Зураг
Зураг
Индэр    
2018 оны 5 сарын 16
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

МОНГОЛ ЯЛАГДСАН

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Африкийн Кот Дивуар, Танзани зэрэг улстай толгой булаалдан төв Азийн Монгол Улс дэлхийн 180 орноос авлигын төсөөллийн индекст 103 дугаар байрт жагсжээ.

Тэгвэл жил бүрийн гуравдугаар сард тогтмол судалгаа хийдэг Сант Марал сангийн судалгаагаар Монголчуудын санаа зовоодог 10 бэрхшээлтэй асуудлын дөрөвт нь авлига хэмээн бичигджээ.

Өөрөөр хэлбэл, Монголд авлига, хээл хахууль байгаад бид идэвхтэйгээр санаа зовж байна. Ямар ч байсан санаа зовж байна гэдгийг хэлье.

Гэтэл саяхан Канадын Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй  "Хариуцлагатай Оюутан Залуус" хөтөлбөрийн нэгэн хэлэлцүүлгийн үеэр Канадын Элчин сайд Дэвид Спрул "Монголын их, дээд сургуулиудад анги солих, дүн авах, тэтгэлэг авах гэсэн асуудлуудад хээл хахууль өгөх нь соёл шахуу тогтсон байгаа нь үнэхээр түгшүүртэй мэдээ юм" гэж хэлсэн нь нэг их гайхаад байх зүйл биш ч бид маш идэвхтэйгээр санаа зовдог, байхгүй болоосой гэж боддог асуудлаа өөрсдөө л үйлдээд байдгийг яруу тодоор хэлээд өгчээ. Гэхдээ энэ нь бүр улсын ирээдүй болсон хүүхэд, залуусын хувьд авлига нь соёлын хэмжээнд хүрсэн тухай юм.

Авлига монголчуудын хувьд тулгамдсан асуудлын дөрөвдүгээрт бичигдэж байгаа бол нэг, хоёр, гуравт юу бичигдэв. Хариулт нь ажилгүйдэл, түүнээс үүдэлтэй амьжиргаа. Харин эдгээр хоёрыг бий болгогч эдийн засаг, үйлдвэрлэлийн асуудал гуравдугаарт бичигджээ.

Бидний санааг хамгийн ихээр санаа зовоож буй ажилгүйдлийн эсрэг тэгвэл бид юу хийж байна вэ.

Хамгийн сүүлийн мэдээллээр буюу 2018 оны нэгдүгээр улиралд улсын хэмжээнд ажилгүй иргэд 122.9 мянга буюу ажилгүйдлийн түвшин 9.7 хувь болж, өмнөх оны мөн үеэс 0.6 пунктээр, өмнөх улирлаас 2.4 пунктээр тус тус өссөн байна. Хөгжингүй оронд ажилгүйдлийн түвшин 2-3 хувь байх нь хэвийн гэж үздэг бол Монголд энэ тоо 3-5 дахин их байна. Тиймээс ч бид энэ асуудалд хамгийн ихээр санаа зовох нь гарцаагүй юм.

Нийт 122 мянган ажилгүй иргэнээс тэгвэл дөнгөж 20 хувь нь буюу 23.4 мянга нь ажил идэвхтэй хайж байна. Өөрөөр хэлбэл, бүртгэгдсэн ажил хайж байгаа ажилгүйчүүд.

Үлдэж буй 100 мянган хүний асуудлыг орхиод ажил идэвхтэй хайж байгаа 23 мянган хүний тухай ярья. Тэд үнэхээр ажил хайгаад олдохгүй байна уу, ажлын байрандаа тэнцэхгүй байна уу эсвэл байгаа ажлуудыг голов уу гэдэг хамгийн чухал асуулт.

Нэгэн сонирхолтой судалгаа Монголд анх удаа хийгдсэн нь Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометр. Энэ судалгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт салбарын яамтайгаа хамтран хийсэн гэдгийг дурдах хэрэгтэй.

Судалгааны үр дүнгээр 2017 онд хөдөлмөрийн зах зээлд зохих мэргэжилтэй ажилтан олдоогүйгээс 10.9 мянган ажиллах хүчний хомсдол аж ахуйн нэгжүүдийн хэмжээнд бий болжээ. Юу гэхээр ажил идэвхтэй хайж байгаа 23 мянган хүний тал хувийг хангахуйц ажлын байр Монгол Улсад бий боловч тэд янз бүрийн шалтгаанаар "учраагүй" ажээ. Үүнд мэргэжил сонголт, ур чадвар, туршлага гээд чанаргүй боловсролын үр дүн гэх мэт олон асуудал холбогдоно.

Нөгөө талд үлдсэн 100 мянган хүний асуудал. Тэд яагаад ажил хайдаггүй вэ.

Тэгсэн мөртөө энэ байдал нь Монголчуудын санааг зовоодог асуудлын НЭГТ яагаад жагсдаг вэ.

Мөн л Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн (ХНХСИ) хийсэн “Залуучуудын эдийн засгийн идэвхгүй байдал, ажилгүйдлийн шалтгаан – 2017” судалгаанд дурдсанаар “Сүүлийн 12 сарын хугацаанд эдийн засгийн идэвхгүй төлөвт байсан залуучуудын 22.0 хувь нь ажил хийхийг хүсэж байгаа боловч ямар нэгэн алхам хийгээгүй гэсэн үр дүн гарсан. Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 10 хувьтай байгаагаас залуучуудын ажилгүйдлийн түвшин улсын дунджаас хоёр дахин өндөр байна” гэжээ.

2017 онд хөдөлмөрийн зах зээлд зохих мэргэжилтэй ажилтан олдоогүйгээс 10.9 мянган ажиллах хүчний хомсдол ААНБ-ын хэмжээнд бий болсон гэдгийг дахин хэлье.

ХНХСИ-ийн бас нэгэн ээлжит судалгаагаар ажил олгогчдод зохих ажилтан олдохгүй байгаа тэргүүлэх шалтгаанд хувь хүний сөрөг хандлага гэж бичсэн нь анхаарал татна.

Тэгвэл бидний Монголчуудад хамгийн их бэрхшээлтэй байгаа авлига ч тэр, ажилгүйдэл ч тэр, түүнийг даган гарах амьжиргааны муу байдлыг залруулдаг, засдаг нэг л суурь тогтолцоо байдгийг хүн төрөлхтөн олж нээгээд уджээ.

Энэ бол боловсрол юм. Гэхдээ боловсрол гэдгийг та зөвхөн баримт уншиж, цээжлэх тухай ойлгож болохгүй бөгөөд үүнд хүмүүжил, нийгэмшил, төлөвшил зэрэг бүх асуудал орж байгаа ч манайд орхигдож байгаа учир хагас битгий ойлгоорой гэж хүсье. Олон зүйл орхигдож байгааг ЭНЭ судалгаа нотолжээ.

Орчин үеийн боловсролын салбарын хөгжил чиг хандлагыг уншин судалдаг хүмүүсийн дуу нэгтэйгээр хэлж байгаагаар Монголын өнөөгийн боловсролын салбар бүрэн утгаараа дампуурчээ.

Дампуурсан гэдгийг хамгийн энгийн жишээгээр цээжээр хэлж болно. Энэ бол УИХ-д нэг намын үнэмлэхүй олонх үед зөвхөн Боловсролын сайд нь гэхэд хоёр жилийн дотор дөрвөн удаа солигдоод байгаа бэлэн жишээг бид харж болно.

Нэрлэвэл, Батсуурь, Чулуунбаатар, Ж.Мөнхбат (орлон гүйцэтгэгч), Ц.Цогзолмаа. Монголд Боловсролын сайд хийх дундаж хугацааг ЗУРГААН САРААР тогтоогоод байна гэж хэлж болохоор.

Ийм нөхцөлд бид Монгол ялах тухай ярих нь өөрөө утга учиргүй зүйл ажээ.

Боловсролын Эдийн засгийн чиглэлээр Колумбиагийн их сургуульд PhD хамгаалсан Б.Отгонтөгс “1957 онд хөөргөсөн ОХУ-ын Спутник нэртэй хиймэл дагуулаас үүдэж АНУ-д Спутникийн нөлөө (Sputnik Effect) гэх зүйл үүссэн. Америкчууд сандарч эхэлсэн. Зөвлөлт Холбоот Улс яаж хиймэл дагуул нисгэв? Бид яагаад чадсангүй вэ? Төрийн бодлого хэрэгтэй байна гээд сандарсан. Ингээд судалж, судалж энэ бол боловсролын асуудал юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ялангуяа инженер техник, математик, физик, хими, материал судлалын чиглэлийн боловсролд асуудал байгаа юм байна гэж дүгнээд энэ талын судалгаа шинжилгээ, боловсролд маш их хөрөнгө оруулалт хийсэн. Их сургуулийн багш нарын судалгаанд хөрөнгө оруулалт хийсэн. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад энэ чиглэлийн хичээлүүдийг түлхүү оруулсан байдаг. Ингээд үүний хүчинд 1980-аад онд интернэт, компьютерийн эрин үе ирэхэд америкчууд бүгд бэлэн болчихсон байв.  Эндээс бараг бий болсон, тэр үеийг эхлүүлсэн.

Хоёр дахь жишээ Энэтхэг.   

1960-аад онд ОХУ-ын хиймэл дагуултай холбоотойгоор Жавахарлал Нерү гэж Энэтхэгийн Ерөнхийлөгч байсан хүн 800 сая хүнээ хэрхэн өлсгөж үхүүлэхгүй байх вэ гэж толгой өвтгөсөн үед байхдаа л Indian Institute of Technology гэдгийг байгуулах шийдвэрийг Засгийн газраараа гаргуулсан байдаг. 

Тэрбээр энэ сургуульдаа засаглал, хөрөнгө оруулалтын их давуу эрх өгсөн. Өөрсдөө Английн колони байсан учраас тус улсын олон эрдэмтэн судлаачид нь Англид боловсрол эзэмшсэн байсныг эх оронд нь авчраад сургуульдаа ажиллуулсан. Ингээд мөн л 1980, 90-ээд онд Энэтхэгийн дээд боловсролтой тодорхой хэсэг нь технологийн шилжилт өөрчлөлтөд бэлэн байж хошуучлаад явчихсан. 

Тэгэхээр энэ боловсролын өөрчлөлт шинэчлэлт гэдэг бол манай улс хаа хүрэх гэж байна гэдгийг тодорхойлж байдаг бодлого тодорхойлогчдоос гарч байгаа биз. Үүнийг хийдэг, бэлэн байлгадаг хүмүүс нь багш нар, судлаачид. Тэгэхээр улстөрчид нь судлаачдынхаа үгийг сонсдог, хамтарч ажиллаж чаддаг байж л одоо ирж болох дараагийн технологийн айхтар давалгааг давж чадна.

Гэхдээ өөрчлөлтүүдийг улстөрчид зөвхөн өөрийнхөө бүрэн эрхийн хугацаандаа хардаггүй гэдгийг ойлгох ёстой.  Тэд 10-20 жилийн дараагийнхийг хардаг” гэж “Өглөөний хүн” буланд өгсөн ярилцлагын үеэрээ дурдаж байв.

Тэгвэл манай сайд нарын хувьд юун 10-20 жилийн асуудал биз?

Хамгийн харамсалтай нь, “Монгол ялна” уриатай Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагын дарга М.Энхболд, УИХ дахь 65 гишүүн буюу үнэмлэхүй олонх намын дарга, гүйцэтгэх засаглалын тэргүүн У.Хүрэлсүх энэ салбарт хэрхэн анхаарч ямар бодлого боловсруулж сууна вэ. Боловсролын салбарт нэг ийм шинэчлэлт, өөрчлөлт хийнэ гэж тэдний амнаас унасангүй, дуугарсангүй. Дуугарсан бол чанга ярьсангүй юу. Уучлаарай, Би лав сонссонгүй. Сургуулийн байшингаас өөр зүйл тэд ярьсангүй.  Байшин хэрэгтэй юу. Хэрэгтэй. Гэхдээ агуулга үгүй бол ...

Тогтвортой, ойлгомжтой, зорилготой төлөвлөгөө байхгүйн дээр Монголд өнөөдөр боловсрол хамгийн үнэ цэнэгүй зүйл болоод байна. 

"Хамгийн бага цалинтай хүнээр ирээдүйгээ бэлдүүлдэг улс гэж байх уу. Үүнийг ойлгохын тулд заавал боловсролын сайд байх, заавал Харвардын доктор байх хэрэггүй.

Финланд улсад өнөөдөр багш нар хамгийн өндөр нэр хүндтэй. Багш болно гэдэг хамгийн хэцүү шалгуурыг давдаг. Бас хамгийн өндөр цалинтай ажил байдаг. Финландад боловсролын реформыг 20 гаруй жилийн хугацаанд хийсэн. Реформ хийнэ гэдэг маш хэцүү. Гэхдээ бид хийх ёстой" гэж Ө.Ганзориг "Өглөөний хүн" булан дахь боловсролын тухай яриандаа дурдаж байв. 

Дэлхийн дахинаа л сайн, чадварлаг боловсон хүчний эрэлд гарахдаа асуудлын гол учир шалтгаан боловсролын системд байгааг тайлж нээгээд удаж. Гэхдээ боловсрол нь зөвхөн ажил хийж амьжиргаа залгуулах төдийхнөөр хэмжигддэг зүйл биш гэдгийг бид сайн мэднэ. Хамгийн энгийн жишээ гэхэд ээж нь зөвхөн бичиг үсэг тайлагдсан байхад тав хүртэлх насны хүүхдийн эндэх магадлал 50 хувиар буурдаг судалгааг ЮНЕСКО танилцуулжээ. Энэ нь боловсрол зөвхөн амьжиргаа биш ХҮНИЙ эрүүл, амьд байх эрхтэй холбогдож буй хэрэгцээ шаардлага гэдгийг та түвэггүй ойлгох биз ээ.

Орчин үед боловсрол зөвхөн бичиг үсэг тайлагдсанаар томьёологдохооргүй болоод уджээ. Өнөөх бидний хувь хүний эерэг хандлага гэж ерөнхийлж бөөрөнхийлөөд бусдаас хайгаад нүдэнд харагдахгүй зүйлсийг хэдийнээ маш ойлгомжтой загварчлалаар томьёолоод өгчээ. Ерөнхий суурь боловсрол эсвэл мэргэжлийн мэдлэг дээр нэмэх нь дараах чадваруудыг эзэмшсэн байхыг орчин үеийн боловсрол шаардаж байгааг дэлхий даяар боловсролын салбарын хүлээн зөвшөөрөгдсөн дуу хоолой Тони Вагнер дараах байдлаар томьёолжээ.

Үүнд:

1. Шүүмжит сэтгэлгээ

2. Бусдад нөлөөлөх чадвар

3. Дасан зохицох чадвар

4. Идэвх, санаачлагатай байдал

5. Аман болон бичгийн харилцааны чадвар

6. Хэрэгцээтэй мэдээллээ олж авах, дүн шинжилгээ хийх чадвар

7. Төсөөлөл, сэтгэхүйн цар хүрээ гэх чадваруудыг нэрлэж болно.

“200 жилийн өмнө энэ дэлхийд ажилчин хүн илүү их хэрэгтэй байж. Номертой сургуульд, номертой ангиудад, адилхан хувцастай, адилхан ном уншчихсан 10 мянгаараа гардаг ажилчин анги хэрэгтэй байсан. Харин бид өнөөдөр энэ системээрээ явж байна. 

Тийм ч учраас хувийн компаниуд их сургууль төгсчихсөн хүмүүсээс ажилчин шалгаруулж авах гэхээр олдохгүй болчихоод байгаа юм. 

Орчин үеийн боловсролын систем бол хүн болгон өөр мэргэжилтэй, өөр авьяастай, өөр зорилготой, бие даасан хүмүүс өөрийгөө хэрхэн авч явахыг нь л сургаж байна. Тэгэхээр сургууль гэдэг бол өнөөдөр хүнийг сургадаг биш, хүн өөрийгөө сургахад нь дасгалжуулдаг газар болсон” гэж "Бизнес 2.0 Академи"-ийн үүсгэн байгуулагч Д.Энхбат гуай “Өглөөний хүн” булангийн ээлжит боловсролын сэдвээрх ярианд маань дурдаж байв.

Тэрбээр дээр дурдсан орчин үеийн хүнээс шаарддаг чадварууд болох шүүмжит сэтгэлгээ, бүтээлч, санаачлагч чадваруудад дасгалжуулдаг арга барил Монголын боловсролын тогтолцоонд огт сууж өгөөгүй байгаад шүүмжтэй хандаж байсан юм. Д.Энхбат гуайн өөрийн  туршлага, мэдлэг дээр ярьсан зүйл ч бодит байсан нь батлагдсан юм.

Юу гэхээр Боловсролын Хүрээлэн, БСШУСЯ ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхдийн хөгжлийн өнөөгийн байдал, онцлогийг орон даяар анх удаа судалсан юм. Энэхүү судалгаанаасаа үндэслэн "Монгол хүүхдийн хөгжлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал" гэсэн илтгэлийг танилцуулсан бөгөөд илтгэлд “6-17 насанд хүүхдүүдийн танин мэдэхүйн процессын хөгжил нь хэл ярианы хөгжлөөсөө сул. Юмсыг гадаад харагдаж байгаа шинж төрхөөр нь харьцуулах нь сайн, харин хүүхдүүд дотоод мөн чанар, учир шалтгааныг таньж харьцуулах чадвар сул байна.  

Ялангуяа сэтгэхүйн харьцуулалтын энэ чадвар ахлах ангийн хүүхдүүдийн танин мэдэхүйн гол үйлдэл байх ёстой атал сул байна.

Мэдээллийг хүлээж авах, боловсруулахдаа хүүхдүүд анхаарлаа төвлөрүүлэн нарийвчлан мэдээлэл болгоныг бус харин  ерөнхийд нь хүртдэг ерөнхий хандлага ажиглагдаж байна” гэжээ.

Өөрөөр хэлбэл манай өнөөгийн боловсролын системд боловсрол хүртэж буй хүүхдүүд орчин үеийн боловсролын үнэлэмжинд нийцэхгүй, хохирч байна гэдгийг нотолжээ.

Одоо бид хаа хүрэх вэ.

Монгол Улс ирээдүйн 10, 20, 30, 40 жилийн төлөвлөгөөгөө хэрхэн тодорхойлж байгаа вэ.

Юм л бол үсрэнгүй хөгжил хийсэн Сингапур, Солонгос, Японы жишээг бид татах дуртай. Сингапурын гоё зам гүүрийг, Солонгос, Японы өндөр технологийг манай дарга нар жишээ болгон ярих дуртай. Харин тэдний хөгжлийн нууц нь боловсролдоо байсныг яагаад хэн нь ч чангаар ярьдаггүй юм бэ.

Трамп-Кимийн уулзалт зохион байгуулагдах газраар Монголд биш Сингапур сонгогдоход бид тус хот улсын дэд бүтцийг биш ийм улсыг байгуулсан иргэдийн боловсролын чанарыг нь яагаад ярьдаггүй вэ.

Дэлхийд 15 настнуудын боловсролын чансааг тогтоодог PISA үнэлгээний бүх чадваруудад сингапур хүүхдүүд түрүүлдэг. Монгол энэ шалгалтаар хэддүгээр байрт яваагаа мэдэх нь битгий хэл ийм шалтгалт өгөхгүй ч байна.

 
Image: Business Insider

Учир нь өнөөдрийн Монгол хүүхэд хэн байх нь, ямар боловсрол эзэмшихийг бид ярихгүй, тоохгүй.

Цаашид Монгол улс аль салбар чиглэлээ түлхүү хөгжүүлэх, ямар мэргэжилтнүүд бэлтгэх тухай яриа байхгүй ч ядаж хүүхдүүдэд дээр дурдагдсан чадвар, дадлыг бий болгох тухай яагаад нийтээрээ бид ярьдаггүй вэ.

Фрикономикс номын нэгэн бүлэгт, Румыний коммунист дарангуйлагч Николае Чаушеску 1966 онд зарлиг гаргаж орон даяараа үр хөндөлтийг хориглосон байдаг. Хүн амаа өсгөх түүний бодлого амжилттай хэрэгжиж ердөө зарлиг гаргасан эхний жилд гэхэд иргэд нь ядуу ч төрөлт нь хоёр дахин нэмэгдсэн байна. Гэвч зөвлөлт засаг нуран унахтай бараг давхцан түлхэн унагагдсан коммунист толгойлогчдоос зөвхөн Чаушеску л алагдсан байна. Түүнийг буудан хороох шийдвэр гаргах хүртэл тэмцлийг Чаушескугийн ачаар хорвоод мэндэлсэн залуусын шаардлагаар өрнөсөн бослого, хөдөлгөөнтэй холбон тайлбарлагддаг тухай бичсэн байдаг. 

Юу хэлэх гэсэн бэ гэхээр өнөөдөр авлига өгч, авч байгаа залуус, ажилгүй бас боловсролгүй хэвтэж буй хүмүүс ч аль нэг өдөр буруу шийдвэр, бодлогогүй үйлдэлд заавал хариу нэхдэг.

Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр Английн Лийдсийн Их сургуульд мастер, Австралийн Квийнсландын Их сургуульд докторын зэрэг хамгаалсан Ө.Анар “Австралийн боловсролын хамгийн гол зүйл нь аливаа боловсрол олж байгаа хүнийг critical thinking буюу шүүмжит сэтгэлгээ рүү түлхэж өгдөг. Аливаа зүйлийг өөр өнцгөөс харахыг маш их дэмждэг. 

Монголын бололвсролын тогтолцоог муулж байгаа юм биш. Харьцуулж хэлвэл, манайд асуулт асуухыг, шинэлэг байхыг нэг их дэмждэггүй. Багшийн хэлсэн зүйлийг л эргээд хэлчихвэл сайн оюутан болчихдог тал байдаг шүү дээ. Шүүмжит сэтгэлгээ зэргийг төдийлөн дэмждэггүй. Анх Англид очоод надад гарч байсан зөрчил гэвэл суралцах арга барил, сэтгэлгээний ялгаатай байдал.

Бид ерөөсөө асуулт асууж сураагүй юм байна гэдгээ ойлгосон. Өөрт асуулт байсан ч асууж зүрхэлдэггүй ч юм уу, буруу бол яана гэх айдас надад байсан. Харин явцын дунд тэнд буруу асуулт гэж байдаггүй, буруу хариулт л гэж байдаг юм байна гэх ухааныг нь ойлгосон. 

Шүүмжит сэтгэлгээ буюу аливаа зүйлийг задлан нягтлан ойлгох, түүнийгээ илэрхийлэх, шинэ зүйл, санаа олох, нээх, асуудлыг асуух, бичих, ярих гээд олон зүйлд бид хүүхэд байхдаа суралцах ёстой. Гэтэл бид насанд хүрсэн хойноо эдгээр хамгийн чухал ур чадварт суралцаж бусадтай зэрэгцэх гэж хичээж байна шүү дээ” гэж “Өглөөний Хүн” буланд өгсөн ярилцлагадаа дурдаж байв.

  • Багш аа, надад нэг асуулт байна. Монгол ялсан уу?
 

 

Боловсрол тэгш бус байдлын шалтгаан болох нь:  "Ах нарын үеэс" ялгаатай буюу АШГААС илүү ҮНЭН