Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Жаргалсайхан: Хүн төрөлхтний гуравны хоёр нь мөрөөдөөд ч авч чадахгүй эрх чөлөө бидний гарт байна

Р.Оюунцэцэг, IKON.MN
2018 оны 7 сарын 9
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

"...Монголын ардчилал бусад улс орных шиг унтарчихгүй байгаагийн гол нууц нь иргэний нийгмийн байгууллагуудын хүч” хэмээн Калифорнийн их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны профессор, доктор Стивен Фиш “оношлов”. 

Шинэ мянганы ардчилалд олон сорилт тулгарч, дэлхий дахинд ардчиллыг түүчээлж, үндэслэж байсан улс орнууд хүртэл өдгөө тогтолцоогоо эргэн харж, энэ талаар хэлэлцэхэд хүрээд буй. Яг энэ цаг үед Монголын анхны хараат бус судалгааны байгууллагуудын нэг болох IRIM судалгааны хүрээлэн 10 жилийнхээ ойн хүрээнд Дэлхийн нийгмийн сантай хамтран “XXI зууны ардчилал: Сорилтууд ба цаашдын хандлага” олон улсын бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү бага хурал гурван бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд 14 орны 16 эрдэмтэн судлаач оролцож буй. Эдгээр гадаадын болон дотоодын эрдэмтэн судлаачийн 30 гаруй илтгэл энэ бага хурлаар тавигдана. 

Калифорнийн их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны профессор, доктор Стивен Фишийн хувьд Иргэний нийгмийн үүрэг болон иргэний оролцооны талаарх эхний бүрэлдэхүүн хэсгийн үндсэн илтгэгчээр оролцсон юм.  

Өнөөдөр болсон хурлын эхний хэсэг буюу Иргэний нийгмийн үүрэг болон иргэний оролцооны асуудлаарх хуралд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, Дефакто институтийн захирал, эдийн засагч Д.Жаргалсайхан, Ардчиллын боловсрол төвийн захирал Г.Ундрал нарын олон төлөөлөл оролцсон юм.   


“XXI зууны ардчилал: Сорилтууд ба цаашдын хандлага” олон улсын бага хурлын үеэр зарим оролцогчтой ярилцсан юм. Тэдний байр суурийг хүргэж байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

IRIM судалгааны хүрээлэнгийн ТУЗ-ийн гишүүн, зөвлөх А.Долгион:

XX зуунд ардчилал яллаа ч гэдэг юм уу янз бүрийн үзэл санаанууд гарч байсан. Гэтэл одоо эргээд тодорхойгүй байдал үүсээд байна. Баруун Европ, Америк зэрэг орон манай ардчилал яг юу вэ гэдэгтээ эргээд анхаарал хандуулж эхэлсэн. Тиймээс ардчилал зөвхөн шинээр үүсэж байгаа орнууд төдийгүй ер нь дэлхий дахинд юу болж байна вэ гэдгийг ярих шаардлагатай болсон нь энэ хурлыг зохион байгуулах шалтгаан болсон.

Монголын ардчилал дэлхийд маш өвөрмөц жишээнд тооцогддог. “Монголд ардчилал бий болно гэж ерөөсөө төсөөлөөгүй байхад бий болчихсон” гэж доктор С.Фиш хүртэл хэлсэн.

Ардчилалд сөргөөр нөлөөлөх зүйлс олон байгаа ч бид ардчиллаа манаж байгаа нь иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаа, хараат бус хэвлэл мэдээллийн байгууллага, хараат бус судалгаа зэргээс харагдаж байх шиг. Тийм ч ураас энэ бага хурлыг Монголд зохион байгуулахаар болсон.

 
Гэрэл зургийг mpa.mn

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр:

Улсын бүртгэлээр бүртгэгдсэн 18,000 ТББ байна. Тэдний 80 хувь нь олон улсын байгууллагын санхүүжилттэй гэсэн судалгаа гарч ирсан. Тодруулбал, 21 хувь нь хандив тусламжаар, 3.9 хувь нь гишүүдийн татвараар санхүүждэг. Ердөө хоёрхон хувь нь төрөөс дэмжлэг авч санхүүжиж байгаа. Тиймээс төрийн ямар дэмжлэг үзүүлэх вэ гэдэг хамгийн чухал асуудал юм. 

Монгол Улс 1997 онд Төрийн бус байгууллагуудын тухай хуулиа баталсны дараа үүнтэй холбоотой Татварын багц хуулиуд 1998 онд, Иргэний хуулийг 2002, Бүртгэлийн тухай  хуулийг 2003 онд баталсан. Гэвч эдгээр хууль Төрийн бус байгууллагын тухай хуультайгаа уялдаагүй, хоорондоо зөрчилтэй байдлаар батлагдсанаас олон асуудал үүссэн. Тухайлбал, Татварын хуулиараа ТББ-уудад үзүүлэх татварын хөнгөлөлтүүдээ хасчихсан. Ингээд ТББ-уудад төрийн зүгээс үзүүлэх дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин байхгүй болсноос 80 хувь нь олон улсаас санхүүжихээс аргагүй болсон байна. 

Тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ТББ-уудаа дэмжих, нөгөө талаар ТББ-ын халхавчаар бизнес, эсвэл улс төр, өөр бусад үйл ажиллагаа явуулж байгаа асуудлыг цэгцлэх шаардлагатай байна. Энэ нь ТББ-ыг албан хүчээр татан буулгах гэсэн хэрэг биш, бодитоор үйл ажиллагаа явуулж байгаа ТББ-ыг ялгах хэрэгцээ шаардлага байгааг харуулж байна. Хууль эрх зүйн орчинтой холбоотой нарийвчилсан бодлого гарч ирж байгаа. Иргэний хуультай уялдуулаад ТББ байгуулахгүйгээр хуулийн этгээд иргэний нийгмийн үйл ажиллагаа явуулахыг эрх зүйн орчноор зохицуулах өөрчлөлтүүдийг хийж байна.

 Хоёрдугаарт, төр өөрөө халхавч байдалтайгаар ТББ-уудыг бий болгож, тэнд гэрээ хийх байдлаар мөнгө угаах хэлбэрийн үзэгдлүүд гарч байна. Нөгөө талаасаа, ТББ-уудын халхавчаар бусад хууль бус гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаанууд явагдаж байгаа тохиолдлууд байна. Хэдхэн жилийн өмнө байгаль орчны нэгэн ТББ уул уурхайн компанийг дарамталж мөнгө аваад, тухайн компани руу галт зэвсэг ашиглаж, гал нээсэн тохиолдол гарч байсан. Улмаар ял шийтгэл хүлээсэн удаатай. Тийм учраас цогцоор нь шинэчлэх ажил хийгдэж байгаа. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Дефакто институтийн захирал, эдийн засагч Д.Жаргалсайхан:

Орос, Хятадад ардчилал хүчтэй гарч ирэхгүй байгаагийн суурь шалтгаан нь иргэний нийгэм сул байгаатай холбоотой гэж С.Фиш хэлж байна. 

Ардчилал гэдэг бол иргэдийн оролцоо. Монголд иргэний нийгэм, ТББ нэрээр бүртгэгдсэн 18,000 хуулийн этгээд байдаг юм байна. Тэрний 51 хувь нь үйл ажиллагаа явуулдаггүй, үлдсэн хувийнх нь санхүүжилт нь тодорхойгүй, хоёр хувь нь л төрөөс санхүүждэг юм байна.

Нэг талаасаа төрийн оролцоо буюу татвараас чөлөөлөх, хөнгөвчлөх болон иргэний нийгэмд өгч байгаа иргэдийн хандивыг татвараас чөлөөлөх зэрэг ажил хийх тухай ХЗДХ-ийн Дэд сайд хэлж байна. Энэ давалгаан дотроо хүмүүсийн үг хэлэх эрх чөлөөг хаачих вий гэсэн болгоомжлол байгаа.

Ямар ч гэсэн ардчилал гэдэг ойлголт бол энх тайван, аз жаргалтай, хангалуун амьдрах  нийгмийн суурь. Ардчилал чөлөөт зах зээлтэйгээ хамт явах ёстой. Энэ хоёрын аль нэг нь дутуу байх юм бол хүмүүс ядуу амьдарсан хэвээр байх болно.

Манай улсын хувьд юу дутуу байна гэхээр иргэний нийгэмд хүн болгон оролцохгүй байна. Иргэний нийгэм төр засгийг бүрэн хянаж чадахгүй байна. Нийгмийн төлөөлөл маань төрд гарангуутаа нуугдчихаж байна. Мөнгө ууж идэж, хулгайлж, авлигад автаж байна. 

Энийг л бид зогсоох хэрэгтэй. Үүний тулд мэдээлэл, мэдлэгтэй хандах нь чухал. Ганц л үсрэлт хийх хэрэгтэй байна. Үгүй бол ингээд чимээгүй, нэг хүн юм уу, нэг айлын гарт ороод, амар сайхандаа жаргачихаж магадгүй байна, Азербайжан шиг. Тийм учраас бид эрх чөлөөгөө, иргэдийн оролцоогоо хамгаалах ёстой. Яг ийм үед энэ хурал болж байна. IRIM судалгааны төв хараат бус судалгаа явуулж байгаа нь ардчилал бэхжиж байгааг харуулж байна л даа. 

Нөгөө талаараа, ардчиллыг бэхжүүлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл маш чухал үүрэгтэй. Гэтэл Монголын ХМХ-ийн 400 орчим байгууллагын 75 хувь нь улстөрчидтэй холбоотой байна.

Ерөнхийлөгч хүртэл өөрийн телевизтэй байна.

Банкууд, томоохон баян  байгууллагууд ХМХ эзэмшиж байна.

Тэд бүгдийг худалдаад авчихаж байна. Мэдээлэл хүргэдэг зэвсэгтэй болохоор юу хүссэн мэдээллээрээ ард түмний тархийг угаачихаж байна.

Энэ бүхнийг цэгцэлж, нэг тийш болгохгүй бол Монголд ардчилал хөгжиж байгаа ч хэврэг байгааг илтгэж байна. ХМХ хараат бус байх ёстой. Эзэд нь хэн гэдгийг хүн болгон мэдэх ёстой. Ингэснээр зөв мэдээлэл хүргэнэ. Зөв мэдээлэлтэй хүмүүс хэлэлцэж байгаад зөв шийдвэр гаргана шүү дээ. 

Хүн төрөлхтний ⅔ нь мөрөөдөөд ч авч чадахгүй эрх чөлөө бидний гарт байна

Ардчилал гэдэг бол хэлэлцүүлэг мэтгэлцээн, нээлттэй яриа, үнэний дуу хоолой. Ийм байж бид нийгмээ засаж авч, Зүүн хойд Ази дахь ардчиллын индэр нь байх ёстой.

Хүн төрөлхтний ⅔ нь мөрөөдөөд ч авч чадахгүй эрх чөлөө бидний гарт байна. Энийгээ “Хүүхдээ угаагаад хувинтай устай нь цацчихлаа” гэдэг шиг битгий болгочихоосой. Энийгээ бид хайралах ёстой. Бидний дуугүй болгоход амархан шүү гэдгийг мартаж болохгүй. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Австралийн Грифиттийн их сургуулийн Олон улсын бизнес болон Ази судлалын тэнхимийн ахлах багш доктор Тапан Саркер:

Энэ хуралд гадаад, дотоодын олон судлаач оролцож байна. Тиймээс олон талын үзэл баримтлалаар ярилцаж, ардчилалд тулгарч байгаа асуудлуудыг хэрхэн сайжруулах вэ гэдгийг хэлэлцэж байгаа гэдгээрээ чухал ач холбогдолтой. 

Монголын эдийн засагт уул уурхайгаар дамжин маш их баялаг орж ирж байгаа. Энэ нь ардчилалд нөлөөлж байгаа талаар ярьж байна. Ардчиллын асуудал дээр иргэний нийгмийн байгууллага болоод ТББ-ын оролцоо маш чухал. Ардчилсан орнуудыг ардчилалгүй орнуудтай харьцуулахад ТББ нь илүү хүчтэй гэдгээрээ ардчилсан орнууд ялгаатай байдаг. Олон улсын эдийн засгийн асуудал дээр ч ТББ-ын хүчтэй оролцоо хэрэгтэй. 

Бид илтгэлээрээ дамжуулан Монголын төр ТББ-аа сайжруулахын тулд юу хийх, яаж дэмжих вэ гэдэг дээр санал зөвлөмж боловсруулж байгаа. ТББ, ИНБ нь төр болоод бизнесийн байгууллага, иргэд хооронд гүүр болж өгдөг учраас дэмжих хэрэгтэй.

 
Гэрэл зургийг mpa.mn

Калифорнийн их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны профессор, доктор Стивен Фиш:

Ардчиллын тухай маш олон тодорхойлолт байдаг. Гэхдээ хамгийн суурь ойлголтууд буюу бүх хүний санал нэгддэг хэд хэдэн зүйл байдаг. Энэ нь нэгдүгээрт, тухайн улс оронд чөлөөт сонгууль явагддаг байх ёсой. Энэ сонгууль нь нийт ард иргэдээ төлөөлөхүйц байх ёстой. Үг хэлэх эрх чөлөө байх ёстой. Эвлэлдэн нэгдэх эрхтэй байх ёстой. Энэ гурав бол ардчиллын үндэс. 

Ядуурал их байхад хүмүүс сонгуульд оролцоод, эвлэлдэн нэгдээд явах нь хомс

Монголын өнөөгийн ардчиллыг бусад улс оронтой харьцуулахад амжилттай гэж үзэж байна. Гэхдээ Монголын ардчилалд маш том сорилтууд тулгарч байгаа. Тэр нь юу гэвэл, 1990 онтой харьцуулахад өдгөө байгалийн маш их баялаг нөөц илэрч, олон улсын анхаарлыг татах болсон. Үүнийг дагаад Орос, Хятадаас эхлээд гаднын улс орнууд Монголд илүү их  нөөцтэй, уурхайтай болох зэрэг бизнесийн сонирхол нэмэгдэж байна. Тийм учраас энэ нь ардчилалд эрсдэл бий болгож буй. Гэсэн ч одоо хүртэл Монгол Улс  ардчиллаа хадгалаад байж байгаа нь сайн хэрэг. 

Дараагийн нэг сорилт бол ядуурлын түвшин өндөр байгаа явдал. Ядуурал их байхад хүмүүс сонгуульд оролцоод, эвлэлдэн нэгдээд явах нь хомс. Сүүлийн сорилт бол нэг намын эрх мэдэл. Сонгуулиар нэг нам олонх болохоороо бүх салбарыг хянаж, гартаа авдаг явдал нь тэнцвэрт байдлыг алдагдуулдаг. 

Улс төр судлаачдын тодорхойлсноор эдгээр сорилт нь ардчилалд хамгийн эрсдэлтэй, аюулд оруулдаг хүчин зүйлс юм. Тэгсэн ч монголчууд ардчиллыг одоо хүртэл аваад явж байгаа нь олон улсад гайхагддаг. Энэ нь Монголд хүчтэй иргэний нийгэм буюу судлаач, сэтгүүлч олон байгаатай холбоотой болов уу. 

Ардчиллын боловсрол төвийн захирал Г.Ундрал:

IRIM-ийн хурал маш ач холбогдолтой. Яагаад гэвэл ардчилал гэж бид 28 жил ярьсан мөртлөө ардчилал маань нэг л болж өгөхгүй байгааг өнөөдөр бүгд мэдэж байгаа. Юу нь болохгүй байгаа, юун дээр алдаж байгааг олон улсын мэргэжлийн судлаач хүмүүстэй,  үндэслэлтэйгээр хэлэлцүүлж байгаа гэдгээрээ үнэхээр ач холбогдолтой.

Манай улсад иргэний нийгмийн байгууллагууд маш иэдвхтэй. Өөрсдийн сайн дураар эвлэлдэн нэгдэж, нийгэмд болохгүй байгаа зүйлсийг засаж, залруулж ажилладаг. Гэхдээ сүүлийн үед ийм байгууллагуудыг улс төржүүлээд, үймүүлэх зэрэг үзэгдэл гарч байна. Тиймээс бүх зүйл хуулийн хүрээнд явагдах ёстой гэдгийг дор бүрнээ ухамрсалах хэрэгтэй. 

Харин тайлангаа удаа дараа өгөөгүй гэдэг шалтгаанаар ТББ-уудыг улсын бүртгэлээс хасна гэдэгтэй би санал нийлэхгүй. Энэ бол Үндсэн хуульд заасан эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчиж байгаа хэрэг. ТББ-ууд үйл ажиллагаа, санхүүгийн тайлангаа явуулсан нь хэн нэгэн төрийн албан хаагчийн шүүгээнд мартагдсан байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Тиймээс шууд хасч болохгүй. 

Төрөөс бид ганц ч төгрөгийн санхүүжилт авдаггүй. Байгуулагдсан цагаасаа хойш 20 гаруй жил гаднын санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж, төслөө бичиж, дэмжлэг авч ирсэн. Ингэлээ гээд аль нэг улсын хараат болж байгаа хэрэг биш гэж үзэж байна гэлээ. 

 “XXI зууны ардчилал: Сорилтууд ба цаашдын хандлага” олон улсын бага хурал маргааш дахин үргэлжилнэ. Уг хуралд танилцуулагдсан илтгэлүүд Дэлхийн нийгмийн сангийн “Дэлхий судлал ном”-ын цуврал болон хэвлэгдэн гарах юм байна.