Зураг
Зураг
Индэр    
2019 оны 3 сарын 30
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.
Зураг
iKon.mn сэтгүүлч

#UNLOCK 5: Хэрхэн зөв шийдвэр гаргах вэ?

Зураг

Нийт уншигч болон подкаст сонсогчддын амралтын өдөрт зориулан бид "Unlock" подкасттай хамтран хүргэж буй номын тэмдэглэлийн энэ удаагийн дугаарт Эдийн засгийн ухааны Нобелийн шагналт, АНУ-ын Чикагогийн Их сургуулийн профессор Ричард Тэйлэр болон Харвардын Их сургуулийн профессор Касс Санстейн нарын хамтын бүтээл болох "Nudge" хэмээх номын товчлолыг хүргэж байна.

Эдийн засгийн ухаанд олон ойлголт ухагдахуун байдаг ч сэтгэл судлал, зан төлөвийн эдийн засаг хэмээх ойлголт нь харьцангуй шинэ. Номын зохиолч Ричард Тэйлэр энэ салбарын анхны судлаачдын нэг бөгөөд сэтгэл судлалыг эдийн засгийн ухаантай холбож, хүн хэрхэн шийдвэр гаргадаг талаар судалгаа хийснээрээ Нобелийн шагнал хүртсэн юм.

#UNLOCK Дугаар21 "Nudge" Шууд сонсох:

Эдийн засгийн ухаанд эдийн засагт оролцож буй хүнийг "рационал" хүн хэмээн нэрлэдэг ба энэ нь тоон тооцоолол хийсний үр дүнд шийдвэр гаргах үйл явцыг хэлдэг бөгөөд эдгээр хүн гаргасан шийдвэртээ бат, үнэнч явдаг хэмээн тодорхойлсон байдаг.

Гэвч бодит амьдрал дээр ийм төрлийн хүмүүс тун ховор байдаг бөгөөд хүний гаргаж буй шийдвэр тухайн үеийн нөхцөл байдал, тухайн хүний зан төлөв, эргэн тойрны зүйлс зэргээс шалтгаалан байнга өөрчлөгдөж байдгийг зохиолч номын эхэнд сануулжээ.

Хүн аливаа шийдвэрийг хэрхэн гаргадаг вэ?

Хүний тархи хоёр хэсэгт хуваагддаг байна:

1. Автомат буюу бодохгүйгээр шууд шийдвэр гаргах үйл явцыг хэлнэ. Үүнд бидний өдөр тутамдаа хийдэг алхах, шүдээ угаах, амьсгалах гэх мэт энгийн үйлдлүүд орно.

2. Рационал буюу илүү том шийдвэр гаргахад эсвэл илүү хүч, хөдөлмөр шаардагдсан зүйлд ашигладаг хэсгийг рационал тархины хэсэг хэлдэг байна. Үүний тод жишээгээр хүн өөрийн төрөлх хэлээрээ бодолгүйгээр буюу автоматаар тархиа ашиглан ярьдаг бол хоёрдогч хэлээр ярихын тулд рационал тархиа ажиллуулан ярьдаг аж.

Мөн хүн өдөрт 40,000-60,000 хүртэлх шийдвэр гаргадаг бол үүний дийлэнхийг нь автоматаар бодолгүйгээр гаргадаг гэсэн судалгаа байдаг байна.

Харин үлдсэн шийдвэрүүдийг нь:

  1. Залан жолоодох- энэ нь хүн аливаа шийдвэрийг гаргахдаа жижиг хэмжээний мэдээллээс болж буруу шийдвэр гаргах тохиолдлыг хэлдэг байна.
  2. Боломжид тохиолдсон нөхцөл байдал- энэ нь хүний өмнө тохиолдож байсан туршлага, нөхцөл байдлаас хамааран шийдвэр гаргахад нөлөөлдгийг хэлдэг ба үүнээс болж буруу шийдвэр гаргах эрсдэлтэй.
  3. Алдахаас айх- хүн аливаа зүйлийг олж авахаас илүүтэй алдахаас айдаг тул алдахаас айж байгаа үедээ буруу шийдвэр гаргах үеийг хэлдэг байна.
  4. Бодолгүйгээр сонгох- зарим үед хүний тархи дараагийн эрсдэл, үр дагаврыг нь тооцож, бодолгүйгээр зарим шийдвэрийг гаргадаг аж.
  5. Илэрхийлэх өнцөг- Хүнд аливаа зүйлийг хэрхэн тайлбарлаж буйгаас хамааран нөгөө хүн бодит нөхцөл байдлаас өөрөөр хүлээж авах тохиолдол их гардаг ба түүний нөлөөнд автаж буруу шийдвэр гарах үе тохиолддог байна.
  6. Сүргээ дагах- бусдаас сондгойрохоос эмээж гаргаж буй шийдвэрийг тус тус хэлдэг байна.

Үүнээс харахад бидний рационал шийдвэр гаргалтад нөлөөлдөг маш олон хүчин зүйл байдаг ба бидэнд зөв сонголт хийж, зөв шийдвэр гаргахад тусалж буй багахан зүйлс эсвэл хүний тусламжийг Nudge буюу түлхэлт хэмээн хэлж буй нь тус номын гол утга юм.

Өөрөөр хэлбэл хүнд зөв шийдвэр гаргахад нь бага зэрэг тусалж, эсвэл өөртөө зөв шийдвэр гаргах багахан сэдэл өгснөөр цаашдын томоохон эерэг үр дүнг авчрах боломжтой номын зохиолчид онцолсон байдаг.

 

 

 

Зөв сонголт гаргахад нь /Nudge/ хэрхэн туслах боломжтой жишээнүүд:

Зорилгыг нь сануулах- энэ нь тухайн хүнд хийх гэж буй зорилгыг нь дахин сануулснаар зорилгодоо хүрч, дараагийн алхмаа хийхэд нь тусалдаг аж. Үүний тод жишээгээр зохиолч сонгуулийн өмнөх өдөр сонгогчдод "Та сонгууль өгөх үү?" гэх мэт асуулттай сурталчилгаа явуулж, сануулснаар сонгууль өгөх хүний тоо илүү ихэсдэг гэсэн бодит жишээгээр харуулжээ.

Сонголт гаргахад хүнд хэцүү, хүнд үед нь туслах- тухайн хүнд ямар нэгэн хүнд, ойлгоход хэцүү, мэдээлэл тод бусу нөхцөл байдалд шийдвэр гаргахад нь туслахыг мөн хэлдэг байна.

Мөнгө, санхүүгийн салбарт- Мөнгө, санхүүгийн салбарт хэрхэн зөв шийдвэр гаргах талаар тэтгэврийн санг хэрхэн үүсгэх тал дээр зохиолч жишээ болгон авсан байдаг.

Тухайлбал, хүн тэтгэвэрт гарах үедээ хангалттай хуримтлал үүсгэж чадаагүйн улмаас амьдралынхаа үлдсэн мөчид эрсдэл үүрэх тохиолдол их гардаг аж. Энэ тохиолдолд залуус ажилд орох үед нь тэтгэврийн сан болон хуримтлал үүсгэх талаар санал болгох гэсэн энгийн бөгөөд ирээдүйд үр дүнтэй аргыг АНУ-ын ажил олгогчид олгодог байжээ. Гэвч хүмүүс тухайн үед ирээдүйд ирэх үр дагаврыг нь хараахан харгалзаж үзээгүйн улмаас татгалзах тохиолдол их гардаг байна.

Тиймээс тус улсын нэгэн компани ажилчдадаа ажилд ороход нь та хоёр хувийн тэтгэврийн санд орсон байгаа, автоматаар таны цалингаас сар болгон суутгах болно. Та өөрийн хүсэлтээрээ түүнээс гарах боломжтой гэж санал болгосон байна. Үүний үр дүнд өмнө нь ажилчдын ердөө 20 хувь нь л хамрагддаг байсан тэтгэврийн сангийн хуримтлалд ажилчдын 90 хувь нь хамрагддаг болж өссөн байна. Үүнийг ажил олгогчдоос гаргаж буй Nudge хэмээн нэрлэж байна.

Хүүхдээ хэрхэн зөв сургуульд оруулах вэ? Хүүхэд сургуульд орох нас нь ирэх үед эцэг эхчүүдийн хувьд аль сургуульд хамруулах вэ гэсэн томоохон асуулт тулгардаг. АНУ-ын хувьд эцэг эхчүүдэд бүх сургуулийн жагсаалтыг гаргаж өгдөг бол тухайн сургуулийн талаарх мэдээлэл дэлгэрэнгүй байдаггүй аж.

Харин үүний эсрэгээрболовсролын яамнаас нь сургуулиудын үнэлгээг гаргаж, хүүхдэд сургах боломжтой чадвар, сургалтыг нь гаргаж өгснөөр эцэг эхчүүд хүүхдэдээ илүү тохирсон сургуульд бүртгүүлэх боломжтой болсон гэх жишээг зохиолч авсан нь улс орсны зүгээс иргэдэд олгож буй жижиг хэмжээний түлхэлт буюу тусламж юм.

Хүн бүр ойр дотны хүмүүсийнхээ амьдралд ямар нэгэн шийдвэр гаргахад нь нөлөөлж, тусалж байдаг ч гол нь зөв сонголт хийж, бага хэмжээний зөв түлхэлт өгч, чиглүүлж, туслах нь Nudge-ийн гол утга санаа юм.