Зураг
Зураг
Индэр    
2021 оны 2 сарын 14
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.
Зураг
iKon.mn сэтгүүлч

#UNLOCK 99: Бүхнийг санах урлаг-Moonwalking with Einstein

Зураг

Уншигч Та бүхэн 2017 оны Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүний нэр, зураг тогтоох төрлийн алтан медальт Янжаагийн тухай мэдэх байх.

Номын тэмдэглэлийн өнөөдрийн дугаарт онцлон хүргэж буй "Moonwalking with Einstein" нь Янжааг ой тогтоолтын спортод татагдахад голлох нөлөөг үзүүлсэн ном юм. Тэрбээр дунд сургуульд байхдаа хичээлдээ дундаж сурлагатай байсан бөгөөд уг номыг уншиж, ой тогтоолтын техникүүдийг эзэмшсэнээр сурлага нь сайжирч, бакалаврын зэргээ гурван жилд хамгаалсан байдаг. 

Сэтгүүлч Жошуа Фоер "Moonwalking with Einstein" номоо 2011 онд гаргасан бөгөөд ой тогтоолтын спорттой хэрхэн танилцсан, өөрөө хичээллэснээр жилийн дотор ямар үр дүнд хүрснээ өгүүлжээ.

"Moonwalking with Einstein" номыг сонсох:

Тэрбээр сурвалжилга хийх явцдаа "Дэлхийн хамгийн хүчтэй хүн" хэмээх нийтлэлийн зургийг онцгойлон харжээ. Хадаастай орон дээр хэвтэх эрийн дээр өөр нэгэн эр зогсож буй зургийг харсан хэрэг. Жошуа гэртээ харьмагцаа дэлхийн хамгийн хүчтэй хүн, хамгийн ухаантай хүн гэх мэтээр хайж эхлэв. Энэ явцдаа Бэн Придмор гэх хүний тухай олж мэдэв. Бэн Придмор нь 32 секундэд 52 хөзрийн дарааллыг цээжилснээрээ дэлхийн рекордыг эзэмшдэг нэгэн байв(Энэ нь 2011 оны байдлаарх баримт болно).

Харин Жошуа Фоер тухайн үед өөрийгөө мартамхай болоод байснаа анзаарсан тул ой тогтоолтын техникийг тун сонирхож, хичээллэхээр шийджээ. 

Тэрбээр 2005 оны Америкийн ой тогтоолтын аварга шалгаруулах тэмцээний үеэр сурвалжилга хийхээр болов. Уг тэмцээн нь таван төрлөөр аваргаа шалгаруулдаг бөгөөд

  1. Өмнө нь хаана ч хэвлэгдэж байгаагүй 50 мөр шүлгийг 15 минутад цээжлэх
  2. 99 хүний зургийг овог, нэрийнх нь хамт өгөхөд 15 минутад цээжлэх
  3. Хоорондоо утга уялдаагүй 300 үгийг 15 минутад цээжлэх
  4. 5 минутын дотор 1,000 цифр цээжлэх
  5. Замбараагүй холилдсон 52 хөзрийн дарааллыг 5 минутын дотор цээжлэх даалгавартай байлаа.

Жошуа Фоер энэ тэмцээнээр анх удаа ой тогтоолтын тамирчидтай (Memory athlete) танилцсаны нэг нь Британийн ой тогтоолтын аварга Эд Күүк байлаа.

Эд Күүк ой тогтоолтын спорт нь амархан техниктэй хэмээгээд Жошуаг хүсэж байвал дасгалжуулж болно гэснээр тэд хамтдаа жилийн туршид дасгал хийхээр болов. Ингэхдээ ой тогтоолтоо сайржуулахыг хүсвэл өдөрт 30 минут, харин тамирчин болж, амжилт гаргахыг хүсвэл өдөрт 2-3 цаг зарцуулах хэрэгтэй гэжээ. Жошуа 2006 оны Америкийн ой тогтоолтын аварга шалгаруулах тэмцээнд орохыг зорьж, бэлдэж эхэлсэн байна. 

Тархи хэрхэн цээжилдэг вэ?

Хүн шинэ зүйлийг сонсож, харснаас хойш 30 минутын хугацаанд тогтоосон байх боловч түүнээс цааш бага багаар мартана. Гэхдээ бид харсан бүхнээ ой санамжиндаа ямар нэгэн байдлаар хадгалдаг бөгөөд цаг хугацааны эрхээр мартдаг ч эргэн сэргээх боломж бий. 

Хүний тархинд 100 гаруй тэрбум мэдрэлийн эс(neuron) бий. Мэдрэлийн нэг эс ойролцоогоор 5-10 мянган мэдрэлийн эстэй холбогдох боломжтой. Өөрөөр хэлбэл, тархи мэдрэлийн эсүүд өөр хоорондоо үй түмэн нарийн холбоосоор холбогдох ба бидний ой санамж эдгээрийн хаа нэгтээ хадгалагддаг. 

Харвардын их сургуулийн эрдэмтдийн 1950-аад онд хийсэн нэг судалгаанд хүн богино хугацааны ой санамждаа нэг дор долоон зүйлийг цээжлэх чадвартай гэж тогтоосон байдаг. 

Үүнийг сэтгэл судлаач, профессор Андерс Эрикссон туршилтаараа мөн нотолжээ. Андерс Эрикссон нь аливаад сайн суралцаж, амжилт гаргахын тулд 10,000 цаг зарцуулах хэрэгтэйг тооцоолж гаргаснаараа алдаршсан эрхэм билээ. Тэрбээр хүний богино болон урт хугацааны ой санамжийн ялгаа, хоорондоо хэрхэн уялддаг талаар судалжээ. 

Профессор А.Эрикссон нэгэн хүнийг жилийн хугацаанд туршилтад оруулахад эхний өдрүүдэд дунджаар долоон зүйлийг л цээжилж байв. Түүнээс ахиу тооны зүйлийг цээжилж чадахгүй байсан нь дээр өгүүлсэн богино хугацааны ой санамжийн багтаамжтай холбоотой юм. Харин үргэлжлүүлэн турших үед аажмаар цээжлэх зүйлийн тоо нь өссөөр жилийн дараа гэхэд 70 гаруй зүйлийг тогтоодог болжээ. Ингэснээр хүн урт болон богино хугацааны ой санамжаа хослуулж ашиглаж чадвал ихээхэн зүйлийг тогтоож болно гэдгийг туршилтаараа нотолсон байна. 

Ой санамжийн ордон

Номын зохиогч Жошуа дасгалжуулагч Эд Күүкээсээ эхний зөвлөмж хичээлээрээ ой санамжийн ордны тухай суралцав.

 

Эд Күүк “Хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд хаана амьдрах вэ, ан гөрөө, хоол хүнс хаанаас олох вэ гэж хайдаг байсан үе ихээхэн хугацааг хамардаг тул хүмүүсийн тархи одоог хүртэл тэр хэвээрээ ажилласаар байгаа. Үүнтэй холбоотойгоор орон зайн мэдрэмж нь сайн хөгжсөн. Харин бичиг үсэг нь түүхийн сүүл хэсэгт үүссэн тул зургаар харж, цээжилбэл санахад дөхөмтэй байдаг. Иймд ой тогтоолтын тамирчид аливааг тогтоохдоо ой санамжийн ордон буюу memory palace аргыг ашигладаг" гэжээ. Тодруулбал, өөрийн танил газрыг төсөөлж, цээжилмээр байгаа зүйлсээ тэндээ өрдөг байна. 

Энэ аргыг Эд Күүк тайлбарлахдаа “Би Англи руу буцахаасаа өмнө Америкаас хэдэн зүйл авахаар төлөвлөж, толгойдоо төсөөлсөн. Энэ жагсаалтаа танай гэрт өрж төсөөлье.

Чи гэрлүүгээ орох гэж байтал гараашийн чинь үүдэнд аварга том шилтэй даршилсан өргөст хэмх байна гэж төсөөл. Учир нь төсөөлөх зүйлүүд этгээд сонин, хөгжилтэй байх ёстой. Хаалгаараа ороод хартал ванн дүүрэн цөцгийнд загвар өмсөгч бүсгүй сэлж байна гэж төсөөлөөрэй. Харин дараа нь зочны өрөөндөө ороод төгөлдөр хуур руугаа хартал түүн дээр утсан загасыг гриллдэж шараад, тансаг үнэр гарч байна гэж бод” гэх мэтээр 15 зүйлийг сонирхолтой байдлаар төсөөлүүлжээ.

Үүнийхээ дараа зохиогч болон Эд нар өөр зүйлс ярилцаж байгаад Эд Күүк жагсаалтаа эхнээс нь нэрлэ гэхэд Жошуа Фоер бүгдийг нь сайтар санаж байв. Ингэж Жошуа Фоер ой тогтоолтын эхний арга техниктэй танилцжээ. Дараагаар нь Фоер өөрийн гэр, хөршүүдийнхээ гэр, ажлын газар гэх мэтээр 10 гаруй ой санамжийн ордныг өөртөө байгуулав. Хамгийн чухал нь ой санамжийн тэдгээр ордон дахь мэдээллүүд маш тодорхой байх ёстой. Дасгалжуулагч Эд түүнд зөвлөхдөө өдөр бүр ямар нэг зүйл цээжилж байх хэрэгтэй. Жишээ нь, ой тогтоолтын дасгал хийгээгүй, тэмцээний бэлтгэлээс түр завсарласан үед шүлэг цээжлэх нь хамгийн тохиромжтой байдаг аж. 

Ой санамж, дурсамжтай байх нь хүнийг ХҮН болгодог

Орчин үед цахимаас хүссэн мэдээллээ хайж олох боломжтой болсноор заавал тархиндаа цээжлэх шаардлагагүй болсон мэт санагддаг байж болох юм. Хэдний өдөр найзтайгаа уулзсанаа эргэн санахын тулд утасны тэмдэглэлээсээ хайхад л хангалттай болов. Хайртай дотны хүмүүсийнхээ төрсөн өдрийг ч цээжлэхээ больж, утсан дээрээ сануулна. 

Энэ мэтээр бид ой санамжаа тархиндаа биш өөр зүйлд даатгах нь зөв үү гэдгийг зохиогч хөндөж “Бид ой санамжтай байх нь хүнийг ХҮН болгодог. Хүн олон зүйлийг санах тусам амьдрал баялаг, утга учиртай болдог” хэмээжээ.

Тоог хэрхэн цээжлэх вэ?

Номын зохиогч ой тогтоолтын хэд хэдэн аргыг туршсаар байсан боловч төдийлөн үр дүнд хүрэхгүй байсан тул улам сайжрахын тулд өөр аргыг эрэлхийж эхлэв. Үр дүнд нь Хүн-үйлдэл-объект (horizon-action-object) аргыг мэдэж авчээ.

Энэ арга нь 0-99 хүртэлх тоо, хөзрийг хэн нэгэн ямар нэгэн үйл хөдлөл хийж байгаагаар төсөөлөх юм. Жишээлбэл, Жошуа Фоер 34 гэх тоог Франк Синатра микрофон руу үлээж байна, 13 гэх тоог Дэвид Бекхэм бөмбөг өшиглөж байна гэх мэтээр тоонуудыг бодит зүйлээр төсөөлөн цээжлэв. Хэрэв 341379 гэх тоо гарч ирвэл хоёр хоёр оронгоор хуваан цээжилж болох юм. 34-гэх тооны төсөөллөөсөө эзэн бие Франк Синатра, 13-гэх тооны төсөөллийн үйлдэл өшиглөх, 79-өөс эд зүйлийг буюу нөмрөг гэж авч үзвэл 341379 тоо нь эцэстээ Франк Синатра бөмбөг өшиглөж байна хэмээх дүрслэл болж байна.

Энэ байдлаар 1 сая хүртэл тоог цээжлэх боломжтой аж. Үүний тулд 0-99 хүртэлх тоог дүрслэн цээжлэх шаардлагатай. 

Зөв цээжлэх талаар сургуульд ЗААДАГГҮЙ

Ой тогтоолтын тамирчин, түүхийн багш Реймон дунд сургуульд багшилж, сурагчдадаа ой тогтоолтын арга техникийг заахаар шийджээ. Тэрбээр жил бүр хэдэн хүүхэд сонгон авч, Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах тэмцээнд бэлдэж байв. Энэ хугацаанд хүүхдүүд тэмцээндээ амжилттай оролцохоос гадна хичээл сурлагадаа эрс сайжирч байв. Түүний дасгалжуулсан хүүхэд бүгд дундаас доош дүнтэй суралцдаг байсан ч ой тогтоолтын арга техникт суралцсанаар төгсөлтийн шалгалтууддаа 90-ээс дээш хувийн үнэлгээ авч, цаашид амжилттай суралцаж чадна гэх итгэлийг олж авсан нь томоохон үр дүн байлаа.

Үүнээс улбаалан Жошуа Фоер дүгнэхдээ сургуульд багш нар цээжил гээд л орхидог болохоос биш яаж цээжлэхийг нь зааж өгдөггүй учир хүүхдүүдэд үр дүн гарахгүй байна гэжээ. Техникийг нь зааж өгөхгүй бол хүмүүс цээжлэхдээ муудаж, ой тогтоолт нь бүрэн ажиллаж чаддаггүй аж.

Сайтар бэлтгэлийн үр дүнд ой тогтоолт сайжирдаг

Жошуа Фоер зорьсныхоо дагуу 2006 оны Америкийн Ой тогтоолтын аварга шалгаруулах тэмцээнд оролцов. 

Тэмцээнийхээ өмнөх өдөр сандарч, нойргүй хоносон ч тэмцээний өдөр сайтар төвлөрч бэлдсэнээр хөзрийн дараалал цээжлэх төрөлдөө рекорд эвдэн түрүүлжээ. Хөзөр цээжлэхдээ хөзрөө гурав гурваар нь багцлав. Тодруулбал, эхний хөзрийн хүнийг, хоёр дахь хөзрийн үйлдэл, гурав дахь хөзрийн эд зүйлийг нь авч, нийлүүлснээр өгүүлэмж үүсгэж байв. Ингэхдээ Жошуа Фоер Эйнштэйнтэй хамт сарны алхаа (Moonwalking)-аар алхаж байна гэж төсөөлөн, хөзрийн дарааллыг цээжилжээ. 

Ийнхүү тэмцээндээ ялсандаа өөртөө ч итгэж ядан байснаа номдоо дурдсан байдаг. Жошуа Фоер бэлдэж чадвал ой тогтоолт сайжирч болдгийг өөрөө баталж чадлаа хэмээн номоо төгсгөжээ.



"Moonwalking with Einstein" номын талаар Янжаагийн сэтгэгдлийг үзнэ үү