Зураг
Зураг
Индэр    
2019 оны 3 сарын 29
Зураг
iKon.mn сэтгүүлч
Зураг
iKon.mn сэтгүүлч

Технологийн эрин үед машинд бус хүний хөгжилд анхаарлаа хандуулах нь

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

- Боловсрол тэгш бус байдлын шалтгаан болох нь -

Аливаа улс үндэстний гол баялаг, эдийн засгийг хөдөлгөгч хүч болох ард иргэдийн хөгжил, бүтээмж, ур чадвар зэргийг хэмждэг олон хэмжүүр, үзүүлэлтүүд байдаг билээ.

Үүний нэг нь Дэлхийн Банкнаас жил бүр гаргадаг аливаа хүүхэд төрснөөсөө хойш 18 нас хүртлээ боловсролыг ямар түвшинд эзэмшиж, эрүүл мэндийн үйлчилгээ хэрхэн авч буй зэргийг тооцон гаргадаг үзүүлэлтийг "Хүмүүн капитал индекс" буюу "Human Capital Index" /HCI/ хэмээн нэрлэдэг.

Улс орнуудын хүмүүн капитал индекс /ХКИ/-г жил бүрийн сүүлээр Дэлхийн Банкнаас танилцуулдаг ба 2018 оны индекс өнгөрөгч аравдугаар сард гараад байгаа юм. Тус үр дүнг Дэлхийн Банкны Ерөнхийлөгч асан Жим Ён Ким танилцуулж, чухалчилсан нь тус үзүүлэлтэд доогуур байрт орсон улсуудад нийт хүн амынхаа эрүүл мэнд, боловсролд анхаарал хандуулах цаг болсныг илтгэж, дохио болоод байгаа юм.

Хүмүүн капитал индексийг хэрхэн хэмждэг вэ?

Өмнө дурдсанчлан Хүмүүн капитал индекст хүүхэд төрсөн цагаасаа хойш таван нас хүртлээ хэр зэрэг хүртээмж, чанартай боловсрол авч, хүнс тэжээлийн хэрэгцээгээ бүрэн авч чадсан эсэхийг гаргадаг ба цаашлаад 60 хүртлээ хэрхэн амьдрах боломжтойг урьдчилан тооцон, үзүүлэлтүүдийг нэгтгэн 0-1 хүртэлх оноогоор дүгнэн гаргадаг аж.

2018 оны ХКИ-т эхний арван байрт орсон улс:

  1. Сингапур улс 0.88
  2. БНСУ 0.84
  3. Япон улс 0.84
  4. Хонг Конг улс, 0.82
  5. Финланд улс, 0.81
  6. Австрали улс 0.80
  7. Швед улс 0.80
  8. Нидерланд улс 0.80
  9. Канад улс 0.80

Дээрх жагсаалтаас харахад эхний дөрвөн байрт Азийн улсууд багтсан бөгөөд Сингапур 0.88 оноотойгоор нийт 157 улсыг тэргүүлээд байна.

Үүний гол шалтгаан нь тус улсын бага насны хүүхдийн дийлэнх буюу 98 хувь нь олон улсын стандартад нийцсэн бүрэн дунд сургуульд суурь боловсрол эзэмшиж байгаатай холбоотой юм.

Сингапурын дараагаар эрэмбэлэгдсэн БНСУ болон Япон улс орсон нь эдгээр улсад төрсөн хүмүүс 85 болон түүнээс дээш наслах боломжтой гэсэн тооцоолол гарсантай холбоотой. Ингээд харахад аж үйлдвэржсэн, эдийн засгийн хувьд хангалттай их нөөц баялагтай улсууд улс орныхоо гол баялаг болох ард иргэддээ багаас нь эхлэн насан эцэс болтол нь сурч боловсрох, эрүүл энх амьдрах боломжийг олгодог нь харагдаж байна.

Хамгийн өндөр оноо авсан улсуудад 14 хүртэлх насны хүүхэд бүр ямар нэгэн зовлон бэрхшээл, гачигдалд оролгүй чанартай боловсрол эзэмшсэн, насанд хүрэгчид нь 60 нас хүрэх боломжтой гэсэн нийтлэг шинжүүд ажиглагдаж буйг онцлох нь зүйтэй.

Сүүлийн тав​

 

152.Бүгд Найрамдах Нигери Улс 0.34

153.Бүгд НайрамдахЛибери Улс 0.32

154.Бүгд Найрамдах Мали Улс 0.32

155.Өмнөд Судан Улс 0.30

156.Бүгд Найрамдах Чад Улс 0.29 гэсэн оноотойгоор боловсрол, эрүүл мэндийн хангалттай нөөц, бололцоогүй гэх тодотголоор сүүл мушгижээ.

Хангалттай хөрөнгө, нөөц, баялаг болон зөв бодлого баримталж буй улсуудад хүүхэд 14 нас хүртлээ олон улсын бүрэн дунд боловсролыг хангалттай эзэмшиж байгаа бол сүүлийн тавд орсон дээр улсуудад тийм нөөц бололцоо хомс буй нь харагдаж байна.

Түүнчлэн дээрх улсуудад Хүмүүн капитал индексийг танилцуулж байх үед /2018 оны аравдугаар сар/ нийт 115 сая хүүхэд хоол хүнс, тэжээлийн дутагдалд орж, сурч боловсрох болон танин мэдэх чадвараа алдаж байна гэсэн бодит тооцоо гараад байсан юм.

Индекст 0.41 оноотойгоор 126 дугаарт орсон Өмнөд Африкийн хүүхдүүдийг Сингапур улсын хүүхдүүдтэй харьцуулахад тэдний ердөө 26 хувь нь л Сингапурын хүүхдүүдтэй ижил түвшний сургуульд суралцаж байсан ба Өмнөд Африкийн хүүхдүүд дунджаар 68 наслах боломжтой гэсэн тооцоо гарсан нь Сингапур улсын дундаж наслалтаас 21-ээр бага байгаа юм.

Технологийн эрин үед машинд бус хүний хөгжилд анхаарлаа хандуулах нь

 

Техник технологи, цахим орчин, инноваци зэрэг хурдацтай хөгжлийн үр дүнд орчин үеийн хөдөлмөрийн зах зээл өөрчлөгдөж, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал явагдаж, олон ажлын байр машин, роботынх болж, их хэмжээний ажлын байрыг үгүй хийх эрсдэл бий болж байна.

Энэ үед бидэнд асуудлыг түргэн хугацаанд шийдвэрлэх, аливаа зүйлд шүүмжлэлт талаас нь хандах, шинээр гарч буй арга барил, нөхцөл боломжид түргэн хугацаанд дасан зохицох чадварууд зайлшгүй болоод буйг Дэлхийн Банкнаас санууллаа.

Эс бол бид хурдацтай хөгжиж буй технологийн дэвшлийн үеийн хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлтөд дасан зохицох боломжгүй болоод байна.

Индекст эхний байрт орсон улсууд ийм төрлийн чадваруудыг суулгаж, технологийн эрин үеийн боловсон хүчинг бэлтгэж буйг тэмдэглэсэн байдаг. Харин сүүлд бичигдсэн улсуудын сурагчид ийм боломж бололцоогоо алдаж буй гэх утгаараа тэднийг "Ард үлдэгсэд" хэмээн нэрлээд байгаа юм.

Боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулах нь хүндрэлтэй бөгөөд үр өгөөж нь хэдэн жилийн хугацаанд ажиглагдаггүй хэмээн Дэлхийн банк тодотгосон байдаг.

Учир нь зам тавих, гүүр барих зэрэг нь эдийн засаг, улс төрд түргэн хугацаанд үр өгөөжийг өгдөг бол хүүхдийн хөгжилд хөрөнгө оруулснаар тэднийг өсөж том болоод, ажиллах хүчинд нэгдэх хүртэл үр ашиг нь мэдэгдэггүй. Харин урт хугацаанд ирээдүйд томоохон хөрөнгө оруулалт, өгөөжийг улс оронд авчирдаг байна.

Үүний тод жишээгээр Сингапур улсыг дахин онцлох нь зүйтэй. Учир нь хэдхэн жилийн өмнө тус улсын насанд хүрэгчдийн боловсролын түвшин дундаж түвшинд байсан бол хүүхдүүдийнхээ боловсрол, хөгжилд анхаарч хөрөнгө оруулснаар тус өдгөө дэлхийн хамгийн өндөр боловсролтой иргэдтэй болж, хүмүүн капиталын индексээрээ тэргүүлж байгаа юм.

Харин Монгол Улс...

 

Хүмүүн капиталын индекст манай улс дэлхийн 157 улсаас 0.63 оноогоор 51-т эрэмбэлэгджээ.

Монгол Улсын гол үзүүлэлтийг дурдвал:

  • Өнөөгийн Монгол Улсад төрж буй хүүхдүүдийн 63 хувь нь өсөж том болтлоо боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг бүрэн авч байна,
  • 100 хүүхэд тутмын 98 нь таван нас хүрэх боломжтой,
  • Хүүхдүүд 18 нас хүртлээ цэцэрлэг, сургуульд суралцах нийт хугацаа нь дунджаар 13.6 жил,
  • Сурагчид суралцах чадамжаасаа хамааран сургуульд 9.4 жил суралцдаг,
  • 15 настай хүүхдүүдийн 79 хувь нь 60 нас хүрэх боломжтой, /энэхүү тооцооллыг гаргахдаа хортой болон хоргүй нөхцөл, гадны шалтгаант өвчлөлийн өнөөгийн байдалтай харьцуулан гаргасан болно/
  • Монголд 100 хүүхэд тутмын 89 нь өсөлт хөгжилт хэвийн байгаа бол үлдсэнийх нь өсөлт удааширсан, хөгжлийн хоцрогдолтой байгаа ба энэ нь цаашид насан туршид нь бие, эрхтэнд нь нөлөөлөх магадлалтай хэмээн Дэлхийн банкны тайланд тус тус дурджээ.

Дээрх үзүүлэлтүүд нь Африкийн буурай хөгжилтэй улсуудтай харьцуулахад өндөр тоо ч Монгол шиг цөөхөн хүн амтай улс Сингапур, БНСУ, Япон зэрэг улсуудтай адил аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын эрин үед ажиллах чадвартай боловсон хүчин бэлтгэж байгаа эсэх нь эргэлзээтэй юм.

Түүнчлэн манай улсын авсан 0.63 оноог нэгдүгээр байрт, 0.88 оноо авсан Сингапур улстай харьцуулахад Монгол хүүхдүүдийн 63 хувь нь буюу талаас илүү хувь нь өсөж том болтлоо боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ бүрэн авч чаддаг, харин Сингапур хүүхдүүдийн 98 хувь нь буюу дийлэнх нь дээрх үйлчилгээг ямар нэгэн бэрхшээлгүйгээр авдаг гэсэн ялгаатай тоо байна.

Мөн Монголын одоогийн 15 настай хүүхдүүдийн 79 хувь нь 60 нас хүрэх боломжтой гэсэн тооцоо гарсан бол эхний гуравт бичигдсэн Сингапур, БНСУ, Япон зэрэг улсын энэ насны хүүхдүүд дунджаар 85 болон түүнээс дээш наслах боломж бүрдсэн гэх ялгаатай үзүүлэлт тус тус харагдаж байлаа.