Зураг
Зураг
Индэр    
2020 оны 9 сарын 7
Зураг
iKon.mn сэтгүүлч

"Хоёрдогч хэлийг 7-9 насанд сурах нь хамгийн тохиромжтой ч эх хэлний суурийг алдагдуулахгүй байх нь чухал"

Зураг
Гэрэл зургийг: MPA.mn
АРХИВ: 2019-04-10-ны ярилцлагыг дахин нийтлэв.

-Боловсрол тэгш бус байдлын шалтгаан болох нь-

Аливаа хүн өөрийн эх хэлнээс гадна англи хэлийг тодорхой хэмжээнд эзэмшвэл тухайн хүний орлогыг 30-50 хувиар нэмэгдүүлэх хүчин зүйл болдог гэсэн судалгаа олон улсад бий.

АНУ-ын Принстоны Их сургуулийн судлаачид ч мөн дэлхийн зарим улсын иргэдийн англи хэлний чадвар болон тухайн улсын эдийн засаг хоорондын харилцан хамаарлыг судлан гаргасан байна. Судалгаанд хамрагдсан 60 улсын дийлэнхэд нь улсын иргэдийн англи хэлний чадвар эдийн засагтай нь харилцан хамааралтай байдаг гэсэн үр дүн гараад байгаа юм.

Өөрөөр хэлбэл англи хэлний чадвартай байх нь зөвхөн хувь хүний хөгжил, орлогын түвшин болоод цаашид хөгжих боломжид нь нөлөөлөөд зогсохгүй улс орны эдийн засгийн өсөлтөд ч мөн нөлөөлдөг болох нь ийнхүү тогтоогдоод байгаа юм.

iKon.mn “Боловсрол тэгш бус байдлын шалтгаан болох нь” сэдвийн хүрээнд цуврал контентууд хүргэж байгаа билээ. Тэгвэл энэ удаагийн цувралаар дэлхий дахин, хүн төрөлхтний “албан ёсны хэл” гэгддэг англи хэлийг Монгол Улсын сурагчид ямар түвшинд эзэмшиж буй болоод хоёрдогч хэл сурснаар хувь хүн болон улс орны хөгжилд ямар эерэг нөлөө авчрах боломжтой талаар Англи хэлний заах арга зүйч, “Academia” англи хэлний институтийн үүсгэн байгуулагч Х.Нинж-Эрдэнэтэй ярилцсан юм.

Түүний ажил мэргэжлийн зарим туршлагаас дурдвал АНУ-ын ЗГ-ын Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрөөр АНУ-ын "Питтсбургын" их сургуульд  монгол хэлний багш, Нью Йорк мужийн их сургуулийг "Англи хэлний заах арга зүй" мэргэжлээр шинжлэх ухааны магистрын зэрэг,  хос хэлтний боловсрол, тархи судлал, сурахуйн ухаан болон сэтгэл зүйн чиглэлээр сонгон мэргэшсэн ба англи хэл болон заах арга зүйн ухааны чиглэлээр манай улсад мэргэшсэн цөөхөн мэргэжилтнүүдийн нэг гэж хэлж болно.

Тэрбээр 2013 оноос хойш одоог хүртэл Монголын англи хэлний багш нарын холбооны дэд тэргүүнээр, Америкт төгсөгчдийн холбооныг ТУЗ-ийн гишүүнээр тус тус ажиллаж англи хэлний боловсролын чиглэлээр судалгаа болон олон нийтэд чиглэсэн сургалт, үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа юм. 

НЭГ. Монгол Улс Азидаа англи хэлний боловсролоороо доороосоо гуравдугаарт ордог

-Манай улсын ерөнхий боловсролын сурагчдад англи хэл зааж буй аргачлал ямар түвшинд байгаа бол?

-Манай улсын ерөнхий боловсролын сургуулиудын сурах бичигт орсон материал нь хүүхдүүдийн сонирхолд нийцэхгүй, уйтгартай, алдаа ихтэй гээд тулгамдсан асуудал их бий. Англи хэл заах аргын тухайд бол бид 100 байтугай жилийн хоцрогдолтой байна. Англи хэлний багш нар бэлтгэж байгаа их дээд сургуулиуд ч мөн заах арга тааруухан байх шиг байгаа юм.

Бид өөрсдийн нөөц бололцоо, сүүлийн үед хурдацтай хөгжиж буй харилцаа холбоо, интернэт, техник технологи гэх мэтийг эс тооцвол Монголчууд сэтгэхүйн хувьд үнэхээр хоцрогдолтой байгаа. Тэр тусмаа багш нар хамгийн түрүүнд шинэлэг заах арга зүй, шинэ мэдээ мэдээллийг сурагч, оюутнуудад хүргэдэг байх ёстой.

21-р зууны багшийн ажил бол шинэлэг, бодит мэдээллийг сурагчдын сэтгэхүй, тархийг идэвхжүүлж бодуулах арга зүйгээр орох юм.Түүнчлэн дижитал эрин үеийн залуусыг хэрхэн сургаж, суралцуулах талаар мөн судлах шаардлагатай байна. Тэгэхгүй бол багш нар би ингэж сурч байсан гээд өөрийн үеийн нөгөө л хуучинсаг юмаа ярьсан хэвээр.

 Цаг цагаараа байдаггүй гэдэг ардын үг байдаг даа...

-Олон улсад хүүхдэд хоёрдогч хэлийг хэддүгээр ангиас нь эхлүүлж заадаг вэ? Гадны туршлагаас хуваалцахгүй юу?

- Бага насны хүүхдүүд аливаа сайн, мууг ялгах чадваргүй, шүүлтүүргүйгээр хуулбарлаж сурдаг. Ямар ч хэлний суурь сонсохоос эхэлдэг. Эхлээд авиа зүйд дасал болж, дараa нь үгийг ойлгож, дараа нь өгүүлбэр ойлгож эхэлдэг. Эдгээрийг сургуульд багшаар заалгахгүйгээр өөрөө орчноосоо сурч болдог.

Харин сургуульд багшаар бичиг үсэг, зөв системчлэлтэй дүрэм гэх мэт хэлний хийсвэр зүйлүүдийг заалгадаг юм. Үүнийг заах арга зүйд хүний тархины хөгжилтэй холбоотойгоор шийддэг.

Дэлхийд англи хэлийг хоёрдогч хэлээр унаган мэт заадаг орнууд бол Нидерланд, Дани, Швед, Финлянд зэрэг Европын улсууд байдаг. Эдгээр оронд англи хэлийг 7, 8, 9 наснаас нь эхлүүлэн сургуульд албан ёсоор зааж эхэлдэг. Энэ үед тархи хийсвэр сэтгэлгээ рүү шилжсэн байдаг тул хэлний дүрэм, өгүүлбэр зүй гэх мэт хийсвэр ойлголтуудыг хүлээж авч эхэлдэг нас гэсэн үг юм.

График 1. Англи хэлийг хоёрдогч хэлээр эзэмшиж чадсан улсууд /Эх сурвалж: Дэлхийн Эдийн Засгийн Форум/

 

Сүүлийн арван жилд хоёрдогч хэлийг аль болох бага наснаас нь заах тохиолдол нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Олон янзын хэл багаасаа сонсож өсөх нь бусад гадаад хэлийг эх хэл шигээ сурахад маш том түлхэц болдог.

Гэхдээ англи хэлийг хоёрдогч хэлээр заах, гадаад хэлээр заах хоёр ялгаатайг ойлгох хэрэгтэй. Жишээ нь, Их Британи, АНУ, Канад гэх мэт улсууд бол англи хэлийг анхдагч хэлээр, цагаачдад хоёрдогч хэлээр заадаг. Сингапур, Малайз зэрэг хуучин колони байсан орнуудад англи хэл мөн хоёрдогч хэлээр ордог. Тийм учраас колоничлолд байх үеэс эхлүүлэн суурь нь тавигдаад, тухайн орны хэлний бодлогод орчихсон байсан гэсэн үг.

Харин өмнө дурдсан Европын улсуудад англи хэлийг гадаад хэлний сонголтоор ордог юм. Тийм учраас хэдэн настайгаас зааж эхлэх нь улс бүрийн бодлогоор явдаг. Тухайн бодлогыг гаргахдаа хүүхдийн гадаад хэл сурах насны онцлог, сэтгэхүй мөн эх хэлний бодлоготойгоо уяж өгөх нь хамгийн чухал. Заавал тэр улс гэж хуулбарлалгүйгээр бид өөрсдөө Монгол хүнийхээ хэл сурах сэтгэхүй, тархийг судлаад насыг тогтоох хэрэгтэй гэдэг нь гол санаа юм.

Түүхээ сөхвөл Монголын хатад, их дээд язгууртнууд эрт дээр үеэсээ эхлүүлэн хүүхдүүддээ олон хэл заадаг байсан. Тархи хэдэн наснаас, хэрхэн хэл сурдаг гэдгийг далдуур мэддэг байсан ард түмэн.

Монголд байгаа хувийн, гадаад хэлтэй сургуулиудад хос хэлний хөтөлбөрөөр ороод эхэлчихсэн байгаа юм. Бусад хичээлүүд нь англи хэл дээр заагдаж байгаа. Заавал  ямар нэгэн хэлийг эхлээд хөгжүүлнэ гэхээсээ илүү зэрэг яaж хөгжүүлэх вэ гэдэг дээр бодлого боловсруулаад гаргах хэрэгтэй. 

-Манай улсын одоогийн ерөнхий боловсролын сургалтын тогтолцоонд англи хэлийг хангалттай түвшинд зааж байгаа болов уу?

-Товчхоноор хэлэхэд үгүй. Энэ нь хоёр талтай юм.

Нэгдүгээрт төрөөс ямар ч дэмжлэг байдаггүй. Миний хувьд дунд сургуулийн багш нартай яг тулж ажилладаг тул тэдэнд ямар асуудал тулгардаг гэдгийг сайн мэднэ. Бодлого боловсруулаад, гаргадаг дарга нар үнэндээ ямар ч ойлголтгүй байж багш нарыг бичиг цаас, үнэлгээ, шалгалт гэх мэтээр дарамтлаад сууж байдаг.

Багш нарт өөрсдийгөө хөгжүүлэх цаг хугацаа боломж олгох хэрэгтэй. Юу ч зааж амжаагүй байтал баахан шалгалт авдаг хоосон системээс салах хэрэгтэй. Тэгээд багш нар муу байхаар тэд нарыг дарамтлан шийтгэдэг. Эсвэл баахан үнэ цэнэгүй, хэрэгцээгүй сургалт хийж, сертификат өгдөг. Хэрэгцээн дээр үндэслэж сургалт хийддэггүй гэх мэт.

Aнгли хэлний олон улсын хурлыг жил болгон зохион байгуулж, яамнаас хүн урихад ирээд үг хэлсэн сайд байдаггүй. Англиар үг хэлэхээс ичдэг байх. Малайз, Индонез, Тайланд гэх мэт улсуудад зохион байгуулагддаг Азийн англи хэлний хурал дээр улс төрийн тэргүүнүүд нь ирээд англиар үг хэлдэг мөн санхүүжүүлдгээс харахад хэр их ялгаатай нь харагдаж байна.

Түүнчлэн Монгол Улс Азийн бүс нутагтаа англи хэлний боловсролоороо доороосоо гуравдугаарт ордог. Энэ нь судалгаа хийх түвшинд англи хэл заагддаггүй, хөгжөөгүй байгаатай холбоотой. 

График 2. Азийн бүс нутгийн улсуудын англи хэлний чадварын индекс /Эх сурвалж: EF EPI 2018/

 

Швейцарьт төвтэй EF боловсролын байгууллага жил бүр унаган биш англи хэлтэй дэлхийн орнуудын англи хэлний боловсролын түвшинг үнэлж "EF English Proficiency Index" жагсаалтыг гаргадаг. Жагсаалтыг гаргахдаа улс орнуудын нийт нэг сая гаруй насанд хүрэгчдээс англи хэлний сорил авч үнэлсэн байна.

Тус үзүүлэлтэд энэ жил Азийн бүс нутгаас Сингапур улс хамгийн чадвартай англи хэлтэйгээр тодроод байгаа юм. Харин Монгол Улс 2017 онд 80 орноос 71 дүгээр байрт оржээ. Энэ нь Ази, Номхон Далайн бүс нутагтаа дороосоо гуравдугаарт, зөвхөн Камбож, Лаос улсуудын урд орсон үзүүлэлт юм.

Түүнчлэн Монгол Улсын үзүүлэлт жилээс жилд буурч байгаа юм. Тодруулбал, 2015 онд 70 орноос 64-т, 2016 онд 72 орноос 66-т орж байжээ. Харин 2018 онд тус 80 орны жагсаалтад багтаж чадалгүйгээр англи хэлний чадвар тааруу улсуудын эгнээнд багтаад байна.

Нөгөө талаар багш нар ч мөн өөрсдөө хариуцлагагүй ханддаг гэж хэлж болно. Өөрсдийгөө хөгжүүлэхэд хойрго. Гомдоллохоос бус шийдэл олох гэж огт боддоггүй. Бэлэн мөнгө санал болгосон зүйлд л хөдөлнө. Бусад салбарынхан ч мөн адил утга учиргүй өрсөлдөж ганцаарчилсан тоглолт их хийдэг, баахан төмөр медаль, цаасан сертификат өгдөг байдлаасаа салах хэрэгтэй.

ХОЁР. Монгол, англи хэлтэй холбоотой үндэсний аюулгүй байдлын бодлого байх ёстой

 

-Англи хэлтэй болсноор хувь хүн болон улс орны орлогын түвшин хэрхэн өөрчлөгдөж, сайжирдаг талаар ямар нэгэн судалгаа байдаг болов уу?

-Англи хэлийг маш сайн эзэмшсэн хүний орлого өөрийн орны англи хэл мэдэхгүй эсвэл тааруу мэдлэгтэй ажил хайгч хүмүүстэй харьцуулахад 30-50% илүү байдаг гэдгийг ажил олгогч нар баталсан байдаг.

Мэдээж тухайн орны хүмүүс англи хэлийг хангалттай сайн хэмжээнд сурсан байх нь эдийн засгийн бодит өсөлт, иргэдийн амьжиргааны түвшинд эерэг нөлөө үзүүлдэг.

Англи хэлийг ганц үгээр тодорхойлбол эдийн засгийг хөдөлгөх зэмсэг хэл гэж хэлж болно

Гадны улсуудад хамгийн их хөрөнгө оруулалт боловсролын салбарт орж ирдэг гэж хэлж болно. АНУ, Их Британи зэрэг улс гадны улсаас хамгийн их оюутнууд авдаг ба тэр ч утгаараа тухайн оюутнууд 2-3 дахин их төлбөр төлдөг. Мөн тэр хэмжээгээрээ эдийн засагт нь хөрөнгө оруулалт оруулж байдаг гэсэн үг юм.

Монголчуудын хувьд англи хэл сурах нь бидэнд буй асуудлуудыг шийдвэрлэх, хүчирхэг орнуудаас суралцах, тэдэнтэй хөл нийлүүлэн алхаж явахад чухал ач холбогдолтой байгаа юм. Ингэснээр эдийн засаг, эв найрамдал, эрх чөлөөгөө бататгах, дэлхийн тавцанд дуу хоолойгоо илүү их хүргэх боломжтой болох юм.

Гэсэн хэдий ч эх хэлээ хэзээ ч хаяж болохгүй гэдгийг санах хэрэгтэй. Мөн монгол, англи хэлтэй холбоотой үндэсний аюулгүй байдлын бодлого гэж юм байх ёстой. 

Сонирхуулж хэлэхэд АНУ-д одоо ч албан ёсны хэл гэж байдаггүй. Учир нь хэлтэй хамт соёл, итгэл үнэмшил, шашин шүтлэг цуг явж байдаг тул хэрэв англи хэлийг албан ёсны хэл гэж зарлавал АНУ-д олон хэлтэй үндэстэн хоорондын мөргөлдөөн бий болж, дайн үүсэх эрсдэлтэй юм.

-Сургуулиудыг олон улсын хөтөлбөрийн /Cambridge/ сургалттай болгосноор сурагчдад хэрхэн үр дүнгээ авчирж, өөрчлөх боломжтой бол?

-Монголын боловсролын салбар өнөөг хүртэл монгол хүүхдүүдэд тохирох сургалтын системтэй болж чадаагүй учраас бэлэн юм хуулбарлаж явахаас өөр аргагүй болоод л Кембриж гэх мэт олон улсын сургалтыг нэвтрүүлэх гэж оролдож байгаа юм.

Манай улсад Кембриж, Сингапур, Япон, Орос, Хятад хөтөлбөрөөр ордог цэцэрлэг, бага сургуулиуд маш олноор нээгдэж байна. Энэ нь Монгол улсын хувьд тогтвортой боловсрол биш бөгөөд эсрэгээрээ харин ч маш аюултай шийдвэр гэж хэлж болно. 

Учир нь боловсролоор дамжин хүнийг эдгээр соёлд уусгаж байдаг. Кембриж хөтөлбөр гэдгээр дунд сургуулиудаа хуваагаад хүүхдүүдийг өрсөлдүүлж учир утгагүй хүнд материалаар шалгаж авдаг болж. Элсэлтийн шалгалтыг нь өгөх гэж хүүхдүүд хоёр сар бэлддэг байх жишээтэй. Хэдхэн хүн амтай байж яах гэж ингэж хагарал үүсгэнэ вэ гэх бодол орж ирдэг...

 
Гэрэл зургийг: MPA.mn

Ардчиллын үндэс тэгш байдал гэж ярьдаг ч сүүлийн үед боловсролоор нь дамжуулан хагарал үүсгээд эхэлж байна...

-Хөтөлбөр гэдгийн цаана хүний сэтгэхүй, үнэ цэнэд нөлөөлсөн хүчин зүйлүүд нуугдмал явж байдаг. Хүний тархи 25 нас хүртлээ аливааг шүүн тунгаах, өөрийн гэсэн үнэлэмж тогтвортой сууж амжаагүй байдаг тул гадаадад энэ хүртэлх насандаа сурсан залуус Монгол гэсэн үнэлэмжээ зарим талаараа алдсан байдаг.

АНУ, Их Британи. Япон, Финлянд, Герман зэрэг улсын боловсрол яагаад бусдаас онцлог байдаг, үндэстний сэтгэхүйн онцлогийг яаж оруулсан байна гэдгийг нь судлах хэрэгтэй. Түүний үндсэн дээр өөрсдийн онцлогт тохирсон үндэсний нэгдсэн хөтөлбөр гаргаад хувийнх ч бай, улсынх ч бай бүх сургууль түүнийг дагах хэрэгтэй гэж бодож байна. 

Тогтвортой боловсрол гэдэг нь Монгол гэдэг үнэт зүйлтэй, дотоодын болон гадаадын асуудлыг шийдвэрлэх чадвартай, шийдэл олж чадахуйц бусад орны хүмүүст “Би Монголд л сурмаар байна” гэсэн үнэлэмж өгч чадахуйц байхыг хэлж байгаа юм.

Түүнчлэн англи хэл гэсэн хэт их давалгаанд жижиг улс, үндэстнүүд хэдийнээ хэлмэгдэж үгүй болж байна. Дэлхий дээр 7,100 орчим хэл байдгаас 1,519 нь одоогийн байдлаар устах аюултай, үүнээс 915 нь хэдийнэ устаж эхэлсэн гэсэн тоо баримт гараад байна. Үүнд Тува хэл багтсан ба Тува хэл мөхөж байгаагаар Тува соёл ч мөн устаж байгаа талаар маш том судалгаа олон улсад хийгдээд байна.

Нэгэнт мөхөж байгаа гэсэн тоонд орсон бол энэ зуундаа устана гэсэн үг. Энэ соёлтой хамт хөөмий, хархирааны төрлүүд устаж байна.

Хэдийгээр улс төр, газар зүйн байршлын хувьд биднээс тасарсан ч манай яс үндэстний нэг, бидний соёлтой хамт устаж эхэлж байна гэж хэлж болно.

Музей, үзмэрүүдийг хөгжүүлэх, түүхийн хичээлийн ач холбогдлыг сурагч, оюутан залууст ойлгуулж, судлаачид бэлдэх гэх мэт томоохон соёлын өвүүдийг хадгалж, хамгаалах ажлууд хийгдэх хэрэгтэй буйн нэг илрэл юм. Тогтвортой хэлний бодлого гэж үүнийг л хэлж байгаа юм. Одоо л анхаарч эхлэхгүй бол Монгол туургатангууд эхнээсээ устаж үгүй болж бидний өв соёл тэдэнтэй хамт устах аюулд байна гэсэн үг.

Гурав. Англи хэлийг сайн сурдаггүй шалтгаан нь эх хэлний чадвар муу байгаатай ч холбоотой

Гэрэл зургийг mpa.mn

-Хос хэлтэй болсноор хувь хүнд ямар өөрчлөлтүүдийг авчирдаг вэ?

-Мэдээж хос хэлтэй байна гэдэг өнөөгийн глобалчлалд маш том давуу тал. Жишээлбэл, өөрт хэрэгтэй хамгийн сүүлийн үеийн ном зохиол, судалгаа шинжилгээний ажлуудыг олж уншихаас эхлээд гадаад орны хамгийн сайн гэсэн туршлагуудаас суралцах боломжийг нээж өгдөг.

Мөн эрүүл мэндийн хувьд ч мөн тархины үйл ажиллагаа сайн, мартаж зөнөх өвчин тусахгүй гэх мэт тоочвол олон эерэг талыг авчирна. Түүнлчэн тус асуудалд зөвхөн хувь хүн гэж ярих  мөхөс юм. Хувь хүний эрх ашиг бол маш өчүүхэн, аминчхан зүйл тул хувь хүний бус үндэстэн, эх орны эрх ашгийг ярих цаг болсон. 

Манайд одоог хүртэл Масловын хэрэгцээний пирамидыг доороос нь чухал гээд зааж байна. Пирамидаа тонгоруулаад харах шаардлагатай.

Нийгмийн эрх ашиг, нийгэмд үйлчилж асуудал шийдэх, ёс суртахуунтай байх зэрэг тэргүүнд яригддаг. Барууны хөгжилтэй орнууд ингэж л сэтгээд байна даа. Манайхан хэт хэвшмэл сэтгэлгээнд орсон нь хүний хар амиа бодох болсонтой шууд холбоотой. Ийм байдал яваандаа мөхөлд хүргэдэг аюултай.

Масловын хэрэгцээний пирамид:
 

5. Ёс суртахуун, нийгмийн эрх ашгийн төлөө асуудал шийдвэрлэх, мэдээллийг хайж, олох, нийгмийн тэгш эрхт байдал,
4. Өөртөө итгэх итгэл, нийгэмд бүтээсэн амжилт, бусдыг хүндлэх, бусдаар хүндлүүлэх,
3. Гэр бүл, найз нөхөд, дотно  харилцаа гэх мэт,
2. Тайван амгалан байдал, боловсрол, ажил, нөөц боломж бололцоо, эрүүл мэнд, хувцас гэх мэт,
1. Амьсгалах, идэх, унтах, нөхөн үржилд орох гэх мэт. Оюун ухаантай хүнд энэ бол өчүүхэн зүйл. Амьтад ийм амьдралаар яваад дуусдаг. Харамсалтай нь Монголчууд  эндээсээ салаагүй л байна. Хамаг нас, амьдралаа пирамидын 1,2 дээр өнгөрүүлээд дуусдаг. 3 луу ч орж чадахгүй байна. Гэр бүл ч тогтворгүй байнa. Үнэлэмж, ёс суртахуун, хүндлэл байхгүй  болохоор тэр.  Бид ямар байгаад одоо ямар болсноо эргээд бодох, судлах хэрэгтэй болсон байна.

-Гадаадын их, дээд сургуульд сурах эрмэлзэлтэй сурагчид гадаадын шалгалтад бэлтгэхийн тулд заавал хичээлийн хажуугаар, тусад нь бэлдэх шаардлагатай болдог. Үүнийг ерөнхий боловсролын сургалтын системд /англи хэлний хичээлд/ шингээх боломжтой болов уу?

-Монголд одоог хүртэл англи хэлний стандарт байхгүй хөтөлбөрийн түвшин дээрээ л яваад байна.  Хөтөлбөр, стандарт хоёрыг дурын хүн хийдэггүй. Гадны туршлагаас бол танхимд багшилсан, англи хэлний мэргэшил, хөтөлбөрөөр гаршсан, магистр, докторын зэрэгтэй боловсон хүчнүүд хөтөлбөр, стандарт мэтийг боловсруулдаг. Манайд боловсон хүчин байхгүй байна. Боловсон хүчин бэлтгэгдэж баг бий болтол хугацаа орно. 

Дээрээс нь манай дунд сургуулиудад хэрэгжиж эхэлсэн Цөм хөтөлбөрт сурагчдын мэдлэгийг хэрхэн үнэлэх вэ гэдэг дээр маш асуудалтай байгаа. Заасан сэдвээр үнэлгээ хэрхэн хийх дээр багш нар сайн мэдлэггүй байгаа. 

TOEFL, IELTS гэх мэт шалгалтууд бол хэлний түвшинг үнэлж байгаа шалгалтууд. Хэлний дөрвөн хэрэглээнээс гадна сэтгэх чадвар, эргэцүүлэн бодох сэтгэлгээ, шүүн тунгаах, дүгнэх, тусгал хийх гээд бодит, амьдралтай чадваруудыг давхар шалгадаг. Монголд энэ шалгалтуудад бэлдэж байгаа мөн өгч байгаа хүмүүсийн ерөнхий сэтгэхүйн цар хүрээ үнэхээр сул байдаг.

Тиймээс ч заасан оноонд хүрч чадахгүй дахин дахин өгөх шаардлага гарч хайран мөнгө үрж байдаг. Энэ нь манайд англи хэл ямар түвшинд, хэрхэн заагдаж байгааг шууд харуулж байгаа юм. Хүнд наалдацгүй, сэтгэхүйг нь хөгжүүлэх биш автоматаар цээжлүүлэх, суралцагчийн сонирхол, өмнөх мэдлэг туршлагатай нь холбодоггүй гэх мэт. 

Мөн хүүхдүүд ямар ч сурах арга барилгүй, учраа олохгүй, төөрөлдсөн, сүүлдээ ч залхсан байдалтай болоод ирдэг. Дунд сургуулийн хичээлийн агуулга, заагдаж байгаа хэлбэр аргачлал, авч байгаа шалгалтууд  хоорондоо ямар ч уялдаа байдаггүй. Мөн нэг их шалгалт авч хүүхдүүдийг зовооно. Тэр зарцуулж байгаа мөнгөө багш нарыг боловсруулахдаа зарцуулах хэрэгтэй. Багшийн мэдлэг, чадвар сайжраад ирвэл энэ бол тийм том асуудал биш юм. Үүний дараагаар стандарттай болбол энэ мэт асуудлууд цэгцэрнэ.

-Сурагчид 12 дугаар ангиа төгсөхөд англи хэлний ямар нэгэн түвшинд очсон байх шаардлагатай гэсэн шаардлага байдаг болов уу? Хэрэв тийм бол энэхүү шаардлагатайгаа хэр зэрэг нийцдэг вэ?

-Европын стандартаар 12 дугаар ангийг төгсөхдөө B2 буюу ахисан дунд түвшинтэй дүйцэхүйц стандартыг эзэмшсэн байх шаардлагагыг Цөм хөтөлбөр дээр оруулсан байдаг.

Түвшинг барьдаг зүйл бол стандарт үнэлгээ гэж хэлж болно. Гэвч тийм зүйл манайд байдаггүй. Манай улсын залуучуудын англи хэлний түвшин тийм ч сайн биш гэдгийг монголд арав гаруй жил багшилсан туршлагаас хэлж болно. Мөн 300 орчим хүн хамруулсан нэгэн судалгаанаасаа харахад олон жил англи хэл сурсан гэсэн залуусын 80 хувь нь анхан дунд буюу А2 түвшинтэй.

Уг нь 10 жилд тавдугаар ангиас эхэлж үзээд, их сургуульд дахиад дөрвөн жил үзсэн гээд нийт дунджаар 10-12 жил англи хэлийг үзсэн гэж байдаг. Гэтэл түвшин нь анхан юмуу анхан дунд. Хэрэглээ огт байхгүй. Мэддэг ч юм шиг мэддэггүй ч юм шиг халтуурдсан хүмүүс элбэг. Орон нутгийнхан бол англи хэл огт байхгүй эсвэл анхан шатны гэж хэлэхэд болно. Чадваруудаар нь салгавал унших, бичих гээд сэтгэлгээ шаардсан чадварууд маш сул. Энэ байдал нь заах арга зүй, багшийн мэдлэг, ур чадвар, мөн суралцагчын эх хэлний суурь мэдлэг, ерөнхий сэтгэн бодох, хөрвөх чадвар тааруу гэх мэт зүйлүүдтэй холбоотой.

Суралцагчдад хамгийн саад болдог зүйл нь хандлага, залхуурал хоёр...

Эцэст нь хэлний боловсрол гэдгийг бүрэн утгаар нь тайлбарлавал хэлийг аман боловсрол болон бичгийн боловсрол гэж хоёр хуваадаг.

Монгол хэлний аман боловсрол баялаг, домог, туульс, ардын дуу, зүйр цэцэн үг гэх мэт. Үүнийг сэргээхгүйгээр бид Монгол бичиг, кирилл бичиг заагаад хэлээ удаан хадгалаад явж чадахгүй. Мөн монгол хэлний үгсийн сан бүхэлдээ нүүдэлчин соёлтой холбоотой тул зан үйл, ёс заншил, түүх нь ардын аман зохиолоор өвлөгдөж үлдсэн гэсэн үг. Орчинд үед үүнийг музейн боловсролоор, сонирхолтой байдлаар  хүүхдүүдэд заах хэрэгтэй байгаа юм...