Зураг
Зураг
Индэр    
2021 оны 3 сарын 27
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.
Зураг
iKon.mn сэтгүүлч

#UNLOCK 101: Балчир наснаас болзоо хүртэл нь хүүхдэдээ юуг хэлж өгөх вэ?

Зураг
Гэрэл зургийг "Төлөвлөгөөт Залуу Гэр бүл" фэйсбүүк хуудсаас авав.

IKON.mn сайт, Unloск подкастын хамтран хүргэдэг номын тэмдэглэлийнхээ энэ удаагийн дугаарт 12 хүртэлх насны хүүхдэд эцэг, эхчүүд бэлгийн боловсролыг хэрхэн олгож, багаас нь зөв ойлголттой өсгөх талаар Дэбра Хаффнер мэргэжилтний бичсэн "Балчир наснаас болзоо хүртэл" номыг товчлон хүргэж байна.

Анх 1999 онд хэвлэгдсэн энэхүү ном нь өдгөө гарын авлага гэж нэрлэгдтэлээ уншигчдын хүртээл болж чаджээ.

Хэрвээ таны хүүхэд “Хүүхэд хаанаас төрдөг вэ?” гэсэн асуулт асууж байсан бол энэ таны заавал унших ёстой номын нэг байх болно.

Номын тухай шууд сонсох:

Шулуухан хэлэхэд, манай улсын хувьд эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ нээлттэй, илэн далангүй ярьдаггүй байх тохиолдол элбэг. Тэр дундаа бэлгийн боловсролын асуудалд бүр ч хаалттай ханддаг.

Тэгвэл энэхүү номд 12 хүртэлх насны хүүхдэд бэлгийн боловсролыг хэрхэн олгох ёстой талаар өгүүлжээ.

Бүлэг 1.Үндсэн ойлголт

АНУ-ын нэгэн судалгаанд дурдсанаар, тус улсын насанд хүрсэн дөрвөн хүн тутмын нэг нь бэлгийн боловсролын талаарх мэдээллийг анх эцэг, эхээсээ сонссон гэж хариулсан бол үлдсэн гурав нь эцэг, эхээсээ өөр хүнээс сонсож байсан гэж хариулжээ.

Бага насны хүүхэд бэлгийн боловсролын талаарх мэдээллийг эцэг, эхээсээ сонсохыг хүсдэг. Тиймдээ ч тэд хачирхалтай эсвэл хүнд асуулт түгээмэл асуудаг байна.

Гэвч эцэг, эхчүүд өсвөр нас хүртэл нь хүлээх хэрэгтэй гэж үзэн сонирхсон асуултад нь хариулалгүй өнгөрөөдөг нь буруу хэмээн энэхүү бүлэгт бичжээ.

Энэ нь ээж, аавууд хүүхэд бэлгийн асуудлыг хараахан ойлгох цаг болоогүй гэж боддогтой холбоотой. Гэвч үнэндээ та хэрвээ хүүхдийнхээ асуултад цааргалж, бэлгийн боловсролын талаар ямар нэг хариулт өгөхгүй бол тэр танаас бус өөр хэн нэгнээс үүнийг асуух хэрэгтэй болно гэдгийг анхаарна уу.

Хэрэв та багаас нь чөлөөтэй ярилцаж, зөв ойлголт өгөхгүй бол хүүхэд тань магадгүй шилжилтийн насанд хүрснийхээ дараа ч тантай энэ сэдвээр ярилцахыг хүсэхгүй.

Өөрөөр хэлбэл, та хүүхдийнхээ асуултад нээлттэй, чөлөөтэйгөөр бас хууралгүйгээр хариулж, бэлгийн боловсролд нь бага ч атугай анхаарал хандуулахгүй бол хүүхэд тань ямар ч ойлголтгүйгээр шилжилтийн насандаа очих болно.

Энэ үед биед нь илрэх ямар нэг өөрчлөлт тэдний сэтгэл санаанд гүнзгий цочрол учруулж болзошгүй гэсэн үг юм.

Номыг зохиогч энэ талаар "Хэдий хүмүүст энэ талаарх зөвлөгөө өгдөг мэргэжилтэн ч өөрийн хүүхдүүддээ мэдээлэл өгөхөд үнэхээр хүнд, бас мэдэхгүй зүйл олон гарч байсан" хэмээн тэмдэглэжээ.

Тиймээс эцэг, эхчүүд энэ төрлийн сэдвээр хүүхэдтэйгээ ярихад мэдэхгүй зүйл гарч ирсэн ч түүнийгээ чөлөөтэй илэрхийлж, нээлттэй байх хэрэгтэйг зөвлөсөн байна.

Хамгийн гол нь танд үнэхээр хэцүү асуулт тулгарсан ч хүүхдэдээ худлаа хэлэхгүйгээр насанд нь тохируулж тайлбарлаарай.

Бүлэг 2. 0-2 нас хүртэлх хүүхдэд ямар мэдээлэл өгөх нь зөв бэ?

Энэхүү бүлэгт өгүүлснээр, нярай эсвэл дөнгөж ухаан орж байгаа балчир хүүхдийг бэлэг эрхтэндээ хүрэхэд ихэнх эцэг, эхчүүд “боль, муухай, энэ бол заваан зүйл” гэх байдлаар шууд дургүйцлээ илэрхийлдэг.

Гэвч үнэндээ энэ үйлдэл нь таны хүүхдэд “Миний биеийн энэ хэсэг үнэхээр муухай эсвэл миний биед нэг буруу, болохгүй зүйл байдаг юм байна” гэсэн ойлголт өгч байдаг аж.

Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийнхээ өөрийн биеийн аливаа эрхтэн (гар, хөл, бэлэг эрхтэн, чих..гэх мэт)-дээ хүрч, таньж мэдэж байгаа хэвийн үзэгдэлд сандарч, гарыг нь зайлуулж эсвэл хориглох шаардлагагүй хэмээн зөвлөжээ.

Мөн уг насанд бэлэг эрхтнийг зөв нэршлийг нь сонсгох хэрэгтэй тухай бичсэн байна. Учир нь бэлэг эрхтэн биеийн бусад эрхтнээс ялгаагүй учраас заавал ерөнхий нэршлийг нь тэр заавал мэдэж байх ёстой.

Өөрөөр хэлбэл, хүүхэд нүдийг нүд, хамрын хамар, тохойг тохой, хөлийн хурууг хөлийн хуруу гэж нэрлэж сурсан шигээ өөрийнхөө бэлэг эрхтнийг юу гэж нэрлэдгийг мэддэг байх шаардлагатай.

Ийм тохиолдолд магадгүй цаашид өвдвөл түүнийгээ танд болон эмчид зөв ойлгуулж чадна гэжээ.

Бүлэг 3. Сургуулийн өмнөх нас буюу 3-5 настай хүүхэд юуг хэлж өгөх вэ?

Хүүхдийн 3-5 хүртэл нас бол хамгийн сониуч үе байдаг бөгөөд эцэг, эхээсээ маш олон янз бүрийн асуулт үргэлж тавина. Ийм сониуч байдал дээр нь дөрөөлөн эцэг, эхчүүд хүүхдэдээ бэлгийн боловсролыг олгох  амгийн тохиромжтой үе гэжээ.

Тодруулбал, энэ насны хүүхдэд наад зах нь хэрхэн усанд орох, бэлэг эрхтнээ хэрхэн арчлах талаар зааж сургах хэрэгтэй.

Түүнээс гадна, 3-5 насны хүүхэдтэйгээ эцэг, эхчүүд хамт усанд орохдоо түүнийг өөрийгөө биеэ дааж сурах хүртэл зөвхөн эцэг, эх нь цэвэрлэхдээ л бэлэг эрхтэнд нь хүрдэг. Тэрнээс бусад тохиолдолд өөрөөс нь өөр хүн түүнд хүрэх ёсгүй бөгөөд өөрөө ч бусдынхад хүрч болохгүй гэдгийг маш сайн ойлгуулах хэрэгтэй.

Мөн энэ насны зарим хүүхэд эсрэг хүйсний хүүхдийн тоглоомоор тоглох эсвэл хувцаслалтыг нь дуурайх гэж оролдох зан үйл гаргадаг. Харин үүнд эцэг, эхчүүд огтхон ч санаа зовох хэрэггүй хэмээн зохиолч тайлбарласан байна.

Хүүхэд 3-5 настай байхдаа үргэлж “Би хаанаас төрсөн бэ” гэж эцэг эхээсээ асуудаг. Энэ асуултад зүгээр л нэг гэдэснээс гарсан гэж хэлэх нь үнэхээр хангалтгүйг номд онцолжээ.

Учир нь "Хүүхэд гэдэснээс төрдөг" гэсэн таны товч хариулт нь хүүхдэд

  • Би ээжийн гэдсэнд байхдаа хоолтой нь холилдоогүй юм байх даа?
  • Эрэгтэй хүмүүсийн гэдэс ч бас том байж болоод байхад би яагаад ээжээсээ гарсан гэж? гэх мэт улам эргэлзээтэй асуултуудыг бий болгож байдаг аж.

Тиймээс энэ асуултад хариулахдаа, "Зөвхөн эмэгтэй хүний гэдэсний доор байрладаг умай гэдэг онцгой эрхтэн бий. Тэр эрхтэнд хүүхэд өсөж томордог бөгөөд хүүхэд анх ээж болон аавынх нь эсийн нийлбэрээс бүтэж, умайд бүрэлдэж өсдөг" хэмээн энгийнээр тайлбарлах нь зөв.

Ийм тайлбар сонссон хүүхдүүдийн дийлэнх нь асуусан асуултдаа сэтгэл хангалуун үлддэг гэж номд тэмдэглэсэн байна.

Мөн энэ насны хүүхэдтэй эцэг, эхчүүд бэлгийн хүчирхийллийн талаар өөрсдөө цогц мэдлэг, мэдээлэлтэй болох хэрэгтэй.

Ингээд олж авсан мэдлэгээ өөрийнхөө хүүхдийн насанд тохируулж хэрхэн бэлгийн хүчирхийллээс сэргийлэх боломжтойг ойлгуулахыг хичээгээрэй.

Мөн та хүүхдэдээ бусад хүн түүний биеийн аль аль хэсэгт хүрч болохгүй талаар заавал мэдээлэл өгөхийг зөвлөж байна.

Бүлэг 4. 5-8 насны хүүхэдтэй хэрхэн ярилцах вэ?

Хүүхдийг 5-8 насанд нь хэрхэн зөв шийдвэр гаргах талаар хөгжүүлэх ёстой. Хүүхэд энэ насандаа зөв шийдвэр гаргаад сурчихвал өсвөр насандаа эсвэл насан хүрсэн хойноо асуудалд илүү ухаалгаар хандах болно.

Ингэхдээ үлгэр унших өгч байхдаа төгсгөл нь ямар байх ёстой байсан талаар өөрөөс нь асуух зэрэг аргыг хэрэглээрэй.

Түүнээс гадна, энэ насны хүүхдэд бэлгийн боловсрол олгохын тулд эцэг, эхчүүд заавал эрэгтэй, эмэгтэй хүний бэлэг эрхтний ялгаатай байдлын тухай цөөн хором ч атугай ярилцах хэрэгтэй.

Хэрвээ эцэг, эх нь хэлж өгөхгүй бол тэр хожим өөр хэн нэгнээс энэ талаар сонсох болно.

Та хүүхдээ энэ насан дээр нь хүүхэд яаж бий болдог тухай эрэгтэй, эмэгтэй хүний ялгаа дээр үндэслэн тайлбарлах нь зөв гэж номд өгүүлсэн байна.

Гол нь түүнийг хүүхэд сонсоод ямар хариу үйлдэл гаргаж байгааг маш сайн анзаарах хэрэгтэй.

Ихэнх хүүхэд үүнийг сонсоод “муухай юм” гэж хэлэх элбэг. Тэр тохиолдолд энэ зүйл хүүхдэд муухай санагдах нь маш хэвийн зүйл бөгөөд насанд хүрсэн хойноо өөрийг нь хүүхэдтэй болох үгүйгээ сонгох боломжтойг тайлбарлах нь зөв юм.

Хүүхдийг 5-8 настайд нь жирэмслэлтээс сэргийлж болдог талаар болон өөрөө хүсвэл хэдэн хүүхэдтэй болохоо төлөвлөж ч болдог талаар тайлбарлах хэрэгтэй. Мөн зарим хүний хувьд хүссэн ч хүүхэдтэй болж чадахгүй тохиолдол байдаг зэрэг хүний амьдралын үндсэн ухагдахууны талаар мэдээлэл өгч байх нь чухал. 

Ихэнх эцэг, эх 5-8 насны хүүхдэдээ дэлгэцээс хол байлгах тал дээр санаа тавьдаг ч юу үзүүлэх тал дээр төдийлөн хяналт тавьдаггүй нь харамсалтай.

Зарим эцэг, эх юу үзэж байгаад нь хяналт тавьж байна гээд “чи үүнийг үзэж болохгүй” гэж хэлээд зурагтын сувгийг солих, гар утсаа авах үйлдэл түгээмэл үзүүлдэг нь буруу. Түүний оронд яагаад тэр үүнийг үзэж болохгүй талаар нь эвийг нь олж тайлбарлах хэрэгтэй.

Мөн хүүхдийнхээ өрөөнд хэзээ ч битгий хувийн компьютер, телевиз тавьж болохгүй бөгөөд юу үзэж байгаад нь үргэлж санаа тавиарай.

Гэр бүлээ цуцлах шийдвэр гаргахдаа хүүхдэдээ юуг ойлгуулах ёстой вэ?

Хэрвээ эцэг, эхчүүд гэр бүл цуцлуулах шийдвэр гаргасан бол тэр нь хүүхдийн тань сэтгэл зүйд яавал арай хөнгөн тусах талаар унших судлахыг зөвлөжээ.

Ном тэмдэглэснээр, хэрвээ хосууд салах шийдвэрт нэгэнт хүрсэн бол бүх хүүхдэдээ урьдчилан мэдэгдэх хэрэгтэй.

Ингэхдээ эцэг, эх нь тусдаа амьдрахаар болсонд хүүхдүүд огт буруугүй. Энэ бол 100 хувь эцэг, эхийнх нь шийдвэр учраас хүүхдүүд үүнд нөлөөлж чадахгүй гэдгийг нь ойлгуулаарай.

Хамгийн гол нь ээж, аав нь салсан ч хэн хэн нь хүүхдүүддээ хамгаас их хайртай хэвээрээ байна гэдгийг маш зөвөөр тайлбарлах ёстойг битгий мартаарай.

Бүлэг 5. Шилжилтийн нас буюу 9-12 насны хүүхэдтэй хэрхэн ярилцах вэ?

Хүүхдийнхээ шилжилтийн насанд гардаг бие физиологи болон сэтгэл зүйн өөрчлөлтөд эцэг, эхчүүд төдийлөн бэлэн биш байдаг.

Ялангуяа охидод шилжилтийн насны эхний шинж тэмдэг буюу хөх ургах, сарын тэмдэг ирэх нь ажиглагдаж эхэлбэл боломжтой цаг үеийг тааруулан үүний талаар мэдээлэл өгөх хэрэгтэй.

Ингэхдээ та өөрийнхөө ч өсвөр насанд ийм зүйл тохиолдоход хэрхэн сандарч байсан талаарх түүхээ хуваалцаарай. Зөвхөн түүнд ийм зүйл тохиолдоогүй, эмэгтэй хүн бүрийн өсвөр наснаас эхэлж тохиолддог гэдгийг зөвөөр ойлгуулахыг хичээгээрэй.

Мөн аавууд охидынхоо шилжилтийн насны сэтгэл зүйн өөрчлөлтөөс болж зайгаа барих хэрэггүй. Яг л өмнө нь эрхлүүлдэг байсан шигээ эрхлүүлэх хэрэгтэй энэхүү бүлэгт зөвлөжээ.

Харин хөвгүүдийн хувьд шилжилтийн нас нь охидынхоос арай оройтож эхэлдэг.

Хөвгүүдийн шилжилтийн насанд гардаг бие махбодын өөрчлөлт нь охидынхтой адил ил мэдрэгддэггүй тул эцэг эхчүүд ярилцахгүй орхих нь түгээмэл. Энэ нь буруу бөгөөд хүүхдийнхээ биед ямар өөрчлөлт гарч байгаа талаар ярилцах ёстойг зөвлөжээ.

Эрэгтэй хүүхдийн шилжилтийн насанд биеэс нь шингэн ялгарахад тэд өөрийгөө орондоо шээсэн эсвэл өөрийнхөө биеийг өвдсөн гэж бодож маш их айдаг. Тиймээс ийм айдас мэдрэхээс нь өмнө эрэгтэй хүн бүрд тийм тохиолддог гэдгийг тайлбарлаж өгөх ёстой.

Мөн хөвгүүдийн шилжилтийн насны өөрчлөлт оройтож эхлэх эсвэл эрт эхэлж болно. Энэ нь хэвийн зүйл бөгөөд хүн бүрийн шилжилтийн насанд тохиох өөрчлөлт нь харилцан адилгүй байдаг ч насанд хүрсэн хойноо үеийнхэнтэйгээ адилхан болно гэдгийг ч хэлж өгөөрэй.

Мөн энэ насанд нь хүүхдүүдэд эсрэг хүйсний хүүхдүүдийн биед ч гарч байгаа өөрчлөлтийг хэлж өгөх нь зөв. Хэрвээ үүнийг та хэлж өгөхгүй бол хүүхдүүд шилжилтийн насанд тохиох өөрчлөлтөөс болж бие биеэ шоолох үзэгдэл гарах болно.

Үүнээс сэргийлэхийн тулд заавал эсрэг хүйтэн болон өөртэй адил хүүхдүүдэд шилжилтийн насанд нь ямар өөрчлөлт гарч байгаа талаар хэлж өгөхийг зөвлөж байна.

Илүү дэлгэрэнгүйг "Балчир наснаас болзоо хүртэл" номоос уншаарай.