Зураг
Зураг
Индэр    
2024 оны 7 сарын 26
Зураг
iKon.mn сэтгүүлч

Монгол Улс цагдаагийн боловсон хүчнийхээ 68 хувийг ОХУ-д бэлдэж байна

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-ДАХИН НИЙТЛЭВ-

НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан ажлын хэсэг өнгөрсөн сард Монголд ажиллахдаа гаргасан урьдчилсан дүгнэлтээр манай улсад яаж хүний эрх зөрчигдөж байгаа талаар батлан харуулав.

Тодруулбал, тус ажлын хэсгээс

  • Монгол Улсад шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорих явдал нь онцгой тохиолдол гэхээс илүү жирийн үзэгдэл болсон байна,
  • Хуульч байлцуулахгүйгээр байцаалт авдаг явдал хэвшмэл болсон байна,
  • Хүний эрхийг хамгаалагчдын хууль ёсны ажилд саад учруулах, тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх цуглаан, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хязгаарлагдаж болзошгүй тул анхаарал хандуулах ёстой хэмээн дүгнэжээ.

Тиймээс хэрэв бид уг асуудлыг засахгүй бол ирэх жил бол НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 94 дүгээр чуулганаар Монгол Улс хүний эрхийн үзүүлэлтээрээ маш олон байраар ухрах эрсдэлтэй гэдгийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа сануулсан.

Үүнтэй зэрэгцэн хууль хэрэгжүүлэгч байгууллагынхан хүний эрхийг дээдэлдэггүй улсад алба хаагчдаа олноор суралцуулдаг гэсэн шүүмжлэл ч гараад байгаа юм.

Тухайлбал, амралтын өдөр бүр Орос, Украины дайныг эсэргүүцэн тайван жагсаал зохион байгуулж буй "NoDoubleStandart" хөдөлгөөнөөс хууль сахиулах үүрэгтэй цагдаагийн байгууллага алба хаагчдаа ОХУ-д бус, хүний эрхийг дээдэлдэг Европын улсуудад сургаж, хөтөлбөрөө шинэчлэхийг уриалж буй.

Үүнтэй холбоотойгоор манай улсын цагдаа, цэргийн хүчний байгууллага алба хаагчдаа аль улсад бэлтгэдэг талаар мэдээлэл цуглуулахыг зорилоо.

Уг асуудалд Батлан хамгаалах яам, Хил хамгаалах ерөнхий газраас алба хаагчдын тоо, хаана, аль сургуульд суралцуулдаг талаарх мэдээлэл нь нууцлалын асуудалтай холбоотой байдаг тул мэдээлэл өгөх боломжгүй тухай тайлбарласан.

Харин Цагдаагийн байгууллагаас тодруулахад “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг БНСУ, БНХАУ, Турк, ОХУ, АНУ, Унгар, Австрали улсад бакалавр, магистр, докторын сургалтад хамруулдаг.

Өөрөөр хэлбэл, цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын гадаад сургалтын тогтолцоо зөвхөн Турк, ОХУ-аар хязгаарлагдахгүй" гэлээ.

Харамсалтай нь зарим сургуулийн нууцлалтай холбоотойгоор хэчнээн алба хаагч ямар сургуульд суралцсан болон суралцаж байгааг хэлэх боломжгүй гэх тайлбарыг өгсөн юм. Түүнээс гадна, сургуулийн нэр дурдахгүйгээр аль улсад хэчнээн алба хаагч суралцаж байгаа нь ч нууцлалтай байдаг гэдгийг ЦЕГ-ын Соён гэгээрүүлэх албаны сургалтын хэлтсийн мэргэжилтэн хэлэв.

Бидэнд олдсон мэдээллээр, хамгийн сүүлд 2015 оны байдлаар цагдаа, дотоодын цэргийн 63 алба хаагч гурван улсад суралцаж байжээ.

Тодруулбал, цагдаагийн байгууллага өөрийн захиалгаар гадаадад суралцагчдын тоон мэдээгээ хамгийн сүүлд 2015 оны арваннэгдүгээр сарын 4-нд нээлттэйгээр оруулсан байна.

Тус мэдээллээс үзэхэд, 2015 онд нийт гадаадад суралцаж байсан 63 алба хаагчийн нэг нь Тайваний Цагдаагийн академид магистрын хөтөлбөрт, 19 алба хаагч Бүгд Найрамдах Турк Улсын Цагдаагийн академид бакалаврын хөтөлбөрт, 43 нь ОХУ-ын Дотоод хэргийн яамны харьяа цагдаагийн академи, их, дээд сургуульд бакалавр, адъюнктур, магистр, хэлний бэлтгэл зэрэгт суралцсан талаар доорх хүснэлтээс харж болно.

зураг
 

Өөрөөр хэлбэл, тухайн үед цагдаагийн байгууллагын захиалгаар гадаадад суралцсан алба хаагчдын дийлэнх нь буюу 68 хувь нь ОХУ-д, тэр дундаа бакалаврын хөтөлбөрт суралцсан байна. Харин БНСУ, АНУ, Австрали, Унгар зэрэг оронд суралцсан мэдээлэл байхгүй байгаа юм. 2021 оны тухайд АНУ, Турк, ОХУ-ын аль нэг байгууллагатай хамтран богино хугацааны сургалт зохион байгуулсан мэдээлэл нээлттэй байна.

Түүнээс гадна Үндэсний батлан хамгаалахын их сургууль ОХУ, БНХАУ, АНУ, Их Британи, ХБНГУ, БНСУ, Япон, Канад, Франц, БНТУ зэрэг 10 гаруй оронтой батлан хамгаалах, цэргийн болон иргэний их дээд сургуулиудтай шууд харилцаа тогтоож, хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажилладаг аж.

Тус сургуулийн албан ёсны хуудаст дурдсанаар, манай улс 2007 оноос эхлэн ОХУ-ын цэргийн академи, их дээд сургуульд жил бүр 50-100 орчим цэргийн албан хаагчийг суралцуулахаар илгээдэг бөгөөд Батлан хамгаалахын сайдын тушаалаар өнгөрсөн жил Зэвсэгт хүчин, Төрийн цэргийн байгууллагын төлөөлөл болох 340 гаруй цэргийн алба хаагчийг ОХУ-ын 14 хотод цэргийн 30 гаруй мэргэжлээр суралцуулан бэлтгэж байгаа тухай бичжээ.

Тэгвэл манайх шиг ардчилсан улсын хууль сахиулагч боловсон хүчнийг ардчиллын үлгэр жишээ болсон орнуудад бэлдэхгүй байгаа нь хэр оновчтой вэ?

Аливаа улс оронд ямар үзэл суртал үйлчилж байгаагаас шалтгаалж, хүний эрхийн тухай ойлголт харилцан адилгүй байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалаар хүний эрх, эрх чөлөөний асуудал нь ардчилсан нийгмийн амин сүнс байдаг бөгөөд дэлхий дахинд тогтсон жишигтэй байдаг.

Өөрөөр хэлбэл, ардчиллыг эрхэмлэдэг улс орон бүр Үндсэн хуульдаа энэхүү нийтлэг зарчмыг гол чиг баримжаа болгож, бие хүний эрх зүйн хэм хэмжээг тогтоодог.

Харин нэг хүний эсвэл нэг намын үзэл сурталтай улс орнуудад хүний эрх, тэр дундаа үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хязгаарлагдмал байдагтай холбоотойгоор цэрэг, хууль сахиулах байгууллагынх нь үйл ажиллагаа ардчилсан улсуудынхаас эрс ялгаатай. 

Тиймээс зарчмын хувьд ардчилсан орны иргэдэд үйлчилдэг хууль, хүчний байгууллагын боловсон хүчнийг ардчилсан улсуудад бус эсвэл ардчиллын үлгэр жишээ болсон орнуудад бэлдэхгүй байгаа нь зохимжгүй санагдана.

Тухайлбал, ардчиллыг жинхэнэ утгаар нь үнэт зүйлээ болгож, хүний эрхийг дээдэлдэг улс оронд боловсрол эзэмшсэн хууль сахиулагч Монголд болж буй аливаа жагсаал цуглааныг иргэд үзэл бодлоо илэрхийлж байгаа хэлбэр гэдгээр нь харж таарна.

Харин хүний эрхийг дээдэлдэггүй орнуудад боловсрол эзэмшсэн алба хаагч ямар хандлага гаргадгийг Монгол Улсад сүүлийн үед болсон үйл явдлууд харуулж байгаа мэт.

Үүний нэг жишээ нь, NoWar болон NoDoubleStandard хөдөлгөөнд оролцсон иргэдийг дур зоргоор баривчлан саатуулж, эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж, зөрчлийн хэргүүд үүсгэх зэрэг эрүүдэх ажиллагаанууд явуулсан нь хүний эрхийн ноцтой асуудал гэдгийг өчигдөр тус хөдөлгөөнөөс мэдээлсэн.

Тэд хэлэхдээ "Хууль тогтоомж дээр цагдаагийн байгууллага нь иргэдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх үндсэн үүрэгтэй гэж заасан байдаг. Гэтэл бодит байдал дээр цагдаа, хууль хүчнийхэн сэргийлэх бус гэмт хэрэгтэн үйлдвэрлэдэг газар болчхоод байгаа тул шинэчлэх шаардлагатай"-г сануулсан юм.