Зураг
Зураг
Бизнес гэдэг өгөх ухаан юм    
1
2
3

Д.Энхбат: Бүх зүйл өгөх замаар явдаг. Бизнес ч гэсэн...

Ч.Болортуяа
2017 оны 3 сарын 28
iKon.MN
Д.Энхбат: Бүх зүйл өгөх замаар явдаг. Бизнес ч гэсэн...
Зураг

Монголд маш цөөхөн байгаа зүйлсийн нэг бол оюун санааны манлайлагчид... 

Маш цөөн байгаа тэдгээр хүний нэгийг Д.Энхбат гуай гэдэгтэй мэдлэг/зүг чиг хайгчид санал нэгдэх биз ээ. 

Тиймээс ч iKon.mn сайтын "Өглөөний Хүн" буланд түүнийг урьж ярилцах нь нэр төрийн хэрэг байв.  

УИХ, Датаком, Нээлттэй Мэдлэг Боловсролын Сан, Форум, Ногоон Намын гээд түүнийг овоглох, таних тэмдэг олон. 

2016 оноос нэгэн шинэ компани байгуулсан нь "Бизнес 2.0 Академи". 

Энэ удаагийн ярилцлагаар түүнийг "Бизнес 2.0 Академи"-ийн үүсгэн байгуулагч гэдгээр нь танилцуулъя.

Гэхдээ бидний яриа зөвхөн бизнес биш.

Хөгжил, боловсролгүйгээр бид яаж урагшлах билээ...

Уншигч хүмүүст энэхүү ярилцлагыг зориулав.

iKon.mn сайтын шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн” үргэлжилсээр…
 
Ярилцлагын зочин: Д.ЭНХБАТ  - @Enkhbat
Ярилцсан: Ч.БОЛОРТУЯА  - Bolortuya Chuluunbaatar Page
Гэрэл зургийг: Б.БЯМБА-ОЧИР - MPA.mn
 
Ярилцлагыг хийх боломжоор хангасан  Olympic Residence -ийн хамт олонд талархал илэрхийлье.
 
2017-03-28
Зураг

НЭГ. ХӨГЖИЛ

 

- Монголчууд дэлхийн бусад орноос юугаараа ялгаатай вэ?
- Азаар бидэнд суурь хүчин зүйлүүд нь бусад улсыг бодвол ирсэн юм. Байгаль, орон зай, энхтайван, ардчилал, шашны мөргөлдөөн байхгүй, Африк шиг ДОХ-т идэгдсэн зүйлгүй гэх мэт. Өөрөөр хэлбэл, биднээс хамаарахгүй зүйлс дэх өгөгдөл нь өгөгдчихсөн. Үүгээрээ бид маш их азтай. 

Харамсалтай нь энэ үнэ цэнийхээ зүг чигээ алдчихсан учраас үнэтэй машин, тансаг байшинг их гоё гэж бодоод байгаа юм. Яг үнэнийг хэлэхэд, энэ эд зүйлсийг бид дэлхийн хаанаас ч олж болно. Мөнгөөр худалдаад авч болно. Харин бидний алдаад байгаа зүйлс дахиж мөнгөөр олж авч чадахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. 

- Тэр үнэт зүйлсээ бид хаанаас олж авах вэ?
- Гол асуудал нь лидер хүний нийгмийн үүрэг үнэт зүйлийг өөртөө тээж олон түмэнд харуулж явах ёстой. 

Шударга байна гэдэг нь юуг хэлдэг вэ, Монгол Улсын эрх ашгийг хамгаална гэдэг нь юу гэсэн үг юм гэдгийг лидерүүдээс харж явдаг. 

Хүн аливаа зүйлийг ном уншиж ойлгохоосоо илүү өөрийнхөө манлайлагчийг харж тэдгээр үнэт зүйлсийг олж хардаг. Өөрөөр хэлбэл, лидер гэдэг нь бидний луужин. Гэтэл лидер нь тэдгээр үнэт зүйлсийг тээхгүй бол нийгэм төөрөгдөлд орчихдог. 

Манлайлагчдаас ёс суртахуун шаардаад байдаг утга нь энэ юм. 

Улс орны үнэт зүйлийн тогтолцоо, түүнийгээ дагасан институт байхгүй байгаа юм. Үүнийг гадныхан юу гэдэг вэ гэхээр манлайлал дутна гэж хэлдэг. Монголын өнөөдрийн хамгийн том асуудал манлайлал, засаглал. 

Бид одоогийн байгаа байдлаа 30 жил судаллаа, туршлаа. Асуулт нь бид цаашид энэ зарчмаараа явж болохгүй болчихсон л гэсэн үг. 

Би УИХ-д сууж байхдаа ч ярьж л байсан. Өнгөрсөн хугацаанд улстөрчид улстөрийн асуудлаа л шийдсэн. Хоёр, гурван нам байгуулсан, сонгууль явуулсан. Ингээд бусад бүх зүйлийг хаясан. Бид бүгдээрээ л үүнийг мэдэж байгаа. Залуучуудын, хүүхдүүдийн, эмэгтэйчүүдийн байгууллага нь өнөөдөр ямар байдалтай байгаа юм.  Өөрөөр хэлбэл бид нийгмийн институтүүдээ хийгээгүй. 

Үндсэн хуулиа өөрчилнө гэж хэлээд байгаа юм. Үндсэн хуулиас илүү энэ нийгмийн институтээ иргэд өөрсдөө буюу гурван саяулаа нийлээд байгуулах ёстой болж байна.  

- Өнөөдөр болон ирээдүйд болох олон чухал өөрчлөлтийн талаар маш сонирхолтой мэдээллүүд өдөр тутам гарсаар байна. Дани улс дэлхийд анх удаа “Дижитал ертөнцөд суух” Элчин сайдтай болно гэдгээ зарласан. Технологийн томоохон компаниудыг бүхэл бүтэн улс үндэстэн гэж үзэж болохоор болоод байгаа. Харин Монгол энэ дунд юу бодож суух ёстой вэ?
- Сингапурын Ерөнхий сайд Ли Куан Югаас Сингапурыг өөрчлөхөд хамгийн хэцүү зүйл юу байсан бэ гэж асуусан байдаг. Тэгэхэд тэрбээр “Би хүмүүсээ хөгжингүй орны хүмүүс шиг сэтгэдэг болгох л хамгийн хэцүү байсан” гэдэг. 

Өнөөдөр Монголчууд бид бүгдээрээ улаан паспорттой. Дэлхийн хаагуур ч чөлөөтэй явж байна. Англи хэлтэй хүн олон. Дэлхийн түвшний боловсролыг олон хүн авсан. Мэдээлэл хаанаас ч авч болно. Тэгсэн хэрнээ бидний ярьж байгаа бүх зовлон Монголынх байдаг. 

Үүнтэй холбоотой нэг гоё жишээ хэлье.

... Израйль залуучууд хэлэхдээ дэлхийн хамгийн их мөнгөтэй, баян газар ирчихээд мөнгө олж чадахгүй бол яаж бизнес хийх юм гэж хэлж байсан. Яагаад гэвэл Бээжин өнөөдөр дэлхийн хамгийн их саятнууд амьдардаг хот. Нью-Йоркоос том. 

Одоо харж байгаа биз. Тэр залуучууд ямар ч саадгүй сэтгэж байна. Тэгвэл бид яагаад монгол дотроо сэтгээд байгаа юм. Монголоос гарахыгаа асуудал гэж бодоод байгаа юм. 

Дижитал ертөнц яагаад ийм ер бусын хурдтайгаар тархаж байна вэ гэхээр нээлттэй ертөнцийг улам нээлттэй болгож дээрээс нь хүмүүсийг өөр хооронд нь холбож өгч байна.

Бидэнд бүх боломж байгаа мөртлөө сэтгэлгээний хувьд хаалттай хэвээр байгаад байна.

Тийм учраас Монголчууд сэтгэлгээгээ өөрчлөхгүй л бол технологи ч тус болж чадахгүй. Фэйсбүүк байсан ч гэсэн хоорондоо хэрэлдээд л дуусна. 

"Асуудал технологидоо биш, тэр байтугай мөнгөндөө ч биш. Төмөр зам, онгоцондоо ч биш. Асуудал нь бид өөрсдөө яг хэвэндээ байгаад буйд байна"

Өөрөөр хэлбэл, асуудал технологидоо биш, тэр байтугай мөнгөндөө ч биш. Төмөр зам, онгоцондоо ч биш. Асуудал нь бид нар яг хэвэндээ л байгаад буйд л байна.  Тэгэхээр Ли Куан Югийн хэлээд байгаагаар хүмүүсийн энэ баригдмал сэтгэлгээг өөрчилчихвөл яг өнөөдөр бид Туулын хөндийд хэрэлдээд сууж байх шаардлагагүй.

Банкууд хүүгээ нэмээд миний бизнесийг хаагаад, боогоод байна гээд л суугаад байх хэрэггүй. Бээжин, Нью-Йорк яв л даа.

Би сая хоёр сарын хугацаатай гадаад руу аялал жуулчлалаар яваад ирлээ.

Ингэхэд, Зүүн Өмнөд Азийн орнуудаар хос хосоороо мотоцикл уначихсан европ залуучуудтай зөндөө таарлаа. 

Таван долларын буудалд хоноод Азийн бүх орноор аялаад явж байсан. Уулзаад цай уугаад суухаар нэг жилийн хугацаатай ажлаасаа чөлөө авчихсан маш олон орноор ингээд аялал хийгээд явж байгаа тухайгаа ярьдаг. Тэдгээр залуу өөрсдийгөө энэ ертөнцөд амьдрахад сургаж байна.

Энэтхэг, Япон, Пакистан, Солонгост байсан гэж байгаа юм. Дандаа том том их, дээд сургууль төгссөн залуус. Тэгсэн хэрнээ нэг жилийн аялалдаа маш онцгой ач холбогдол өгч байгаа юм. Яагаад гэвэл тэд сэтгэлгээний барьераа задалж байна. Хятадад зургаан сар амьдарсан  гээд нэг залуу ярьж байгаа юм. Хятадын гааль, бизнес, банкийг мэддэг болох нь тэр залууд чухал ч яг хятад хүний амьдрал, тосгон, хөдөө энэ бүгдийг мэдчихвэл бусдыг нь мэдэж болно гэж ярих жишээтэй. 

Тэгэхээр Монгол Улсын хувьд тэр хөгжингүй орнуудыг бодвол хөгжлийн хувьд хоцорчихсон учраас зөвхөн технологиор манай асуудлыг шийдэж болохгүй.

Би интернэтийг 20 гаруй жилийн өмнө оруулж ирээд өнөөдөр нэг зүйлийг ойлгож байна. Хүн болгонд интернэт өгчихөөр болох юм гэж би итгэдэг байсан. Яг өнөөдөр эргээд харахаар болдоггүй юм билээ. 

Наад зах нь гэхэд контент байхгүй. Цаад зах нь гэхэд нэг монгол багш америк, германы багш нартай харьцаж мэдэхгүй, тэнд байгаа номыг ашиглаж мэдэхгүй. Энэ бол зөвхөн хэлний асуудал биш. Ерөөсөө бусад хүнтэй  хамтарч ажиллаж мэдэхгүй. Networking буюу сүлжээний соёл гэдэг зүйлийг мэдэхгүй. Өөрөөр хэлбэл тэрэнд оролцож мэдэхгүй байна. 

Гэхдээ энэ нь тэр хүний буруу биш. Зүгээр л миний хэлэх гээд байгаа санаа бол энэ бүх үйл явцыг эхлүүлэх хэрэгтэй байгаа юм. 

Хөгжингүй орнууд энэ бүх өөрчлөлтөд орох 10 алхмыг хийж байна. Жишээ нь тэрний нэг нь Дани. Тэгвэл Монгол 10 биш ядаж өөрсдийн нэг алхмыг хийх ёстой. Тэр өөрийн алхам нь юу байх вэ гэхээр сэтгэлгээгээ яаж задлах вэ. Үүнээс эхлэх ёстой. 

- Та нийгмийн институтээ одоо иргэд өөрсдөө буюу гурван саяулаа нийлээд байгуулах ёстой гэсэн. Ингэхийн тулд ч бас манлайлал хэрэгтэй. Тийм үү?
- Монголд өнөөдөр чиглэл чиглэлд манлайлагч нар төрөх ёстой. Үүнийг төрүүлэх ёстой. 

Жишээ нь, твиттер дээр төрж гарч ирж байгаа баатруудыг өнөөдөр шийтгэх тухай биш тэдний манлайллын хүчийг нь ашиглах ёстой. 

Сингапурын нэг хөөрхөн жишээ байдаг. Сингапурчууд англи хэлээр маш муухай ярьдаг. Тэрийг нь Синглиш гэдэг. Синглиш хэлээр ярьдаг нэг баатрын тухай кино Сингапурт гараад  хүүхдүүд түүнийг нь дуурайгаад бүгд тэгж ярьдаг давалгаа их хүчтэй явсан юм билээ. Тэгсэн  Сингапурын Ерөнхий сайд тэр киноны багийн хүмүүсийг дуудаж уулзаад танай кино их гоё алдартай, сайн кино. Гэхдээ сөрөг нөлөө үзүүлээд байна. Сингапур улс маш цэвэрхэн аялгатайгаар англи хэлээр ярьж сурах зорилготой байгаагаа танилцуулсан. Тэгсэн тэр киноны үлдсэн 40, 50 анги нөгөө баатрыгаа маш гоё цэвэр англи хэл сурч байгаагаар гаргаад, амьдрал нь сайхан болсон тухай өгүүлээд дуусдаг байна. 

Энэ бол бидний хийж чадах амбассадор гэдэг энэ юм. 

Хятадууд ч гэсэн яг үүнийг хийж байна. Хятадад нэг залуу англи хэл хувиараа заагаад бужигнуулаад л байж. Онлайнаар хичээлээ заагаад хүмүүст сертификат өгөөд баллаж өгсөн байгаа юм. Хэчнээн хууль бус зүйл хийсэн ч Хятадууд тэр хүнийг зогсоогоогүйгээр барахгүй зээл өгөөд англи хэлийг орон даяар сургадаг хөдөлгөөн болгочихсон. 

Тэгэхээр байгалиасаа төрж байгаа лидерүүдэд бодлого, стратегийг нь нэмж өгөх хэрэгтэй. Яагаад гэвэл байгалиасаа төрж байгаа лидер угаасаа ховор, үндэсний баялаг юм.

Миний хэлэх гэсэн санаа бол бүх өөрчлөлт бол хүний хүчин зүйлээр явдаг. 

Тэгэхээр өнөөдрийн Монголын бас нэг буруу сэтгэлгээ бол улсыг дарга нар авч явна гэж бодоод байдаг. Үгүй. Тэр байтугай дарга хэчнээн ухаантай байгаад ч чадахгүй. 

Монголын бас нэг буруу сэтгэлгээ бол улсыг дарга нар авч явна гэж бодоод байдаг. Үгүй. Тэр байтугай дарга хэчнээн ухаантай байгаад ч чадахгүй. 

Хүний юмыг хүн хийдэггүй л байхгүй юу. 

Энэ хоёр намыг сольж тавиад бид бүх боломжоор нь харлаа. Болдоггүй юм байна гэдгийг нь харлаа. 

Тэгэхээр одоо Монголд өөр нөөц байгаа. Юу гэвэл гурван сая хүн. 

Хөгжлийн дараагийн үеийг эхлүүлэх хэрэгтэй. 

- Дарга солигдоод юу ч өөрчлөгдөхгүй. Систем нь л өөрчлөгдөхгүй бол юу ч нэмэргүй гэж та нэгэн илтгэлийнхээ үеэр хэлж байсан. Гэхдээ тэр зөв системийг уг нь дарга нар хийх ёстой юм шиг?
- Аливаа зүйл цасан бөмбөг шиг томордог. Жишээ нь, Фэйсбүүк анх маш хөгийн зүйл байсан. Харвардын эхний 1,000 оюутан ороод сайжруулалт хийгдсэн, дараагийн 1,000 хүн орж ирээд л сайжруулалт хийгээд л байсан. Яг үнэндээ Зукерберг Фэйсбүүкийн бизнесийн институтыг нь хийсэн болохоос биш энэ сүлжээнд маш олон хүн оролцож, ажиллаж, саналаа өгч буюу нийгмийн сүлжээ өөрөө өөрийгөө байгуулж ирсэн жишээ.

Цасан бөмбөг шиг хамтдаа хөгжиж ирсэн байх нь. Зукербергийн гавьяа бол энэ үйл явцыг авч явж байгаа юм.  Ингэхдээ орчин үеийн технологийн давуу талыг ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, энэ үйл явц, давуу тал хоёрыг уяж явж байгаа байхгүй юу. 

Яг үүнтэй адилхан Монголд өнөөдөр нэг ухаантай хүн гарч ирээд системийг байшингийн зураг шиг зураад хийнэ гэж байхгүй. Хэн нэгэн, хэсэг бүлэг хүн анхны жижигхэн алхмыг хийнэ. Тэгээд магадгүй шүүмжлүүлнэ. Тэгээд цаашаа сайжраад явна. 

Ардчилал өндөр хөгжсөн газар өөрчлөлт доороосоо эхлээд явдаг. 

Гэтэл өнөөдрийн бидний сэтгэхүйгээр буюу Монгол, Хятад, Орос шиг орнуудад өөрчлөлт дээрээсээ явдаг. Тэгэхээр манайханд өөрчлөлт дээрээсээ явах ёстой гэсэн хүлээлт байгаад байна. 

Харамсалтай нь энэ хүлээлт их удаад шийдэгдэхгүй бол хямрал, хувьсгал гардаг. Өөрөөр хэлбэл нийгмийн хэрэгцээг удирдлага нь хангаж чадахгүй бол хувьсгал гардаг. Тэр рүү л явахгүй байх хэрэгтэй. Ухаантай удирдагчид бол хувьсгал гаргадаггүй юм. 

- Баабар гуай “Бид нар “үхэж” дууссаны дараа Монгол хөгжинө” гэсэн байдаг. Үүнтэй та санал нийлэхүү?
- Би үүнтэй санал нийлдэггүй. Яагаад гэхээр шинэ үе хуучин үеийнхээ гүнд нь төрдөг юм. 

Шинэ үе яагаад өөр байдаг вэ гэвэл тэд ядахдаа хуучин үеийнхээ алдааг нь мэддэг. Миний ойлгож байгаагаар шинэ үе гэж тусдаа зүйл байдаггүй. Шинэ үе гэдэг бол алдах ёстойгоо бүгдийг нь алдаад шинээр явахаас өөр аргагүй болчихсон хүмүүсийг хэлдэг. Түүнээс гаднаас жуулчин шиг нэг хүн ирээд бүгдийг өөрчилнө гэж байхгүй. 

Зүгээр л бид ухаарах хэрэгтэй.

- Ширчингийн Баатар гуайн нэг ярилцлагыг үзэж байхад Монголчуудын нэг үе алдагдсан тухай санааг хэлж байв. Яг үнэхээр 50,60-аад оныхон маань 90 оны хувьсгалаар хэсэг нь ажилгүй болсон, хэсэг нь архичин болсон, хэсэг нь наймаачин болж, хэсэг нь мэргэжлээ сольсон, зарим нь гадаадад гарсан. Ингээд өнөөдөр Монголын аль ч байгууллагад очиход дандаа залуучууд. Алдагдсан үе байгааг та анзаардаг уу?
- Би чам шиг байхдаа яг л ингэж боддог байсан. Харин одоо тэгж боддоггүй. Үе гэж  яг юуг хэлээд байна вэ. Яг үнэндээ энэ бол нас биш юм. Залуу, хөгшний ч яриа биш. Энэ бол яг үнэндээ соёлын тухай яриа. 

Өөрөөр хэлбэл, lifestyle буюу амьдрах соёл өөрчлөгдөж байгаа.

Өнөөдөр даргын цүнх барьсан залуус их байна гэж бид ярьдаг даа. Тэд бол нас нь залуу боловч хуучин үеийнхэн юм.

Өнөөдөр даргын цүнх барьсан залуус их байна гэж бид ярьдаг даа. Тэд бол нас нь залуу боловч хуучин үеийнхэн юм. Тиймээс нас бол дараагийн асуудал. Хоёрдугаарт солигддог зүйл бол нийгмийн үнэт зүйл. 

Жишээ нь, яагаад тэр хэсэг үеийг алдагдсан гэж ярьж байна вэ. Нийгмийг бүтнээр нь харвал тэдний явж байсан луужин нь эргэчихсэн. Итгэж үнэмшиж байшингаа барьж байсан багана, тулгуур нь бүгд биш болж таарсан. Ингээд олон нийт нь луужингүй болчихсон. Би 60 хүрээд тэтгэвэрт гарна гэж бодож байсан хүнийг 45 настайд нь ажлаас нь хөөгөөд гаргачихсан. Товчоор хэлбэл бүх алсын хараа нурсан. Хүмүүс паникт орсон. Нэг бодлын ийм зүйлтэй тулгарсан хүмүүст энэ нь гашуун байсан. Гэхдээ нөгөө талаас энэ бол байгалийн хууль. 

Одоо хавар болж байна. Өвс ч байхгүй, цас ч байхгүй. Хув хуурай. Улирал солигдож байгаа л нэг үйл явц. 

Өөрчлөлт болсон нь бодит үнэн. Гэхдээ хэчнээн үнэн байлаа гээд өнөөдөр бид цаашаа явах, өөрөөр сэтгэх, өөрөөр ажиллах бололцоог ерөөсөө хаагаагүй. 

Германд дайн болсон, Япон дайнд ялагдсан гээд тэд түмэн зовлон тоочиж болно. 

Тэгэхээр миний санаа бол нэг бүтэн үе алдагдсан, Улаанбаатар бохирлогдсон зэрэг өнөөдөр бидний ярьж байгаа зовлон бол зүгээр л шалтаг. Бид хоёрын ярьж эхэлсэн өмнө хүлээж байгаа шинэ зүйлсийг хийхэд энэ бүгдийн аль нь ч тэрийг хийхгүй байх шалтгаан болохгүй. 

Байгалийн хуулиар өөрчлөгдөж байгаа зүйлс нь бодит зүйл. Гэхдээ бид дараагийнхаа зүйл рүү явах ёстой.  Яг үнэндээ зовлон яривал хамгийн бага зовлонтой нь Монголчууд шүү

Бид ардчилалтай, ийм том нутагтай, дэлхийн хамгийн том зах зээлийн нэг Хятадтай хил залгаа, энхтайвантай, ДОХГҮЙ, байгалийн баялагтай. Гэтэл хүмүүс нь тэгээд яагаад ядуу байдаг юм бэ гэж асуудаг. Харин ээ, харин ...

- Энэ бүгдийг харахаар Монгол урагшлаад байна уу, ухраад байна уу. Хэдий том гоё байшингууд баригдаад байгаа ч хүн нь өөрчлөгдөхгүй байгааг та хэллээ. 
- Бид маш хурдтай урагшилж байна. Зүгээр л бид маш их бололцоогоо алдаад байна. Хүмүүсийн сайн ойлгодог жишээг ярья.

Бид бонд гаргаж маш их мөнгө авч байна. Гэтэл таван жил тэр мөнгийг зүгээр л алдчихаж байгаа юм. Мөнгөө алдах нь битгий хэл тэрийгээ дараагийн 10 жилийн асуудал болгочихож байгаа юм. Үүнийгээ дагаад баахан хүн шорон явна. Нийгэм нь баахан бужигнана. Өөрөөр хэлбэл хоолоо шингээж чадахгүй хордож байгаа хэлбэр юм. 

- Анхнаасаа төлөвлөгөө байгаагүйн л гай байхдаа?
- Миний анх хэлсэн үнэт зүйлээ алдчихсан. Жирийн иргэд төдийгүй хамгийн аюултай нь улстөрчид, манлайлагчид үнэт зүйлээ алдчихаар бид ийм байдалд ороод байна. Өнөөдрийн улстөрчдийн тэн хагас нь  ирээдүйдээ итгэхгүй байгаа. Тэдний тэн хагас нь албан тушаалаасаа буувал шорон явна гэж бодож байгаа. Юун ирээдүй. Амь тэмцэж байгаа хүмүүс шүү дээ. 

Зураг

ХОЁР. БОЛОВСРОЛ БА ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ

 

- Хөгжлийн дараагийн үе шатыг хийх ёстой гурван сая монголын боловсролын талаар ярилцая. Бүх хөгжил хүний хүчин зүйлээр өөрчлөгдөх боломжтойг та хэлсэн. Мөн тэдний сэтгэлгээг ч өөрчлөх ёстой талаар тодорхой ярилаа. Одоо тэгвэл яаж вэ?
- Монголд Жэк Магийн номыг орчуулчихсаныг манайхан их хошуурч уншицгааж байх шиг байна.  Тэр ном хувь хүний хүсэл эрмэлзлийг бадраах л ач холбогдолтой. Түүнээс бизнес утгаараа ямар ч ач холбогдолгүй.  Зүйрлэж хэлбэл, Берлиний автомашины үзэсгэлэнд хагас сая долларын шинэ Феррари танилцуулжээ гэсэн мэдээллийг уншиж байгаа хоёр яг адилхан. 

Юу гэхээр мэдлэгийг гурав хуваадаг юм. 

Нэгдүгээрт, knowing буюу мэдэх үйл явц. Өнөөдөр энэ тэндхийн хурал цуглаанд очихоор залуус маань америк ном уншаад, америк график тавиад АйБиЭм зэрэг дэлхийн том компанийн жишээ татаад яриад байдаг. Энэ бол мэдлэг. Өөрөөр хэлбэл их сургуульд сурчихсан, уншчихсан зүйл. Хүн өөрийнхөө уншчихсан зүйлийг яриад байгаа хэлбэр юм. Үүнийг танин мэдэх/knowing гэж хэлдэг. 

Хоёр дахь түвшин нь юу гэхээр understanding/ойлгох. Ийм түвшний хүн америкийн графикийг харчихаад, Майкрософт, АйБиЭмийн тайланг уншчихаад Монголын “Алтан Тариа”, MCS-ийг ч бас хараад Монголын зургийг зурдаг хүн байхгүй юу. Энэ хүн бол америкийг уншиж мэдлэг аваад монголтойгоо харьцуулаад монголынхоо зургийг зурж байгаа хоёр дахь шатлал юм. 

Хамгийн дээд түвшин бол, living буюу амьдрах. Чи анзаарч харвал, мундаг лидерүүд хэзээ ч өөрийн уншсан зүйлээ ярьдаггүй, өөрийгөө л ярьдаг. Өөрийнхөө өдөр тутам хийдэг зүйлээ л ярьдаг. Жишээ нь, Билл Гейтс уншсан номоо бид нарт ярих нэг их сонин биш. Билл Гейтс зөвхөн өөрийнхөө өдөр тутам хийдэг зүйлээ л ярьдаг. Яагаад гэвэл тэр хүн living байхгүй юу. 

- Тэгвэл боловсролын систем хэнд хэрэгтэй вэ?
- Яагаад багш хэрэгтэй, яагаад дасгалжуулагч хэрэгтэй вэ. Тэд хүнийг knowing –ээс understanding рүү шилжүүлдэг. 

Чи америкийн бизнесийн түүхийг уншчихсан юм байна. Тэгвэл одоо монголын 10 компаниар яваад бичээд ир. Энэ бол хүүхдийг understanding болгож байна гэсэн үг. 

- Монголд тэгвэл яг энэ хэсгийг нь огт хийлгэдэггүй. Хийлгэдэг ч маш бага хийлгэдэг. Зөвүү?
- Монгол бол fact based (баримтад суурилсан) сургалттай. Хүүхдийг зүгээр л цээжлүүлдэг. Undertanding гэдэг рүү ордоггүй. 

Living буюу гуравдугаар шатыг ч уг нь сургуульд сургаж болно. Үүний Creative (бүтээлч), Critical thinking (шүүмжлэлт сэтгэлгээ) аргууд байдаг. Шекспирийн “Отелло”-г хүүхэд уншлаа. Адилхан жүжиг уншаад яриад, ойлгосноо бичээд understanding хийж болно. Хамгийн сүүлд нь Отеллод өөрөө тоглож байна. 

Товчоор хэлбэл, орчин үеийн боловсролын систем understanding, living хоёрыг бүрэн өгөхгүй ч гэсэн тэрний арга зүйг нь өгч байгаа юм.  

- Гадны сургуулиуд сурагчид, оюутнуудыг өдөр тутам эссэ бичүүлж, байнга л жүжиг тоглуулж байдгийг манайхан хэрэгтэй ч юм уу, хэрэггүй ч юм уу гэж гайхдаг шүү дээ. 
- 100 жилийн өмнөх сонгуулийн түүхийг уншаад өнөөдрийн сонгуультай харьцуулаад бичээтэх гээд байдаг нь хүүхдэд understanding хийх боломжийг өгч байдаг.

Understanding, living хоёр маань хүн өөрөө идэвхтэй байж сурдаг сургалтын арга барил. Багш зөвхөн замын тэмдэг шиг чиглэлийг нь зааж өгдөг. Хамгийн эхний knowing бол идэвхгүй хэлбэр буюу багш яриад л байна. Сурагч сонссоноо л буцаад ярьдаг. 

Хамгийн энгийн жишээ хэлье. 

200 жилийн өмнө манай одоогийн боловсролын систем үүсэхэд бүх зүйл удаан байсан. Хүн зөвхөн уншчихсан байхад л ер нь болдог байж. Харин одоо бол асуудал шийдэх хязгааргүй олон сонголттой. Тэр нь гурван жил тутам солигдоод, бужигнаад байдаг. Бид бүгдийг цээжлээд (knowing) явах боломжгүй болсон. Миний мэдсэн зүйл зүгээр л нэг жишээ болчихож байгаа юм. 

Өнөөдөр хүн амьдралдаа гурван удаа мэргэжлээ, 10 удаа ажлаа сольж байна. Энэ үед таван жил сурсан сургуулийн мэдлэг утгагүй болж байгаа юм. Чи сургуулиас зөвхөн fact (баримт, мэдээлэл)сурсан бол тэр бүр ямар ч хэрэггүй. Сурах бичиг боловсруулагдаад гарчихсан гэдэг бол түүн доторх агуулга хуучирсан мэдээлэл гэсэн үг. 

Чи сургуулиас арга барилыг эзэмшсэн бол болж байгаа юм. Сургуульд сурах чинь фитнессийн төхөөрөмж болохоос жинхэнэ олимп нь биш юм.

Сургууль бол фитнесс л юм гэдгийг ойлгох хэрэгтэй. 

Манай боловсролын систем өмнөх 200 жил байсан тогтолцоогоор яваад байна гэсэн үг. 

200 жилийн өмнө энэ дэлхийд ажилчин хүн илүү их хэрэгтэй байж.​ Номертой сургуульд, номертой ангиудад, адилхан хувцастай, адилхан ном уншчихсан 10 мянгаараа гардаг ажилчин хэрэгтэй байсан. Харин бид өнөөдөр энэ системээрээ явж байна. 

200 жилийн өмнө энэ дэлхийд ажилчин хүн илүү их хэрэгтэй байж. Номертой сургуульд, номертой ангиудад, адилхан хувцастай, адилхан ном уншчихсан 10 мянгаараа гардаг ажилчин хэрэгтэй байсан. Харин бид өнөөдөр энэ системээрээ явж байна. 

Тийм ч учраас хувийн компаниуд их сургууль төгсчихсөн хүмүүсээс ажилчин шалгаруулж авах гэхээр олдохгүй болчихоод байгаа юм. 

Орчин үеийн боловсролын систем бол хүн болгон өөр мэргэжилтэй, өөр авьяастай, өөр зорилготой, бие даасан хүмүүс өөрийгөө хэрхэн авч явахыг нь л сургаж байна. Тэгэхээр сургууль гэдэг бол өнөөдөр хүнийг сургадаг биш, хүн өөрийгөө сургахад нь дасгалжуулдаг газар болсон. 

- Understanding/ойлгох, тунгаах үйл явцыг та жишээ нь өөртөө яаж хийдэг вэ?
- Understanding гэдэг зүйл рүү хүн өгч байж ордог юм байна. Бичиж, яриа хийж, хичээл зааж. Буддын сургаальд ч байдаг. Чи буддын сургаалийг ойлгоё гэвэл бусдад ярь гэж байгаа юм.Түүнээс ганцаараа уншаад бол ойлгохгүй. 

Яг үүнтэй адилхан ямар ч мэдлэгийг бусдад заахдаа тухайн хүн өөрөө ойлгодог. 

Харж байгаа биз. Бүх зүйл өгөх замаар явдаг. Тэгэхээр knowing бол авах ухаан. Understanding бол өгөх ухаан. 

Бизнес гэдэг бол өгөх ухаан юм байна.

Мөн бизнесийн ухаанд understanding-ийг ингэж тайлбарлаж болно. 

Олон жил ном уншаад байхад юу ойлгосон бэ гэхээр бизнес гэдэг бол өгөх ухаан юм байна. 

Авах биш. Билл Гейтс яагаад өнөөдөр тэрбумтан болж чадсан бэ. Яагаад гэвэл Билл Гейтс өнөөдөр тэрбум хүнд Windows –ийг өгч байгаа. Өгөх өгөхдөө 1,000 долларын зүйлийг 70 доллараар өгчихөж байгаа юм. Тийм ч болохоор би баярлаад 70 доллараа өгчихөж байгаа юм. Өөрөөр хэлбэл Билл Гейтс өнөөдөр биднээс авч байгаа 70 доллараасаа арав дахин илүү зүйлийг өгч байгаа. 

- Бид нар авах дээрээ гацчихсан юм байна. Мөн үү?
- Бид нар өгөхөө мэддэггүй. Өгч байж авдаг гэдгээ ойлгоогүй. 

Хүнийг ядуу байхыг нүгэл гэдэг. Яагаад гэхээр өгдөггүй хүн ядуу байдаг. Өөртөө ч юу ч өгдөггүй гэсэн үг. Судлаад хараад байхад дэлхийн том баячууд маш их үнэ цэнийг бусдад өгч байна. Тэд нарын бүх бизнес өгөхөд чиглэж байна. 

Яагаад Стив Жобс, Билл Гейтс өнөөдөр ийм хэмжээнд хүрчихэв гэвэл тэд бусдад гайхамшгийг өгье гэж зорьсонд байгаа юм. Түүнээс өөрөө л гоё машинтай болъё гэж бодсон бол өнөөдрийн хэмжээнд хүрэхгүй. 

Монголчуудын хамгийн том асуудал бол сэтгэлгээний хаалттай байдал гэж түрүүн ярьсан. Ерөөсөө хүн төрөлхтөн өгсөн нь хөгждөг юм. Авсан нь биш. 

Монголын гурван сая хүн дэлхийн зах зээл дээр юу өгч чадах нь л сонин. Авах нь сонин биш. Бусдаас юу үнэгүй олж ирэх нь бидний хэлэлцэх зүйл биш юм. Гэтэл өнөөдрийн бидний гол хэлэлцүүлэг бусдаас яаж үнэгүй юм авах вэ гэдгээ л ярьж байна. Бид эсрэгээр нь сэтгээд байна. 

- Их гоё тайлбар байна. 
- Living бол энэ бүх мэдлэг чиний амьдралын чинь загвар, зуршил болохыг хэлнэ. Дэлхийн бүх том бизнесүүдийн бизнес төлөвлөгөөг аваад харвал дандаа өгөх тухай. Гэхдээ тэрийг өгөх зорилгоор биш угаасаа арга барил нь тэр талдаа хөгжчихсөн байдаг. 

Өгөх ухаанаар бодоод эхэлбэл үүнийг дагаад их сонин өөрчлөлтүүд явагддаг. Юу гэхээр өгч байгаа хүн дандаа жаргалтай байдаг. 

Хүмүүс асуудаг. Би яаж жаргалтай байх вэ гэж. Жаргал гэдгийг өөрөө юм авна гэж бодоод байдаг. Сайхан үнэтэй байшинтай болчихъё ч гэдэг юм уу. Магадгүй тодорхой цагт түүнийгээ авчихдаг. Тэгсэн хэрнээ нэг л биш.. 

Чи бага ч гэсэн өгч байвал яваандаа түүндээ суралцдаг. Бусдад өгөх тэр мэдрэмжийг аваад яаж жаргалтай амьдрахаа ойлгочихоор тэр хүн бусдад туслаад л явдаг.

Миний хувьд understanding –ийг яаж хийсэн бэ гэхээр бусдад багшилж хийсэн. Бас ярьдаг, уулздаг, бичдэг. Товчоор хэлбэл хэлж ойлго.

- Оюуны түвшинд ингэж ойлгох нь байна. Тийм үү. “Өглөөний хүн” булангийн хоёрдугаар сарын зочин Ч.Ганжавхлан энэ талаар бас маш прагматик үг хэлсэн нь “Биднээс бэлэг авсан хүмүүс олон жилийн турш яг хэвээрээ л байсан. Харин тэр бэлгийг өгдөг олон залууд  зөвхөн сэтгэлгээний хувьд гэхэд маш их өөрчлөлт гарсан” тухай ярьж байлаа. 
- Тийм. Эндээс нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Чи бусдад ганцхан өгөөд байгаа хэрэг биш. Чамд ирж байгаа баялаг чамаар дамжиж урсаж байгаа байхгүй юу. 

Өөрөөр хэлбэл, чи баян болсон гэдэг чинь хаа нэг газраас тэр чинь ирсэн байгаа юм. Чи тэрийг дамжуулаад өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл чи тэрийг урсгаж байгаа юм. Энгийн үгээр хэлбэл, чи дараагийн юм ирэх бололцоог хангаж байгаа юм. 

Бүх зүйл хөгжиж ургахын тулд урсгал усны горимд орох хэрэгтэй. 

Нэг киноны хэсэгт лам аяганд цай байсан чинь дээрээс нь нэмээд цай хийгээд л байдаг. Цай нь халиад асгараад байгааг шавь нь харчихаад  “Багшаа та яаж байгаа юм бэ” гэж асуусан чинь “Шинээр цай хийхийн тулд хуучнаа суллах хэрэгтэй” шүү дээ гэдэг. Яг үүн шиг бүх зүйл хөгжиж ургахын тулд урсгал усны горимд орох хэрэгтэй. 

Мөнгө төгрөг, баялаг, эрдэм мэдлэг бүх зүйл урсгал. Зарим нь эрдмийг, зарим нь баялгийг урсгаж сурсан байх ёстой. Үүнийг чадвар гэдэг. Үүнийг боловсрол гэдэг. 

Асуулт бол чи мэдсэн үү биш чи чадсан уу гэдэгт л байгаа юм.

Америкт нэг сонирхолтой судалгаа хийсэн байдаг. Сугалаагаар мөнгө хожсон 200 хүний амьдралыг судалсан байдаг. Хамгийн сонирхолтой нь энэ 200 хүн ерөөсөө сайхан амьдраагүй төдийгүй ихэнхийнх нь амьдрал сугалаа хожихоосоо өмнөх үеэсээ ч дордсон байдаг. 

Яасан гэхээр нэг нөхөр 5 сая доллар хожсон байгаа юм. Тэгсэн баахан зээлийн түүхүүд сөхөгдөөд насаараа шүүхээр явсаар байгаад таарсан. Нэг нь амиа хорлож үхсэн байх жишээтэй. Энэ бол цэвэр шинжлэх ухааны судалгаа. 

Төгсгөлд нь нэг л дүгнэлт байсан. Тэр нь мөнгө бол хүний амьдралыг өөрчилж чадахгүй. 

Яг монголтой адилхан. Өнгөрсөн 10 жилийн түүхийг харвал Монголын асуудал мөнгө биш юм байна гэдгийг бид харлаа. Өөрөөр хэлбэл мөнгө байсан уу. Байсан. Тэгээд сайжирсан уу. Үгүй. 

Тэгэхээр мөнгөнөөс арай өөр асуудал байна аа даа, бидэнд. 

- Understanding/ойлгох/өгөх арга барилыг бид суурь боловсролдоо яаж суулгах вэ. Уг нь энэ систем рүү оръё гэж олон хүн санал дэвшүүлдэг. Хийхэд тийм хэцүү зүйл биш ч гэх нь бий.
- Энийг уг нь хийдэг арга барил, технологи нь тогтчихсон. Жишээ нь, түрүүний collaborative (хамтрах), creative(бүтээлч), critical thinking (шүүмжлэлт сэтгэлгээ) гэдэг гурван арга барил бүх хичээлд байх ёстой. Физик ч үзсэн энэ гурван зүйл байх ёстой. Манай багш нар энэ гурван арга барилыг тусдаа хичээл гэж үзээд байдаг. Математикийг ч, Монгол хэлийг ч энэ гурван арга барилаар зааж болно. Яагаад би энэ гурвыг дурдаж байгаа вэ гэвэл олон сая хүүхдэд туршигдаад, багш нарыг нь бэлддэг технологи аль хэдийнээ бий болчихсон. Энэ бол боловсролын шинэ технологи. 

Ямар ч зүйлийг хийхэд амархан. Ганцхан нийлүүлээд хийхэд хэцүү. Өөрөөр хэлбэл зохион байгуулах. 

Монголчуудын алдаа нь нэг том шийдлээр асуудлыг шийднэ гэж боддог. Үгүй бол огт шийддэггүй. 

Яагаад гэхээр бидний хамгийн гол асуудал нь тогтвортой ажиллаж байх зүйлсээ дөрвөн жил тутамд сольдогт учир байгаа юм. Өөрөөр хэлбэл, улстөр, төрийн алба хоёроо холиод хаячихсандаа учир байгаа юм. Дөрвөн жил болоод л сургууль, судалгаа шинжилгээний байгууллагын даргаа хүртэл сольчихдог. 

Нэгэнт дөрвөн жил тутамд солигдож байгаа хүмүүсээр 20 жилийн ажил хийлгэх боломжгүй. 

Шинжлэх ухаан, технологи, боловсрол, бизнес, эрүүл мэндийг улстөр удирддаггүй гэдгийг ойлгохгүй байна шүү дээ. 

Яг үнэндээ олон жижигхэн зүйлийг Монголчууд хийж чадна. Яг нийлүүлээд хийж чаддаггүй. Энэ бол манай соёлтой ч холбоотой. 

Нэг Монгол хүн нэг япон хүнээс илүү. 10 япон хүн 10 монгол хүнээс илүү гэж үг байдаг даа.

 

Нэг Монгол хүн нэг япон хүнээс илүү. 10 япон хүн 10 монгол хүнээс илүү гэж үг байдаг даа. 

Бид хамтын эрх ашиг, хамтын удирдлага гэдэг зүйлд ерөөсөө сураагүй байхгүй юу. Нэг талаас засаглал муу. Нөгөө талаас үнэхээр бид сураагүй. 

Бид нар технологи гэдгийг ерөөсөө мэдэхгүй. 

Миний өчигдрийн лекцэнд хэлж байсанчлан, дэлхийн хамгийн топ компанийн нэг McDonald’s-ийн ажилчдын 52 хувь нь 21 нас хүрээгүй хүүхдүүд. Одоо бод доо. Дэлхийн хамгийн том компанийг хүүхдүүд ажиллуулж болоод байхад бид нар тэднээс 100 дахин жижиг системийг бүгдээрээ бужигнаад ч чадахгүй байна шүү дээ. Хамгийн ухаантайнуудаа сонгож тавиад ч чадахгүй байна. 

Тэгэхээр бид нар хувь хүн, технологи хоёроо салгаж тавиагүй. Салгаж тавиагүй болохоор захирал нь Их хурлын гишүүн болохоор компани нь дампуурчихдагтай яг адилхан замаар яваад байна. 

Сайн технологитой компани бол ямар ч дунд зэргийн хүнийг авчраад технологийн дагуу сургаад, ажиллуулаад болоод байдаг. 

Боловсрол, бизнес гэдэг хоёр зүйл маань хөгжил гэдэг зүйлийн эд эс нь юм. Яаж хөгжих ёстой вэ гэж асуугаад байдгийн хариулт нь энэ юм. Бид технологийг хийхгүй бол аливаа зүйл дамжихгүй, хуримтлагдахгүй. Үргэлж restart хийсээр байх болно. 

- Төрд залгамж чанар байхгүй байгааг хэлж байна. Мөн бизнест ч энэ залгамж чанар байхгүй байна гэж та хэлж байна уу?
- Булганд очоод хамгийн сайхан айргийг яаж хийдэг юм гэхээр хэн ч мэдэхгүй. Дорж өвгөн хийдэг л гэдэг. Дорж өвгөн дээр нь очихоор үнэхээр сайхан айрагтай. Та яаж хийдэг юм гэхээр. Өө тэгж байгаад л хийчихдэг юм гэнэ. Дорж гуай өнгөрчихвөл дахиад сайхан айраг ууж чадахгүй. 

Гэтэл Францад очвол айл болгон вино хийх өөр технологитой. Түүнийгээ бичээд үе дамжуулан сайжруулдаг. 

Манайд гоё технологийн эзэн үхлээ, дууслаа. Хүү нь тэгээс эхэлдэг. Бид соёлдоо үүнийг суулгаагүй. Яагаад хөгжихгүй байгаагаа гайхаад байдаг. Байгууллага болгон гоц ухаантан хайгаад байдаг. Яг үнэндээ гоц ухаантан бид хайгаад байхад тэнд McDonald’s-ийг хүүхдүүд ажиллуулаад байгааг хар л даа.

Нэг ухаантан л төрөхгүй бол Булган аймаг дахиж сайхан айраг ууж чадахгүй. Гэтэл технологитой хүмүүс бол үе дамждаг. 

Тэгэхээр хөгжил гэдэг бол соёл байх нь. Хэрвээ чи магадгүй анхны технологийг боловсруулсан чинь бүдүүлэг байж болно. Чиний хүүхэд чинь сайныг нь хийнэ. Товчоор хэлбэл, чи хэзээ сайн болохыг хүлээх хэрэггүй. Дамждаг, хөгжүүлдэг систем байгаа цагт бусад нь цаг хугацааны л асуудал.  Системийг уг нь лидерүүд хийдэг юм. 

- “Нээлттэй Мэдлэг Боловсролын Сан”-гийн ажил ямар шатандаа яваа вэ. Таныг шинэ боловсролын системийг монголын хөрсөнд буулгаж байна гэж хүмүүс их таатай хүлээж авсан. 
- Харамсалтай нь энэ төсөл маань эдийн засгийн хямрал гээд зогсчихсон байгаа. 

Миний хувьд яг ийм төслүүд яаж явдгийг харсан, оролцоод явсан туршлагатай. 

Асуулт бол эцсийн зорилго биш ийм үйл явц эхлүүлэх нь чухал. Нээлттэй мэдлэг бол үйл явц. 

Монголын дунд сургуулийн 18 мянган багш нар хэрвээ ийм үйл явцад ороод эхэлбэл, монголын боловсролын асуудал шийдэгдэх нь ойлгомжтой. Яагаад гэвэл энэ үйл явцад таван жил орох уу, 10 жил шаардлагатай юу гэдэг нь дараагийн асуудал. Тэр байтугай монголд хямрал болвол ажил хоёр жилээр сунана. Товчоор хэлбэл, зөв замдаа ороод явчихаж байгаа юм. 

“Нээлттэй Мэдлэг Боловсролын Сан”-гийн зорилго яг тэр Хан Академ, Монгол хэлний төслийн жишээн дээр энэ бүгдийг хийх гэж оролдож байгаа юм. 

Яагаад Хан Академийн хичээлийг сонгосон бэ гэхээр хүмүүст эхэлж санаа өгөхийн тулд түүнийг дуурайж хийсэн. Санаа өгөх төслийг жил хагас хийсэн. Үнэхээр сайн болсон. 

Зураг

ГУРАВ. БИЗНЕС БА ТЕХНОЛОГИ

 
http://olympic.mongolia-properties.com/

- Хиймэл оюун ухаан дэлхийн төгсгөл ч болно. Бас эхлэл ч болно гэдэг. Бизнесийн хувьд энэ технологиос дэлхийн анхны долларын их наядтан төрнө ч гэх юм. 
- Хиймэл оюун ухаан бол үнэхээр их наядтан баян хүнийг үүсгэнэ гэдэг үнэн. Яагаад гэхээр зах зээлийн багтаамж нөлөөлж байгаа юм. Өөрөөр хэлбэл мэргэжлийн хязгаарлалт, улс орноос хамаарахгүй бизнес. 

Жишээ нь, Samsung утасны үнийнх нь 90 хувь нь патент, технологидоо байдаг. Юу гэсэн үг вэ гэхээр Samsung –ийн үнэ цэнийн 90 хувь нь мэдлэг, чадвар, шинжлэх ухаан, патент, лиценз. Хиймэл оюун ухаан хөгжихийн хэрээр материал дахь үнэ цэнэ улам багасна. Өөрөөр хэлбэл, нэг талаасаа хиймэл оюун ухаан бүх зүйлд шингэнэ. Угаалгын машин, индүү ... гэх мэт. Юу гэхээр бүтээгдэхүүний үнэ цэнэ доторх мэдлэгийн хэмжээ улам ихэснэ. Механик үйлдвэрлэлийн үнэ цэнэ бүр багасна. Өөрөөр хэлбэл, Монголчуудын хийж чаддаг, хийхийг зорьдог зүйлс улам бүр ач холбогдолгүй болно. 

Ач холбогдолтой байлаа ч үнэ цэнэ улам бүр багасна гэсэн үг. Тэгэхээр үнэ цэнээ нэмэхийн тулд бид мэдлэг гэдэг зүйл рүү орохоос өөр аргагүй.

Бид Сайншандад Хүнд Үйлдвэрийн Парк барина гэж гүйгээд байх нь зөв үү, буруу юу. Магадгүй ганцхан ширхэг програм хангамжийн нэг бүтээгдэхүүн гэхэд Монголоос их мөнгө олж байна. Өнөөдөр 10 залуу нийлээд хийсэн програм хангамж Монголын эдийн засгаас том мөнгө хийж байна. Яагаад. Яагаад гэвэл дэлхийн мөнгө хаана байна. Бид тэнд л очих хэрэгтэй. Мөнгөгүй газар бид хэчнээн ухаантай байгаад яах юм. Дэлхийн хөдөлмөрийн бүтээмж, мөнгө хаашаа шилжиж байгааг харах ёстой. 

Өнөөдөр бид нүүрсээ ухаж байгаа ч гэсэн 20 жилийн дараа хүүхдүүд маань над шиг нүүрс ухахгүй юм байна гэдгээ ойлгох хэрэгтэй.

Өнөөдөр бид нүүрсээ ухаж байгаа ч гэсэн 20 жилийн дараа хүүхдүүд маань над шиг нүүрс ухахгүй юм байна гэдгээ ойлгох хэрэгтэй. Тийм учраас хиймэл оюун ухаан гэж ярихын тулд бид хамгийн эхлээд боловсролын системээ харах ёстой. 

Хоёрдугаарт, үүний бэлтгэл дэлхий дээр хаана явж байна. Түүнд нь  оролцох хэрэгтэй. 

Магадгүй 100 хувь бид өөрсдөө бүтээгээд мөнгө олдоггүй юм гэхэд түрүүлж хэрэглээд мөнгө олж болно. Гуравдугаарт, түрүүлж хэрэглээд мөнгө олдоггүй юм аа гэхэд түрүүлж хэрэглээд монголынхоо асуудлыг шийдэж болно. Товчоор хэлбэл, бид энэ асуудалд ямар нэгэн стратегитай байх ёстой. 

Хиймэл оюун ухаан гэдэг зүйлээс бид юу ойлгох ёстой вэ гэхээр дэлхийн чиг хандлага үнэ цэнийн хувьд өөрчлөгдөж байгааг харж байна. Хоёр дахь нь, Монгол шиг оронд маш их боломж гарч ирж байгаа. Яагаад гэхээр хиймэл оюун бол наад зах нь газрын хол, ойрыг хамаарахгүй. Магадгүй хиймэл оюун илүү хөгжсөнөөр америкт хамгийн орчин үеийн технологи нь байгаа учраас одоо байгаа зүйлс 20 хувь сайжрах байх. Монгол маш их хоцрогдчихсон учраас 100 хувь сайжрах боломжтой байж магадгүй.

- Хиймэл оюун ухааныг жишээ нь, манай залуус маш их сонирхож судалж байна. Тэгэхэд хамгийн түрүүнд тулгарч байгаа бэрхшээл нь Монгол хэл. Монгол хэл өөрөө инноваци хийгдэж байна уу. Эсвэл Монгол хэлийг орхиод англи хэлээр суурилаад явах нь зөв үү?
- Үгүй л дээ. 

Хэл бол мэдлэг биш. Хүмүүс хэлийг мэдлэгтэй андуурдаг. Англи хэл бол монгол хүний хувьд мэдлэг мөн. Монгол хэл мэдлэг биш. Хэрвээ хүнээс хэлийг нь авчихвал хүний тархи нь ажиллахаа больдог. Өөрөөр хэлбэл хэл бол хүний сэтгэх арга байхгүй юу. Хүн хэлтэй болсноороо амьтнаас ялгаатай болсон. Яагаад гэхээр хэлний баялгаар хүний тархи хэмжигдэж байдаг. Тэгэхээр асуулт бол унаган хэл, гадаад хэл хоёр ялгаатай. Унаган хэл бол хүний сэтгэлгээ. Гадаад хэл бол мэдлэг.  Англи хэлийг унаган хэл болгох уу гэдэг асуулт гарч ирж байгаа. Харахад болмоор ч юм шиг. Гэтэл ахуй бүх зүйлийг тодорхойлж байдаг. Байгаль орчин, цаг уур, амьдрал бүх зүйлсээс хамаараад бид шууд англи хэл хүлээж авах боломжгүй. Тэгвэл яах вэ. 

Чой.Лувсанжав гуайн нэрэмжит Монгол хэлний сургуульд очоод багш нартай ярьж байхад монгол хэлэнд хүнийг маш сайн сургаж байна. Харин нөгөө талд нь англи хэлэнд маш сайн сургаад л байдаг. Уг нь бол хэлний мэргэжилтэн биш бичгийн мэргэжилтэн гэж гарч ирэх ёстой. Тэр нь Монгол хэлэндээ ч маш сайн, англи хэлээр ч “ус, цас” байх ёстой. Бүх мундаг эрдэмтэд дор хаяж хоёр хэлэнд сайн байгаа юм. Яагаад гэвэл англи хэлээр дамжиж бүх шинэ арга зүйг мэднэ. 

1940 онд бид кирил бичиг рүү орсон.  Шилжсэнээс хойш үгний үндсийг жишээ нь Монгол бичиг мэдэхгүй хүн бол олох боломжгүй болчихсон. 

Кирил үсэг чинь гадаад хэл шиг ороод ирсэн. Тэгэхээр кирил үсэгтэй хэл маань баяждаггүй. Шинэ үг үүсдэггүй. Үгний эхээ мэддэггүй. 

Сониролтой жишээнүүд хэлье. Republic гэж үг байгаа юм. Монголчууд үүнийг бүгд-найрамдах гэж орчуулсан. Тэгээд republic гэж үгийн үндсийг латин эхээс нь хайгаад харахаар төлөөллийн ардчилал гэсэн утга илэрхийлдэг. Гурван сая хүн шийдвэр гаргахад нэгэнт оролцож чадахгүйгээс тодорхой тооны цөөн хүнийг төлөөллүүлж байгаа хэлбэрийг хэлнэ. 

Republic нь төлөөлөл гэсэн утгатайг Роман хэлтэй хүмүүс далд ухамсарын түвшиндээ ойлгочихож байгаа юм. 

Гэтэл Монголчууд Бүгд Найрамдах гээд орчуулчихсан. Хаанаас энэ үг гараад ирчихэв гэхээр Хятадын ханз үсэгнээс гарч ирсэн байгаа юм. Хар тамхины I, II дайны үед хятадын генералууд олон жилийн дайны дараа бүгдээрээ найрамдаж улсаа байгуулсан. Өөрсдийнхөө улсыг бүгд найрамдах улс гэж нэрлэсэн. Тэрийг нь манайх 1924 онд Үндсэн Хуулиндаа авчихсан. Одоо аюул яаж гарч байна вэ гэвэл наад захын хүн дээр очоод Бүгд найрамдах гээд ярихаар ойлгодоггүй. Юу гэсэн үг вэ. Ямар ч байсан бүгдээрээ найртай, эвтэй байх уу гэж л ойлгоно. Өөрөөр хэлбэл тэр хүн далд ухамсрын түвшинд ардчилал гэж ойлгодоггүй. 

Бас нэг эргэлзээтэй үг бол хүний эрх. Хүний эрхийг human right гэдэг. Right гэдэг зөв, буруугийн тухай яриа. Өөрөөр хэлбэл чи бурхны өмнө зөв, буруу байхын тухай байхгүй юу. Бид захын хүн дээр очоод энэ хүн зөв хүн үү, буруу хүн үү гэвэл хэн ч ойлгоно. Хулгай хийдэггүй, хүн доромжилдоггүй, хүн болгон сайхан амьдрах хэрэгтэй гээд зөв, буруугийн тухай ойлголт нь орчуулах шаардлагагүй хүн болгон мэднэ. Тэгвэл хүний эрх гэж юу вэ гэхээр зарим нэг нь гайхчихдаг. За хүний эрх бол хэдэн төрийн бус байгууллагын л ярьдаг, хийдэг ажил гэж боддог. 

Хамгийн сонирхолтой нь, эрх гэдэг үг чинь бас хятад хэлнээс орж ирсэн байдаг. Хятадад цэнхэр цустай хаан, улаан цустай тариачин хоёр эрхийн тухай яриа хийж болохгүй. Бурхны өмнө адилхан байж болох тухай яриа байж болохгүй. Эндээс эрх гэдэг үг үүссэн байгаа юм.

Тэгвэл англи хэл яагаад шинэ үг үүсээд байдаг вэ гэхээр Латин эх нь байгаад байдаг. Латин эхтэй нь буцаж холбоод л шинэ үг гаргаад байдаг. 
Монголд өнөөдөр англи хэл албан ёсны хоёр дахь хэл заавал байх ёстой юу гэвэл. Тийм.  Ерөөсөө англи хэлийг төрөлх хэл шигээ сурах хэрэгтэй. Гэхдээ монгол хэлээ солих замаар биш. Харин Монгол хэлийг ямар ч байсан үндэс рүү нь холбож өгөх хэрэгтэй. 

Чи долоон тэрбум хүний нэг учир англи хэлийг сур. Гурван сая хүний нэг учир монгол хэлийг сур

 

- Хэлээ сэтгэлгээний түвшинд буулгаж чадаагүйн гор уу?
- Гадаад үг ашиглахын аюул энэ. Өөрөөр хэлбэл зөв орчуулахгүй бол ийм аюултай. 

Хэлээр яаж тоглолт хийж болох вэ. Жишээ хэлье. Сургалтын төлбөрийг нэмэх үү, хасах уу гэж асуусан гэж бодъё. Энэ үед ямар ч бодлого яриад нэмэргүй. Бүх хүн хасна гэж хэлнэ. Яагаад гээч, төлбөр гэдэг өөрөө сөрөг утгатай үг юм. Яг энэ үгийг Оюутны хөрөнгө оруулалт гээд сольчихъё. Оюутны хөрөнгө оруулалтыг одоо нэмье гэж хэлнэ. Харж байгаа биз. Юмыг яаж нэрлэх ийм чухал. Асуудлыг далд ухамсрын түвшинд яаж ойлгож байгаагаас хамаарч байгаа юм. 

Тэгэхээр англи үгийг монголчуудын 90 хувь нь далд ухамсрын түвшинд ойлгохгүй. Хоёрдугаарт, хэл гэдэг чинь тухайн улсын шашин, соёлтой нь холбоотой. Тэгэхээр хэлийг 100 хувь солъё гэвэл шашин, соёлоо ч солих ёстой. Далд ухамсрын түвшин дэх ойлголтыг нь сольж байж англи хэл монгол хүнд монгол хэл шиг нь нөлөөлнө гэсэн үг. 

Монгол хэлийг 100 хувь солино гэвэл бид юу ч үгүй болж магадгүй. 

Миний зөвлөгөө бол чи долоон тэрбум хүний нэг учир англи хэлийг сур. Гурван сая хүний нэг учир Монгол хэлийг сур. 

Тиймээс Монгол хэлийг зөвхөн бизнес, академик түвшинд хардаггүй. Эвгүй сэдэв. 

Товчоор хэлбэл, монгол хэлийг шинжлэх ухаанжуулах шаардлага байгаа юу байгаа.  Англи хэлнээс тэр инновацийг нь авах хэрэгтэй. 

- “Бизнес 2.0 Академи” байгуулагдсан. Ерөнхий боловсролоос бизнесийн салбар руу зөв системийг нь тавихаар орж ирж байна гэж ойлгож болох уу?
- Тэгж ойлгож болно. Датаком компани санхүүжүүлээд ийм академи байгуулсан. Цаашдаа хэн хамтрахыг мэдэхгүй. Ямар ч байсан компаниас маань тусдаа. 

Яагаад Бизнес 2.0 гэсэн бэ гэхээр манай компаниуд системгүй байна. Нэгэнт системгүй газар мэдээллийн технологи ярих нь утгагүй. Өнөөдөр би компьютерийн тухай ярихад 10 захирлын ес нь үүнийг гэгээрэл гэж хүлээж авдаг. Би компьютер ойлгох юм байна гэж бодоод байдаг. Үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ жинхэнэ нөлөөлөл хэнд очих вэ гэвэл тэр компанийн системийг хэрхэн би болгох тухай ярьж байгаа юм.

- Та бүхний хийх гэж буй энэ систем өөрөө таны ярьж байгаа соёлыг бий болгож чадах уу?
- Систем, соёл хоёр нэг зүйлийн хоёр тал. Ганцхан чиний мэддэг зүйл бол бидний соёл биш. Хэрвээ бид гурвуулаа мэдэж байвал тэр бол соёл. Яг үүн шиг систем бий болж байж бид өөрт байгаа зүйлээ хуваана. Миний ойлгож байгаагаар соёл гэдэг өөрөө систем. Бидний одоо хийж байгаа зүйл бол бизнесийн систем. 

Монголын бизнесмэнүүдэд би мэдээллийн технологийг ингэж хэрэглэх ёстой юм байна гэдгийг л танилцуулах зорилготой.

- Та таван компани байгуулсан. Хамгийн амжилттай нь аль нь байв?
- Би бизнесээ Датакомоор эхэлсэн. Охин компаниуд байгуулаад явсан. Цагаасаа түрүүлчихсэн зүйл маш олон хийсэн. Хоёрдугаарт, зорилго маань дэндүү томроод улс төр рүү орсон. Бизнесээ 10 жил хаясан. Дөрвөн компаниа зарсан. Эхэлсэн маань Датаком гэдэг нь үнэн. Одоо үлдсэн маань ч Датаком. 

- Монголд өнөөдөр ямар бизнес хийвэл хамгийн тохиромжтой вэ?
  Аудио 1 :

- Та 20, 30, 40, 50 насандаа амьдралын ямар өөрчлөлтүүдийг мэдэрсэнээ тайлбарлаж болох уу?
- Болно. 

- Дараагийн 100 жилд дэлхий дээр хүн үлдэх үү, яах бол гэсэн яриа ч хүчтэй гарав. Роботууд ч бидний ажлыг орлох боломжтой болох нь. Шинэ үед бие хүн яаж хөгжих ёстой талаар та тоймлож хэлэхгүй юу.
- Хүнийг яаж бэлдэх ёстой вэ гэдэг дээр үндсэн гурван зүйлийг хэлье. 

Нэгдүгээрт, тасралтгүй суралцах дадалтай байх ёстой. Яагаад гэвэл давааны цаана даваа байдаг. Нэг даваан дээр гарсан хүн дараагийн давааг хараад асуудлаа шийддэг. 

Хоёрдугаарт, системтэй бол. 

Гурав дахь нь тэвчээр. Зүйрлэж хэлбэл ямарваа нэг ажилд 10 мянган цаг зарж байж л чи мэргэжилтэн болдог гэдэг. 10 мянган цаг хийснийхаа дараа чи дүгнэлтээ хийж болно. 10 мянган цаг гэдэг бол дүрэм. Энэ бол амьдралын практик. 

Энэ бүх яриаг дүгнээд хэлбэл, дээрх бүх соёлыг хүн болгонд суулгачихвал Монгол Улсын асуудал арилна. Ангараг нисэх цаг ирэхэд бидний хойч үе  яахаа өөрсдөө мэднэ. Энийг л хөгжил гэнэ. 

- Урсгал. Зөв үү?
- Урсгал. 

 

 

iKon.mn сайтын шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн” үргэлжилсээр…
 
Ярилцлагын зочин: Д.ЭНХБАТ  - @Enkhbat
Ярилцсан: Ч.БОЛОРТУЯА  - Bolortuya Chuluunbaatar Page
Гэрэл зургийг: Б.БЯМБА-ОЧИР - MPA.mn