- Ид шид байдаг гэдэгт ТА итгэдэг үү?
- ...
iKon.mn сайтын шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн” үргэлжилсээр… Ярилцлагын зочин: Ч.ГАНЖАВХЛАН - Ganjavkhlan Chadraabal
“Ямар аймшигтай зургийг давхар харж байгааг хүмүүс мэддэг болов уу, мэдэх хэрэгтэй болов уу. Би хүүхдүүд картон цаас идэж байна гэсэн үгийг сонсоод “За арай ч дээ” гэж бодсон. Харин нүдээрээ олныг харсан, нулимс урсаагүй ч хоолой зангирсан. Тэр болгоныг ил дэлгэхгүй ээ, сайхан зүйл энэ аяны турш сайхнаараа л дуусаг. Харин заавал эргэж очих болно, чадах бүхнээ хийх л болно” гэх 2015 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн Ч.Ганжавхлангийн бичсэн тэмдэглэлийг хараад түүнтэй уулзаж, бидний мэдэхгүй тэр “Зэрэгцээ ертөнц”-нд чухам ямар амьдрал өрнөж байгаа талаар мөн “Лантуун Дохио” ТББ хүүхэд, хүчирхийллийн эсрэг хийж байгаа олон талархууштай ажилтай танилцаж, сурвалжлах юмсан гэсэн бодол тэр үеэс төрсөн.
Гэхдээ түүнтэй ярилцахаас, уулзахаас зүрхшээгээд л яваад байв. Яагаад гэвэл тэр бүх зовлонт амьдралыг бид мэдээлж болно. Харин шийдэл байсангүй.
Нэг удаа бэлэг өгөөд, нэг удаа тэдгээр хүүхдийг хамгаалаад асуудал шийдэгдэх үү гэдэг асуулт хариултаа хайсаар байлаа.
Харин тэр, тэд шийдлээ олжээ.
- Тэнд өлсөж, зовж, даарч байгаа хүүхдүүд Ганжавхланд ер ямар хамаатай юм бэ?
- 19 настай залуу хүний толгой тасдаад “Дарь-Эх”-д тавьчихлаа. Хөдөө 19 настангууд акагаар шүршсэн хэрэг гарлаа. Ийм гамшгийн хэргүүд гарч байгаа нь дээх нь үед энэ хүүхдүүдийг хаясны гор болов уу.
90-ээд оны үед аав, ээждээ хаягдаж, нийгмийн золиос болсон хүүхдүүд өнөөдөр том болцгоожээ. Ямар ч боловсрол эзэмшээгүй, хайр амсаагүй, гэр бүлийн халамж мэдрээгүй хүмүүс өнөөдөр насанд хүрчээ.
Гэтэл одоо ч бид хүүхдүүдийг үл ойшоосоор байна. Жишээ нь, өнөөдрийн байдлаар бүртгэлтэй 100 гаруй тэнэмэл хүүхэд байгаа. Цаана нь бүртгэлгүй маш олон хүүхэд бий. Дээрээс нь, гудамжинд байгаагаас ялгаагүй амьдралтай маш олон хүүхэд бидний мэдэхгүй “Зэрэгцээ ертөнц”-д амьдарч байна. Энэ болгоныг хаячихвал эргээд эд маань өснө, нийгмийн нэг аюул бий болно. Таны, миний хүүхдүүд том болно. Тэдэнтэй цуг амьдарна.
Тэгэхээр уг нь энэ маш том асуудал юм.
Нэгхэн жишээ дурдая. Хоёр сургууль гадаадад төгсөөд, доктороо хамгаалаад ирсэн 30 орчим настай залууг “Дөлгөөн нуур”-ын хажуу талд тоосгоор цохиод алсан. Энэ хэргийг сонсчихоод би нийгэм дээрх аюулаас хэн нь ч зугтааж чадахгүй юм байна гэж бодох болов. Энэ зүгээр л дээрмийн сэдэлтэй гэмт хэрэг байсан.
Ийм аюул байгааг мэдсэн хүмүүс өөрсдийгөө эхнээс нь хамгаалалтанд оруулж байна. Өндөр хамгаалалттай байшин, сууцанд Зайсанд амьдарч байна. Ингэж бүх зүйлийг ялгаж харахыг хүсээд байна. Гэтэл бүх аюул нэг. Бид нэг л нийгэмд амьдарч байгаа.
Сурвалжлагч. Ч.Ганжавхлан бид хоёрын яриа ийнхүү эхэлсэн юм. “Лантуун Дохио” Төрийн Бус байгууллагыг Байгуулах үүсгэл санаачилга 2012 оноос эхэлж 2013 онд эднийх гэрчилгээ, тамга тэмдгээ хүлээн авч өнөөдрийг хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа юм. Хүүхдийн эрх, гэр бүлийн хүчирхийлэл мөн хүний наймаа гээд бидний мэддэг хэрнээ нэг их сонирхож, оролцохоос эмээдэг бүхэн рүү энэ хэсэг залуу нийгэмд, салбарынханд нөлөөлөхүйц томоохон 30 гаруй төсөл, хөтөлбөр, акцуудыг өнгөрсөн хугацаанд хийжээ.
Дэндүү гэмээр экстрим зүйлстэй Ч.Ганжавхлан учирч явж. Хамгийн хамгийн нь хүний наймаатай холбоотой хэсэг.
- Хүний наймаа сэдэв рүү яагаад орчихов?
- Миний ажил яг хоёр хуваагдаад байсан. Нэг нь хүний наймаатай холбоотой буюу анх Ц.Ганзориг агсантай танилцаад хүний наймаа гэдгийг ч сайн ойлгохгүйгээр тэр хүнд л туслахыг зорьж явж байлаа. Үнэхээр охин нь тэгж хүний наймаанд зургаан жил өртсөн эсэхэд би нэг их сайн итгэж өгөхгүй л байв. Тиймээс ч өөрийн биеэр тэр охинтой нь уулзахыг хүссэн. Машин тэрэгнийхээ дугаарыг нууж байгаад хохирогчтой уулзсан. Биен дээрх шарх сорви маш хүнд байсан. Цаанаасаа л нэг зэвүүцэл төрөөд байлаа. Гэтэл удалгүй Ганзориг ах нас барсан. Тэр хүнийг гадны нөлөөгүй нас барсан гэсэн дүгнэлт гаргасан. Харин миний хувьд эсрэг бодолтой байсаар байгаа. Ганзориг ахыг нас барсан орой нь би “Цагийн хүрд” нэвтрүүлэгт орж ярилцлага өгч байлаа. Ярилцлагын үеэрээ би нэлээд олон хууль хүчний байгууллагын нэр хүндийг хөндсөн. Энэ ярилцлагын дараа аавын маань эзэмшиж байсан “Урьхан” зоогийн газар шатаад л... юу болж байгааг нь мэдэгдэхгүй олон үйл явдал ар араасаа өрнөсөн. Өөр дээрээ ч хэд хэдэн удаа дарамт шахалт авч хэд хэдэн удаа гэмтэлт очсон доо.
- Зодуулсан гэсэн үг үү?
- Тийм ээ. Хэд хэдэн удаа ийм халдлагад өртсөн. Нэг удаа бүр ухаангүй эмнэлэгт сэрж байлаа.
Нэг сонин зүйл нь энэ үеэс надтай нууц байдлаар уулзах хүмүүс маш их болсон. Дандаа хүнээс айж явдаг хүмүүстэй уулздаг болов. Тэдний ярьдаг зүйл нь манай эгч, дүү, найз хүний наймааны золиос болсон. Хамгийн сүүлд над руу Малайзаас нэг удаа ингэж уйлж залгасан. Хятадын нэг жижигхэн хотоос ингэж ярьсан. Одоо яах вэ гэх уулзсан хүмүүсийн тоо 50, 60 гарсан. Ирсэн и-мэйл маш их болсон.
- Ямар хугацаанд вэ?
- Ердөө 2-3 сарын хугацаанд шүү дээ.
- Тэдэнд өөр хандах хүн алга байна гэсэн үг үү?
- Энэ сэдвийг ингэж зоригтой гаргаж ярьж байгаа хүн чамаас өөр алга. Чамд үүнийг ямар ч байсан ярих ёстой гэж бодож байна гэж олон хүн надад мэдээлэл өгсөн. Гэхдээ тэдгээр хүмүүс маань дандаа нэгнийхээ араас хөөцөлдөж байгаад өөрсдөө амьдралаараа хохирсон бас дарамт шахалтанд өртсөн байсан болохоор надад өөрсдийнхөө тухай нэр хаяг, утас мэдээллийг үлдээдэггүй байв.
Ингээд хүний наймаа гэдэг чинь бидний төсөөлж байснаас ч аймшгийн сүлжээ бий болчихсон байгааг ухаарсан. Гэтэл хүмүүс яагаад ийм бага мэдээлэлтэй байгааг гайхтал энэ хохирсон хүмүүс, ар гэрийнхнийх нь амыг дандаа таглачихдаг юм байна. Хүмүүс айдаг юм байна.
Ингэж би асуудлыг арай ултай, суурьтай судалж эхэлсэн дээ.
- Яг хүний наймаа, бэлгийн мөлжлөгийн чиглэлээр нэлээд хөөцөлдөж БНХАУ-ын Эрээн хот хүртэл явж судалсан гэж байсан?
- Тийм ээ. Төрийн Бус Байгууллагын хувьд хязгаартай. Бид цагдаа биш. Хүн гавлаж болохгүй, бусдыг хүчирхийлж болохгүй. Жагсаал цуглаан ч гэсэн бүх зүйл зөвшөөрлийн дагуу хийгдэх ёстой. Бидний гол үүрэг бол аливаа хүчирхийлэл гарахаас өмнөх урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа чухал. Гэмт хэрэг гарсны дараа энэ бол хуулийнхны ажил болчихдог. Гэмт хэрэг гарахаас өмнө бид нөлөөллийн хүрээнд асар их зүйл хийх боломжтой байгаа юм. Жишээ нь, хүний наймааны 90 хувь нь тухайн хохирогч мэдээлэлгүйн улмаас хууран мэхлэгдэж хил даваад л худалдагдсан байдаг. Ихэнх хүний наймааны хохирогчид өөрсдөө гадагшаа явах визээ хөөцөлдөөд өөрсдөө бүх зүйлээ хийсэн байдаг. Ингээд энэ байдлаас гарах боломжгүй болсон үедээ буюу төгсгөлд нь өөрсдийгөө нүхэнд унаж байгаагаа мэддэг гэж байгаа юм. Хохирогчид өөрсдийөө гадаад явж сургуульд сурах гэж, ажил хийх гэж л байна гэсэн өөдрөг том зорилго л өвөртөлсөн байдаг юм билээ.
Тэгэхээр энэ мэдээлэлгүй байдлаас хохирч байгаа хүмүүсийг бид 100 хувь зогсоох боломжтой гэж үзэж байгаа.
Сурв. Эрээнд энгийн үед тогтмол биеэ үнэлж байгаа 250-300 охид байдаг бол Хятадын цагаан сар бусад баяр ёслолын үеэр тус тоо 800-1,000 болж өсдөг байна.
Эрээний Бэй Чуанг Чө, Нан Чуанг Чө гэдэг гудамжуудад охид ихэвчлэн төвлөрч биеэ үнэлж байна. Үүн дотор өөрсдийн дураар мөнгө олох зорилгоор биеэ үнэлж байгаа охидоос гадна бусдын эрхшээлд хүчээр биеэ үнэлж паспорт, эрх чөлөө, зохиомол өр зээлийн барьцаанд амьдарч байгаа хүмүүс ч бас багагүй хувийг эзэлж байна.
Ч.Ганжавхлангийн хувьд Ганзориг агсны үхэл хүчирхийлэл, бэлгийн мөлжлөг, гэмт хэрэг хэрээс хэтэрч байгааг ухааруулсан яг л лантуугаар толгой руу нь цохиод авсан мэт сэтгэгдэл төрүүлж улмаар “Лантуун Дохио” гэх нэрийг ТББ-даа өгч байж. Хүний наймаа ямар ноцтой хэмжээнд хүрснийг мэдэхээр тэрбээр өөрөө Эрээн хотод очиж бүх нөхцөл байдлыг судалж багагүй хэмжээний мэдээллийг цуглуулжээ.
Ингэх явцдаа бусдын дарамт шахалт, араасаа нэхэл, дагуултайгаар хүнд нөхцөлд ажилласан тухайгаа ярьж байлаа.
Тэрбээр зарим хууль хүчний байгууллагад хэрэглэгдэхүйц материалуудаасаа хуваалцжээ.
“Тэд хаачив” буюу траншейнд амьдардаг хүүхдүүдийг эрэлхийлсэн тэдний анх хийж байсан төслүүдийн нэг юм. Энэ хүрээнд хүний наймаа нь зөвхөн бэлгийн мөлжлөг бус 90-ээд оны үед алга болсон хүүхдүүдийн ялангуяа хөвгүүдийг нь гэхэд Хонг Конг, Европ руу авч явж маш их хулгай хийлгэсэн байх баримтыг Ч.Ганжавхлангийн эх сурвалжууд ярьдаг аж...
“Лантуун Дохио” яг энэ хүний наймааны эсрэг хүүхэд, залуусыг танин мэдүүлэх зорилгоор эрсдэлт орчинд байгаа Замын-Үүд зэрэг газруудад олон удаагийн сургалт, сурталчилгаа хийсээр байна.
Мөн тэдний “Жинхэнэ эрчүүд охидыг худалдаж авдаггүй” төсөл санаанд их тод үлджээ.
Сурв. 2008, 2009 онуудад Ч.Ганжавхлан хогийн цэг дээр амьдардаг өрхүүдэд зориулж хувцас хандивлах хэд хэдэн аянг зохион байгуулав. Asuult.net-д энэ аянд хүмүүсийг “Шүүгээгээ цэгцэлье” буюу өмсөхгүй хувцасаа хэрэгтэй хүмүүст нь хандивлая гэж уриалаад нэг их дэмжлэг авч чадаагүй тухайгаа ярьж байлаа.
Харин 2012 онд Фэйсбүүк ашиглаж эхэлсэн цагаас бүх зүйл орвонгоороо өөрчлөгджээ.
“Хүмүүс манайхаас ирээд хувцас аваарай гээд л маш их хандах болсон. Ингээд л би оройн цагаар айлуудаар явж хувцасыг нь аваад гэртээ авчирч цэвэрлээд нөгөө хүмүүстээ хүргэж өгдөг байлаа. Харин энэ сүлжээ маань нэг хүн хийхэд арай ахдах болсон. Би ганцаараа хийх боломжгүй болтол зэрэгцээд л туслах хүмүүс гарч ирсэн. Огт танихгүй тав, зургаан залуус нэгдээд хороолол, хорооллоор нь айлуудаа хариуцан хувцас цуглуулаад манай гражад хувцасаа боодог байсан. 2012 оны арваннэгдүгээр сард бид бүр “Бүгдээрээ дулаан өвөлжье” гээд том хэмжээний аян хэрэгжүүлсэн. Улаанчулуут, нэг хороо, Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвийн хамгааллын байр, нэг асрамжийн газар гээд дөрвөн зорилтот газарт хувцасаа өгсөн. Маш их хувцас цугласан. Эдгээрийг тараахаар 30 орчим машин цугласан. Ингээд бид хувцас тараасан.
Энэ үйл явдлын дараа хувцас авсан хүмүүс маань өөрчлөгдөөгүй. Харин хувцас тараасан хүмүүс маш их өөрчлөгдсөн” гэж тэрбээр ярилаа.
Хувцас авсан хүмүүс маань өөрчлөгдөөгүй. Харин хувцас тараасан хүмүүс маш их өөрчлөгдсөн
- Та бүхний юу өөрчлөгдөв?
- Бид ажлаа дуусгачихаад орой нь ярилцаад сууж байхад сайн дурынхан маань “Бид хувцас тараах хангалтгүй юм байна. Хүмүүсийн амьдрал ийм хүнд байна гэж төсөөлөөгүй. Ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй юм байна” гэж шийдсэн.
Тэгээд “Хамтын халуун сэтгэл” гэж төрийн бус байгууллага байгуулсан. Ер нь энэ хувцас тараах үйл явдлаас улбаалаад зөндөө сайн дурын клубууд үүссэн байдаг.
- 2012 онд “Ид шидийн уут” бэлгийг анх тараасан юм билээ.
- Тийм ээ. Бидний хувьд эхлээд бөөн хөөрөл байв.
Сэтгэлийн мянган бэлэг гэж аян эхлүүлье гээд хийж байв. Зүгээр л хүүхэд баярлууъя гэж бодсон нь тэр л дээ. Өмнө нь бид хувцас тараагаад явж байхдаа аймшигтай амьдрал олоод харчихсан. Энэ хүүхдүүд дээр өвлийн өвгөн байтугай аав, ээжүүд нь ч очихгүй байгааг бид мэдсэн. Тийм болохоор ядаж нэг удаа энэ хүүхдүүдийг яагаад баярлуулж болохгүй гэдэг л санаанаас эхэлсэн юм.
Энэ үеэс гэр бүлийн хүчирхийллийн эсрэг ажлуудыг ч идэвхтэй хийж, 2012 оны өвөл бараг унтдаггүй байлаа. Шөнө хүүхдүүдийн дуудлагаар явж байв.
Сурв. Хөдөөнөөс долоон хүүхэдтэйгээ орж ирээд байсан айлын гэр нь шатаж аав нь хүүхдүүдээ тооноороо тэнгэр рүү шидэж аврагдаад гэр оронгүй болоод байж. Улмаар долоон хүүхдээ орцны жижүүрүүдэд нэг, нэгээр нь тарааж өгөөд байсан аавтай Ч.Ганжавхлан таарч Тамара эмээтэй уулзуулж тэднийд байршуулж, дараа нь нэг байшинд оруулж өгч байжээ. Энэ бол “Лантуун Дохио”-н нэг л жишээ.
Ингээд нийгмийн нэг өөр хэсэгтэй танилцсан тэд Сэтгэлийн мянган бэлэг аяныг 2012 онд зохион байгуулж нийт 1,400 хүүхдэд бэлгээ тараажээ.
Энэ аян 2015 оноос “Ид шидийн уут” нэртэйгээр дахин үргэлжилж 3,000, 2016 онд 6,000 хүүхдэд бэлэг өгчээ.
““Ид шидийн уут” аяны хувьд тийм амар бас байгаагүй. Нэлээд нус нулимстай аян байсан. Цасан охидууд маань уйлаад ер явж чаддаггүй байлаа. Тийм хэцүү амьдрал дунд хүүхдүүд өсч өндийж байгааг хараад ялангуяа эмэгтэй хүн сэтгэлээ барьж тэвчихгүй шүү дээ.
Цасан охид гэдэг чинь уг нь хүүхдүүдэд баяр баясал бэлэглэх зорилготой яваа хүмүүс ч уйлаад явдаггүй байсан. Дандаа зүрх өвтгөсөн дүр зургуудтай нүүр тулна” гэж Ч.Ганжавхлан ярилаа.
- Та бүхэн бэлэг өгөх хүүхдүүдээ яаж сонгодог вэ?
- Анх 2012 онд бид хорооноос айлуудын жагсаалтыг авсан. Нэн ядуу гэсэн ангилалтай айлуудын жагсаалтыг аваад бэлэг тараахаар 10 гаруй машин гарч байв. Миний хувьд бүх машинаа координатор хийж байлаа. Тэгтэл эхний гараанд явсан өвлийн өвгөн, цасан охидууд маань Ганжавхлаан энд ямар нэгэн зүйл буруу болоод байх шиг байна. Чи өөрөө хоёр, гурван айлаар ороод үзээтэхээч гэдэг юм байна. Тэгээд би өөрөө өвлийн өвгөн болоод хэдэн айлаар ортол их гоё тоосгон байшинтай, машинтай, зурагттай боломжийн айлууд байв. Нэлээд хэдэн айлаар орлоо. Дандаа тийм. Ингээд хороон дарга дээр нь явж оров. Нэн ядуу гэдэг тодорхойлолттой айлуудаар бид явлаа. Гэтэл амьдрал дээр ийм байна. Та энэ зургийг хар гээд бид айлуудын зургаа харуулсан юм. Тэгсэн чинь л хороон дарга маань нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нараа дуудчихсан. Тэнд гурвалжин, дөрвөлжин хэрүүл. “Яагаад ... намын айл энэ жагсаалтад ордог билээ” гээд л нүдэн дээр маань бөөн хэрүүл үүсэв ээ...
- Ингээд албан ёсны бүртгэл бүтэхгүй гэдгийг ойлгож. Тийм үү?
- Тэгсэн. Тэгээд л бид машинууддаа явж байгаа чиглэлийнхээ замыг дуустал явчих. Дараа нь машин явж чадах хүртэл явчих. Үүний дараа явган яв. Задгай буучихсан айлуудыг хайгаад олъё гэж шийдсэн.
- Улаанбаатарт бүртгэлгүй айлуудаар явсан байна. Тэдгээр хүмүүсийнхээ мэдээллийг ямар нэгэн байдлаар тэмдэглэж авдаг уу?
- 2012 онд бол хийгээгүй. Тэр үед тийм туршлага байсангүй. Харин 2015 онд гэхэд бид найман удаагийн сургалтыг өвлийн өвгөн, цасан охидууддаа хийсэн. Яг мэргэжлийн судалгааны цасан охин бэлдсэн. Энэ ажлыг нийгмийн хамгааллын чиглэлийн яг мэргэжилтэн Сараа эгч маань ахалж хийдэг. Айлд орж байгаа нэг цасан охин нь хүүхдээс хүүхдийн хэлээр нь мэдээлэл цуглуулах ажил хийсэн л дээ. Нэг ёсондоо тэр хүүхэд хүчирхийлэлд байгаа эсэхийг тандаж илрүүлэх зорилготой ажил хийсэн. Мөн бүртгэлгүй бүх айлын байж болох бүх мэдээллийг тэмдэглэж авсан. Өнгөрсөн өвөл мөн яг энэ аргаараа бэлгээ тараасан.
- Тэгвэл та бүхэнд энэ Монгол Улсад байхгүй дата бий болжээ. Тийм үү?
Тэгж хэлж болно. Нэг айлд ороод л 10 асуулга бүхий анкеттай болдог. Үүнийгээ нэгтгээд нэгдсэн мэдээллийн сандаа нэгтгэдэг. “Ид шидийн орон” төслийн хэрэгцээ шаардлага ч энэ бодит мэдээлэл дээр тулгуурлаж гарсан.
Бүртгэлтэй өрхүүдийн хувьд харьцангуй төрөөс хэрэгжүүлж буй нийгмийн туслалцаа очдог. Харин бүртгэлгүй айлуудын хувьд хамгийн хүнд. Цэцэрлэг, сургууль бол бүр ярих ч юм биш.
Засгийн газрын мартсан хүүхдүүд гэж бид хэлдэг юм.
- 2012, 2015, 2016 гурван жил дарааллаж нэг айлд давхцаж очсон тохиолдол олон байсан байх. Амьдрал нь сайдах, муудах янз бүрийн жишээ байдаг биз. Тийм үү?
- Яг нэг сайхан жишээ ярья л даа. Би өөрөө өвгөн болж 2012 оноос хойш дарааллаж очсон нэг айл бий.
Энэ айл 2012 онд газар ч үгүй, маш хэцүү мөс цөмөрсөн хэсэгт буучихсан байлаа. Яваад орсон чинь аав, ээж хоёр нь байхгүй. Хоёр жаахан хүүхэд, бас нэг нярай газар хэвтэж байв. Тэгээд бид бэлгээ өгөөд гарсан. Тэгсэн ээж нь араас утасдаад намайг эзгүй хойгуур ирсэн байна. Их баярлалаа гэж ярилаа.
Гурван жилийн дараа буюу 2015 онд санаандгүй энэ айлаараа дахиад орсон. Тэр үед хүүхдүүд нь хөөрхөн том болчихсон. Тухайн үед ээж нь байсан учраас тухтай ярилцах боломж олдсон юм. Дөрвөн хүүхэдтэй, нөхөр нь нас барчихсан энэ эмэгтэй өөрөө уушгины наалданг гээд хүнд өвчтэй. Хүүхдүүдийнхээ төлөө гар урлал хийгээд бас цувдаа зардаг эгч. Маш хэцүү амьдралтай мөртлөө хоёр томыгоо сургуульд оруулаад, нэг багыгаа цэцэрлэгт оруулаад эхэлчихсэн байсан.
Тэр ээжээс би таны мөрөөдөл юу гэж асуусан юм. Тэгсэн Уранзул эгч “Надад нэг оёдлын машин л байвал болох гээд байна” гэсэн. Энэ тухай би фэйсбүүкийн нэг постон дундаа “Зарим хүний хувьд амьдралынх нь мөрөөдөл нэг оёдлын машин байх жишээтэй” гэж бичсэн юм. Тэгсэн түүнийг маань америкт амьдардаг нэг монгол ах уншиж л дээ. Энэ хүн нь гитарчин Өөжгийгийн ах нь болж таарсан. Тэгээд дүү рүүгээ залгаад тэр Ганжавхлан гэж хүнтэй холбогдоод оёдлын машин хэрэгтэй байгаа айлд нь хамгийн сайн оёдлын машиныг нь аваад өгчих. Би эндээс мөнгийг нь шилжүүлье гэж. Тэгээд Өөжгий ах бид хоёр Уранзул эгчийг дагуулаад “Singer” гээд оёдлын машины дэлгүүр дээр очоод хамгийн сайн оёдлын машиныг нь авч өгсөн. Уранзул эгч маань баярласандаа бүр үг ч гарахгүй байсан.
Өөжгий ах маань ч дагаж баярласан сэтгэлдээ тэр айлынд зурагт авч өгөөд давхар давхар баяр болсон доо.
Энэ явдлаас хойш би эднийхээр хоёр, гурван удаа очсон. Очих болгонд энэ айлын амьдрал сайжирсаар байгаа. Сүүлд очиход 200 улавч оёх захиалга авчихсан байж байсан. Мөн бид 2016 оны “Ид шидийн уут” бэлэгний аяныхаа 500 цүнхийг оёулсан.
2015 оны шинэ жилээр энэ хүний хувьд оёдлын машин мөрөөдөл нь байсан бол 2016 оны шинэ жилээрээ тэр мөрөөдлийн оёдлын машинаараа бидний “Ид шидийн уут”-ны нэг хэсгийг оёж өгсөн. Мэдээж бид түүнд хөлсийг нь өгч оёулсан.
Ер нь ядуу гэхээр л амьдрал дандаа муухай байна гэж байхгүй шүү дээ. Аз жаргал хаана ч байдаг. Чи энэ зургийг хар л даа. Энэ айлын хүүхдүүд нэг л ээлжийн хувцастай. Тэрийгээ угаагаад тавьчихсан. Ингээд хөөрхөн сууж байх жишээтэй. Үнэхээр хайр хүрэм.
- “Ид шидийн орон” төслийн санаа яг хэзээ, яагаад төрөв?
- Хоёр жилийн өмнө би өөртөө нэлээд гутарлаа. Би баахан хүүхдэд бэлэг өгсөн юм байна. Тэгээд юу гэж хүүхдүүд чинь хүчирхийлэл дундаа байж л байна. Баахан хувцас тараасан. Авсан хүмүүс маань ихэнх нь яг хэвээрээ байж л байна. Би хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд нэг нэгээр нь явж тусалсан. Гэхдээ тэрний ард мэдэгдээгүй мянга, мянган хүүхдийг би мэдэхгүй, хаячихсан. Тэгэхээр энэ бүгд надад хангалттай биш байсан л даа.
Хэн ч миний энэ байдалд шүүмжлэлтэй хандаагүй. Зүгээр л би өөрөө өөрийгөө олж харсан хэрэг. Бидний өмнө хийсэн бүхэн мэдээж маш том нөлөөллийн ажил байсан гэж боддог. Гэхдээ дутуугийн сэтгэл надад маш хүчтэй төрсөн. Маш аймшгийн нөхцөл байдлыг нүдээрээ харчихаад ганц уут бэлэг өгчихөөд гараад ирсэн хүн бүрт ийм бодол төрөх байх. Хүүхэд болгоныг гэртээ аваад ирэлтэй биш.
Энэ зүгээр л нэг жишээ...
Энд нэг нохой, энд нэг хүн. Энэ хоёрын байр нь солигдчихсон байх жишээтэй. Хүүхэд нь энд уйлаад зогсож байгаа юм. Ийм нөхцөлд бид очоод хүүхдийг нь дагуулж явж хоол идүүлнэ. Ээжийнх нь архийг гарахыг хүлээнэ. Арай дээр болохоор нь хүүхдийг нь хүлээлгэж өгөөд л гарч ирж байх жишээтэй. Гэхдээ энэ бүгд ерөөсөө шийдэл биш байгаад байгаа юм. Сарын дараа дахиад л ингээд байж байхыг үгүйсгэхгүй.
Тэгтэл манай байгууллагын гишүүн Сараа эгч надад нэг газар байгаа. Энэ газар дээрээ хүүхдэд зориулсан боловсрол, хөгжлийн төв хиймээр байна гэж ярьсан. Сараа эгч өөрөө хүүхэд хамгааллын чиглэлээр солонгост мастер хамгаалсан. Энэ хүнд маань боловсрол, туршлага бас газар байсан. Харин бидний хувьд хүүхэд хамгааллын утас ажиллуулаад зургаан сарын хугацаанд 240 кэйстэй сууж байлаа. Ингээд л санаа нийлж “Ид шидийн орон” төслийг хийе гэж шийдсэн дээ.
“Ид шидийн орон” бол хүүхдүүдийн төлөө хийж байгаа жинхэнэ шийдэл юм.
- Тэгэхээр хүүхдүүдэд зориулсан ижил тэгш боломж манай улсад алга байгааг та бүхэн нөхөх гээд байна. Мөн үү?
- Тийм. Бидний хувьд төр засагтай байнга л тэмцэж, тэднийг шахаж байх ёстой. Гэхдээ энэ тэмцлийг би шийдэл гэж харахгүй байна. Яагаад гэхээр тэднээс юу ч хүлээхгүй байгаа учраас. Харин “Ид шидийн орон” бол хүүхдүүдийн төлөө хийж байгаа жинхэнэ шийдэл юм.
Гэхдээ төр засгаас нэхэх, шахах зүйлээ бид байнга л хийж байх хэрэгтэй. Тэртээ тэрэнгүй тэднээс хүлээх юм байхгүй гээд хаяж огт болохгүй.
Сурв. “Лантуун Дохио” ТББ гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хүүхэд хамгааллын утсыг зургаан сарын хугацаанд ажиллуулсан бөгөөд тэдний төвд хандсан хүүхдийг эхний ээлжинд сэтгэл зүйн шокноос нь гаргадаг. Үүний дараа мэдүүлэг авч улмаар хуулийн байгууллага руу шилжүүлдэг байж.
Өмнө нь тус байгууллага нэг заазуурдуулсан, хазуулсан хүүхэд гээд явахаар эхний хоёр жилд 40 хүүхдэд тусалсан байдаг. Тэгсэн ийм хүүхэд хамгааллын тусгай утас, байр ажиллуулсанаар ердөө зургаан сарын хугацаанд 240 хүүхдэд тусламж үзүүлж 13 шүүх хуралд оролцжээ.
Энэ төслийг Солонгос, Америкийн туршлаган дээр үндэслэн боловсруулж маш амжилттай явж байсан ч зургаан сарын дараа санхүүжилтийн асуудлаас болж зогсжээ.
Яагаад гэхээр энэ төвийг "Лантуун Дохир" 100 хувь өөрсдийнхөө цалин, гишүүдийнхээ хураамжаар төлж ажиллуулдаг байсан аж.
Тиймээс ч хүүхдүүдийг хэрхэн хамгаалах тухай толгойны “өвчин” шаналал, эрэлхийлэл Ч.Ганжавхлангийн дотор хадаатай л явж. Улмаар “Ид шидийн орон” –ыг хийх болсон санаачлага хоёр талаас ийн бий болжээ.
Гэхдээ энэ төвийн философи нь өөрөө их сонин, гоё.
Яагаад Баянхошууны Зүүнбаян уулын энгэрт энэ төвийг байгуулахаар төлөвлөсөн бэ. Хүмүүст ямар нэгэн нөлөөлөл үзүүлье гэвэл тэр бүсээс нь гарч, ороод байх биш яг дунд нь амьдарч, оршин тогтнож байж нөлөөллийг үзүүлэх нь хамгийн шалгарсан арга болохыг дэлхийн олон оронд туршаад байна. Тиймээс Америкаас хуулбарласан энэхүү загварчлалыг тэд Монголд турших гэж байна.
Уншигч та бүхэн Төв баригдсаны дараах санхүүжилтэнд та санаа зовж байна уу. Тэгвэл Ганжавхлан бусдын алдааг давтахгүйн тулд “Ид шидийн орон” баригдсаны дараа ямар санхүүжилттэй байх вэ гэдгийг шийдэхээр АНУ-ийг зорьжээ.
“Таван жилийн хугацаанд “Ид шидийн орон” төслийн үйл ажиллагаа тасалдахгүй байх санхүүжилт бидэнд хэрэг болно гээд америкийн таван хотоор явж 400 монголтой танилцсан. “Ид шидтэй ах эгч” гэж төсөл гэж санаачилсан. “Ид шидийн орон” дуусах хүртэл, баригдсаныхаа дараа ч гэсэн сар болгон би танд имэйлээр тайлан илгээнэ. Харин энэ төв баригдсаны дараа та өдөр бүр 1$ хандивлаж чадах уу гэж асуусан. 400 хүнээс 140 маш найдвартай хүн энэ мөнгийг өгөхийг зөвшөөрсөн. 140 хүн маань нийлээд сард 9 сая төгрөгийг таван жилийн хугацаанд өгөх хүмүүс юм. Америкт нэг гоё зүйл нь 501с3 гэж систем байдаг юм. Америкт хандив өгч байгаа хүмүүсийн дансыг нь ТББ-тайгаа холбож хандив болгоноос нь төр нь хоёр хувийг буцааж олгодог систем байдаг юм билээ. Тиймээс ч бид “Лантуун Дохио” ТББ-ын салбарыг АНУ-т нээсэн. НҮБ-т мөн бүртгүүлэх ажлуудаа 2016 онд хийлээ. Ингэж ирээдүйн санхүүжилтээ шийдсэн дээ” гэж тэрбээр ярилаа.
Гадаадад байгаа Монголчууддаа хандсан нь их учиртай аж. Тэднийг Монголын асуудалд оролцох гэхээр зарим нэгэн хүн “Чи нэг сайхан газар хэвтчихээд яах гээд байгаа юм”. Бараг бидний асуудалд битгий оролц гэдэг талаас нь хардаг. Гэвч тэд эх орноо гэх сэтгэл байгаад байдаг. Гэхдээ яаж өөрсдийн оролцоог хэрхэн бий болгох тал дээрээ учраа олдоггүй байж л дээ. Харин одоо тэд нүүр бардам чамайг бодвол би Монгол Улсын бүхэл бүтэн нэг иргэнд дэмжлэг үзүүлж байгаа шүү гэж хэлэх эрхтэй болж байна.
- ТББ-ын энэ систем Монголд байхгүй ч эх орондоо байгаа монголчууд бас үйл ажиллагааг санхүүжүүлэхэд оролцоход нээлттэй биз дээ.
- Нээлттэй. Гэхдээ бид IT талаас нь буюу системээ сайн боловсруулах шаардлагатай болно.
- Америкт хийсэн энэ аяллаас “Ид шидийн орон” төсөл ашиглалтанд орсны дараах үйл ажиллагааны зардалд хийх хандивыг босгосон. Харин энэ төвийг байгуулах буюу дэд бүтцийн санхүүжилтээ хэрхэн шийдсэнээ хуваалцахгүй юу?
- Анх энэ төвөө босгоно гэж бодож байсан Сараа эгчийн газар маань арай жижигдээд байсан. Ингээд бид шинэ газрын судалгааг таван сар хийсний эцэст маш сайхан газар олсон.
Сурв. “Ид шидийн орон” төслийг барих газрыг 32 сая төгрөгийн хандив босгон худалдан аваад байна. Ердөө гурван сарын дотор.
ВИДЕО:
Сурв. Ч.Ганжавхлан бид хоёр Баянхошууны Зүүнбаян уулын энгэрт байрлах тус газар очлоо.
Харьцангуй дулаан өдөр байсан тул утаа арай гайгүй. Их хүйтэн өдөр энэ хавьд урдаа алхаж яваа хүнээ харахад ч бэрхтэй болдог аж.
“Ид шидийн орон”-гийн доторх орчингийн агаар цэвэршүүлэлтийг сайтар боловсронгуй хийх тал дээр Ч.Ганжавхлан анхаарч байгаа тухайгаа бидэнд ярьсан.
Энэхүү газарт буюу “Ид шидийн орон”-д хүүхэд хамгааллын утас ажиллана. Зөвлөгөө, мэдээллийн төв ажиллана. Зайлшгүй шаардлагатай гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд хамгаалах байр ажиллана. Мөн цэцэрлэгийн насны хүүхдүүдэд зориулсан өдөр өнжүүлэх төв/ цэцэрлэг ажиллана. Номын сан, дунд сургуулийн сурагчдад зориулсан боловсрол/ хөгжлийн хөтөлбөрүүд явагдана. Аав, ээжүүдэд зориулсан жижиг, дунд бизнес эрхлэлтийн сургалт, зөвлөгөө хийгдэнэ.
Тус төвийн бүх байгууламжийг тус бүрээр нь төсөл болгож төсөл болгоныг нь ивээн тэтгэсэн компаниудынх нь нэрэмжит болгохоор төлөвлөжээ.
Яг одоо төслийг бүтээн байгуулахад иргэдээс 16.5 сая төгрөгийн хандив цуглаад байна.
“Татгалзах аргагүй санал гэдэг шиг судалгаа, төсөл маань өөрөө маш сайн байх ёстой. Тиймээс ч “Ид шидийн орон”-ийн мэргэжлийн зураг төслийг "АРЧ ЖИ ЗЭТ" компани үнэгүй хийж өгч байна” гэж тэр ярилаа. Төсөл ирэх сарын дундуур бэлэн болж яг хэчнээн хэмжээний төгрөг хэрэгтэй болох нь тэр үед тодорхой болж тэд дараагийн хандивын кампаниа эхлэх ажээ.
“Ямар нэгэн сүм, гадны байгууллагын санхүүжилтээр бус Монголчууд маань сэтгэл байвал ингэж хүүхдүүдээ хамгаалж, хайрлаж болдог юм гэдгийг харуулах гээд байгаа юм” гэж Ч.Ганжавхлан хэлэв.
- Энэ төвд эхний ээлжинд хэдэн хүн ажиллах вэ?
- 18 хүн ажиллана. Яаж танах вэ гэж бодоод л байна. Есөн сая төгрөгөө яаж хүргэнэ ээ л гэж бодоод байна.
Ажиллах хүмүүс маань гэхэд эхнээсээ бэлтгэгдээд явж байгаа. Сараа эгч маань гэхэд цэцэрлэгийн эрхлэгчээр нь ажиллана.
Мөн “Ид шидийн орон”-гийн зураг төслөөс гадна энэ төвийн өөрийнх нь мэргэжлийн төслийг "Interconsulting" компани үнэ төлбөргүй хийж өгч байна.
2017 оны есдүгээр сард “Ид шидийн орон”-ы эхний төвийг ашиглалтанд оруулчихна.
- Ийм богино хугацаанд амжих уу?
- Амжуулна аа. Хашаагаа бариад, тоглоомын талбайгаа бариад үйл ажиллагаагаа нээчихнэ. Тэгэхгүй бол гэнэт л бүгдийг нээнэ гээд маш их мөнгөнд түгжигдээд суугаад байвал төсөл маань явахгүй болов уу. Энэ том байшингийн хоёр давхрыг нь нураагаад шинэ давхар нэмж бариад хүүхэд хамгааллын утас, зөвлөгөөний төвөө эхний ээлжинд ашиглалтад оруулчих юм.
Сурв. “Ид шидийн орон” төслийн барилга байгууламж дэд бүтцийн санхүүжилтэд цуглуулах хандивын ажил эхнээсээ хийгдсээр байгаа бөгөөд одоо 16.5 сая төгрөг цуглачихаад байгааг дээр дурдсан.
“Форбес” сэтгүүл “30 хүртэл 30”, “40 хүртэл 40” хэмээх салбар салбартаа амжилттай ажиллаж буй залуусыг шалгаруулсан бөгөөд “30 хүртэлх 30” залууд Ч.Ганжавхлан багтсан юм. Тус залуусын 2016 – 2017 оны шинэ жилийн арга хэмжээний үеэр Ч.Ганжавхлан “Ид шидийн орон” төслөө танилцуулах төдийд л зургаан сая төгрөгийн бодит хандивыг босгосныг сурвалжлагч би нүдээрээ харлаа.
Төслийн зураг төсөл бэлэн болсноор ерөнхий санхүүжилтийн дүн гарч хэчнээн төгрөг шаардлагатай нь тодорхой болно. Мэдээж маш том тоо гарч ирэх нь ойлгомжтой болов уу. Тиймээс ч уншигч та тодорхой хандив өгөхийг хүсвэл ЭНД хандана уу.
Нэгэнт төр хийж чадаагүй, хэсэгтээ хийж чадахгүй байх магадлалтай энэ төвийг Монголчууд бид өөрсдийн нэгдэл, санаачлагаар босгох зайлшгүй бүр хоолой дээр тулсан шаардлага хэрэгцээ байгааг ойлгуулахын тулд цаас идэж голоо зогоож байгаа бас согтуу аав, ээж, ах, дүүстээ заазуурдуулж, хазуулж амь насаа алдаж, эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хэзээ ч нөхөшгүй хохирол амсч байгаа олон олон хүүхдийн жишээг дахин сануулах нь илүүц буй за.
Сурв. Ч.Ганжавхлан гэж хэн бэ. “Ид шидийн орон” баригдах газар руу явахаас өмнө манай сурвалжлагын баг түүний “Jack’s Coffee” шопоор зочлов. Шинэхэн сайхан боргол ханхалсан энэ шопын хажуу талын байшиндаа тэрбээр “жинхэнэ” борголын эх орноос авчирсан бүтээгдэхүүнээ хуурах, бутлах үйлдвэртэй. Хэд хэдэн боргол шопт сайн чанарын бүтээгдэхүүний хангалт хийж мөн хувиараа хүмүүс гэрийнхээ хэрэглээнд эднийхээс боргол худалдан авдаг байна.
Ч.Ганжавхланг борголоос салгаж ойлгоход хэцүү. Учир нь тэрбээр өөрийн энэ хоббигоо бичил бизнес болгож санхүүгийн асуудлаа зохицуулж байна.
Борголны хэрэглээ нь хэрээс хэтэрч эмнэлэгт хоёр ч удаа хэвтэж байсан тухайгаа тэрбээр хуучлав. Эцэстээ боргол гэгч зүйлийг уувал чанартайг нь тохирох хэмжээнд хүртэх ёстойг ойлгож өдөрт хоёр аягаас хэтрүүлэхгүй байх дүрэмтэй болжээ.
Өмнө нь борголын нөлөөгөөр шөнө ч унтахаа байж хоёр ч ном (self publishing) хэвлүүлэх хэмжээний тэмдэглэл хөтөлж хожим нь залууст сургамж бүхий сонирхолтой хэлбэрээр бичсэн түүний энэ хоёр ном хэвлэгджээ.
Ч.Ганжавхлан бизнесийн удирдлагаар БНХАУ-ын Төв Санхүү, Эдийн засгийн Их Сургуулийг төгссөн. Арван жилд байхдаа Солонгос улсыг зорьж тэндээ жил гаруй хугацаанд сурч, мөн таарсан хүнд, хөнгөн бүхий л хар, шар ажлыг хийжээ. Үүний дараа БНХАУ-ыг зорьж их сургуульд суралцжээ. Улмаар АНУ-д мөн хэдэн жил сурч нийт есөн жилийг гадаад орноор сурч өөрийгөө бас тодорхой хэмжээнд нээсэн, таньсан, сорьсон есөн жилийг ардаа үджээ. Хятадад сурч байхдаа тэндхийн олон хотоор аялж Монгол оюутнуудад зориулсан төрөл бүрийн хөдөлгөөн, нэгдлүүдийг бий болгож нэлээд “бужигнуулжээ”.
Энэ бүхний эцэст түүний байх ёстой цорын ганц газар Монгол гэдгийг ойлгосон тухайгаа ярив.
Одоо тэрбээр үзэсгэлэнт гэргий Ц.Пүрэвжаргал, бяцхан хүүгийн хамт амьдарч байна.
“Автуус ба амьдрал” номын нүүрэн дэх гудамжны голоор алхаж яваа хүү бол Ч.Ганжавхлан.
Манхэттенийн гудмаар алхах энэ хүү тухайн үед соёлын асар том цочирдолд орж өөрийгөө энэ дэлхийн ямар жижиг эс вэ гэдэгт дэндүү бачууран алхаж яваа дүрслэлийг зураач ийнхүү буулгажээ.
- Ид шид байдаг гэдэгт итгэдэг үү?
- Итгэдэг ээ, одоо ид шидийг бүтээнэ гэдэгтээ итгээд явж байна даа.
iKon.mn сайтын шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн” үргэлжилсээр… Ярилцлагын зочин: Ч.ГАНЖАВХЛАН - Ganjavkhlan Chadraabal