нотолгоонд суурилахгүй байна гэдэг бүх асуудлын эх болоод байгаа юм шүү дээ. Манай засаглалын гол алдаа эндээс эхтэй. Юу гэхээр бүх бодлого, шийдвэр бодит судалгаа, нотолгоонд үндэслэгдэхгүй байна гэсэн үг. 

- IRIM-ийн хувьд байгуулагдаад 10 жил болсон байна. 10 жилийн өмнө битгий хэл одоо ч судалгаанд итгэдэггүй хүмүүстэй газар судалгааны компани байгуулна гэдэг бас л эрсдэлтэй шийдвэр байж. Тийм үү?
- Нийгмийн захиалгаар л бий болсон гэж боддог. Тухайн үед МУИС-ийн багш Болд, Тамир нар хоёр төгсөгчтэйгөө хамтран үүсгэн байгуулсан түүхтэй. 

Миний хувьд байгуулагдсанаас нь нэг жилийн дараа буюу 2009 онд анх туслах судлаачаар ажилд орж байсан. Тэр үед би олон улсын түвшинд өрсөлдөхүйц, олон улстай харьцуулсан судалгаа, төсөл, хийх зорилготой орж байлаа. Өнөөдрийн байдлаар манай хэрэгжүүлж байгаа нийт төслийн 80 хувь нь олон улсын байгууллагуудтай хамтарсан монгол, англи хэл дээрх судалгаанууд байна.

- Өөрийн тань хувьд IRIM-д туслах судлаачаас эхлээд гүйцэтгэх захирал болоод энэ албан тушаалаараа таван жил ажилласан. Гүйцэтгэх захирлын ажлаа яагаад өгөх болов?
- IRIM - ийн гол зорилго Монголын туршлагад үндэслэсэн мэдлэгийн төв болох.  Мөн манай байгууллагын бас нэгэн зорилго нь компани, байгууллагын маш уян хатан, үлгэр болох засаглалыг хэрэгжүүлэх гэж хичээдэг. 

Учир нь хувь хүнтэй нийгмийг шууд холбодог зүйл бол байгууллага.  Байгууллагууд нь сайн хөгжөөгүй, тогтворгүй, засаглалын доголдолтой, алсын хараагүй болохоор хувь хүн өөрийгөө дайчлах боломжгүй болоод ирдэг. Гэтэл хүн болгон шинэ компани, байгууллага үүсгэн байгуулах албагүй. Тиймээс гол асуудал нь байгууллага, хамт олон хувь хүнийг нийгэмтэй холбогч гол гүүр шат нь байдаг. 

Миний хувьд анх туслах судлаачаас эхлээд л ажлаа хангалттай түвшинд хийж байвал дараагийн түвшиндээ ахих тэр боломж нь манай байгууллагад байсан. Тэр жишгээр л явсан. Харин би дараагийн хүндээ боломжийг нь олгох, өөрөө мөн дараагийн түвшиндээ шилжих зорилгоор гүйцэтгэх захирлын ажлаа өгсөн. Одоо ТУЗ-ийн гишүүн бөгөөд IRIM-ийн гадаад харилцааг хариуцан ажиллаж байна. 

Энэ хүрээнд Монголын баялаг зөвхөн нүүрс, зэс биш. Бидний туулсан зам, ардчилал, бодлогын алдаа, оноо, туршлагыг бусад улсад ч судлагдах туршлага болох ёстой гэдгийг олж харсан. Бид давхар мэдлэгийг экспорт хийнэ гэсэн үг. IRIM үүний дэд бүтцийг бий болгож байна. 

- Та МУИС-д социологич мэргэжлээр төгсөөд жилийн дараа нь Англид улстөр, нийтийн бодлогоор мастерын зэрэг хамгаалсан. Ингэхдээ Чевнингийн хөтөлбөрт Монголоос анх удаа хамрагдаж байсан гэсэн. Энэ мэдээлэл зөв үү?
- Анх удаа биш, өмнө нь уг хөтөлбөрөөр ялангуяа эдийн засгийн онолын чиглэлээр олон хүн явж байсан юм билээ. Харин Нээлттэй нийгэм институци, Чевнинг хөтөлбөр хамтарсан тэтгэлгийг авсан хамгийн сүүлчийн үе байснаараа онцлог.

- Танай байгууллага 10 жилийн ойгоороо “XXI зууны ардчилал: Сорилтууд ба цаашдын хандлага” ОУ-ын хурал хийсэн. Таны бодлоор XXI зууны ардчилалд ямар сорилтууд тулгарч байна гэж үзэж байгаа вэ?
- Манай байгууллагын эрхэм зорилго Монголын хөгжлийн туршлагад суурилсан мэдлэгийн төв болно гэж тодорхойлсон тухай дээр дурдсан. 

Ингэхийн тулд Монголын ардчиллын онцлогийг судлах зайлшгүй шаардлага гардаг. Тиймээс ч бусад улс орны туршлага, Монголын онцлогийг харуулах үүднээс энэ сэдвийг сонгож олон улсын хурал зохион байгуулсан. 

Дээрээс нь дэлхий даяараа л ардчилал мухардалд хүрсэн үү, үгүй юу гэдэг сонирхолтой, анзаарч сонирхож байх сэдвийн тухай хэлэлцэж байна. Тиймээс ч бид энэ сэдвийг сонгож олон улсын судлаачдыг урьж, судалгааны ажлыг нь сонсож, хэлэлцүүлэг өрнүүлсэн. 

Хурлын үеэр олон сонирхолтой илтгэл тавигдсан. Олон улсын болоод дотоодын оролцогчдын дунд нийтлэг ялгаатай зүйл ажиглагдсан нь Монголчуудын дийлэнх нь ардчилалд маш шүүмжлэлтэй хандаж байсан бол олон улсын оролцогчдын хувьд Монголын ардчилалд харьцангуй сэтгэл хангалуун байгаа, харин ч ахицтай байна гэж үзэж байгаа нь мэдрэгдсэн. Үүнээс үзвэл, хүн өөрт байгаа зүйлдээ хамгийн их шүүмжлэлтэй ханддаг байдал харагдсан. 

Итгэлцэл буурч байгаа нь ардчилалд тулгарч буй хамгийн том сорилт. Учир нь ардчиллын суурь нь итгэлцэл

- Ардчилал мухардалд хүрэх боллоо гэж ярих хамгийн нэгдүгээр үндэслэлийн тухай ярихгүй юу?
- Ингэж ярих болсон хамгийн нэгдүгээр шалтгаан бол дэлхий даяараа итгэлцэл буурч байгаа явдал нөлөөлж байна. 

Юу гэхээр олон нийтийн төр засагтаа итгэх итгэл улам бүр суларсаар байна. Итгэлцэл буурч байгаа нь ардчилалд тулгарч буй хамгийн том сорилт. Учир нь ардчиллын суурь нь итгэлцэл. 

Бид хэн нэгэнд итгэсэн учраас өөрсдийгөө төлөөлөх эрхийг өгдөг шүү дээ. Гэтэл энэ бүхэн утгагүй болоод ирэхээр ардчилал оршин тогтноход улам түвэгтэй болж байна гэсэн үг. 

Чухам яагаад итгэлцэл буурч байна вэ гэдгийг хараад үзэхээр бидний төлөөлөн сонгосон хүмүүс маань олон нийтэд нээлттэй байж чадаж байна уу, эргэх холбоотой байна уу, үгүй юу, асуудалд хариуцлага хүлээх чадвартай байна уу, үгүй юу, төр бүхэлдээ нээлттэй, ил тод байж чадаж байна уу, үгүй юу, асуудал шийдэх чадвар байна уу, үгүй юу гэх мэт маш олон асуудлаар хэмжигдэж байна. Энэ бүхэн үгүй эсвэл дутмаг байхаас үүдэж итгэлцэл буурч байна. 

- Итгэлцэл сайжирснаар ардчилал бат бэх болж чадах уу?
- Нэгдүгээр асуудал итгэлцэл. Хоёрдугаар чухал зүйл бол иргэний нийгэм өөрөө хүчтэй байх ёстой. 

Өөрөөр хэлбэл, олон нийтийн оролцоо идэвх сайн байж чадвал төдий чинээ ардчилал бат бөх оршин тогтноно. Мөн мэдээж эрх зүйт төр буюу хууль дээдлэх ёс хэрэгждэг байж ардчилал бүтэн байх боломжтой. 

Гэтэл энэ бүгдийг хэрэгжүүлж, биелүүлж, бодлого тодорхойлж байх ёстой улстөрийн нам өнөөдөр маш ойлгомжгүй байдалд хүрээд байна. Нам дотор нь дотоод ардчилал нь байна уу, санхүү, мөнгөний эх үүсвэр нээлттэй байж чадаж байна уу, эсвэл тэд нэг тусдаа бүлэг вакумжсан хэсэг болчихсон байна уу гэдэг зөвхөн Монголд ч бус олон улсад шийдэхэд ярвигтай асуудал болоод байна. 

- Хүмүүс аргаа бараад буюу зөвхөн эдийн засгийн сонголтоор Ерөнхийлөгчийн засаглалыг хүсэмжлээд байх шиг. Гэтэл энэ нь ямар хортой вэ?
- Ерөнхийлөгчийн засаглалыг сонгохдоо бид юуны төлөө амьдарч байгаа вэ гэдгээ дахин тунгаах хэрэгтэй. Хэрэв ерөнхийчлөгчийн засаглалыг хүсэж байвал Ерөнхийлөгч нь гүйцэтгэх засаглалынхаа тэргүүн нь байхыг хэлнэ. Манайд энэ утгаар ерөнхийлөгчийн засаглал яригдаад байгаа болов уу. Эрсдэл нь мэдээж автократ засаглал руу шилжих эрсдэлтэй. 

Улс төр тогтворгүй, бодлого тогтворгүй байгаад зарим хүн ерөнхийлөгчийн засаглалыг дэмжээд яриад байх шиг. Гэтэл  зөвхөн эдийн засгийн хувьд л боломжийн амьдрах нь хангалттай бол Ерөнхийлөгчийн засаглал тохиромжтой байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ Ерөнхийлөгчийн засаглалтай улс болгон эдийн засгийн хувьд сайн биш шүү дээ.

Зөвхөн эдийн засгийн талаас нь харвал, миний дээр дурдсан субьектив сайн сайхан амьдрал буюу мөнгөөр хэмжиж болохгүй эрх чөлөө, аз жаргал бол нэг хүний дэглэмт засаглалд бүрэн олгогдох магадлал бага.

Монгол хүний өөрийнх нь аз жаргалын тухай ойлголтод эрх чөлөө хамгийн дээгүүр байр эзэлдэг. Бусад улс үндэстний хувьд аз жаргалыг шашны эрх чөлөө гэх мэт арай өөрөөр хардаг байх жишээтэй. Харин Монгол хүний аз жаргалын хэмжүүрт эрх чөлөөт байдал дээгүүр байр эзэлдэг гэдгийг санах хэрэгтэй. 

- Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар өөрийг тань цагаан сонголтыг дэмжсэн гэж харсан. Яагаад цагаан сонголтыг дэмжсэн бэ?
- Шинэ үеийнхний илүү судалгаанд суурилсан, эрүүл иргэний нийгмийн төлөө, ардчиллаа авч үлдэх гэсэн илрэл цагаан сонголтоор гарч ирсэн гэж бодож байна. 

Цагаан сонголтыг дэмжсэн миний нэгдүгээр шалтгаан бүх зүйл яг одоогийн байдлаараа үргэлжилсээр байх нь утгагүй болж гэдгийг ойлгосон. 

Хоёрдугаарт, улстөрийн намуудын санхүүжилтийг ил тод болгох сонгогчдын хүч юм гэж харсан. Гуравдугаарт, яг иргэдийн амьдралд нөлөөлсөн бодит, үр дүнтэй чанартай бодлогыг шаардсан шаардлага байв. 

- Өнөөдөр наяад оныхон эдийн засгийн хамгийн идэвхтэй харилцаанд орж байгаа бөгөөд энэ үеийнхэнд тохирсон бодлогыг маркетерууд санал болгож буй. Тэгвэл бизнесийнхэн гэхээс илүү төрийнхөн энэ үеийнхэнд тохирсон ямар бодлого баримтлах ёстой вэ. Яаж энэ үеийнхний итгэлийг олж авах вэ?
- Нэгдүгээрт, энэ үеийнхэн маш их мэдээлэлтэй. Өмнөх шиг тулга тойрсон улиг болсон амлалтууд энэ үеийнхний сэтгэлийг хөдөлгөхгүй.

Хоёрдугаарт, илүү хариуцлагатай цаг үе ирж байгааг дэлхий дахинд өрнөж байгаа үйл явдлууд харуулж байна.

Бизнесийнхэн, бизнес эрхэлдэг улстөрийн албан тушаалтнууд татвараас зугтаах нь өөрөө утгагүй болсныг Панамын баримтууд харууллаа.

Илүү эко амьдралыг уур амьсгалын өөрчлөлт шаардаж байна.

Салан тусгаарлалт бус илүү нэгдэл, хамтрал чухлыг энэ үеийнхэн харуулж байна.

Тиймээс ч илүү их мэдээлэлтэй, илүү их хариуцлага шаардах үед нийцсэн бодлого боловсруулах шаардлага бий болж байгааг одоогийн улстөрийн хүчнүүд ухамсарлах ёстой. 

Гэхдээ бид ийм бодлого нэхэхийн өмнө өөрсдийн оролцоогоо сайжруулах нь мөн хамгийн чухал. Жишээ нь, өөрсдийн амьдрах нийгмийнхээ удирдах, залах хүмүүсийг өөрсдөөсөө дээш ахмад үеийнхнээрээ сонгуулаад өөрсдөө оролцохгүй байвал тэдний сонголт дор л амьдрах шаардлагатай болно гэдгээ санаарай.

 
Ярилцлагын зочин: А.Долгион @Dolgiona
Ярилцсан: Ч.БОЛОРТУЯА   @Bolort
Гэрэл зургийг: Б.БЯМБА-ОЧИР  MPA.mn